Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд ясгүй мах худалдан авч, төсвийн хэмнэл хийнэ гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Тухайлбал, ястай үхрийн махны хорогдлын норм 25-30 хувь, хонины махны хорогдлын норм 25-35 хувь байдаг байна. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван мэдээлэл өгөхдөө "Боловсролын сургалтын байгууллага болон эмнэлгийн байгууллагууд маань үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэх ёстой. Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийн ерөнхий гэрээнд хагас боловсруулсан бэлдэц, машиндсан махан бэлдцийг үе шаттай байршуулаад байна.
Яг боловсруулалт хийгээгүй, мах махан бүтээгдэхүүний үхрийн махны хувьд хорогдлын норм 25-30 орчим хувь байдаг бол хонины махны хорогдлын норм 25-35 хувийн хорогдол гардаг. Тэгэхээр үүний цаана гулууз буюу ястай мах 100 кг захиалахад 70-75 кг цэвэр махны гарц гардаг гэсэн үг.
Яг цахим дэлгүүрт байршуулж байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн ямар нэг хорогдол гарахгүйгээр анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн байна. Нийслэлийн хэмжээнд хүнсний түүхий бүтээгдэхүүн нийлүүлэхээр 160 гаруй багцад 29 аж ахуйн нэгж шалгарсан. Хичээлийн жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж байна. Цаашид дунд, ахлах ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулахаар төлөвлөж байгаа учраас хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хагас боловсруулсан бэлдэц байдлаар бууз, банш, тефтель, бөөрөнхий мах гэх зэрэг хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үе шаттайгаар цахим дэлгүүрт байршуулан ажиллаж байна" гэсэн юм.
Улсын ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид хамрагддаг "Үдийн хоол" хөтөлбөрт 2026 оны улсын төсвийн төсөлд 102.4 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар албаныхан өмнө нь мэдээлж байв. Тодруулбал, төрийн өмчийн ЕБС-ийн 222.5 мянган хүүхдэд 102.4 тэрбум төгрөг олгохоор тооцсон байдаг. Мэргэжилтнүүдийн зүгээс бага ангийн сурагч үдийн хоолноос хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах ёстой гэдэг. Гэвч улсын сургуулиудад "Үдийн хоол" хөтөлбөр хэрэгжүүлэхэд эцэг эхийн идэвхи санаачлага, сургуулийн удирдлагын сэтгэл дутсанаас хүүхдэд эрүүл чанартай хоол хүнс өгч чадахгүй байгааг иргэд хэлж, шүүмжилж байгаа юм.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан өмнө нь ярихдаа "Нийслэлийн 280 сургуулийн 170 орчим нь түрээсийн гал тогоотой байсан учраас 2500 төгрөгийн тал нь бусдын халаас руу ордог байсан. Одоо сургуулиуд өөрийн гал тогоотой болсноор халуун боловсруулалт буюу чанах, жигнэх, хуурах процессыг заавал гал тогоондоо хийх ёстой. Тэрнээс биш сургууль дээрээ гурил зуурч, ногоо арилгахгүй. Харин гал тогоондоо хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн буюу хэрчсэн гурил, үндэсний компаниудын бэлтгэсэн хүнсний ногоогоо хуурч, чанадаг байна. Тийм учраас ЕБС-иуд заавал өөрийн гал тогоотой байх ёстой. Одоо түрээсийн гал тогоотой сургууль цөөн үлдсэн.
Цаашдаа сургууль, цэцэрлэгүүд өөрсдөө цахим дэлгүүрээс хүнсний худалдан авалтаа хийдэг болно.
Сумын сургууль, цэцэрлэгүүдийн хүнсийг аймаг, нийслэлээс хангахаа больж, Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Ингэснээр сумын сургууль, цэцэрлэг сумаасаа хүнсний ногоо, талхаа худалдаж авдаг болно. Жишээлбэл, Төв аймгийн Эрдэнэсант суманд гэхэд нэг жилийн хугацаанд тухайн сумын цэцэрлэг, сургууль, дотуур байранд нэг тэрбум төгрөгөөр хүнс худалдаж авах туршилтыг ирэх намраас "Хаан" банктай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр тухайн суманд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, зээл олгоно" гэдгийг хэлж байв.
3,595.72





















































zochin urgus 2026-09-06 103.212.162.134
uhehgejaagaan yum shig hool yarisnaas hicheel zaaltd anhaaraach hudlaa devter uzjiin gd ihenh tsagaa avchdg bagsh nar bgashtei
DGG 2026-09-06 59.153.112.78
ХУГАЦААГ НЬ СУНГАЖ, ХООЛЫГ НЬ НЭМЭХ ЮМ УУ?