Оросын саарал эдийн засаг!

Оросын саарал эдийн засаг!

Оросын саарал эдийн засаг!

ОХУ-д бэлэн мөнгөний хэрэглээ сүүлийн жилүүдэд буурч байсан ч энэ онд эрс нэмэгджээ. Иргэн болон бизнес эрхлэгчид банкнаас мөнгө татаж, бэлнээр хадгалах болсонтой холбоотойгоор тус улсын эдийн засгийн ирээдүй анхаарал татаж байна. Энэ талаар "NEWS" агентлаг "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцоллоо.


Оросын өрх, аж ахуйн нэгжүүд энэ жил эхэлснээс хойш нийт 2.1 их наяд рубль буюу 25.3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө нэмж хадгалсан байна. Энэ нь Украины дайн эхэлснээс хойших хамгийн өндөр өсөлт юм.

Өмнө нь 2023 оны эхний найман сард бэлэн мөнгөний хадгаламж 1.8 их наяд рублиэр нэмэгдэж байжээ. Тухайн үед ОХУ-д цэргийн дайчилгаа зарласантай холбоотойгоор иргэд гадаад руу олноор гарч байв. Мөн “Вагнер” бүлэглэлийн бослогын үеэр хүмүүс банкнаас мөнгөө татах нь нэмэгдсэн юм.

ОХУ-ын хамгийн том банк болох Сбербанкны тооцоолсноор, 2026 онд тус улсын эргэлтэд байгаа бэлэн мөнгөний хэмжээ нийт 3.8 их наяд рублиэр буюу 45.8 тэрбум ам.доллараар нэмэгдэх төлөвтэй байна. Хэрэв энэ таамаг биелбэл түүхэн дэх хамгийн өндөр өсөлт болох юм.

ИНТЕРНЭТ ТАСАЛДАХ НЬ БЭЛЭН МӨНГӨНИЙ ЭРЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Бэлэн мөнгөний хэрэглээ нэмэгдэх болсон гол шалтгаануудын нэг нь Украины дроны халдлагаас хамгаалах зорилгоор ОХУ-д гар утасны сүлжээ болон интернэтийн ажиллагааг тогтмол хязгаарлах болсон явдал юм.

Энэ нь банкны картын төлбөрийн төхөөрөмж, гар утасны банкны аппликейшн ажиллахгүй болоход хүргэжээ.

Москва хотын оршин суугч Артём “Интернэт тасарсан үед карт огт ажиллахгүй байсан. Хүнс худалдаж авах, үйлчилгээний төлбөр төлөхийн тулд бэлэн мөнгө л хэрэгтэй болсон” гэж ярьсан байна.

Мөн Самара мужийн оршин суугч Светлана супермаркетад картаар төлбөр хийх үед ийм асуудал хэд хэдэн удаа гарч байсан гэжээ.

БАНК ДАХЬ МӨНГӨ ЦАРЦАХ ВИЙ ГЭСЭН БОЛГООМЖЛОЛ

Иргэдийн дунд төр банкны хадгаламжийг нь дайны зардалд ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлол бий болжээ. ОХУ-ын албаныхан иргэдийн хадгаламжид халдахгүй гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Коммунист намын дарга Геннадий Зюганов зургадугаар сард оросуудын банк дахь 67 их наяд рублийн хадгаламжийг эдийн засаг, үйлдвэрлэл болон дайны хэрэгцээнд ашиглах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна.

Москвагийн “Фора-Банк”-ны дэд захирал Дмитрий Орловын хэлснээр, иргэд банкны хадгаламжаа татаж байгаа нь нэг талаар интернэт тасалдах эрсдэлээс, нөгөө талаар төрийн албан тушаалтнуудын хадгаламж царцаахтай холбоотой мэдэгдлээс болгоомжилж байгаатай холбоотой аж.

Үүнээс гадна ОХУ-д цэргийн шинэ дайчилгаа явуулж магадгүй гэсэн мэдээлэл тархсанаар гадаад руу явах талаар сонирхох хүмүүсийн тоо нэмэгджээ. Оросын банкны картууд гадаадад ажиллахгүй болсон тул гадаад руу явах гэж буй иргэд валют худалдан авахын тулд урьдчилан бэлэн мөнгө татах шаардлагатай болж байна.

КОМПАНИУД ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХИЙН ТУЛД БЭЛЭН МӨНГӨ АШИГЛАЖ БАЙНА

Бэлэн мөнгөний эрэлт нэмэгдэхэд бизнесийн салбар ч мөн нөлөөлж байна. ОХУ-ын засгийн газар энэ оны нэгдүгээр сараас НӨАТ-ын хэмжээг 20 хувиас 22 хувь болгон нэмэгдүүлжээ. Үүний улмаас зарим жижиг бизнес эрхлэгчид татварын дарамтаа бууруулахын тулд орлого, ажилчдын цалин болон нийлүүлэгчдэд хийх төлбөрийн тодорхой хэсгийг албан бус байдлаар буюу бэлнээр хийх болсон байна.

Москва болон бусад хот, суурин газарт жижиг дэлгүүр, кофе шоп, засварын үйлчилгээ, зочид буудлууд бэлэн мөнгөөр төлбөр хийхийг санал болгох болсон байна.

Тэр ч байтугай бэлэн мөнгөөр тооцоо хийх бол бага хэмжээний хөнгөлөлт үзүүлэх тохиолдол нэмэгджээ.

Сбербанкны Санхүү хариуцсан захирал Тарас Скворцовын хэлснээр, бэлэн мөнгө банкны системээс гарч байгаа гол шалтгаан нь компаниуд мөнгөө банкинд буцаан байршуулалгүй, “саарал эдийн засаг”-ийн гүйлгээнд ашиглаж байгаатай холбоотой.

ОХУ-ын албан бус эдийн засаг ДНБ-ий ойролцоогоор 11 хувийг эзэлдэг гэж тооцдог. Мөн 2026 оны эхний хагаст татвартай холбоотой зөрчлийн тоо өмнөх оны мөн үеэс 17 хувиар өссөн байна.

БЭЛЭН МӨНГӨ НЭМЭГДЭХ НЬ БАНКУУДАД ДАРАМТ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ

Иргэд, компаниуд мөнгөө банкнаас татаж, бэлнээр хадгалаж байгаа явдал нэмэгдэх нь банкны салбарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Учир нь банкнаас гарсан мөнгө эргэлтэд үлдэхгүй бол зээл олгох, засгийн газрын бонд худалдан авах зэрэг үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл ашиглах хөрөнгө багасна.

Сбербанкны Скворцовын үзэж буйгаар, бэлэн мөнгөний хомсдол нэмэгдсээр байвал ОХУ-ын Төв банк банкны системд нэмэлт дэмжлэг үзүүлэх шаардлагатай болж болзошгүй.

Гэхдээ Орос улс бэлэн мөнгөний хямралд орсон гэж шууд дүгнэхэд эрт байна. Энэ оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд бэлэн мөнгөний хэмжээ 11.7 хувиар өссөн нь 2023 оны түвшинтэй ойролцоо юм. Мөн "Covid-19"-ын үеийн 22.4 хувийн өсөлтөөс хамаагүй бага байна.

Мөн бэлэн мөнгө Оросын нийт мөнгөний нийлүүлэлтийн ойролцоогоор 15 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ харьцаа сүүлийн үед ихээхэн өөрчлөгдөөгүй аж.

Эдийн засагчдын үзэж буйгаар, иргэд бүх мөнгөө банкнаас сандран татаж байгаа бус, харин хэрэгтэй үед шууд ашиглах боломжтой бэлэн мөнгө болон харилцах дансанд хөрөнгөө байршуулах хандлага нэмэгдэж байна.

Үүний гол шалтгаан нь ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ удаа дараа бууруулж байгаатай холбоотой. Тус банк өнгөрсөн сард бодлогын хүүгээ арав дахь удаагаа дараалан бууруулж, 14 хувь болгосон. Энэ нь жилийн өмнөх 18 хувийн түвшнээс нэлээд доогуур үзүүлэлт юм. Ингэснээр иргэд мөнгөө өндөр хүүтэй хадгаламжид байршуулж хүү авах сонирхол нь буурч, харин шаардлагатай үед шууд ашиглаж болох бэлэн мөнгө болон харилцах дансанд хөрөнгөө хадгалах нь нэмэгдэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-09-08 66.181.183.204

Агуу их удирдагч Путинд баярлалаа. Та үхэж болохгүй Бурханы өгсөн даалгаврыг бүрэн төгс дуусгаарай. Агуу Путин л Дэлхий амар амгаланг эвдэн сүйтгэгч, жижиг улсуудыг байнгын дарамт, заналалхийлэлд байлгаж, дээрэмдэж, өөрийн нөхцөлөө тулгадаг, аллага, терроризмын үүр Оросыг 4-хөн жилийн дотор дахин босч ирэхгүйгээр сульдуулж чадлаа. Энэ бол гайхамшиг…

Avatar

Нэргүй 2026-09-08 202.179.30.74

Medrel muutia yumuu haashaain, endeh asuudlaa diilehgvi baij "aguu putin" hutsaa shaagaad ** chin

Avatar

Нэргүй 2026-09-08 203.17.23.177

МОНГОЛД БАЙГАА ОРОСЫГ СОХРООР ШҮТДЭГ ОРКУУДЫГ СОШЛ ХАЯГААР НЬ БҮРТГЭЖ АВААД, ОЛСОН ОРЛОГО, БАНКАН ДАХЬ ХАДГАЛАМЖИЙГ НЬ ХҮЧЭЭР АВЧ, ОРОСТ НЬ ХАНДИВЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ ЯАЖ УЙЛАН ДУГАРЧ, АЛИНГАА АЛДАХ БОЛ ДОО МУУ ҮМХИЙ ОРКУУД. ХААНА БАЙНА ТЭР АРДЧИЛАЛ ЧИНЬ, ХҮНИЙ ХУВИЙН ДАНС РУУ ИНГЭЖ ХАЛДАЖ БОЛОХГҮЙ ШДЭЭ, АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА ЮУ ЮУ ГЭХ БОЛ? МАШ СОНИРХОЛТОЙ. АХАХАХААХАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж