Тойм: Ээлжит бус чуулган зарлаж, сөрөг хүчин ҮХЦ-д хандав

Тойм: Ээлжит бус чуулган зарлаж, сөрөг хүчин ҮХЦ-д хандав

 "NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Засгийн газар Даваа гаригт /2026.08.31/ ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвтэй холбоотой есөн шийдвэр гаргаснаа танилцуулсан юм. Ерөнхий сайд Н.Учрал"Нэгдүгээрт, Оюутолгойн ногдол ашгийг анх удаа Монголдоо авчрах болно. Монголчууд ногдол ашгаа хүртэх тухай 20 жил үргэлжилсэн яриаг энэ удаа дуусгана. Оюутолгойн ногдол ашгийн мөнгө аль нэг яамны хаалганы цаана, хэн нэгэн албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй ээ. Харин иргэн бүрийн хуримтлалын дансанд очно. Дулааны шинэ станц барих, арьс шир боловсруулах болон малын эм, вакцины үйлдвэр байгуулах, хоёр боомтыг бүрэн шинэчлэх зэрэгт шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Оюутолгойн ногдол ашгаар хаана, юу хийхийг E-Mongolia-аар явуулах нээлттэй санал асуулгаар иргэд та бүхэн эцэслэн шийднэ.

Энэ бол таны мөнгө. Таны мөнгө учраас та өөрөө сонгоно гэсэн. Мөн хоёрдугаарт, "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцаа бол үнэгүй цаас биш ээ. Та хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлж болно, бэлэглэж болно, арилжиж болно. Таны үнэт цаас таны жинхэнэ өмч болно. Эрдэнэс Тавантолгой компанийг нээлттэй компани болгоно. Энэ жишгээр бусад төрийн өмчит компаниудын хувьцааг хөрөнгийн биржид гаргаж, нээлттэй болгоно. Гуравдугаарт, иргэд цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэмжээнд ХХОАТ огт төлөхгүй. Ингэснээр хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. Жилд 2 тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалттай компани ердөө 1 хувийн ААНОАТ төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ. Дөрөвдүгээрт, ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 141 мянган ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгана. Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авдаг болно. Тавдугаарт, 16 мянган өрх орон сууцтай болно. 14 мянган айл ипотекийн 6 хувийн зээлээр, 2 мянган айл түрээслээд өмчлөх нөхцөлөөр шинэ орон сууцанд орно. Төрийн барьж байгаа 4 мянган орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувь биш, 15 хувь болгож, босгыг хоёр дахин намсгана. Зургадугаарт, Дулааны III цахилгаан станцын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны VI цахилгаан станцыг барьж байгуулна. Олон жил гацсан Дулааны III цахилгаан станц болон 10 аймгийн дулааны станцыг бүрэн ашиглалтад оруулна. Долдугаарт, зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Нэг нь 300 ортой, нийт 15 дотуур байрыг шинээр барина. Ирэх онд 100 мянган сурагч Google-ийн компьютер авах болно. Мөн 100 сургууль Google лаборатори сургууль болно. 100 сургуулийг уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон сургууль болгоно. Наймдугаарт, одоо улс оронд гадаадын зээл, тусламж болон улс, орон нутгийн төсвөөр 39 эмнэлэг баригдаж байна. Тэгвэл ирэх онд ахин 34 эмнэлгийг барьж байгуулна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өдөр тутмын амин чухал эмүүдийг оруулна. Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчний эмээ нэг ч төгрөг төлөхгүйгээр авна. Есдүгээрт, таван аймагт нарны станц баригдаж байна. Тэгвэл ирэх онд ахин 10 нарны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Цахилгаан автомашины түргэн цэнэглэх 500 ногоон өртөөг байгуулна. Зам дагуу 150 километр тутамд нэг ногоон өртөө босгоно. Нарны хавтан, нарны хураагуур, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө гэсэн юм.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2026 оны есдүгээр сарын 1-ний өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлсэн юм.

Тэрбээр, Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримтлан, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй гэдгийг нотоллоо.

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАХААР БОЛЖ, СӨРӨГ ХҮЧИН ҮХЦ-Д ХАНДАВ

Өнгөрсөн Лхагва гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сард 7-нд товлосон юм. Ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдсэн. УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-14-ний хооронд хуралдуулахаар болсон.

Гэтэл Ардчилсан намаас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй асуудлаар ҮХЦ-д хандахаа мэдэгдэв. УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн байж болзошгүй гэж Ардчилсан нам үзсэн байна. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй асуудлаар Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Баасан гаригт яаралтай хуралдаж шийдвэр гаргасан. Төсвийн тодотголыг дагуулж төсвийн харилцааг зохицуулдаг хуулиудыг өөрчлөхөөр өргөн барьсан, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн зэрэг олон асуудлууд бий. Тиймээс Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх нь УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Иймд Ардчилсан намынхан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг тавихаар шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн.

АН: 2027 ОНЫ ТӨСӨВ СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН ТӨСӨВ

Ардчилсан намаас Пүрэв гаригт /2026.09.03/ “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаа хийсэн. Энэ үеэр Ардчилсан намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж ярихдаа "Ирэх 2027 оны улсын төсөв бол цэвэр сонгуульд зориулсан төсөв болохоор харагдаж байна. Хоёрдугаарт, энэ төсөв иргэдийн халаасыг тэмтэрсэн төсөв болох нь. Ардчилсан намаас тавьж байгаа ганцхан шаардлага бий. Тэр бол үнийн өсөлтөд нэрвэгдээд байгаа иргэдийнхээ амьдрал, ахуйг бодитоор шийдвэрлэхэд анхаарсан төсөв оруулж ирээч ээ, бодлого гаргаач ээ гэсэн шаардлага. Гэтэл өнөөдөр иргэдийнхээ амьдралыг улам хүндрүүлэхээр төсөв оруулж ирэх гэж байна.

2016 он буюу 10 жилийн өмнө 24 мянган төгрөгөөр авч байсан өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр 81410 төгрөгөөр авч байна.

Энэ бол төгрөгийн үнэ цэн хэр хэмжээгээр унасныг харуулж байгаа бодит жишээ. Төгрөгийг хэн, яаж үнэгүйдүүлдэг вэ? Дарга нар ийм хэмжээний төсөв баталж, үр ашиггүй зарцуулалт хийж, төсвийн сахилга батыг алдагдуулснаараа төгрөгийг үнэгүйдүүлдэг. Гуравдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг ноцтой зөрчих гэж байна. Станц барьж болно. Дэд бүтэц барьж болно. Гэхдээ Баялгийн сангийн мөнгөөр болохгүй. Энэ бол Баялгийн санг балгийн сан болгож байгаа үйлдэл. МАН “ард түмэндээ ирлээ” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр МАН ард түмнээсээ хулгайлах гэж байна. Үүнийг бид анхаарах хэрэгтэй байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-06 103.57.94.215

АН хэзээ нам шиг нам болхийм болоо. Хэрүүлч чавганц шиг өөлж.муулах хоббитон. Лав л Монголд огцруулаад дээрдсэн түүх бхгүй, эсрэгээр цаг алдаж улс хохирсон хангалттай түүхтэй

Avatar

А 2026-09-06 66.181.177.232

Төрийн албыг цомхотгож, хувийн хэвшилд хүний нөөцийн орон зай нэммээр байна,

Avatar

отгоо 2026-09-06 202.9.46.38

үнэн өгвөл тэр мөнгөөр эмээ авмаар бна. манай дүү бас өвчтэй,дээр нь ажил олдохгүй 2 жил болж бна.чамаас мөнгө гуйсан уу?а**а шүү чамайг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж