Ардчилсан намд Алтангадас ганхаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Ардчилсан намд Алтангадас ганхаж байна

Ардчилсан намын дотоод эргэлтийн сонгууль холион бантан дүүрэн үргэлжилж хаана хэн сонгогдсоныг төв аппаратынхан нь ч ойлгохоо больж будилж гүйцжээ. Хариуцлагатай дарга нараас нь байдлыг тодруулахыг хүсэхэд “Дүрмийн дагуу сайхан сонгууль болсон. Мэдээгээ аваагүй байна” гэсэн үгээр хариу барьцгааж байв.
Аймгуудаас мэдээгээ ирүүлсэн нь асар цөөхөн байгаа бол нийслэлд бантан болсон сонгуулийн дүнд ямар боловч ерөнхий дүнгээрээ Алтангадас фракцийнхны тоо цөөрч намын эрх мэдлийг атгах байр суурь нь ганхах төлөвтэй болжээ. Дүүрэг бүрт ихээхэн маапаантай болсон сонгуулийн байдлаас товч дурдвал ихэр сонгууль явуулсан Чингэлтэй дүүргийнхэн дахин хуралдаж намын дарга Т.Бат-Эрдэнийг огцруулжээ. Сонгуулийн үр дүнд хуучин дарга, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг эргүүлж дүүргийн намын даргаар сонгосон байна. Тус дүүрэгт ҮЗХ-ны гишүүнээр шинээр Н.Соёмбобаатарыг,  Гүйцэтгэх зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг сонгожээ. Аль аль нь МоАХ фракцийн төлөөлөл. Ингээд өөр газар давхар ротацийн сонгууль хийсэн алтангадасчууд тэндээс ерөнхийдөө шахагджээ.
  Хан-Уул дүүрэгт мөн л МоАХ,  алтангадасчууд хоёр давхар сонгууль хийж бантагнасан. Дүүргийн Засаг дарга, Ардчилсан намын дүүргийн хорооны өмнөх дарга Ж.Ганхуяг, одоогийн Ардчилсан намын дарга Б.Ариунболд нар талцсан нь тэр. Тэгвэл Гүйцэтгэх зөвлөлд Д.Галсан, ҮЗХ-д дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийг сонгожээ. Багануур, Багахангай дүүргийн Ардчилсан намын ротацийн сонгууль мөн будилаангүй өнгөрсөнгүй. УИХ-ын гишүүн Л.Болдыг Хан-Уул дүүрэгт хуралд сууж байхад нь нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Н.Батаа мэдсээр байж, Багануур дүүрэгт хуралдаан зохион байгуулж, “Л.Болд биеэрээ оролцоогүй. Намын дүрэм ёсоор нэр дэвшигч хуралд биеэрээ оролцох ёстой” гэсэн шалтгаанаар Гүйцэтгэх зөвлөлөөс “шахсан” байна. Н.Батаа өөрөө өөр дүүргийн харьяалалтай ч энэ далимаар Багануур дүүргээс Гүйцэтгэх зөвлөлд сонгогджээ. Намын дүрэм ёсоор бол тухайн дүүргийн намд нэг жилээс доошгүй хугацаанд харьяалагдаж байж энэ эрхийг эдлэх ёстой. Н.Батаа харин өөр дүүргээс шууд очоод л “сраз майор” болсон нь энэ. Гэхдээ Л.Болд гишүүн Багахангай дүүргээс ҮЗХ-ны гишүүнээр сонгогдоод буй.
Баянзүрх дүүрэгт бас л Ардчилсан намын гол хоёр фракц талцан сонгуульдсаар өчигдөр арайхийн учраа олж С.Зоригтбаатарыг дүүргийн намын даргаар сонгожээ. Тус дүүргээс ҮЗХ-д сэтгүүлч С.Наранбаатар, дүүргийн намын дарга С.Зоригтбаатар, С.Үнэн, О.Цэлмэг, Г.Энх-Амгалан нар сонгогдсон байна.
Дархан-Уул аймагт тус аймгийн Ардчилсан намын огцорсон дарга Б.Мягмардаш, шинэ дарга Ж.Батболд хоёр тус тусдаа сонгуульджээ. Тэд бие биеэ хүлээн зөвшөөрөлгүй тусдаа сонгуульдсан нь тэр. Үр дүн гь одоогоор тодорхойгүй байна. Аймгуудын дүн харааан ирээгүй байгаа ч . Архангай, Говьсүмбэр, Дундговь аймгууд сонгуулиа явуулах нь байтугай хурлаа ч хийгээгүй сурагтай.
                                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж