“Төлөвлөлтгүй хотын алдааг боловсролын салбар үүрч байна”

“Төлөвлөлтгүй хотын алдааг боловсролын салбар үүрч байна”

“Төлөвлөлтгүй хотын алдааг боловсролын салбар үүрч байна”

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-PISA олон улсын үнэлгээний үр дүнд үндэслэн боловсролын салбарт цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Бид урьдчилсан үнэлгээний дүнгээ авч, хураангуй тайлангаа танилцууллаа. Цаашид цуглуулсан өгөгдлийн сангийн хүрээнд нарийвчилсан дүн шинжилгээ хийх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар гол үр дүнг харуулж буй өгөгдөлд тулгуурлан цаашдын судалгаа, шинжилгээг хийх нь чухал.

PISA үнэлгээгээр үндсэн гурван айг авч үздэг. Энэ жилийн хувьд байгалийн ухааны айг голлон авч үзсэн бөгөөд 2022 онтой харьцуулахад 12 оноогоор ахиж, нэлээд сайн үр дүн үзүүлсэн байна.

Гэхдээ энэ үзүүлэлтийг бусад хүчин зүйлтэй уялдуулан авч үзэх шаардлагатай. Тухайлбал, сурагчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, багшийн ур чадвар, сурагчдын хөгжих боломж, цахим технологийн хэрэглээ зэрэгтэй хэрхэн холбогдож байгааг нарийвчлан судлах хэрэгтэй.

Мөн унших чадвар болон математикийн гүйцэтгэлийн үзүүлэлтэд 2022 онтой харьцуулахад багахан хэмжээний өөрчлөлт гарсан. Гэхдээ эдгээр үзүүлэлт өсөлт үзүүлээгүй, харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдсан байна. Унших чадварын хувьд Монгол Улсын үзүүлэлт тогтвортой хадгалагдсан нь эерэг үр дүн гэж дүгнэж болно. Учир нь 2025 оны PISA үнэлгээнд хамрагдсан 91 орны дөрөвний гуравт нь унших чадварын үзүүлэлт мэдэгдэхүйц буурсан байна. Харин Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт тогтвортой хадгалагдсан учир эерэг үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч цаашид өнгөрсөн гурван жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагадаа үндэслэн хичээлийн агуулга, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын орчин, хөтөлбөрийн төлөвлөлтөд өөрчлөлт оруулах, үр нөлөө үзүүлэхүйц арга зүйг нарийвчлан судална.

2022 оны PISA үнэлгээний үр дүнг 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр танилцуулж байсан.

Харин энэ жилийн үнэлгээний үр дүнг хичээлийн жилийн эхэнд танилцуулж байгаа нь давуу талтай гэж харж байна. Ингэснээр хичээлийн жилийн үлдсэн хугацаанд илүү үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл, бид юу нь болж, болохгүй байна вэ гэдгээ эрт мэдэж, түүнд үндэслэн бэлтгэл ажлаа хангах, зорилтот бүлгийн сурагчдын хоцрогдол, зөрүүг бууруулахад илүү анхаарч, бодлогын түвшинд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болж байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай талаар олон жил хэлэлцэж байгаа. Гэсэн хэдий ч хөтөлбөрт дорвитой өөрчлөлт оруулаагүй байна. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ?

-Сургалтын хөтөлбөр гэдэг нь зөвхөн цаасан дээр буусан баримт бичиг биш. Харин багшийн арга зүй, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, хөтөлбөр хэрэгжүүлэх өртөг зэрэг олон хүчин зүйлээс бүрдсэн цогц тогтолцоо.

Бидний өнгөрсөн жилүүдэд гаргасан нэг алдаа нь сургалтын хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай гэж үзээд зөвхөн хөтөлбөрийг нь дангаар өөрчилж ирсэн явдал. Тэр дундаа сүүлийн жилүүдэд сургалтын хөтөлбөр ойр ойрхон шинэчлэгдсэн. Гэвч хөтөлбөрийн өөрчлөлтийг дагаад сургалтын хэрэглэгдэхүүн, багшийн арга зүй, үнэлгээ, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ шинэчилсэн хөтөлбөрт нийцүүлэн багшийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Эдгээр ажил төдийлөн үр дүнтэй хэрэгжиж чадаагүй.

Иймээс 2023 онд Боловсролын багц хуулийг батлахдаа сургалтын хөтөлбөрийг тухайн ерөнхий боловсролын сургалтын тогтолцооны үргэлжлэх хугацаатай уялдуулан тогтвортой байлгах зохицуулалтыг тусгасан. Энэ нь сургалтын хөтөлбөрийг шинэчлэхдээ зөвхөн агуулгыг өөрчлөх бус, багшийн арга зүй, үнэлгээ, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн зэрэгтэй нь уялдуулан цогцоор нь шинэчлэхийг хэлж байгаа юм.

Мөн 2023 онд батлагдсан хуулийн дагуу нэгдүгээр ангиас тавдугаар анги хүртэлх сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Гэвч энэ жилийн байдлаар зөвхөн нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлээд байна. Ирэх жил гэхэд хоёрдугаар ангиас зургаадугаар ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлж, зургаадугаар ангиас есдүгээр анги хүртэлх сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байхаар төлөвлөсөн.

Үүнтэй холбоотой төсөв, санхүү болон бусад бэлтгэл ажлыг хангаж байгаа.

-Сургуулийн сурагчид амжилттай суралцахад нөлөөлдөг нэг чухал хүчин зүйл бол сургуулийн орчин. Саяхан хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор сургуулийн ширээ, сандлын хүрэлцээ, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал зэрэг асуудал дахин яригдаж байна. Тухайлбал, Боловсролын яамнаас хэрэгжүүлж эхэлсэн “Хотхоны сургууль” хөтөлбөрийг жишээ татъя. Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн харьяа “Хотхоны бага сургууль”-д сурагчид суудлаасаа босоод явах зайгүй нөхцөл байдалтай байсан. Энэ бол хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг огт хангаагүй байна гэж хэлж болохуйц байгаа. Нийслэлтэй хэр уялдаа холбоотой ажилладаг вэ? 

–Нэг зүйлийг сайтар харах ёстой. Яагаад нийслэлийн сургуулиудад ийм их ачаалал үүсээд байна вэ гэдэг нь хот төлөвлөлттэй шууд холбоотой. Сүүлийн 5-10 жилийн хугацаанд 84 сургуулийг гурван удаа өргөтгөсөн тохиолдол бий. Хуучин барилгыг буулгаж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэн цоо шинэ барилга барьсан. Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламж болон улсын төсвийн хөрөнгөөр өргөтгөл хийсэн.

Гэтэл сургууль, цэцэрлэгийн асуудлыг урьдчилан төлөвлөхгүйгээр орон сууцны хотхон, хорооллуудыг ашиглалтад оруулсаар байна.

Жишээлбэл, энэ жил нэг сургуульд нэгдүгээр ангид 500 хүүхэд элсэхээр төлөвлөсөн байлаа гэж бодъё. Улсын бүртгэлийн мэдээллээр тухайн сургуульд элсэх 500 хүүхэд байна гэж тооцсон ч наймдугаар сард 500 хүүхэд нь гэнэт 700 болж нэмэгддэг. Бусад ангиудад ч мөн адил ийм нөхцөл байдал үүсдэг. Ингэсээр байгаад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо 6000-д хүрдэг. Улмаар гурав, дөрвөн удаа өргөтгөсөн сургуулийн байр дээр нэмээд, дахин түрээсийн байр хайх шаардлага гардаг.

Ширээ, сандал нэмж байрлуулах, хүүхдүүдээ хуваарилах зэрэг наад захын асуудлыг шийдэж амжихааргүй хэмжээнд хүүхдийн тоо нэмэгдэж байна.

Энэ бол ганц сургуулийн асуудал биш. Тухайлбал, Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хороололд 960 хүүхдийн хүчин чадалтай ганцхан сургууль ажиллаж байна. Гэтэл зөвхөн нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тоо 700 давж байхад хажууд нь шинэ барилга, орон сууцны хорооллууд ашиглалтад орсоор байна. Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байр ч олдохгүй нөхцөл байдал үүссэн. Энэ бүх асуудлын зовлон эцэстээ Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэст ирдэг. Иргэн тухайн байранд орохдоо сургууль, цэцэрлэгийн асуудлыг шаарддаггүй. Харин орон сууц ашиглалтад орсны дараа “Одоо сургууль, цэцэрлэг барьж өг” гэсэн нөхцөл байдал үүсдэг. Цаашдаа шинэ хотхон, хороолол ашиглалтад оруулахдаа тухайн хотхонд 300 өрх амьдрах юм бол хэдэн хүүхэд байхыг урьдчилан тооцож,  100 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургууль шаардлагатай гэдгийг хот төлөвлөлтийн шатанд нь шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Хэрэв энэ асуудлыг анхнаас нь зөв төлөвлөж чадвал өнөөдөр үүсээд байгаа хүндрэлүүд гарахгүй.

-Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн хот төлөвлөлтийн газартай Боловсролын яам, боловсролын байгууллагууд уялдаа холбоотой ажилладаггүй юм уу? Шаардлага тавьдаггүй гэсэн үг үү?

–Хотхон, хорооллыг ашиглалтад оруулахад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл заавал байх ёстой гэсэн тогтоол батлуулсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл улсын комиссын бүрэлдэхүүнд боловсролын байгууллагын төлөвлөлт хариуцсан төлөөллийг оруулдаггүй.

Хэрэв боловсролын салбарын төлөөлөл улсын комисст ордог бол тухайн хороонд хэдэн сургууль байгаа, тэдгээрийн хүчин чадал хэд вэ, ачаалал нь ямар түвшинд хүрсэн бэ гэдгийг тооцох боломжтой. Тухайлбал, “Энэ хороонд ганцхан сургууль байна. Тус сургуулийн хүчин чадал 1500 хүүхэд боловч ачаалал нь гурав дахин нэмэгдэхээр байна. Энэ хотхонд сургууль, цэцэрлэг төлөвлөөгүй бол ашиглалтад оруулахгүй, улсын комиссын актад гарын үсэг зурахгүй” гэсэн зарчмаар ажиллах ёстой. Гэвч одоо хүртэл энэ зохицуулалт бүрэн хэрэгжихгүй байна. Засгийн газраар тогтоол гаргуулж, бодлогын баримт бичигт тусгасан ч хэрэгждэггүй. Үүний зовлонг боловсролын салбарынхан үүрээд явж байна.

-Сурах бичиг хүрэлцээгүй, зарим хүүхэд нэг номыг хэд хэдээрээ хувааж ашигладаг асуудал жил бүр давтагддаг. Сурах бичиг яг ямар шалтгаанаар хүрэлцдэггүй вэ? Энэ асуудлыг хэзээ бүрэн шийдэх вэ?

–Сурах бичгийн хувьд ийм нөхцөл байдал үүсэхээргүй бүх боломж бий. Тухайн сургууль 500 хүүхэд хүлээж авна гэж тооцоод бэлтгэлээ хангаж, 500 хүүхдийн сурах бичгийг нийлүүлдэг. Гэтэл наймдугаар сарын элсэлтийн бодит нөхцөл байдлаар 700 хүүхэд элсчихдэг. Тэгэхээр тэр 200 хүүхдийн зөрүүг арилгахын тулд бусад сургуулиас сурах бичиг шилжүүлэхээс өөр аргагүй болдог. Тухайлбал, тухайн сургуульд Сүхбаатар дүүргээс, бүр Ховд, Увс аймгаас шилжиж ирж хүүхдүүд ч байгаа. Шилжиж ирж байгаа хүүхдүүдийн сурах бичиг номын санд байдаг. Тиймээс сурах бичгийг шилжүүлэх зохицуулалт хийгдэж байгаа. Цаашдаа сургуулийн сурах бичгийн асуудлыг төр бүхэлд нь төвлөрүүлж зохицуулах бус, сургуульд нь хариуцлага хүлээлгэх тогтолцоонд шилжих боломжтой. Энэ нь бага ангийн сурагчдын хувьд өөр, дунд болон ахлах ангийн сурагчдын хувьд өөр зохицуулалттай байж болно. Дунд, ахлах ангийн сурах бичгийг номын сангаар дамжуулан түрээслэх, эсвэл худалдаж авах боломжтой. Одоогоор түрээсийн сурах бичгийн 60 хувийг түрээсээр, үлдсэн 40 хувийг худалдаж авах зохицуулалттай байгаа. Гэтэл хэн нь худалдаж авах, хэн нь түрээслэх нь тодорхойгүй, хүүхдүүдийг заавал аль нэг хэлбэрээр авахыг шаардах зэрэг асуудал гарч байна. Үүнийг төрөөс бүхэлд нь оролцохгүйгээр сургууль өөрөө зохицуулах боломжтой тогтолцоог бий болгоно.

-Сурах бичгийн үнийн хувьд зургадугаар ангийн 17 багц сурах бичиг 189 мянган төгрөг, 12 дугаар ангийн сурах бичиг 169 мянган төгрөгөөр цахим платформ дээр борлуулагдаж байгаа. Энэ нь олон хүүхэдтэй айл өрхөд санхүүгийн дарамт болж байна. Сурах бичгийн үнийг Боловсролын яамнаас зохицуулах боломжтой юу?

–Сурах бичгийн үнийг Боловсролын ерөнхий газар сурах бичиг худалдаалах эрхтэй байгууллагууддаа тогтоож өгдөг. Тогтоосон үнэд захиалгын үнэ, хүргэлтийн зардал, ашиглаж буй платформын төлбөр зэрэг нэмэгдэж байгаа.

Хэрэв сургуулийн насны олон хүүхэдтэй бол тухайн сургуульдаа мэдэгдээд сурах бичгээ түрээсээр авах, ганц нэг хүүхдийнхээ сурах бичгийг худалдаж авах зарчмаар зохицуулах боломжтой. Тухайн худалдаж авсан сурах бичгээ дараа нь сургуульдаа тушааж, түрээсийн төлбөр болон худалдан авалтын үнийн зөрүүг тооцон дараагийн хүүхдэд шилжүүлэх боломж ч нээлттэй байгаа. Харин энэ зохицуулалтыг илүү судалж, мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй түгээх асуудалд анхаарах хэрэгтэй байгаа.

-Хүүхдийн сурах орчинд тавигдах стандартын шаардлага хангаагүй сургууль, цэцэрлэг хэд байна вэ?

–Барилгын хяналтын улсын байцаагч тухайн барилгад дүгнэлт гаргадаг.

2024 оны байдлаар стандартын шаардлага хангаагүй 100 гаруй сургууль, 200 гаруй цэцэрлэг, нийт 12 мэргэжлийн сургалтын байгууллага байна гэсэн дүгнэлт гарсан.

Үүн дээр шаардлагатай их болон урсгал засвар, нэн шаардлагатай тохиолдолд барилгыг буулгаж, дахин барих ажлуудыг улсын төсөвт тусган үе шаттайгаар хийж байгаа. Мөн эрүүл ахуйн хувьд шаардлага хангаагүй, агааржуулалт муу, эсвэл цайны газар нь шаардлага хангахгүй байгаа тохиолдолд эрүүл ахуйн байцаагчид ажиллаж, дүгнэлт гаргадаг. Үүний дагуу сургууль өөрөө орчны засвар үйлчилгээ, тохижилтыг хийж сайжруулан ажилладаг.

-Зарим цэцэрлэгт хүүхдийн хоолыг зориулалтын бус, бүр хонгилын орчинд бэлтгэж байгаа тохиолдол гарч байна. Ийм нөхцөлийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

–Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн зориулалтаар түрээслэж байгаа 67 объект, сургуулийн зориулалтаар түрээслэж байгаа 40 гаруй объект байна. Тухайн объектын орц, гарц ямар байх, агааржуулалт болон дотоод орчны агаарын чанар шаардлага хангаж байгаа эсэх, нэг ангид 35 хүүхэд хичээллэнэ гэж тооцоход тухайн анги 50 метр квадрат болон түүнээс дээш талбайтай байж чадаж байгаа эсэх, нийтийн эзэмшлийн зам талбай, хоол үйлдвэрлэлийг хаана зохион байгуулбал хүүхдүүдэд аюулгүй байх зэрэг бүх зүйлийг тооцдог. Хэрэв тухайн объектын байршил тохиромжтой боловч эдгээр шаардлагыг хангаагүй байвал түрээслэгчээр нь шаардлагатай нөхцөлийг хангуулах арга хэмжээ авдаг. Үүний дараа сургалт, үйл ажиллагаа явуулах гэрээг байгуулж ажиллаж байна.

-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн аюулгүй байдал, сургалтын чанарт хэр анхаарал хандуулж байгаа нь ажиглагдаж байна вэ? PISA 2025 судалгааны үр дүнгээс энэ тал дээр бид юуг харж болох вэ?

–PISA 2025 оны үнэлгээгээр 91 орны үзүүлэлтийг харахад эцэг эхийн оролцоо буурсан байна. Тэгэхээр манай улсын эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сургуульд нь даатгаж орхих хандлага ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдээ сургуульд нь өгчихөөд багштай нь ярилцдаггүй, хүүхэдтэйгээ хичээл, сурлагынх нь талаар хангалттай ажилладаггүй байдал ажиглагддаг. Ялангуяа багштайгаа харилцдаггүй, хүүхэдтэйгээ хамтран ажилладаггүй, эцэг эхийн дэмжлэг багатай хүүхдүүдийн гүйцэтгэл доогуур байсан.

Бүх зүйлийг сургууль дангаараа хийж чадахгүй. Тиймээс олон нийт, эцэг эхийн дэмжлэг, оролцоог сайжруулах чиглэлээр бодлого, үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгох шаардлагатай байна.

Орчин үеийн нийгэм цахимжиж, амьд харилцаа хөндийрч байна. Тиймээс цаашдаа хиймэл оюун ухааныг зөв ашиглахад чиглүүлэхээс гадна амьд харилцааг хадгалах, хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Орчин үеийн технологийн хэрэглээг дагаад шууд даган дуурайгаад байх бус, түүнд илүү шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-09 202.179.25.68

Сургууль, цэцэрлэгийн асуудлыг нь урьдчилан төлөвлөхгүйгээр орон сууцны хотхон, хорооллуудыг ашиглалтад оруулсаар байгаа нь хязгааргүй шуналдаа хөтлөгдсөн цөөн хэдэн компаниудын эзэд шүү. Тэдэнд сургууль, цэцэрлэг барих, хотхон орчнийг тохижуулах үүрэг, хариуцлагыг төрөөс оногдуулах л хэрэгтэй

Avatar

Хулгайч 2026-09-09 202.9.46.56

Мие овогт хулгайчийн мөнхийн балаг.

Avatar

Ард 2026-09-09 49.0.139.73

Боловсролын ТН-н гэчихжээ, Хотын төлөвлөгөөг чөлөөт гэх ЗЗ-гишгэсэн дээ /хотын захиргаа ханцуй шамлаад/. Ийм амьтан боловсрол хариуцаад л …

Avatar

Нэргүй 2026-09-09 202.126.89.69

Худлаа чалчигч, боловсролын салбараар тоглож байна даа.

Avatar

Иргэн 2026-09-09 202.133.76.46

Чадахгүй байж худлаа том том ярьж байхаар эхлээд бүх хүүхдээ сурах бичгээр нь хангачих

Avatar

Нэргүй 2026-09-09 66.181.180.220

газрыг баруун солгойгүй зарсан авлигачид буруутай. хүн амьдрах орчингүй боллоо! бөөр бөөрөөрөө нийлсэн бетонон ширэнгэнүүд

Avatar

Нэргүй 2026-09-09 103.229.123.32

ер нь мулгуу хүмүүс юм

Avatar

БАТАА 2026-09-09 103.10.22.59

Поп мулгуу Саадынхаа зовлонг УБ руу битгий чих

Avatar

БЗД 13-р хороо 2026-09-09 202.21.106.213

Баянзүрх дүүргийн 13-р хороонд дахин төлөвлөлтөөр тал талаас нь Орон сууц бариад байдаг сургуулийн сураг алга, ганц байгаа 14-р сургууль нь хаанаа ч хүрэхгүй гэдэг нь тодорхой байдаг, одоо яах вэ?

Avatar

Нэргүй 2026-09-09 103.229.121.182

Газрын наймаачидсургууль цэцрлэг барих газаргүй хотхон хорооллуудыг заавал сургууль цэцэрлэгтэй барь гэж шаардаж байгаагүй нь ирээдүйгээ баллажээ. Бас ч гол наймаачин М.Энхболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдсаныг авч байгаа өгч байгаа 2-ыг бодохоор бөөлжис цутгах юм

Avatar

Нэргүй 2026-09-09 103.212.116.176

Төлөвлөснийг нь танай МАНгасууд идсэн.

Avatar

сонгогч 2026-09-09 202.9.46.89

Махан толгойтой хотын дарга нартай байсны гайгаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, явган хүн ч явах газаргүй болсон ….чементен ширэнгэ болов

Avatar

Zochin 2026-09-09 66.181.161.9

iim bolovsrolgui hog hog yumnudaas bolj bolovsrol hog hog bolsnshu

Avatar

Болд 2026-09-09 66.181.181.161

Боловсролын салбар поп сайдынхаа бодлогын оновчгүй байдал, алдааг бусад руу чихээд хэрэггүй. Монгол улсад хамгийн олон жил Боловсролын сайд хийхдээ үр дүн юу гаргасан бэ танай сайд?! Энэ салбарын муу бүхэн танай сайдтай л холбогдоно шүүдээ.

Avatar

1234 2026-09-09 202.5.202.32

Сайдын бууны нохой, бөлдөг болсон залуу

Avatar

Зочин 2026-09-09 192.82.92.42

Боловсролын салбар мулгуу сайдын зовлон уурч байна!

Avatar

Нэргүй 2026-09-09 192.82.92.204

Хот төлөвлөлт чухал, барилгын зураг, барих зөвшөөрөл өгдөг газрууд нэн түрүүнд сургууль, цэцэгрлэгийн хүртээмжийг харгалзсаны дараа зөвшөөрлөө өгдөг баймаар юм.

Avatar

Нэргүй 2026-09-09 103.229.121.182

Одоо оройтжээ. Харин дураараа авилга авч газар олгож байсан болон байгаа нөхдүүдэд шийтгэл ногдуулах л үлдлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж