УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр /2026.09.07/ 10.00 цагт эхэллээ.
2026 оны төсвийн тодотголыг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа.
Ерөнхий аудитор төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн бодлогын зорилттой нийцэж байгаа боловч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг сануулав. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2,048.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр төлөвлөсөн нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна. Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогын холбогдох зорилтуудтай нийцсэн боловч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэснийг онцлов.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус Зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцууллаа. Уг дүгнэлтэд, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг төсвийн бодлогоор дамжуулан шийдвэрлэх нь зохисгүйг дурджээ. Төсвийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлага нэгэнт бий болсон гэж дүгнэв. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс төсвийн тодотголын шаардлага, зорилгыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд иргэдийн амьжиргааг хамгаалах, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулахад чиглэсэн бодлогыг төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх аргаар үргэлжлүүлэн явуулах нь алдаанд хүргэж болзошгүйг санууллаа. Мөн эрх зүйн орчны өөрчлөлт төсвийн зарлагын өсөлтийн гол нөхцөл болж байна. Төсвийн орлогын бүтэц, эмзэг байдал нэмэгдэж буйг анхаарч, зарлагын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлтийг хийхдээ төсвийн зарлагад ирээдүйд үзүүлэх нөлөөллийг тооцож шийдвэрлэдэг байх хэрэгтэй гэсэн юм.
Төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Л.Энхнасан, Г.Ганбаатар, С.Эрдэнэболд, С.Одонтуяа, Г.Хосбаяр, П.Батчимэг, Ц.Туваан, М.Мандхай, Б.Уянга, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Б.Жаргалан нар Засгийн газрын төлөөллөөс асууж тодруулан байр суурь илэрхийллээ. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат, С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Б.Батбаатар, Б.Жаргалан нар үг хэлэв. Хуулийн төслүүдийг хэлэлцсэний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан 23.14 цагт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
"Нийслэлийн өмнөх оны үлдэгдэл санхүүжүүлэх 1.7 их наядын зардлыг төсөвт шилжүүлж байна"
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-ТӨК-иудаас ногдол ашгийг нь төсөвт төвлөрүүлэхийг бүрэн дэмжиж байгаа. Хэн дуртайгийнх нь төслийг санхүүжүүлэх ёсгүй. Ард иргэд өгөөжийг нь хүртэх ёстой. Энэ бол зөв алхам. ТӨК-иуд менежментээ сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ. Мөн хоёрт, төсвийн тодотголын орон зайг бий болгохдоо нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбумын орон зайг ашиглаж байгаа юм байна. Сэлбэ дэд төвийн бондын орон зайг ашиглаж байна гэж ойлгож байна. Үүний улмаас бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, хугацаа нь хойшлох уу. Нийслэл өөрөө зарцуулаагүй, чөлөөт хэмжээ байгаад байна уу гэдгийг тодруулж асууя.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Нийслэлийн үнэт цаастай холбогдуулан ирэх онуудад тэр бондын мөнгийг ашиглаад явна. Тэрнээс биш бондын мөнгийг хураах боломжгүй. Энэ онд л ашиглахгүй байхаар нийслэлийн удирдлагатай ярилцсан. Үлдэгдлээ ирэх онуудад ашиглана. Ирэх оны төсвийг дагаад ашиглах эрх нь явж байгаа. Сэлбэ дэд төвийн гүйцэтгэл хэвийн үргэлжилнэ. Өвөлжилт дээрээ дансанд нь хуримтлагдсан ашгийг нь ашиглаад явах боломжийг нь нээж өгсөн.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Зардлынхаа дунд хөрвүүлэлт хийж, нийслэлээс урьд оны үлдэгдэл санхүүжүүлэх зардлын орон зай 998 тэрбум төгрөг, үнэт цаасны 758 тэрбум гэхээр 1.7 их наяд төгрөгийн улсын төсөв рүү шилжүүлж байна гэсэн үг. Иймэрхүү маягаар төсвийн тодотгол орж ирж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 оноос хойш 22 удаа өөрчлөгдсөн. Жилд 1.3 дахин өөрчлөгдөж байна. УИХ төсөв иймэрхүү байна шүү гэсэн үзэл баримтлалаар баталсан боловч төсөв дагаж орж ирдэг хууль мэтээр ойлгож байгаа нь зарчмын хувьд зөрчил үүсгэж байна. Өнөөдөр төсвийн тогтвортой байдлыг УИХ биш Засгийн газар тодорхойлж байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Төлөвлөлтөө бид хийж чадахгүй байна. Олон хүн хэлж байсан. Мэргэжлийн яам нь мэргэжлийн байгаач. Төсвийг улс төрийн хэрэгсэл болгож ашигладаг боллоо. Татвар төлөгчид та бүхнийг албан тушаал дээр чинь үлдээхийн тулд чадан ядан татвараа төлөөгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Төсвийг сонгуулийн хэрэгсэл болгодгоо АН, МАН-гүй болимоор байна. Саяхан АН-ын нэг гишүүн мэдэгдэл хийхдээ "Тойргийн гишүүдээрээ трактор тараасан. Энэ жил пад тараана" гээд. Ийм байдлаар явмааргүй байна. ТӨК-иудын ногдол ашгийг төсөвт татаж, цалин тэтгэвэр нэмэх юм байна. Жил бүр ингэж явах уу. Цаашид яах юм бэ. Цалин тэтгэвэр нэмсний дараа өнөөдрийн 13 хувийн инфляц 18 хувь болно гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Хувийн хэвшил рүүгээ төрийн бодлого хэрхэн анхаарах вэ. Ажилгүйдэл 20 хувиар өсч, 79 мянгад хүрсэн гэж байна. Хөдөлмөр эрхлэлтийн ямар бодлого байна вэ?
Ерөнхий сайд Н.Учрал:
-Жил бүрийн ногдол ашгийг өмнөх оны ашгаас тооцож авна. "Эрдэнэс Тавантолгой" компани таван удаа иргэдэд ногдол ашиг тараахдаа төрд ногдол ашиг өгөөгүй. 2024 оны Баялгийн сангийн хуулиар 66 хувийг төсөл хөтөлбөрт зарцуулна гэхээр үе үеийн улстөрчдийн хэрэгсэл болгож болохгүй. Би ийм зүйлийг зогсоохыг хүссэн юм. Ирэх оноос ТӨК-иуд ашиггүй ажиллавал шууд татан буугдана. Цаашдаа ногдол ашгаа өгөх ёстой. Иргэдэд хувьцааг нь эзэмшүүлэх ёстой. Ирэх жил ТӨК-иудыг 3.5 их наядын ногдол ашиг төвлөрүүлэх үүрэг өгсөн. Бараг зургаан их наядын ашиг төвлөрүүлэх боломжтой юм билээ. Төсвөөс хөрөнгө оруулалтын төслийг санхүүжүүлэхгүй. Хувийн хэвшлээ дэмжинэ. Тэтгэврийг оны эхнээс инфляцтай уялдуулж 10 орчим хувиар нэмэх бол төрийн албан хаагчдын цалин дөрөвдүгээр сараас нэмнэ.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-18.00 цаг болсон байна. Эхний асуудлаа хэлэлцэж дууссаны дараа төсвийн тодотгол орно. Энэ асуудлаа хэлэлцэж дуустал цагаа сунгачих уу. Цагаа сунгалаа.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Төсвийн хүрээ, төсвийн төсөөлөл бол хязгаарыг тогтоож байгаа. Ямар дүрмээр тоглох гэж байгааг хэлэлцэж байна. Энэ дүрмийг өөрчлөх нь УИХ-ын хариуцлагын асуудал гэдгийг гишүүд анхаармаар байна. Г.Занданшатар сайд маш муу төсөв батлуулсан гэдэг агуулга харагдаж байна. Юуг яаж өөрчилж, шинээр яаж зохицуулж байна вэ гэдгийг хармаар байна. Сайн зүйл ч байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Гунигтай байна нөхдөө. Энэ зун монголчууд бид ямар айхтар дарамтад өнгөрүүлэв. Юмны үнэ тэнгэрт хадчихсан, хөдөө гадаа аялж зугаалдаг цагаар шатахууны хомсдолд орж, оочер дугаарлаж өнгөрүүллээ. Есдүгээр сарын 1-н болох гэж байхад томоохон зах худалдааны төвүүдээр нь хөл хорьчихсон, одоо ч гэсэн автомашины улсын дугаарыг нь тэгш, сондгойгоор нь хязгаарлачихсан яаж ажил амьдралаа зохицуулах ёстой юм бэ. Тэгэхээр энэ асуудлуудаа УИХ дээр ярья гээд УИХ дахь АН-ын бүлгээс удаа дараа шаардлагыг тавьсан. УИХ-ын дарга шаардлагыг хүлээн авч, ээлжит бус чуулган зарлаад нэг долоо хоногийн өмнө нь ч гэсэн хуралдаж байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол хүлээлтэд хүрсэнгүй. Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байгаа учраас энд хамаарах есөн тооны хүрээнд ярья. Энэ оны эхний долдугаар сарын байдлаар төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрч, орлого тасарсан байгаа. Төсвийн алдагдлаа бууруулж, Засгийн газрын бүтцээ цомхотго гэдэг шаардлагыг бид тавьж байгаа. Гэтэл Засгийн газар төсвийн алдагдлаа 2 их наяд гаргачихсан, нийт 1.4 их наядыг хэмнэсэн гэж байгаа боловч бодит зардлыг нь шүүхээр хэмнэсэн зардал маш цөөн. Хамгийн гол нь инфляц 13 хувьтай байгаа гэж байна. Монголбанкнаас оны эцэст 12-13 хувь болно гэх шиг боллоо. Гэтэл бид 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээрээ 8 хувийн инфляц гэж тавьчихсан яриад байна вэ. Дээрээс нь төсвөө тэлээд оруулчихсан. Цаашид шатахуун, эрчим хүч, дулаан гээд суурь үнийн инцляц хэрхэн нөлөөлөх бол.Төсвийн тэлэлт чинь ямар нөлөөлөл үзүүлэх вэ. Одоо бүгдээрээ ухаантай юм яриад суугаад байгаа юм бэ?
Төрийн өмчид ямар компаниудаас хэр их мөнгө төвлөрүүлэхээр тооцоолсон бэ?
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх илтгэлийг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулав. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцуулсан юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Өнгөрсөн онд нэгэнт алдаатай төсөв баталсан учраас одоо энэ хүрээгээ өөрчлөөд, төсөв тодотгохоос өөр арга байхгүй. Би дагаж орж ирсэн хуулиудтай холбоотой асуулт асууя. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Энэ хуулийг уншаад маш их баярлалаа. Миний яриад байсан өөр өөртөө чөдөр тушаа тавьж байгаа асуудлыг чөлөөлж байгаа юм байна. Хуулийн 19.9 заалтыг хүчингүй болгож байгаа юм байна. Бид энэ чөдөртөө баригдаад гадаадаас олон зээл авчихаад ашиглаж чаддаггүй. Хаврын чуулганаар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл төсөвт орохгүй гээд тусгайлсан хуулиа баталчихсан. Цаана нь бас өчнөөн зээл авчихсан байдаг. Энэ чөдөр тушаагаа тайлаач гэдэг шаардлагыг өгсөн. Тэгсэн чинь уг хуулийн 6.1.2 заалтад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байх гэсэн зүйл заалтаар солигдоод ороод ирлээ. Энэ зарчмын ямар өөрчлөлтийг хийж байна вэ. Ялгаа нь юу байх вэ. Тухайн оны үнээр тооцсон ДНБ эсвэл тухайн төсвийн жилээр тооцсон ДНБ гэдэг зөрүүн дээр яаж өөрчлөлтийг оруулсан юм бэ?
