У.Хүрэлсүхийн эр зориг ба АН-ын хуваагдал их улс төрийг “хөгжөөв”

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн эр зориг ба АН-ын хуваагдал их улс төрийг “хөгжөөв”

Улс төрийн үйл амьдрал өнгөрсөн долоо хоногт  тун өрнүүн, ёстой л “харах юмтай, хариад ярих юмтай” байлаа. МАХН-ын Бага хурал Монголын улс төрийг хөдөлгөдөг бичигдээгүй хууль энэ удаад ч давтагдан нэрээ өөрчилж, их хурлаа товлосон халуухан үйл явдлаар дүүрэн хуралдав. Тус намын генсек У.Хүрэлсүх замын дунд нэрээ сольсноор ирэх сонгуульд ялагдвал хариуцлагыг нь хар толгойгоороо үүрэхээ андгайлж улс төрийн эр зоригоо харуулсан. “Яана даа” гэж өмнөөс нь толгой сэгсрэн халаглах ахмадуудад тэр шинэ үеийн сэтгэл хангалуун инээмсэглэлээр хариу барьж байсан юм.  Юутай ч тус намынхан их хурлаараа удирдлагын асуудал,  Засгийн газрын үйл ажиллагааны талаар хурц шүүмжлэл төдийлөн өрнүүлэхгүй намуухан хуралдах болов уу гэсэн таамаглал ортой байж мэднэ.

Харин Ардчилсан намын хууччуул бие, сэтгэлийн чилээ гаргахуйц улстөржсөн мэтгэлцээнээр хэвлэлийн хуудаснаа байлдаж гишүүдээ баясгав.

Хөндлөнгөөс харахад сэтгэл түг­шим энэхүү талцал үнэн хэрэгтээ тус нам эрүүл байгаагийн эхний шинж тэмдэг гэж намын удирдлагууд тайл­барлаж байна. Тус намыг хоёр салаа замаар замнах нь, дэд нам­тай болчихоод ирэх сонгуулиар хоо­рондоо өрсөлдөж “золигтох” нь гэсэн ойлголт газар аваад буй. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа тэсэн ядан хүлээж “мина зэхэж” байгаа энэ нөхцөлд АН доторх фракциуд, түү­ний гишүүд өөр хоорондоо үл итгэлцэх байдал үүсээд байгааг ч тус намын гишүүд нуухгүй бай­на. ҮЗХ-ны хурлыг зарласнаар фрак­циудын амбиц оргилдоо хүрч хам­тарсан Засгийн газрын насыг тоолж магадгүй байгааг ч АН-ын зарим ги­шүүн эртнээс анхааруулаад байгаа билээ. 

Улс орны амьдралтай холбоо­той дараагийн үйл явдал нь “Дис­ковер Монголиа-2010” чуулга уул­залт байлаа. Дэлхий цугласан хэ­мээн бахархан өргөмжилсөн уг чуулга уулзалтад дэргэдэх “нө­хөр” маань ирсэнгүй. ОХУ-ын тө­лөөлөл ирээгүй нь Монголын уул уур­хайн салбар хамаагүй гэсэн ихэр­хэл үү. Аль эсвэл “Монголыг сонир­хох­гүй байгаа” хэмээн хэвлэлээр мэ­дэгдсэнээ батлах гэж гэдэн нь хөдлөв үү хэмээх хардлага тө­рүүл­сэн ч Оросын талынхан үүний шалт­гааныг эергээр тайлбарлахыг хи­чээж байна. Учир нь “Дисковери”-тэй яг давхцан Эрхүүд эдийн засгийн форум болсон гэнэ. Харин ч үүнд монголчууд ирээгүй нь харамсалтай гэж их гүрнийхэн ха­риу тунирхаж суугаа ажээ. Түүнч­лэн Кремльд Монгол Улсын Ерөн­хийлөгч, Ерөнхий сайдыг зайлшгүй хүлээн авах цаг болсон. Харин хэнийг нь вэ гэдэг асуудал хүчтэй ярьж эхэлснийг ч эх сурвалж хэлсэн юм. Нөгөөтэйгүүр Монголд албан ёсоор яаруу давчуу айлчлаад буц­сан Д.Медведев, В.Путин нарыг ямар ч асуудал шийдэлгүй, үр дүнгүй “рейс” хийснийх нь төлөө бу­руутгах хүн Кремльд цөөнгүй байгаа ажээ.

Одоогоор Монголын тал ну­тагт Москвагаас хоёр элч дов­тол­гоод байгааг улс төрийн хүрээ­нийхэн ч төдийлөн мэдээгүй бололтой. Тэдний нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай тө­лөө­­лөгч  А.В.Гордеевийн зөв­лөх М.В.Ва­сильев, нөгөө нь Дор­­но дахины хү­рээлэнгийн Мон­го­лын хэлтсийн эрх­лэгч В.В.Грай­воронский нар юм.

Түүнчлэн өнгөрсөн баасан га­рагт болсон шинэ төмөр замын суурь бүтэц барих уралдаант шал­гаруулалтын өмнөх зөвлөлдөх уул­залт улс төрийн хүрээнд анхаа­рал татсан үйл явдлуудын нэг мөн байлаа.  Үүний зэрэгцээ тө­мөр за­мын даргыг түр томилсон хуга­цаа дуусчихаад байхад ажрахгүй бай­гаа тус салбарынхан хийгээд Засгийн газрын зүгээс ирэх сарын эхээр төмөр замын хороог хурал­дуулж, удирдлагын асуудлыг хэлэлцэхээр болжээ. Монголын төр  нэгэн цаг үед асар том алдаа гаргаж, үүний ул­маас 37 мянган хүнээ  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж, 20 гаруй мянгынх нь аминд хүрсэн гашуун дур­самж жил бүрийн есдүгээр са­рын 10-нд Монгол орныг бүхэлд нь нөмөрдөг.  Монгол төрийн тү­шээд энэ өдөр намын ялгаа, хийр­хэлгүйгээр улс төрийн хилс хэ­рэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Ха­рин түүхэнд уг хар хэргийн гол бу­руутнаар тэмдэглэгдэн үлдсэн Оросуудаас уг хүндэтгэлд ганц ч хүн оролцсонгүй. Тэр ч байтугай ууч­лал хүссэн нэг үг, өгүүлбэр ч илгээсэнгүй. Монгол Улсын анх­ны Ерөнхийлөгч П.Очирбат 1993 онд ОХУ-д айлчлахдаа энэ та­лаар хөндөж ярьсан боловч их өрийн асуудлаар хэргийг хаав уу гэлтэй төрийн тэргүүнүүдийн хоо­ронд эмзэг сэдвээр  дахин сөхөлгүй хаясан. Манай орны ха­маг баялгийг хуваалцаж, тэр ч байтугай сорчилж ашигладгаа улс төр, эдийн засгийн найрсаг ха­рилцаа хэмээн томьёолдог их гүр­ний дээрэнгүй бодлогын хар ул мөрийн талаар толгой гудайхгүй байгаад нь хэлмэгдэгсдийн ар гэрийн­хэн сэтгэл дундуур явдаг юм билээ. Оросууд хэзээ  уучлал гуйх вэ. Олон жил хүлээж, горьдсон хүмүү­сийн сэтгэлд нөхөж баршгүй гарз учирсан ч тэдний ёс төдий уучлал гуйх төдийд гуниг дундарч гомдол тайлагдах нь ойлгомжтой.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засгийн амин чухал асууд­лаар  өрнөсөн ил, далд үйл явдлаар баян байлаа. Ирэх өд­рүүдэд УИХ-ын эрхэм гишүүд той­рогтоо хэрхэн ажилласнаа тай­лагнах, намын хурлуудад та­вих асуудлаа бэлтгэх зэргээр улс төрийн амьдрал намуухан үр­гэлжлэх төлөвтэй байна.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж