Эдийн засагч А.Энхбаттай төсвийн тодотгол тойрсон асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг эдийн засагч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ. Өнгөрсөн хавраас л төсөвт тодотгол хийх эсэх асуудал яригдсан. Таны хувьд төсвийн тодотгол хийх нөхцөл байдал үүссэн гэж харж байна уу?
-Юуны өмнө Монгол Улсын энэ оны эхний хагас жилийн байдлаарх эдийн засгийн нөхцөл байдлыг товчхоноор дүгнэн хэлэх ёстой. Учир нь эндээс та бүхэн төсвийн тодотгол хийх шаардлага үүссэн байсан эсэхийг ойлгож болно. Энгийнээр хэлэхэд, улсын эхний хагас жилийн эдийн засгийн нөхцөл байдал тун боломжийн нөхцөл байдалд байсан бөгөөд энэ ч утгаараа эдийн засгийн бодит өсөлт 7.7 хувийн өсөлттэй гарсан. Мэдээж үүнд, уул уурхайн салбарын өсөлт голлон нөлөөлж, түүхий эдийн гол бараа бүтээгдэхүүний үнэ, ялангуяа зэсийн баяжмалын үнэ тогтвортой өндөр хэмжээнд байсан. Харин нүүрсний үнэ харьцангуй доогуур байсан хэдий боловч нүүрсний олборлолтын хэмжээ болон экспортын биет хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад өсөлттэй байсан нь голлон нөлөөлсөн. Энэ нь гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад нөлөөлж, гадаад валютын нийт нөөц нэмэгдэн, төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн.
Гадаад талаас үзүүлэх эдийн засгийн шууд нөлөөлөл нефть, шатахууны бүтээгдэхүүнийг эс тооцвол харьцангуй бага байсан хэдий ч дотоод эдийн засгийн нөхцөл байдал, хөдөө аж ахуйн салбарын өсөлтийн сааралт болон хүнсний бүтээгдэхүүний үнэ, голлон махны үнийн өсөлт нь инфляцийг өдөөж, оны эхний дөрөвдүгээр сараас эхлэн инфляцийн түвшин Монголбанкны зорилтот түвшингээс давж эхэлсэн.
Зах зээл дэх нийт ажиллагсдын тоо оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 мянган хүнээр буурсан, ажилгүй иргэдийн тоо өсч, 79 мянгад хүрсэн статистикийн тоо, мэдээ гарсан. Төсвийн хувьд нийт тэнцвэржүүлсэн орлого нь 17.3 их наяд төгрөг болж, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болсноор төсвийн алдагдал 2.2 их наядын хэмжээнд хүрсэн. Нийт зарлага, тэр дотроо урсгал зардал өмнөх онтой харьцуулахад өссөн, голлон нөлөөлсөн нэг хүчин зүйл бол энэ оны эхнээс багш, ажилтнуудын цалинг 50 хувиар, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 30 хувиар нэмсэнтэй холбоотой. Дээрх нөхцөл байдал болон гадаад улс төр, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан Монголд ирэх шууд нөлөөлөл илэрч, долдугаар сараас эхлэн нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол бий болж, үүний улмаас шатахууны болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, өдөөгдөж байсан инфляц долдугаар сарын байдлаар 13 хувьд хүрсэн. Ерөнхийд нь дүгнэхэд, оны эхний хагас жилийн байдал эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл зэрэг үзүүлэлтүүд боломжийн байсан боловч төсвийн алдагдлын хэмжээ өссөн, инфляц зорилтот түвшингээс давж хоёр оронтой тоонд хүрсэн, ажилгүйдлийн түвшин ихэссэн, ажиллагсадын тоо хэмжээ буурсан, хөдөө аж ахуй, тээвэр зэрэг голлох салбарууд агшилттай зэрэг сөрөг үзүүлэлттүүдтэй байгаа нь манай эдийн засгийн тогтвортой өсөлт эрсдэлтэй хэвээр байгааг харуулж байна. Хамгийн гол нь иргэдийн бодит орлого болох цалин, тэтгэвэр тэтгэмж нь амьжиргааны наад захын хэрэгцээг хангахгүй болж, инфляцийн нөлөөгөөр мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн, иргэд ядуурлын түвшин рүү гулсаж байна.
Нөгөө талаар эрчим хүч цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнээр айл өрхийн орлого болон өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэд шууд сөргөөр нөлөөлж байна. Иргэдийн амьдрал улам хүндэрсээр байна, төр, засгийн бодлого нь буруу, оновчгүй, үр дүнгүй хэвээр үргэлжилсээр байна.
Одоо таны асуултанд хариулья. Төсвийн тухай хуулийн З4 дүгээр зүйлд зааснаар тухайн жилийн төсөвт тодотгол хийх таван нөхцөл байдал үүссэн тохиолдолд Засгийн газар, Сангийн яам төсвийн тодотголыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Тухайлбал, төсвийн тусгай шаардлага буюу төсвийн дүрмийг мөрдөхгүй байх нөхцөл байдал үүссэн буюу эдийн засгийн өсөлтгүй үед, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувиар нэмэгдэх, хөтөлбөр төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэх, төсвийн ерөнхийлөн захирагчид буюу сайд, дарга нарын төсвийн багцад зохицуулалт хийх, Засгийн газрын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй болсон гэсэн тодорхой нөхцлүүд байдаг.
Энэ удаагийн төсөвт тодотгол хийх үндэслэлээ Засгийн газар “төсвийн ерөнхийлөн захирагчид буюу сайд дарга нарын төсвийн багцад зохицуулалт хийх” гэж тайлбарласан байгаа.
Нөгөө талаас төсөвт тодотгол хийх гол асуудал нь орон нутгийн төсвийн урьд оны зарцуулагдаагүй үлдэгдлийг энэ онд зарцуулах шаардлага үүсч, ингэснээр төсвийн зарлагыг нэг их наядаар нэмэгдүүлэн энэ хэмжээгээр төсвийн төлөвлөсөн алдагдлын хэмжээ, төсвийн тусгай шаардлагын дагуу ДНБ -ний -2 хувь хүргэхээр тооцсон байна. Сангийн яамны танилцуулснаар аймаг, нийслэлийн төсвийн урьд оны зарцуулагдаагүй хөрөнгийн үлдэгдлийн хэмжээ сүүлийн гурван жилийн байдлаар хуримтлагдсаар 2.8 их наяд төгрөгт хүрсэн нь асуудал болоод байна. Энэ юуг хэлж байгаа вэ гэхээр төв болон орон нутгийн төсвийн хоорондын харилцаа ямар ч төлөвлөлтгүй, хяналтгүй байж ирснийг, нөгөө талаас энэ төсвийн харилцаанд шинэчлэл хийхгүй бол, төсөвт цаашдаа ихээхэн дарамт, ачааллыг дагуулсаар байх болно гэдгийг харуулж байна. Дотооддоо, улсын нэгдсэн төсөвтөө Баялгийн сангаас гадуур ийм их хэмжээний хуримтлагдсан сул чөлөөтэй хөрөнгийн эх үүсвэр байхад, яагаад өндөр үнэтэй гадаад бондыг орон нутагт үнэт цаас гаргахыг зөвшөөрөөд байгааг миний хувьд ойлгохгүй байгаа. Энэ нь өнгөрсөн дунд болон урт хугацаанд Засгийн газрын түвшинд санхүү, төсвийн удирдлага хангалтгүй явж ирснийг илтгэж байна. Энэ мэтчилэн шийдвэрлэх ёстой, шинэчлэл хийх шаардлагатай маш олон асуудлууд хуримтлагдсан.
Энэ удаагийн тодотголоор өмнөх Засгийн газрын шийдээгүй дутуу орхисон боловсролын болон эрүүл мэндийн салбар багш, эмч ажилчдын цалингийн зөрүүг арилгах, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжүүлэх ёстой ахмад настны суурь тэтгэмжийг хоёр сарын өмнө хэрэгжүүлж эхлэх холбоотой нэмэгдэл зардал зэрэг асуудлуудыг оруулж ирсэн байна лээ. Тэгэхээр боловсруулалт, төлөвлөлт нь муу, дутуу байсан төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлж, 2026 оны төсвийг батласнаас шалтгаалсан үр дагаврыг арилгах, түүнийгээ засах гэсэн завсрын тохируулгын төсвийг өргөн барьжээ гэж ойлгож болно. Төв банк инфляцийг сааруулахын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн үед түүнийг сөрөөд Засгийн газар төсвөөр дамжуулан цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа нь цаашдаа иргэдийн худалдан авах чадварт муугаар нөлөөлж, инфляцийг хоёр оронтой тоонд нь хэвээр байлгах зорилгыг л агуулж байна гэж харах үндэслэлтэй.
Энд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийг буруутгаагүй бөгөөд харин Засгийн газар яагаад үүнийг энэ цаг хугацаанд өнөөдөр, энэ нөхцөл байдалд нэмэгдүүлж байгаа нь ойлгомжгүй байна.
Нөгөө талаас Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн тухай хуулийг санаатайгаар өөрчилдөг, дэлхийд байхгүй төсвийн дүрэм аргачлалыг шинээр гаргаж ирдэг, түүнийгээ хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-аар батлуулж авдаг, хэрэгжүүлдэг, эргээд тэр нь болохгүй болохоор хуучин зөв тогтолцоо руугаа эргэн буцдаг явдал хэрээс хэтэрлээ. Үүнд хариуцлага хүлээх ёстой албан тушаалтан, байгууллага, улстөрчид улс орноор тоглочихоод дараагийн алхмаа хийж байгаа нь харамсалтай. Хариуцлага тооцох тогтолцоо аль ч түвшинд, УИХ, Засгийн газар, Сангийн яам зэрэг бүхий л байгууллагуудад алга байна.
-Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн хуулийг төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Төсвийн зарлагыг 43.6 их наяд, орлогыг 41.3 их наяд төгрөг, алдагдлын хэмжээг 2.3 их наяд төгрөг байхаар тусгажээ. Зарим эдийн засагчид Монгол шиг экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамаардаг жижиг эдийн засагт ийм хэмжээний төсвийн тэлэлт маш аюултай гэдгийг хэлж байна. Ийм өндөр зардалтай төсвийг УИХ батлах нь эдийн засагт хэр их эрсдэл дагуулах бол?
-Ирэх оны төсвийн төсөл нь их хэмжээгээр төсвийн зарлагыг тэлсэн, өмнөх жилүүдийн бодлогын алдаа, сургамжаас үүссэн сөрөг үр дагавраас сургамж аваагүй, уул уурхайн эдийн засагтай байсан улсуудын алдааг дахин дахин давтсан шинжтэй байна. Энэ бол хөгжиж буй орнуудын төрийн, нийтийн санхүүгийн удирдлага сул байгаагийн нэг тод илрэл бөгөөд үүний жишээ нь Монголд болж байгааг анхаарах хэрэгтэй.
Уг нь зүй зохистой удирдаж чадвал байгалийн баялаг-ашигт малтмалын орлого нь бага орлоготой, байгалийн эрдэс баялаг олборлогч улс орнуудын эдийн засгийн хөгжилд нааштай томоохон боломжийг олгодог. Гэвч байгалийн баялаг болох ашигт малтмалын олборлолт, түүнээс орох орлогын удирдлага нь нэн чухал бөгөөд, зарим талаар хүнд гэж хэлж болох сорилтуудтай тулгардаг. Үүний нэг жишээ нь байгалийн баялгийн олборлолтын эцсийн үр дагавар нь тухайн эрдэс баялгийн орлогын муу менежементийн улмаас эдийн засгийн зогсонги, үр ашиггүй байдал, авлига, мөргөлдөөн зэрэг урагшгүй байдал, сөрөг үр дагаварт хүргэж баялгийн “хараал” тусах хэцүү сорилттой тулгардаг. Байгалийн баялаг, эрдэс түүхий эдээс орох гэнэтийн орлого нь байнгын шинжтэй бус, тохиолдлын бөгөөд энэ нь араасаа ямагт хүндхэн сорилт дагуулж байдаг, үүний тод илрэл нь улсын төсөвт эрдэс баялгийн бус орлогын хувийн жин буурч, ганц тулгуурт эдийн засгийн бүтцийг улам бүр тод томруун болгосоор, тэр нь жам ёсоор нэгэн цагт тогтворгүйдэлд ордог. Үүний жишээ Колумб, Ангол, Нигери зэрэг африкийн улсуудын жишээ байдаг.
Өөрөөр хэлбэл, эрдэс баялгийн үнэ өссөн мөчлөгийг мөнхөд үргэлжлэх мэт төсөөлөлд автан “хууртаж” бий болгосон хэт өндөр зарлага бүхий төсвийн хүрээ, зардал ихтэй удирдлагын ба төрийн албаны бүтэц нь байгалийн баялаг олборлолтын үнэ, дараагийн мөчлөгийн үед буурахад эдийн засаг, төсөвт хүнд дарамт болж тусдаг.
Эрдэс баялгийн үнийн хэт өсөлт буюу тэсрэлттэй байх үед явагдсан улсын зарлагын тэлэлт, цалин тэтгэвэр, тэтгэмжийн өсөлт, их хэмжээний зээл авалт нь дараагийн мөчлөгт тохиолдох эрдэс баялгийн үнийн уналтын үед мөн л эдийн засаг, төлбөрийн чадварт асар их дарамт болж, үүнээс хамаарч төсвийг орлого, зарлагыг хумихаас өөр гарцгүй болгож, Засгийн газрыг хүнд байдалд оруулдаг. Монгол Улсын хувьд байгалийн баялгаа зүй зохистой удирдаж чадахгүй, улсын төсвийн төлөвлөлт сул, хангалтгүй, Засгийн газрын эдийн засгийн байгууллагууд эдийн засаг, төсвийн бодлогоо зөв төлөвлөж чадахгүй байсаар байна. Бидэнд дунд болон урт хугацаанд макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой байдал туйлын чухал байна.
-Оюутолгой, ТӨК-иудаас нэмэлт орлого орж ирнэ гэсэн шалтгаанаар зарлагын дээд хязгаараа нэмээд, 2027 онд зарлагын өсөлтийн тусгай шаардлагаа мөрдөхгүй байхаар хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаа гэдгийг эдийн засагчид хэлж байна. Төр засгаас төсвийн хэмнэлт хийх талаар ярьдаг ч бодитоор хэрэгждэггүй. Ер нь хэмнэлтийг юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Сүүлийн жилүүдийн төр, засгийн бодлогыг анхаарч харахад “Оюутолгой” төслийн гэрээтэй холбоотой асуудлуудыг эргэн сөхөж, Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах зэрэг эрс шийдэмгий арга хэмжээнүүдийг авч эхэлсэн нь зөв зүйтэй алхам. Үүнийг хувь эдийн засагчийнхаа талаас дэмжиж сайшааж байгаа. Гэхдээ энэ асуудлыг цаашдаа нэгмөсөн эцэслэн мухарлаж, Монголын талын хүртэх өгөөж, ногдох ашгийг дунд болон урт хугацаанд баталгаатай болгож, хууль эрх зүйн хүрээнд манай талд ашигтай байдлаар хэлэлцэж, ойрын хоёр жилийн дотор дуусгах шаардлагатай. Ингэхийн тулд Монголын талын өрийг “Рио тинто”-гийн Оюутолгойгоос өнгөрсөн хугацаанд хүртсэн ашгийн хэмжээнд нь дүйцүүлэн тооцоолж “тэглэх”, цаашдаа хувь оролцооны хэмжээгээ 34-50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зэрэг хувилбараар ажиллах шаардлагатай.
Ямар нэгэн байдлаар бид болон бидний хойч үе энэ том ордоос бий болсон баялгаас хувь хүртэх эрхтэй, эрхээ ч эдлэх ёстой. Тийм учраас Засгийн газраас ирэх жилүүдэд Оюутолгой гэрээ хэлэлцээрийг улам эрчимжүүлэх хэрэгтэй.
Өмнөх Засгийн газрын тэргүүн шиг шуудхан асуудлыг хэлчихдэг, өөрөөр хэлбэл, Монголд таалагдахгүй байгаагаа айлын талд хэлчихдэг байх хэрэгтэй. Түүнийгээ ч хэрэгжүүлэх хэрэгтэй. Энд би ямар нэгэн улстөрчийг магтан сайшаах гээгүй. Ирээдүйд бий болох, болж байгаа сөрөг үр дагаврыг одооноос арилгах шаардлагатай. Энэ бол Монголын болон Монголын ард түмний эрх ашиг гэж боддог.
Хоёр дахь асуудал бол төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниудын ногдол ашигтай холбоотой асуудал. Өнөөдөр яагаад гэнэт төрийн өмчит оролцоотой компаниудын ногдол ашгийг их хэмжээгээр төсөвт төвлөрүүлэх тухай ярьж эхэлсэн бэ. Асуудлыг бол нэг талаас нь зөв гэж харж байгаа. Олон жил энэ асуудлыг хөндөж ярьж байсан. Бараг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд улсын салбарын, тэр дундаа төрийн өмч, орон нутгийн өмч гэсэн нэр, хаягтай байгууллагуудад их хэмжээний хөрөнгө, өр, авлага, худалдан авалт, мөнгө төгрөг эргэлдэж байсан. Энэ бол төсвөөс гадуурх улстөрчдийн нөөц, сан хөрөнгө байсан гэхэд хилсдэхгүй. Аль ч нам, улстөрчид энэ их хяналтгүй хөрөнгөөс хувь хүртэх, албан тушаалын хөрөнгө завших, тендерт нууцаар оролцох, төлөөний хүмүүсээ, ялангуяа өөрийн сонгуульд үйлчилсэн хүмүүсээ байршуулах нэг механизм байж ирсэн. Сонгуулийн мөнгөө ч эндээс бэлтгэдэг. Энэ зүй тогтол одоо ч байгаа. Үүнд хяналт тавих эрх бүхий байгууллагууд болох АТГ, улсын прокурор, цагдаа, аудит гэх мэт байгууллагууд нүдэн балай чих нь дүлий явж ирсэн. Эндээс л Монголын авлигын цэцэглэлт, хөгжлийн гацааны гол буруутанууд харагдана. Энд үй олон жишээ байгаа.
Гуравдахь асуудал бол төсвийн тусгай шаардлага гээд хэлээд байгаа төсвийн дүрмийг мөрдөхгүй байх асуудал. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд УИХ батлаад хэрэгжүүлсэн байдаг. Өнөөдөр энэ хуульд 22 удаа Засгийн газар, УИХ гар дүрж өөрчилсөн байдаг.
Монгол Улсын хувьд улс орны хөгжлийг хангах, баялгийн хараалаас сэргийлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн орлогыг хамгаалах гол суурь хууль гэж хардаг. Олон улсын түвшинд ч тэгж үздэг. Энгийнээр тайлбарлахад, замын хөдөлгөөний дүрэмд жолооч, явган хүн гэрлэн дохиогоор ногоон, шар, улаан гэрлээр зорчиж явдагтай адил төсөвт үүнтэй адилхан дүрмийг хэрэглэдэг. Өнөөдөр төсвийн дөрвөн дүрмийг дэлхийн 122 гаруй улс орнууд хосолсон байдлаар болон хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлж, баримталдаг. Энэ нь орлогын, зарлагын, төсвийн тэнцлийн, өрийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээ зохистой түвшинд байхыг хэлдэг. Үүний нэг нь Монгол Улс. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд энэ дүрмийг мөрдөхгүй байх, түүнээс бултах арга зам хайх, ингэснээр үр ашиггүй төсвийн зарлагыг бий болгох нөхцлийг бүрдүүлэх зорилгыг үе үеийн Засгийн газар бодлогын түвшиндээ тусгах гэж оролдож ирсэн. Одоо ч ийм зохицуулалт, төсвийн дүрмийг үл тоож, түүний эсрэг төсвөө боловсруулж батлан мөрдөхийг хичээж байна.
Үүний нэг ээлжит үйл ажиллагаа гэж харж байна. Харин үүний оронд өнөөдрөөс эхлэн энэ их хэмжээний ногдол ашгаар бий болсон хөрөнгийг Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу тогтворжуулалт, болон хуримтлалын сандаа шууд татаад авчих хэрэгтэй. Ингэснээр хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах байдал багасгах, төрийн төсвийн хөрөнгийн сахилга бат сайжрах, төрийн нэрээр тендерийн хулгай луйвар гарах нөхцөл хумигдах, ирээдүйд эдийн засаг муудсан үед эдийн засгаа тогтворжуулах хөрөнгө, нөөцтэй болох гэж мэт. Түүнээс төсөвт төвлөрүүлэн эргээд их хэмжээний зарлага байдлаар зарцуулах нь дунд болон урт хугацаанд эрсдэлийг дагуулна. Инфляцийг улам нэмэгдүүлнэ. Өнгөрсөн олон жилийн хугацаанд төрийн өмчит компаниуд ашгаас бий болж байсан сул чөлөөтэй эргэлдэж байсан хөрөнгийг хэрхэн зарцуулж үрсэн талаар олон нийт одоо хариулт авах хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, төсвийн хэмнэлтийн тухай асуудал. Төрийн аль ч түвшинд авлига, албан тушаалын гэмт хэрэг буураагүй нөхцөлд бид хэмнэлт гэсэн хоосон хэрэгждэггүй уриа лоозон бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх нь боломжгүй юм.
-Үүнээс гадна шинэ технологи, бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн жишгээр, дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Ашигтай ажилладаг төрийн өмчит компани тун цөөн. Эдийн засгийн хувьд энэ хэр бодитой шийдвэр бол?
-Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд хөрөнгө оруулалт хийх нөхцлийг бүрдүүлэхэд эхлээд анхаарах хэрэгтэй. Юуны өмнө үнэхээр гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулалт хийхэд тухайн бизнесийн үйл ажиллагаа болон хууль эрх зүйн орчин, эдийн засгийн тааламжтай орчин бүрдсэн үү гэдгийг нэлээд судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргах болов уу. Наад зах нь Монголын зээлжих зэрэглэлийн түвшин ямар байгаагаас эхлээд харна.
Үнэхээр эдийн засгийн нөхцөл байдал, сайн, хууль дүрмээ хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд өөрчлөн сайжруулсан, авлига, төрийн хүнд суртлын эсрэг тууштай тэмцсэн, бодлого нь тогтвортой, олон улсын зээлжих зэрэглэл өссөн ийм орчинд ямарч Засгийн газар уриалсан, хэлснээс үл хамааран гадаадын хөрөнгө оруулалт тэртэй тэргүй орж ирнэ.
Бусад улс орнуудын жишээ ийм л байдаг. Засаглалын аль ч түвшинд ил, тод нээлттэй, шудрага нөхцлийг бүрдүүлсэн үед энэ хэрэгжинэ. Түүнээс төрийн өмчит компаниудын засаглал сайжраагүй үед гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй бөгөөд тэд ч хөрөнгөө эрсдэлд оруулахыг хүсэхгүй. Уг нь Монголд гадаадын хөрөнгө оруулалт ганц уул уурхайн салбараас бусад төр, хувийн хэвшлийн гэлтгүй бүх салбарт гэлтгүй ус агаар шиг хэрэгтэй зүйл юм.
-Засгийн газраас энэ жил Оюутолгойгоос ногдол ашиг авахаар “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийж байгаа. Гэтэл хэлэлцээрээ бүрэн дуусгаагүй байж ард иргэдээс санал асуулга авч, ногдол ашгаараа юу хийхийг шийднэ гэж мэдэгдэх зөв үү?
-Эдийн засагч хүний хувьд энэ хэлэлцээрийг бид цаг хугацаа хэтэрхий их алдаж бараг 15 жилийн дараа хийж эхэлж байгааг онцлох хэрэгтэй. Үүнээс алдагдсан боломжийн өртөг хэдэн зуун тэрбум ам.доллараар яригдах ёстой. Өнөөдрийг хүртэл “Рио Тинто” компани Оюутолгой төслөөр дамжуулан зэсийн олборлолт хийж эхэлснээс хойш хэдий хэмжээний баялаг болох зэсийн баяжмал, алтыг уг ордоос олборлож, ямар үнээр хэрхэн борлуулсан байгаа гэдгийг мэдэх хүн бараг алга байна.
Үүнийг тооцож гаргах хэрэгтэй, бид баялагтаа эзэн бол түүнийг бас мэддэг байх хэрэгтэй, нөгөө талаар дэлхийн хэмжээнд эхний тавд ордог том ордыг гадаад хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулсан ч гэсэн бид их хэмжээний өртэй, татварын маргаантай, ногдол ашиг хүртэхгүй явж байгаад миний хувьд хүлээн зөвшөөрдөггүй, санал нийлдэггүй.
Монгол Улс баялгийн хараалд өртөх, өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн гүн хямрал, мухардалд орсны нэг шалтгаан гэж хардаг. Харин оройтсон ч гэсэн энэхүү ногдол ашгийг төвлөрүүлж авч байгааг зүйтэй гэж харж байгаа бөгөөд энэ хөрөнгийг нэмүү өртөг бий болгох, алт цэвэршүүлэх эсвэл гангийн үйлдвэр барихад шууд зориулах хэрэгтэй.
-Өнгөрсөн 2025 оны улсын төсвийг хэт өөдрөг төсөөлснөөс эдийн засагт эрсдэл үүссэн шүү дээ. Энэ жилийн дунд хугацааны төсөөлөл, таамаглалыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал ямар ахиц дэвшил гарав?
-Улсын төсвийн орлого нь гол төлөв уул уурхайн салбарын экспорт /нүүрс, зэс, алт/ болон татварын орлогоос бүрдэж байгаа нь дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлд мэдрэмтгийг харуулж байна. Энэ нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл дагуулсан хэвээр байгаа нөхцөлд 2024, 2025 оны төсөвт нүүрсний үнийг хэт өдгөөр төсөөлж төсөвт тусгаж байсан алдааг дахин давтах гэж байна.
Гол асуудал нь дэлхийн зах зээлийн зэс, алтны үнэ харьцангуй тогтвортой өндөр, цаашдаа энэ нь хадгалагдахаар байгаа нөхцөлд бид дэд бүтэц, тээвэр ложистикийн тулгамдаж байгаа асуудлаа хурдан шийдвэрлэх шаардлагатай байна.
Нүүрсний үнэ доогуур түвшинд байгаа хэдий ч экспортолж байгаа биет хэмжээг нэмэгдэж байгаа нь эерэг нөлөөтэй байна. Гэхдээ энэ бүгд дунд болон урт хугацаанд тогтвортой хадгалагдах нь эргэлзээтэй учраас экспортын гол түүхий эд, болох эрчим хүчний нүүрсний үнийн байдал нь Монголын цаашдын төсвийн байдалд эрсдлийг дагуулсаар байх болно.
-Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргах үеэрээ Засгийн газар төсвийн зардлаа бууруулахгүй бол төв банкнаас төгрөгийн ханшийг чангаруулах ямар ч арга хэмжээ авсан үр дүн гарахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотгол, ирэх жилийн төсөв зардлыг бууруулах бус улам л тэлж байна. УИХ-ын түвшинд төсвийн зардлыг бууруулах боломж байх уу?
-Сүүлийн үеийн эдийн засгийн удирдлагын тогтолцоонд мөнгөний бодлого ба төсвийн бодлого нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үндсэн хоёр гол хэрэгсэл болж байгаа. Эдгээр бодлогуудын зорилго, хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь өөр боловч нэг нийтлэг зорилготой буюу эдийн засгийн өсөлтийг тогтвортой үргэлжлүүлэх, инфляцийг хяналтад байлгах, ажилгүйдлийг бууруулах, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг. Тиймээс эдгээр бодлогын үр нөлөө нь тус тусдаа хэрэгжихээсээ илүү уялдаа холбоо, харилцан зохицолтой хэрэгжих үед илүү хүчтэй, үр дүнтэй болдог. Мөнгөний бодлого нь Төв банкны зүгээс мөнгөний нийлүүлэлт, хүүгийн түвшин, зээлийн нөхцөлд нөлөөлөх замаар эдийн засгийн идэвхжилийг зохицуулдаг бол төсвийн бодлого нь Засгийн газрын орлого, зарлага, татварын бодлогын өөрчлөлтөөр дамжин нийт эрэлтийг удирддаг. Эдгээр бодлогын хоорондын зохицол тааруу байх, эсвэл зорилго нь зөрчилдөх тохиолдолд эдийн засагт эрсдэл үүсч, инфляц өсөх, зээлжих нөхцөл хүндрэх, өсөлтийн цикл савалгаатай болох зэрэг сөрөг үр дагавар гардаг. Иймээс мөнгөний бодлого ба төсвийн бодлогын уялдаа холбоо, хамаарал, нийцэл байдлыг шинжилж судлах нь макро эдийн засгийн үр ашигтай засаглал, тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой байдаг.
Улсын эдийн засгийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төсөв болон мөнгөний бодлого нь төрийн гол арга хэрэгсэл бөгөөд эдийн засгийн нэгдсэн төсөв, мөнгөний бодлогыг үр дүнтэй явуулахад төрийн байгууллагын бүтцийн болон албан хаагчийн тогтворгүй байдал, эдийн засгийн шийдвэр гаргах процессод улстөрчдийн нөлөө их байсан нь сөргөөр нөлөөлсөөр байна.
Өнөөдөр Монголын хувьд макро эдийн засгийн бодлогын хувьд төсөв ноёрхсон дэглэм тогтож байгаа тул инфляцийг бага түвшинд тогтвортой барих мөнгөний бодлогын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төсөв болон мөнгөний бодлогыг тэнцвэртэй, харилцан уялдаатай хэрэгжүүлэх хэрэгтэй. Бодлого боловсруулагчид шийдвэр гаргагчид болох Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, бусад холбогдох байгууллагууд хоорондоо харилцан мэдээлэл солилцож хоорондоо уялдаатай байх, харилцан ойлголцож, хамтран шийдвэр гаргах хэрэгтэй. Төв банкны хараат бус байдал алдагдсан, төсөв ноёрхсон дэглэм хэрэгжиж байгаа өнөөгийн нөхцөлд мөнгөний бодлогын шийдвэр нь эдийн засгийн өсөлт дэмжсэн гол зорилгод нөлөө үзүүлж чадахгүй.
Сүүлийн жилүүдэд Засгийн газрын өр болон төсвийн алдагдал өндөр байхын зэрэгцээ инфляц болон зээлийн хүү өндөр байгаа нь урт хугацаанд тогтвортой өсөлтийг хангах төсөв, мөнгөний бодлогын уялдаа хамаарал, түүнийг тэнцвэртэй зохицуулалт хийх талаар арга барилаа шинэчлэх шаардлагатай. Төсвийн төсөл дээр улстөрчдийн нөлөөллөөс аль болох ангид бага, зохих ёсоор хууль журмын дагуу батлагдан хэрэгжих боломж, нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд төсвийн төслийг Засгийн газар, УИХ дээр ихээр өөрчлөгддөг, байнга тодотгол хийдэг энэ муу зуршлаас гарч төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, мөрдөгдөж байгаа хуулиудыг ягштал биелүүлэх хэрэгтэй байна.
-Нүүрс, зэс, алтны үнэ ирэх онд өнөө жилийнх шиг өндөр байж чадах уу, прогноз яаж гарсан бол?
-Зэсийн хувьд 2020 оноос хойш ерөнхийдөө өсөх хандлагатай байгаа. Энэ нь дэлхийн геополитик, зах зээлийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарч байна. Уур амьсгалын өөрчлөлт ч зохих хэмжээгээр нөлөөлж Чили, Индонези зэрэг зэсийн баяжмалын үйлдвэрүүд түр зогсож байсан. Дэлхийн банкны тооцоогоор 2026 онд 12 мянган ам.доллар хүрээд 2027 онд 11 мянган ам.доллар болж бага зэрэг буурна гэж үзэж байна. Гэхдээ 2026 оны зах зээлийн бодит үнэ энэ таамгаас өндөр байгаа нь шинэ прогноз хийх шаардлагатайг харуулж байна.
Алтны дэлхийн зах зээлийн үнэ 2024–2026 онд маш хүчтэй өсөлттэй байсан. Дэлхийн банкны тооцоолсноор 2026 онд 4700 ам.доллар, 2027 онд 4300 ам.доллар гэж төсөөлж байгаа боловч 2026 оны зах зээлийн бодит үнэ өндөр түвшинд байна.
Нүүрсний хувьд 2022 оны огцом үнийн шок хамгийн тод харагдаж байна. Өнгөрсөн 2023–2025 онд огцом буурсан бөгөөд Дэлхийн банк 2027 онд Австралийн зах зээлийн нүүрсний үнийг 115 ам.доллар гэж төсөөлж байна. Гэхдээ энд Австралийн нүүрсний үнийг манай улсын экспортын нүүрсний үнэтэй шууд адилтгаж болохгүй. Монголын коксжих нүүрсний урт хугацааны төлөв байдал нь Хятадын гангийн үйлдвэрлэл, эдийн засгийн сэргэлтээс ихээхэн хамааралтай байгаа. Эцэст нь хэлэхэд, дунд ба урт хугацааны бодлогын түвшинд улсын төсвийн тэнцлийг эрдэс баялгийн бус төсвийн орлогын илүүдэлтэй буюу ашигтай байлгах тогтвортой арга замыг тодорхойлох ёстой. Төсвийн бодлогын ийм арга зам нь эдийн засгийн мөчлөгийн уналт, хямрал, үнийн тэсрэлтийн нөлөөнд бага өртөх, хэт их зээлээс зайлсхийж, баялгийн хараал болон “голланд өвчин”-ний нөлөөнд автахгүй байхад тусална. Энэ нь “байгалийн баялгийн нөөцийн хуримтлалын сан”-г бий болгож, байгалийн баялгийн олборлолтоос орсон орлогыг хуримтлуулж, зохистой зарцуулах сонирхлыг бий болгодог ба ашигт малтмалын орлого огцом унасан мөчлөгийн хүндрэл тохиолдох, эсхүл ашигт малтмалын тогтоосон нөөц шавхагдах үед энэхүү орлогын хуримтлалаа хэрэглэх замаар макро эдийн засгийн болон төсвийн тогтворжилтыг хадгалах стратеги баримтлах явдал юм. Монгол Улсад Улсын салбарын дунд болон урт хугацааны төсөв, санхүүгийн стратеги зайлшгүй шаардлагатай.
3,595.72





















































Зочин 2026-09-08 202.133.76.109
Шунлын дэв наймаачид нь л барааны үнэ юмыг цалин нэмэх сургаар л нэмж буйгаа бахьж чадхгүйд бүх асуудал бна. тэнэгүүдээ
Нэргүй 2026-09-08 202.126.90.1
ядуурал, шоронжуулалт хэтэрлээ
Нэргүй 2026-09-08 202.126.90.1
засгийн газар огцор
oyun 2026-09-08 202.126.88.100
Монгол улс нэг л их ярьдаг гавьдаггуй сүрхий эдийн гавьяат засагч нар олонтой зарим нь ярьсаар их хуралд орсон юу ч хийж чадахгуй малнууд зүгээр хөдөөнөөс 10 үнээтэй жоохон газартай малчин эхнэр нөхөр хоёрыг авчираад энэ улсыг хөл дээр нь босго гэвэл 3 жилийн дотор л босгоно. Нэг л их ярьсан гадаадад төгссөн залуус юу ч чадахгуй баахан кембриж л яриад тэр нь бидний төгсөж байсан үеэс доор мэдлэг өгдөг баруун зүүнээ ч мэдэхгүй малнууд нэг л их олон улс ярьсан гарууд гаднаас даалгавартай бх
зочин 2026-09-08 103.119.92.1
Ирэх хавар махны үнэ 50 мянга болчихвол яах уу шатахуун хэд болох вэ дагасан гефиринфляц болохгүй гэх баталгаа бн уу энэ хэцүү л юм даа
зочин 2026-09-08 103.229.123.161
…..тоймтой зүйл хийж чадахгүй, хэлээд ч хүн тоохооргүй зүйлтэй ийм чалчаачдыг хөлсөлхөд амар байдаг байхдаа…ХЯМДХАН??
Нэргүй 2026-09-08 103.229.120.217
Зөв л өнцгөөс харж хэлсэн л байна. Уншиж сонсох хүмүүст л зориулж, гол нь хэлж байгаа г нь ойлгох болов уу?
Зочин 2026-09-08 103.57.93.105
ХУЦДАГ ГАР ВЭ… ХЭДЭН ЖИЛ ХООСОН ЧАЛЧЛАА
ТЭГЭЭД ХИЙГЭЭЧ
зочин 2026-09-08 66.181.189.167
Манай орны эдийн засаг 2025 онд 6,9 хувь өссөн бол энэ оны эхний хагаст 7,7 хувь өсөв,Өнгөрсөн оны мөн үеэс 5,6 хувиар илүү, Гэвч хүндрэл үүссэн,Оны эхэнд нүүрсний үнэ унаж төсөв хүндрүүлсэн бол Украин ,Персийн буланд барууны өдөөсөн дайны улмаас дэлхий дахины эдийн засаг түүний дотор манай эдийн засаг хүндэрч байна, Төсөв тасалдаж, бензины хомсдол үүсэх зэргээр Үүнд ардчилагч гэх анархистүүдийн үүсгэж буй самуун мэдээж нэрвээс болж байна Засгийн газрыг байнга унагана, мэрнэ Огт ажил хийлгэхгүй,
Serjio 2026-09-08 202.131.248.228
"Ардчилагч гэх анархистүүд" гэшшш АХХАХАХАХАХАХХА пZда нахуй гэдэг үг л чамд зохино.
Нэргүй 2026-09-08 66.181.189.167
Засгийн газраас ,үүссэн хүндрэлүүдийг даван туулахын тулд бололцоот бүхнийг хийж байна, Арга буюу бүүр төсвийн тодотгол хийж зарим хөрөнгө оруулалтыг хойшлуулах шиг боллоо Мэдээж АН-ын нөхдүүд, манайд үүсч буй хүндрэлийг овжин ашиглахыг бодно, Манайд гарч буй хүндрэл тэдэнд ашигтай, Муу муухай болгон улам өсгөж ,сүржигнэж ,сурталчлана,бусдыг хулгайч болгон гүтгэнэ, Улс төрийн хонжоо олохыг бодно,Луйврын аргаар Ерөнхийлэгчийн сонгуульд ялалт байгуулах,
Зочин 2026-09-08 103.212.116.76
Эдийн засагч нар ингээд байнга мэдээлэл өгч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрчид ард түмний тархийг угаагаад хүссэнээ хийдэг болчихлоо
Нэргүй 2026-09-08 103.57.94.87
Алаагүй баавгайн арьс хувааж байна гээд шууд хэлж сураач
Ха 2026-09-08 124.158.109.141
Энэ нехреес асуух зуйл байна. Монгол эх орон маань тертэй юмуу? Тертэй гэх юм бол засагтай байх л естой. Гэтэл засаг нь Монгол эх оронд амьдарч байгаа хэдэн халтаруудаа тэжээж чадаж байгаа юм уу? Хэний емнеес элдэв юм яриад байгаа юм!!!