Ерөнхий сайд Н.Учрал:
-2024 оноос өмнө бол нийт орлого, зарлага дээр тэнцвэржүүлсэн тэнцлийн тухай ярьдаг байсан. Нийт орлого, зарлага хоёрын тэнцлийг ярьдаг байсан. Тэрнээс хойш суурь тэнцэл гэж олон улсын практикт огт байхгүй сүүлд ОУВС-гийн гайхаж байсан. Суурь тэнцэл гэдэг нь гадаад зээл бондыг алдагдалд тооцохгүй. Ийм заалт хийнгүүтээ суурь тэнцэл нь хоёр хувь ашигтай байна гэдэг хууль баталчихсан. Бид төсвийн сахилга батаа нэмэгдүүлж, тэнцвэржүүлсэн тэнцэл бол нийт орлого, зарлагын алдагдлыг тооцно. Алдагдал нь ДНБ-ий хоёр хувьтай тэнцэнэ гэж 2024 оноос өмнө явж ирсэн зарчим. Бид гадаад зээлээ хэрэглэж чадахгүй болчихжээ. Тийм учраас нэгдсэн орлого, зарлагаа тавиад тэнцвэржүүлсэн тэнцлээрээ явъя гээд 2024 оныхоор буцааж байна гэсэн үг. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гишүүд Төсвийн хүрээ дагуулсан хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа юм билээ. Энэ хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зохимжтой болов уу.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Энэ төсөв 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд батлагдсан. Батлах батлахдаа 75 хувийн дэмжлэгтэй баталсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нарын гишүүд 1.2 их наядын үргүй зардал байгааг багасгах боломжтой гэдэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасан. Гэтэл бид бүхэн төсвөө анх өргөн барьснаараа явна гээд зүтгэсэн. Арван сарын дараа төсвөө тодотгохдоо 1.4 их наядаар төсвөө танахаар болж байна. Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байдал гэж шууд хэлнэ. Тухайн үеийн тооцооллоор 1.2 их наядын зардлыг бууруулах боломжтой гэж бодитоор тооцоолж байсан.Тэгэхэд батлахгүй явчихаад одоо ээлжит бус чуулган хуралдуулж, төсвөө тодотгоно гэж ажил болж байна. Хэмнэлт хийгээд байна уу гэхээр буцаагаад урсгал зардлаа 1.4 их наядаар нэмэгдүүлж байна. Тэр мөнгөө хаанаас авах вэ гэхээр төрийн өмчит компаниудаас 80 тэрбумыг төвлөрүүлэх байсан орлогоо нэг их наяд болгож оруулж ирж байна. Гайхмаар юм. Төрийн өмчит компаниуд чинь төлөвлөлтөө гаргачихсан байгаа. Гэтэл одоо нэг их наяд төгрөг төвлөрүүлнэ гэхээр аль аль компаниас хэр их мөнгө төвлөрүүлэхээр тооцоолсон бэ. Тэр жагсаал нь байна уу. Тэр компаниудын эргэлтийн хөрөнгө, өр төлбөрийн асуудал ямар болох вэ.
Хоёрт, бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа гар хүрч байна. Олон ч удаа гар хүрлээ. Энэ дээр хамгийн ноцтой нь 7.5 заалтыг хасъя гэнэ. Энэ дээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш гурваас доошгүй сарын хугацаанд харгалзах тухайн жилийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх, батлахыг хориглоно гэжээ. Энэ заалтыг хүчингүй болгох гэж байна. Ингэснээр танай байгууллага байх хэрэг байна уу. Та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?
Ерөнхий сайд Н.Учрал:
-Төсвийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэг хариуцлагатай үг хэлье. Энэ удаа Засгийн газар төсвийн тодотголыг оруулж ирэхдээ сангийн хуваарилалт руу огт ороогүй. Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сантай холбоотой сангийн хуваарилалт дээр үг, үсэг бичээгүй. Үе үеийн Засгийн газар Ирээдүйн өв сангаасаа авах ёстой гэдэг юм билээ. Би дэмждэггүй. Хоёрт, ТӨК-иуд Баялгийн сангийн хууль батлахаас өмнө ногдол ашиг төвлөрүүлдэг байсан. "Эрдэнэс тавантолгой", "Эрдэнэт" үйлдвэр зэрэг бүгдээрээ ногдол ашиг төвлөрүүлдэг байсан. Засгийн газар хувьцаа эзэмшигч учраас. Гэтэл 2024 онд Баялгийн сангийн тухай хуулийг батлахдаа төрийн өмчийн уул уурхайн компаниуд 34 хувиа хуримтлалын санд хийнэ, үлдсэн хэсгийг хуучнаар "Эрдэнэс Монгол" дээр төвлөрүүлж, хөрөнгө оруулалтын төслийг санхүүжүүлнэ" гэж заалтаар ногдол ашиг өгөх зардлыг түрүүлээд дундын компани авдаг болсон байсан. Ерөнхий сайдын хүний хувьд "Эрдэнэс Монгол"-ын дэргэд төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж хэлээд хуримтлалаар нь нийгмийн төсөл хэрэгжүүл гэж улстөржүүлж болно. Гэхдээ би хүсээгүй. Төр авах ёстой ногдол ашгаа төсвөөрөө дамжуулан авч, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх гэж байгаа татварын ачааллыг бууруулж, тэтгэвэр тэтгэмждээ нэмэрлэх ёстой гэж үзсэн. Тэрнээс биш ТӨК-ийн үйл ажиллагаа, засаглал бол энд огт хамаагүй. Төрдөө ногдол ашгаа төвлөрүүлж, УИХ хэрхэн зарцуулахаа шийдье гэсэн юм. Та бүхний баталсан Төрийн өмчит компанийн тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхлэхээр багадаа 30 хувь түүнээс дээш ногдол ашиг төвлөрүүлэхийг ТӨК-иуд дээр үүрэгжүүлсэн юм. Тэгэхээр энэ удаа төсөв 1.4 их наядаар зардлаа хэмнэж байгаа нь бүсээ чангалж байгаа хэлбэр. Тэрнээс биш үр ашиггүй зардал биш. Он дуустал сайд нар төрийн албан хаагчдынхаа цалинг тусгаад л явна.
Харин ТӨК-иудаас төвлөрүүлсэн 1.5 их наяд төгрөгөөр та бүхний баталсан багш, эмчийн цалинг нэмж, 50 хувьд хүргэхгүй бол бага орлоготой, ахмадуудаа хамгаалах бодлогыг хамгаалахгүй бол өрхийн орлого 4.9 хувиар агшсан байна.
Ер нь яагаад төсвийн тодотгол хийх болчив гэхээр багш, эмчийн цалин дээр төсөв батлахдаа эх үүсвэр нь тодорхойгүй төсөв баталчихсан юм. Яг үнэнг хэлэхэд. Намайг ажил авахад багш эмч нар хоёр цалинтай болчихсон байсан. Нэмэгдээгүй цалин дээр нь нэмэгдлийг нь тооцчихсон. Тэгсэн чинь санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байсан. Тэгэхээр өрхийн орлого агшсан энэ үед иргэдээ хамгаалах зорилгоор энэ онд цалин хөлсийг тавьж дуусгах ёстой. Тийм учраас үүнийг ТӨК-иудын цэвэр ашгаас нөхөж, ард түмэндээ хэрэгтэй гэж үзсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дүрэм журам бүр чангарч байгаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Хариуцлагагүй төлөвлөлт байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх шиг байна. Би бол их тодорхой юм асууж байна. Нэг их наяд төгрөгийг ТӨК-иудаас цуглуулна гэж байгаа. Тэр мөнгийг ямар компаниудаас татан төвлөрүүлэх гэж байгаа юм бэ. Тэр тодорхой байснаар төсвийн тодотголыг хийх ёстой гэж бодож байна.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Багцаагаар төсвийг төлөвлөдөг гэж юу байх вэ. Үндэслэл тооцоотой төсвийг төлөвлөнө. Юу гэж баримжаагаар төсөв төлөвлөх вэ. Тэгэхээр ТӨК-иудын ногдол ашиг гэдэг чинь дансанд нь мөнгө нь хуримтлагдсан байгаа. Тэрийг нь төсөвт төвлөрүүлье гэхээр Баялгийн сангийн тухай хуульд заалтыг нь тусгахгүй болохоор 34 хувиа төвлөрүүлээд 66 хувийг нь тийшээ төвлөрөх гээд байгаа юм. Энэ 1.5 их наяд төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн цэвэр ашгаас ногдол ашиг хэлбэрээр авна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-Төсвийн тодотгол чинь намрын чуулганаар бус хаврын чуулганаар орж ирэх байсан юм. Би тухайн үед нь хэлээд бараагүй. Өнгөрсөн 2025 оны сүүлчээр төсөв мөнгөгүй болж, тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар 1.2 их наяд төгрөгийг татвар төлөгчдөөс түрүүлээд авчихсан. Энэ дээр аудитынхан дүгнэлтээ гаргачихсан. Энэ дээр хариулт хэлээд өгөөрэй. Мөн нэг бичлэг үзүүлье. 988 тэрбум төгрөгийн асуудал байна.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Г.Очирбат гишүүн үндэслэлтэй зүйл хөндөж байна. Төрийн ажлын залгамж чанар гэж байх ёстой. Гэхдээ алдааг нь засаад урагшлах ёстой гэж бодож байна. Тийм учраас асуудлыг сууриар нь шийдэх ёстой гэдэг үзэл баримтлалтай байдаг хүн. Ардчилсан намын гишүүдийн шаардлага бол асар зөв.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-Ерөнхий сайд Н.Учрал уянгалаг, гэгээн сайхан зүйл ярьж байна. ТӨК-иудын ногдол ашгийг төсөв рүү татаж авчихаад захиран зарцуулна гэдэг бол буруу. Та үнэхээр шударга шийдэх гэж байвал ТӨК-иуд ашигтай ажиллаж байгаа компаниудын хувьцааг иргэдэд бүтнээр нь өг. Төр ногдол ашиг авч яах юм бэ. Тэгж байж иргэдийнхээ бодит орлогыг дэмжих гэж байна. Ийм систем рүүгээ явъя л даа. Хоёрт, тэнцвэржүүлсэн тэнцэл тухайн үед ярьж байсан. Бас суурь тэнцэл гээд. Энэ хоёрыг ялгаж харъя. Монгол Улсын ДНБ ямар түвшинд байгаа юм бэ. Бид юу хийж чадаж байна вэ гэдгийг харъя. Нөгөө талд нь тэнцвэржүүлсэн тэнцэл гэдэг нь бонд, гадаад зээлээ нэмээд харъя гэж байна. Сангийн сайд асан Б.Жавхлан та нэг хариулаач.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Хэдүүлээ 2026 оны төсвөө тодотгохын тулд төсвийн хүрээгээ өөрчлөх гээд илүү урт хугацаатай бодлогын бичиг баримтаа гурван жилийн хугацаанд тогтоодгоо өөрчлөх гэж байна. Ингэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх гэж байна. Юуг дагуулж юу өөрчлөгдөөд байна вэ. Бүх юм уруугаа эргэсэн харагдаж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл бол зөвхөн Засгийн газрын бичиг баримт биш. Энийг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч гээд бүх талууд бүгдээрээ судалгаа тооцооллыг харж өөрчилдөг. Гэтэл энэ нь төсвийн нэг жилийн бичиг баримтаасаа илүү амархан өөрчлөгддөг болчихоод байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Нэг зүйлийг асууя. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг төсвийн урсгал зардалд оруулаад яваад байгаа. Уг нь бол одоо анх удаа олгох гэж байгаа суурь тэтгэвэр буюу төсвөөс гаргаж өгч байгаа орох ёстой. Тухайн сан нь өөрөө орлого, зарлагаараа явж байгаа бол төсөвт орох ёсгүй гэж үздэг. Түүнээс илүү төсвөөс татаас өгч байгаа нь ордог. Бид урсгал зардлаа төсвийн тогтвортой байдлын үзүүлэлтээр хүчээр хязгаарлаж, төсөвт багтах багтахгүй асуудал орж ирэхээр хольж хутгаж байна. Цаашдаа ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ. Би бол тэтгэвэр нэмэхийг дэмжиж байгаа. Нэг хонь авах мөнгө авч байна. Энэ тал дээр айхтар инфляц хөөрөгдөөд байхгүй байх. Тэр утгаараа төсвийн тодотголыг дэмжиж байна.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Засаг төр хүнээ бодох ёстой. Нэгт, бодит орлогыг нэмэгдүүлж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж дээр үйлдэл хийх ёстой. Нэг талаараа цалин, тэтгэвэр нэм гэсэн мөртлөө нөгөө талдаа инфляц хөөрөгдлөө гэдэг. Нийт нэг их наяд төгрөг 0.5 нэгж хувиар инфляц өдөөж байгаа. Ахмад хүн 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа дээрээ 300 мянган төгрөгөөр шүүмжлээд байгааг ойлгохгүй байна. ТӨК-иуд дээр хуримтлагдсан ногдол ашгийг цалин, тэтгэвэр нэмье гэхээр юундаа ард түмнээсээ таван цаас харамлаад байдаг юм бэ?
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
-Сайдууд цалингаа тавих зардалтай үлдсэн гэж байгаа ч бодит байдал ондоо байна. Зарим сайдын урсгал зардал хяналтаас алдагдлаа. Шадар сайд сая долдугаар сард цахилгаан эрчим хүч экспортлох стратегийг 790 сая төгрөгөөр боловсруулах тендер зарласан. Би маш их шүүмжилсэн. Эрчим хүчний салбарын бодлого стратеги боловсруулах үүрэгтэй учраас Стратеги, бодлогын хэлтэс яаманд байдаг. Гэтэл энэ хэлтсийн хийх ёстой ажил дээр татвар төлөгчдийн мөнгөөр тендер зарлаж байна. Хоёрт, Шадар сайд нь доороо яамтай давхцуулан эрчим хүчний экспортын хэлтэс байгуулчихсан. Маш өндөр зардалтай хэлтэс байгуулчихсан байна. Төрийн байгууллага тендерт нь шалгарсан гээд хээв нэг хариулаад сууж байна. Та бүхэн боддоо. Энэ бол зууны онигоо болж байгаа биз дээ. Төсвөө хэмнэе л дээ. Тендерт орж халтуур хийдэг төрийн байгууллагыг татан буулгаж, төсвөө хэмнэе.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Сайд нар дээр нэмэлт зардал байхгүй. Цалингаа тавиад л энэ оноо дуусгана. Илүү зардал байхгүй.
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Эрчим хүчний салбар дээр хоёр бодлого барьж байгаа. Хэрэглэгч талдаа дулаан цахилгааны үнэ тарифыг 2026-2027 онд шилжих цаг хугацаанд нэмэхгүй. Ингэхийн тулд Засгийн газар зардлаа танаж, эрчим хүчний салбарт татаас хэлбэрээр олгоно. Нийтдээ 107.3 тэрбум төгрөгийн татаас өгөхгүй бол үнэ тарифаа нэмж, иргэдэд үнийн өсөлт болж очих эрсдэлтэй. Өнгөрсөн жил дулаан, цахилгааны хязгаарлалтыг 17 удаа хийсэн. Ирэх өвөл хязгаарлалт хийхгүй нь тулд шаардлагатай засвар шинэчлэлийг хийхээр 97.2 тэрбум төгрөг гээд нийт 200 тэрбум төгрөгийг төсвийн тодотгол дээр оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
-Асуултдаа тодорхой хариулт авч чадсангүй. Ерөнхий сайдын хувьд эрчим хүчний салбарыг онцгой анхаарч байгаа. Зогссон байсан 10 аймгийн дулааны станцын ажлыг үргэлжлүүлж, 200 тэрбум төгрөгийн татаасаар олгох гэж байна. Мөн БНХАУ-аас эрчим хүч экспортлох татааст 50 тэрбум төгрөг тодотгол дээр төсөвлөсөн байна. Энэ хэр үндэслэлтэй вэ. Зэс-Оюут станцыг бариад Хятадаас эрчим хүч эскпортлох асуудал дээр Аюулгүй байдлын байнгын хороогоор орох ёстой байсан. Энэ бол эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх ажил болсон. Энэ жил 50 тэрбум, ирэх онд хэдэн тэрбумын татаас олгох вэ. Бид өмнө нь Оюутолгой гээд маш том хэрэглэгчээ Хятад руу алдсан. Гэтэл дараагийн том хэрэглэгчээ алдах алхмыг нээчихлээ. Анх 13 тэрбумын татаас үүсэхээр байтал 50 тэрбумын татаас төсөв дээр орж ирж байна. Бид яалт ч үгүй дотоодын хямд эх үүсвэрээ зогсоохоос өөр аргагүй байдал хүрнэ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
-200 тэрбумын 107 тэрбум нь цахилгааны үнийн зөрүүг төлөхөд зориулж байгаа. Эрчим хүчний салбар чадалын дутагдалд байгаа. Ирэх өвөл БНХАУ-аас 80 МВт эрчим хүчийг төвийн болон өмнийн говийн бүсэд зориулан импортлохоор байгаа. Яах аргагүй зайлшгүй гарах ёстой зардал. Та экспорттой холбоотой асуудалд буруу ойлголттой байна. Экспортын стратегитай холбоотой судалгаа хийх ажил юм билээ. Шадар сайдын албанаас мэдээлэл өгөх байх. Энэ асуудалд улстөржих хэрэггүй байх.
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Төсвийн тодотгол дээр сайд нарын урсгал зардлыг танасан. Т.Доржханд сайд дээр 243.9 сая төгрөгөөр зардлыг нь танасан. Энд эрчим хүчний тендер зарласан асуудлыг ярьж байсан. Шадар сайд эрчим хүчний экспортыг хариуцах нэгжтэй. Энэ дагуу тендер зарласан. Сангийн яам тендер зарлаад батлагдсан хөрөнгө оруулалтыг танах эрх зүйн үндэс байхгүй. Гэрээ хийгээд хэрэгжиж байгаа бол урсгал зардлаасаа танана.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
-Ерөнхий сайд хүнээ бодъё гэж байна. Үнэхээр зөв. Ер нь хүнээ хаяж, салбараа хөөснөөс энэ олон асуудал үүсч байна. Гэхдээ энэ өнөөдрийн асуудал бол хүнээ боддоггүй өөрсдийгөө боддог өмнөх Засгийн газрын нөхдүүдийн балгийг бид өнөөдөр энд хэлэлцээд сууж байна. Өнгөрсөн түүхийн мартвал бид өнөөдөр ч гэсэн дараагийн алдааг давтана. Өнгөрсөн 2025 оны төсөв хэлэлцэж байх үед 18 тэрбум төгрөгийг хүүхэд залуусын соёл боловсролд зарцуулъя гэж байхад ухаан алдаж байсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа 2026 оны төсвийг 1.4 их наядын алдагдалтай төсвийг их аятайхан төсөв байна гээд сууж байсан. Өнөөдөр өглөө энд сууж байсан хүн одоо алга. Өнгөрсөн жилийн өдийд төсвийн ажлын хэсгийг ахалж байсан Х.Ганхуяг гишүүн улаан, ногоон лааз өргөж байсан бол өнөөдөр алга. Д.Энхтүвшин гишүүн үхтлээ шүүмжилж байснаа одоо аядуу яриад сууж байна. Г.Занданшатар өөрийнхөө Засгийн газраа авч үлдэхийн тулд 1.4 их наяд төгрөгийг гишүүдийнхээ тойрогт зарцуулсан шүү дээ. Тэгчихээд нялх биетэй намайг нэг тэрбумын кноп дарлаа гэж тролл хэвлэлүүдээр дайруулж байсан. Гэтэл горыг нь бид өнөөдөр хэлэлцээд сууж байна. Одоо Засгийн газар хэдэн төгрөгийн өртэй байна вэ?
Ерөнхий сайд Н.Учрал:
-Анх удаа манай Засгийн газар төсөв дагасан бодлогоо оруулж ирж байна. Ирэх оны төсвийг бас өргөн мэдүүлсэн. "Чөлөөлье" үндэсний санаачлагын бодитой хэрэгжилт байх болно. Хүнээ мартсан эдийн засаг гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
-Удахгүй ирэх оны төсвийн төсөл яригдана. Олон жил төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн зөрчил, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 22 удаагийн нэмэлт өөрчлөлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Үндэсний аудитын дүгнэлт, зөвлөмж огт хэрэгжихгүй байна. Энэ бүхэн хариуцлагатай холбоотой асуудалтай холбоотой. Сахилга батаа чангатгахгүй бол бие биенээ хуураад явсаар байх болно. Яагаад 988 тэрбум төгрөгөөр алдагдлаа нэмэхээр болов гэдгийг сэтгүүлчид асууж байна. Төсвийн байнгын хороон дээр нарийвчлан яръя. Хувийн хэвшлээ харж үзье гэж байгаа ч төсөв төвлөрүүлэх эх үүсвэр нь АНН-ийн нуруун дээр байна.
УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг холбогдох байнгын хороонд хуваарилав
Үдээс хойшх чуулганы хуралдаан эхэлж байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг холбогдох байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулъя. Стандарт, техникийн зохицуулалтын тохирлын үнэлгээний зохицуулалтын тухай хуулийг төслийг Засгийн газраас 2026 оны долдугаар сарын 6-нд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарын 9 гишүүн 2026 оны долдугаар сарын 22-нд өргөн мэдүүлснийг Хүний хөгжил, нийгмийн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 20-нд өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 20-нд өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчлэн найруулсан төслүүдийг Х.Ганхуяг нарын гишүүд 2026 оны наймдугаар сарын 20-нд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 24-нд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсан найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд 2026 оны наймдугаар сарын 25-нд өргөн мэдүүлснийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-нд өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай Үндэсний баялгийн сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2026 оны есдүгээр сарын 2-нд өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
“ОРШУУЛГЫН ГАЗРЫН ЭМХ ЦЭГЦ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙХ” хууль санаачлах өргөдөлд 100.237 иргэнэс санал авсан тул Хууль зүйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд уг асуудлыг хэлэлцүүлэхээр хуваарилж байна.
Монгол Улсын иргэн Э.Батбаяраас Орон нутгийн замын хураамж 10 мянган төгрөг болсныг цуцлах асуудлаар нийтийн өргөдөл ирүүлж, 33.095 иргэний санал авсан тул Төсвийн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хороонд хуваарилсан.
Монгол Улсын иргэн Б.Болорчулуунаас НӨАТ-аас хоёр хувь биш найман хувийн буцаан олголт авах нийтийн өргөдөл ирүүлж, 33.062 иргэнээс санал авсан тул Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд хуваарилсан.
Ирц: Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар томилолттой, Х.Баттулга өвчтэй
УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганы нээлтэд 81 гишүүн оролцлоо. Нийт 126 гишүүнтэй ч 60 гаруй хувь нь оролцов. Үндсэндээ гишүүдийн ирц тааруу байлаа гэж хэлж болно.
УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр Л.Оюун-Эрдэнэ нарын долоон гишүүн орон нутагт ажиллаж байгаа бол Д.Амарбаясгалан тэргүүтэй 18 гишүүн гадаад томилолт өвөртлөн хилийн дээс алхжээ.
Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй есөн гишүүн чөлөө авсан бол эрүүл мэндийн шалтгаанаар Х.Баттулга нарын дөрвөн гишүүн чөлөө хүсчээ. Бусад ирцэнд ороогүй гишүүдийн хувьд энэ өдрийн ээлжит бус чуулганыг тасалсан гэж хэлж болно.
Орон нутагт томилолт:
Н.Алтанхуяг,
С.Зулпхар,
П.Мөнхтулга,
Л.Оюун-Эрдэнэ,
Б.Пүрэвдорж,
Б.Түвшин,
Ө.Шижир,
Гадаад томилолт:
Д.Амарбаясгалан,
С.Амарсайхан,
Т.Аубакир,
Э.Бат-Амгалан,
Б.Бат-Эрдэнэ,
Ж.Бат-Эрдэнэ,
Ж.Баясгалан,
А.Ганбаатар,
С.Ганбаатар,
Х.Ганхуяг,
Т.Доржханд,
Э.Одбаяр,
Б.Пунсалмаа,
Д.Пүрэвдаваа,
Д.Рэгдэл,
О.Цогтгэрэл,
Л.Энх-Амгалан
Чөлөөтэй:
Б.Батцэцэг,
Б.Бейсен,
Б.Болормаа,
Ж.Ганбаатар,
Б.Заяабал,
Г.Лувсанжамц,
Б.Тулга,
Г.Уянгахишиг,
Р.Эрдэнэбүрэн
Эрүүл мэндийн чөлөөтэй:
Д.Батбаяр,
Х.Баттулга,
Д.Ганбат,
П.Сайнзориг
Ээлжит бус чуулган түр завсарлалаа
Ээлжит бус чуулганыг нээлээ. Үдээс хойшх хуралдаанаар 14.00 цагт хоёр асуудлыг хэлэлцэнэ. Одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна.
Нийт 126 гишүүнээс 81 гишүүн хуралд оролцож байна

УИХ-ын дарга С.Бямбацогт:
-Нийт 126 гишүүнээс 81 гишүүн буюу 64.3 хувийн ирцтэй хуралд оролцож байна.
Хүндэт ард иргэд ээ,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд аа.
Нар хур тэгширсэн дэлгэр зун өнгөрч, намрын их ажил хаа сайгүй өрнөн, ирэх өвлийн бэлтгэлээ шамдан базаасан энэ цаг үед хугацаа алдалгүй шийдвэрлэх асуудлууд үүсээд байгаа тул хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд миний бие Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.
Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний 7 сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгдсэн байна.
Энэхүү өсөлтийн үр өгөөж иргэдийн амьдралд дэм болж, ахиц дэвшил нь айл өрхийн үүдээр орлого болж орох нь чухал.
Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдлыг тооцсоны үндсэн дээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн тодотголыг Улсын Их Хурал нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
Энэхүү төсвийн тодотголоор хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, ахмад настны тэтгэвэр болон төрийн зарим албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тусгасан онцлогтой байна.
Макро эдийн засгийн эерэг үр дүнг айл өрх, ард иргэдийн амьжиргаанд шингээх хүрээнд 435 мянган ахмад настны дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149 мянган төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Энэ нь 600 орчим мянган айл өрхийн орлогод шууд дэмжлэг болно гэсэн үг.
Энэ удаагийн төсвийн тодотголыг үнийн өсөлтөд амьжиргаа нь хүндэрч буй иргэдээ хамгаалах, цалин, тэтгэврийг нэмэх, ирэх өвлийн түлш шатахуун, хүнс, эрчим хүчний болзошгүй эрсдэлийг даван туулахад зориулан боловсруулжээ.
Бид хэлэлцүүлгийн шатанд төсвийн тодотголын тооцооллыг чамбайруулах, аливаа шийдэл, хувилбар, санаачилгад олонх, цөөнх гэж ялгалгүйгээр нээлттэй хандах болно. Гагцхүү тэдгээр хувилбар, санаачилга нь иргэдийн амьжиргаа, цалин, тэтгэвэр, бизнес эрхлэх орчныг улам бүр сайжруулахад чиглэх ёстой.
Бид өнгөрсөн хугацаанд төсөв хэлэлцэхдээ гагцхүү “ХЭДЭН ТӨГРӨГ ТАВЬСАН БЭ” гэдгээр л хэмждэг байсан бол одоо харин “ЧУХАМ ЯМАР ҮР ДҮН ГАРСАН БЭ” гэдгээр хэмждэг болох хандлагын өөрчлөлт рүү зоригтой шилжье.
Олонх цөөнхөөрөө хуваагдсан, орлого зарлага тойрсон хий хоосон, популист талцлаа хойш нь тавьж, улс орны нийтлэг эрх ашиг, ард иргэдийнхээ амьдралыг нэн тэргүүнд бодох цаг үе гэдгийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, гишүүддээ сануулъя.
Энэ удаагийн төсвийн тодотголтой хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд өргөн мэдүүлжээ.
Эдгээр нь зөвхөн энэ удаагийн төсвийн тодотголд хамаарах зохицуулалтын шинжтэй өөрчлөлт бус, харин төсвийн тусгай шаардлага, тогтвортой байдал, цаашдын төсөв бүрдүүлэх механизмыг үндсээр нь өөрчлөх суурь зарчмын асуудлууд тул Улсын Их Хурал нухацтай хандах учиртай.
Төсвийн тодотголд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийн орлогыг төсөвт төвлөрүүлэх, ногдол ашгийг нэмэгдүүлэхээр тооцож оруулж ирсэн нь ард түмэндээ байгалийн баялгийн өгөөжийг тэгш шударга хүртээж, жинхэнэ утгаараа БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ болох цаг үеэ олсон сайн өөрчлөлтийн эхлэл хэмээн үзэж байна.
Эрхэм гишүүд ээ,
Геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны үр дагавар нь дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, ЭРЧИМ ХҮЧ, ГАЗРЫН ТОС, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭЭР дамжин улс орон, айл өрх, хүн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.
Ийм эгзэгтэй цаг үед бидэнд УЛС ТӨРЖСӨН ТӨСӨВ БУС, УЛСАА БОДСОН ХАРИУЦЛАГАТАЙ төсөв, өнөөдрийг АРГАЦААСАН ЗОХИЦУУЛАЛТ БУС харин маргаашийн тогтвортой байдлыг ХАМГААЛСАН БОДЛОГО хэрэгтэй.
Иймд Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг 2026 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ улс орны эдийн засаг, хамгийн гол нь иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье.
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрчээ.
Төсвийн тодотгол бол үр ашиггүй зардлаа танаж чаддаг, зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой.
Цалин тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхдээ инфляцад үзүүлэх сөрөг нөлөөлөл, төсвийн даац, эдийн засгийн бодит боломжтойгоо нягт уялдуулах шаардлагатай.
Мөн хувийн хэвшлийн орон зайг хумих биш тэлж, эдийн засгийн эрх чөлөөг тэдэнд олгосон шиг олгох, амласан амлалт, баталсан хуулиндаа эзэн болоход анхаарахыг уриалж байна.
Түлш, шатахууны тасалдал, эрчим хүчний доголдол зөвхөн нэг салбарын асуудал биш. Үүний шалтгаан нь дотоодоос биш гадаад хүчин зүйлээс хамаатай ч бурууг бусдаас хайж, шалтаг тоочиж суух цаг биш.
Өнгөрөгч хаврын чуулганы төгсгөлд Улсын Их Хурлаас түлш шатахуун, мах, хүнсний ногооны үнэ, хангамжид онцгой анхаарч, намрын ажил, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах талаар Засгийн газарт анхааруулсан. Үүний хэрэгжилтийг нэхэж ажиллах болно.
Эрхэм гишүүд ээ.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын заагийг маш тодорхой тогтоосон. Улсын төсвийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрх. Харин түүнийг ард түмний нэрийн өмнөөс хэлэлцэж, хянаж, батлах эсэхээ шийдэх нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх юм.
Энэ хоёр бүрэн эрхийг хольж хутгах, мөн төсвийн төсөл нь аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар төсөв санаачлах Үндсэн хуульд заасан Засгийн газрын бүрэн эрхийг хязгаарлах хууль тогтоомж Монгол Улсад байхгүй. Нөгөө талаар оруулж ирсэн төсвийн төслийг хэлэлцэж, эцэслэн шийдэх эрх гагцхүү парламентад хадгалагдаж буйг онцлон сануулъя.
Нэг зүйлийг энд зориуд тодруулж хэлье.
Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын Тамгын газар бүрдлийг нь шалгах, хянах зохицуулалттай. Энэ нь нэг талаас Үндсэн хуульд заасан хууль санаачлагчийн эрхийг хамгаалах, нөгөө талаас өргөн мэдүүлэх хуулийн төслийн бүрдлийг бүрэн хангуулах нөхцөл бүрдүүлж байгаа хэрэг юм.
Харин хууль санаачлагчийн энэхүү эрхийг хязгаарлаж, бүрдэл хангагдсан хуулийн төслийг буцаах эрх Улсын Их Хурлын даргад ч, ерөөс хэнд ч байхгүй.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.
Та бүхнийг “…нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаална” хэмээн өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр улсынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, улс орны эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэн тэргүүнд тавьж, зарчимч, зөв мэргэн шийдвэр гаргахыг хүсье.
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаан нээснийг мэдэгдье
Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг хийхээс гадна Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэхээр товложээ.
3,595.72





















































зочин 2026-09-07 202.131.227.179
ёс зүй, үнэн зүйл УИХ-ын гишүүдээс эхэлнэ. Ярих нь, үйлдэл өөр байж болохгүй, шударга бус хүмүүсийг намаасаа хөөх нь зөв гарц
зочин 2026-09-07 202.131.227.179
Хуралдаа суухгүй, төрөө дэмжиггүй, албан тушаалд очих гэж улайрдаг, хувилддаг нөхдөд арга хэмжээ авч халаач, Хэдэн тербумаар туучихаад сөрөг яригчдыг болиулж , шударга болгооч
Нэргүй 2026-09-07 103.229.123.71
Ажилдаа ирээгүй хүнийг халдаг тогтолцоотой шүү. халагдана уу УИХгишүүдээ
Нэргүй 2026-09-07 124.158.109.213
ЕС өөрөө асуултуудад хариулж байгаа нь сайн байна.
Нэргүй 2026-09-07 202.9.40.7
Их мэдэмхийрагч нар юү ч чадахгүй чадахмжгүй ийм л хүмүүс УИХ орж ирдэг боллоо одоо үүниыг таслан зогсоож салба бүрт доод тал 20 жил ажилласан эрдэмтэй инженер багч эмч хуульчидыг квот тогтоогоод шалгаж шүүж УИХ лруулж гошүүн болгомоор бна зүгээр нам дагаж санхүүжүүлсэн нөхөд л улс орныг самарч дууслаа
Нэргүй 2026-09-07 192.82.64.217
Бүхэл бүтэн 17 гишүүн гадаад томилолттой гэдэг ч арай дэндэнээ. Хэний мөнгөөр аялаадявдаг юм бэ? Яма ч хэрэгүй бөөн бөөнөөрө явах юмаа
Нэргүй 2026-09-07 103.212.118.105
Саботаж буюу ажил гацаах үйлдэл хийж байгаа гишүүдийг эргүүлэн татах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан эгүүлэн татах хууль хэрэгтэй байсныг өнөөдрийн нөхцөл харууллаа
Нэргүй 2026-09-07 203.17.23.177
МОЯА ОРКУУДЫН ШҮТЭЭД НЬ ХУРАЛДАА ОГТ СУУДАГГҮЙ. УЛСАА БАЙНГА ХОРЛОЖ СУУДАГ. ГЭХДЭЭ ТЭД ОРКУУДЫНХАА АЧААР ДАХИАД ГАРААД ИРДЭГ. АХАХАХАХА
Нэргүй 2026-09-07 202.9.40.180
Х.Баттулга өвчингүй ээ, зүгээр л ажил хийж чаддаггүй ХУЛГАЙЧ
Нэргүй 2026-09-07 66.181.168.8
Төсвийн асуудлаас илүү чухал асуудал гэж байна уу ер нь? Төсвөө ярилцахгүй бол гишүүн болох ямар шаардлага байна?
иргэн 2026-09-07 66.181.171.252
Энэ гадаад томилолт гэх зугаалгаа цэгцлэх болоогүй юу???? Мөнгөгүй гээд л зугаалаад явцгаах юм
Нэргүй 2026-09-07 103.229.122.152
1000-ны шилдэг хулгайч, луйварчин, худалч жанхууг шоронд хийх болоогүй юу, сагсуу ухна аа?
Сүхээ 2026-09-07 202.126.88.78
Гадаадад томилолтоор ажиллуулахгүй гээ биз дээ, хаана байнаа тэр хэмнэлт чинь ЕС минь. Дандаа л худал амлалт өгөх юм. Орон нутагт болон гадаад томилолтоо болиоч, ард иргэдийнхээ амьдралыг нэг сайн анзаарч хараач, үүлэн дээгүүр л нисээд байх юм энэ 126 гишүүд.
Нэргүй 2026-09-07 103.242.47.254
45 гахай хуралдаа ирээгүй байна, тэгэхээр 126 гахайны тоог бууруулж 81 болгоход, улмаар хуучнаар нь 76 болгох хэрэгтэй, тэртээ тэргүй хуралдаа сууддаггүй гахайны тооны тоо олон болох тусам төсвийн зардал нэмэгдэж эсрэгээрээ иргэдийн төлөх татвар дарамтнэмэгдэж байна.
Э 2026-09-07 66.181.177.232
Төрийн албан хаагчдын цалингмнэмэх биш, тоог нь бууруулах хэрэгтэй,,
Нэргүй 2026-09-07 103.57.94.87
Нэг удаад 50 хувь нэмэх биш жил бүр 10 хувиар нэмээд явах учиртай юм.
1 2026-09-07 202.21.115.165
Иргэдээс авах татвараа багасгаач новшнууддаа,