Өвөлд бэлэн үү?

Өвөлд бэлэн үү?

Хүйтний ам наашилж байна. Монголчууд бид өвөлдөө бэлэн үү. Нөгөө л түгжрэл, утаа, угаар, эрчим хүчний хязгаарлалт, ханиад томуу, халтиргаа гулгаан дунд өвөлжих үү. Найр наадмаасаа шууд л хүүхдийн сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэж сая нэг ухаан орж замаа засч, эрчим хүч дутмаг, түгжрэлтэй, утаатай гэдгээ санаж эхэлдэг уламжлал тогтсон гэхэд хилсдэхгүй. Ингээд нийслэл ирэх өвөлд хэрхэн бэлдэж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

НИЙСЛЭЛД 5000 ӨРХ ХИЙН ТҮЛШ ХЭРЭГЛЭНЭ

Түүхий нүүрснээс татгалзсан улаанбаатарчууд өнгөрсөн таван жил сайжруулсан шахмал түлш түлж, туршсан. Гэвч хотын утаа арилсангүй. Харин ирэх өвлөөс дахин өөр түлш туршина гэдгийг сайд, дарга нар мэдээлсэн. Нэг нь жигнэсэн нүүрс буюу хөх нүүрс бол нөгөөх нь хийн түлш. Албаныхан шинэ түлш хэрэглэснээр хотын утаа хэд дахин буурч, төсөв хэмнэнэ гэж онцлоод буй.

Өнгөрсөн 2025 оны өвлийн галлагааны улиралд холбогдох бодлогын хүрээнд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн 5000 айл өрхөд хийн түлш хэрэглэх төслийг хэрэгжүүлсэн. Судалгаагаар эдгээр айл өрхийн 3582 нь байшинд амьдардаг бол 1418 нь монгол гэрт амьдардаг байна. Ирэх өвөл гэр хорооллын айлуудад хийн түлш үргэлжлүүлэн хэрэглэнэ гэдгийг Хотын даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч А.Амартүвшин мэдээлэл өгсөн юм.

Үүнээс гадна гэр хороололд нийт 20 гаруй тусгай цэг байгуулан, ажиллаж байна. Айл өрхүүд хоосон баллоноо цэгүүдэд очиж цэнэглэх юм уу цэнэглэсэн баллоноор сольж авна. Ингэснээр тухайн бүсийн агаарын бохирдол 10-20 хувь буурна гэж албаныхан тооцоолж байгаа аж.

Уг асуудлаар нийслэлийн Хийн хангамж, удирдлагын газрын захирал М.Жаргалсайханаас өмнө нь тодруулахад "БНХАУ-ын “Haier” болон “Hisense” компаниудад үйлдвэрлэсэн хийн зуухыг суурилуулах ажил 2026 оны нэгдүгээр сараас эхэлсэн. Айлуудад галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд 900 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа. Иргэд урамшууллын мөнгөө хуримтлуулж, өвлийн ид хүйтний улиралдаа ашиглах боломжтой. Эдгээр хийн зуух нь 2-3 сая төгрөгийн үнэтэй бөгөөд гэр хорооллын айлуудад үнэ төлбөргүй суурилуулж байна. Хамгийн гол нь айлууд дулаан алдагдлаа бүрэн шийдсэн байх шаардлагатай. Гэр хорооллын айлууд хийн зуухыг хэрэглэснээр агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурахаас гадна үнс хаягдал гарахгүй байх зэрэг давуу талуудтай. Эдгээр хийн зуухыг дүүргийн өмчид бүртгэсэн бөгөөд иргэд хийн зуухаа эвдэх, зарж борлуулсан тохиолдолд зуухны төлбөрийг нөхөн төлүүлж, нэхэмжилнэ" гэдгийг хэлж байв.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ЭНЭ САРЫН 15-НААС БОРЛУУЛНА

2026-2027 оны халаалтын улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Ирэх өвөл нийслэлчүүд 307 мянган тонн хагас кокс түлш түлэхээр төлөвлөж байгааг албаныхан мэдээлсэн юм. "Тавантолгой түлш" үйлдвэр өдөрт 2000-2500 тонн сайжруулсан шахмал түлш боловсруулж байгаа аж. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд 9-11 дүгээр сард сайжруулсан түлшээ түлнэ.

Сайжруулсан шахмал түлшний түүхий эдээ "Эрдэнэс Тавантолгой"-гоос татан авч байгаа бөгөөд сард 80 мянган тонн мидлинг боловсруулж,  иргэдэд "Хотула" системээр дамжуулан 450 цэгээр худалдан борлуулах гэнэ.

Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдэд 100-120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөжээ. Түлшний борлуулалтыг есдүгээр сарын 15-аас эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгааг албаныхан мэдээлж байв. Хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өгөхдөө "Өнгөрсөн өвөл агаарын бохирдол 35 хувиар буурсан. Анхаарах хэд хэдэн асуудал байна. Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч дээр онцгой анхаарч, заавал байгалийн гаралтай барьцалдуулагч ашиглах хэрэгтэй. Бид өмнө нь шохойн суурьтай барьцалдуулагч хэрэглэж үзсэн. Утаа ямар байсан билээ. Бид одоо ухралт хийхгүй. Хагас коксон түлшийг аравдугаар сарын 1-н гэхэд эхний түлшээ хил давуулах шаардлагатай. Энэ үе шат дээр нь анхаарал хандуулаад ажиллана" гэсэн юм.

ИРЭХ ӨВӨЛ ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ҮНЭ ТАРИФЫГ НЭМЭХГҮЙ

Сангийн сайд З.Мэндсайхан ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр эрчим хүчний салбарын төсвийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Эрчим хүчний салбар дээр хоёр бодлого барьж байгаа. Хэрэглэгч талдаа дулаан цахилгааны үнэ тарифыг 2026-2027 онд шилжих цаг хугацаанд нэмэхгүй. Ингэхийн тулд Засгийн газар зардлаа танаж, эрчим хүчний салбарт татаас хэлбэрээр олгоно. Нийтдээ 107.3 тэрбум төгрөгийн татаас өгөхгүй бол үнэ тарифаа нэмж, иргэдэд үнийн өсөлт болж очих эрсдэлтэй. Өнгөрсөн жил дулаан, цахилгааны хязгаарлалтыг 17 удаа хийсэн. Ирэх өвөл хязгаарлалт хийхгүй нь тулд шаардлагатай засвар шинэчлэлийг хийхээр 97.2 тэрбум төгрөг гээд нийт 200 тэрбум төгрөгийг төсвийн тодотгол дээр оруулж ирсэн" гэдгийг хэлсэн.

Өвөлжилтийн бэлтгэл хангахаар 46 үйлдвэр, компани үндсэн болон туслах тоноглолын их засварт 720 нэр төрлийн, хөрөнгө оруулалтаар 436, техник зохион байгуулалтын арга хэмжээний 407 гээд нийт 1563 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн байна. Энэ оны есдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар дээрх ажлын гүйцэтгэл 74 хувьд хүрээд байна. Үүнд,

  • Эрчим хүчний нүүрс олборлогч 3 уурхайнх-71 хувь
  • Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч 11 компанийнх-73 хувь
  • Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 12 компанийнх-69 хувь
  • Сэргээгдэх эрчим хүчний 11 компанийнх-65 хувь
  • Дулаан үйлдвэрлэгч 7 компанийнх-83 хувь
  • Дулааны шугам сүлжээний 2 компанийнх 81 хувьтай байгааг салбар яамнаас мэдээллээ.

Үүнээс гадна өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд ДЦС-уудын нийт 22 зуух, найман турбингенераторт их болон дунд засвар хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар нийт засварын ажлын гүйцэтгэл 74 хувьтай үргэлжилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зуд 2026-09-09 202.9.46.56

Бэлэн бус.

Avatar

Зочин 2026-09-09 66.181.187.29

Дайн эхлэхэд л улс орнууд эрчим хүч, хоол хүн, шатахуунаа ангаарсан. Манай Оюук, нямбаа 2 уул нүхлэх, зам тавих, хороолол барих тэзү хийгээд сууж бсан. арай дэндүү.

Avatar

Нэргүй 2026-09-09 103.229.121.182

Татаас гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгө. Татаас өгөөд дээр нь өссөн үнийг төлнө гэдэг давхар төлж байгаа гэсэн үг болно. Татаас гэдгээ иргэд, ААН-ийн татвар болохыг эрчим хүчнийхэн ч тэр, төсөв зохиогч нар ч тэр сайн сана

Avatar

ЗОЧИН 2026-09-09 203.91.115.50

ЭНЭ ӨВӨЛ МАШ ХҮЙТЭН БОЛНО. 11 САРД -30 БОЛНО. УУЛЫН АМЬТАД ДООШОО БУУЖ БАЙНА. ХУЛАНГИЙН СҮРЭГ АДУУТАЙ НИЙЛЖ, БААВГАЙ ХӨВЧӨӨС ДООШЛООД БҮР СУУРИН ГАЗАРТ ОРЖ ИРЖ БАЙНА. МАН Ы МАНГАСУУДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ОЛОН ТҮМНИЙГ АЯТАЙХАН ӨВӨЛЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛЭЭ БАЗААМААР БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж