Сүүлийн үед иргэдийг хуурамч линкээр мэдээлэл авах, онлайн худалдаа, үйлчилгээний нэр барих, банк болон төрийн байгууллагын ажилтан мэтээр өөрийгөө танилцуулах зэргээр залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ оны эхний долоон сарын байдлаар бүртгэгдсэн цахим гэмт хэргийн дийлэнхийг залилангийн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд цахимаар бараа, үйлчилгээ захиалсан нэрийдлээр үйлдэгдсэн залилан нийт цахим залилангийн 48.5 хувийг эзэлж байна. Иймд иргэдийг цахим залилангаас хэрхэн сэргийлэх болон хохирсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүүгээс тодрууллаа.
–Энэ оны эхний найман сарын байдлаар залилангийн хэчнээн гэмт хэрэг хэчнээн бүртгэгдсэн бэ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үү, буурсан уу?
-Цагдаагийн байгууллагад энэ оны эхний долоон сард нийт 31,233 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Үүний 32,8 хувь буюу 10,250 хэрэг нь цахим орчинд үйлдэгдсэн бол 76,4 хувь буюу 7835 нь гэмт хэрэг юм. Одоогоор хохирлын дүн гараагүй байна.
-Цахим орчинд залилах гэмт хэрэг хамгийн их гарч байна, гол төлөв ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?
-Цахим орчноос бараа, үйлчилгээ захиалах, хусдаг сугалаа, банкны нэр барьж, хуурамч линк дээр даруулах гэмт хэргийн төрлүүд хамгийн их бүртгэгдэж байна.
Сошиал орчинд хуурамч хаяг, линк ашиглан залилан үйлдэх тохиолдол хэр бүртгэгдэж байна вэ?
-Цахим орчинд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн тодорхой хувь нь хуурамч хаяг, линк ашиглан үйлдэгдэж байна. Жишээлбэл: арилжааны банкуудын нэрийг ашиглан 35 жилийн ойн бэлэг, судалгаа, хүрд эргүүлээд азтан болоорой гэх линк ашиглан иргэдийн банкны мэдээллийг авч, улмаар интернет банк руу нь нэвтэрч дансны үлдэгдэл мөнгийг шилжүүлэн авах замаар үйлдэгдэж байна.
–Банкны ажилтан, төрийн байгууллагын ажилтан гэж өөрийгөө танилцуулан иргэдийн мэдээллийг авах залилан нэг хэсэг хүчтэй явж, иргэд энэ төрлийн залилангаас сэргийлэхийг анхааруулж байсан. Үүнээс иргэд сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Залилагч этгээдүүд нийгмийн эрэлт, хэрэгцээ, иргэдийн үйлчилгээ авдаг гол сувгуудыг ашиглан залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудаа богино хугацаанд өөрчилж байна. Саяхан өөрийгөө цагдаагийн байгууллагын ажилтан байна. Таны дансаар их хэмжээний мөнгө орж, гарсан байна яаралтай дансны мэдээллээ илгээ хэмээн залгасан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Ер нь төрийн байгууллага, банкууд хэзээ ч харилцагч иргэний хувийн мэдээллийг утсаар авдаггүй.
–Онлайн худалдаа, ажилд зуучилна, зээл гаргаж өгнө гэх мэтээр иргэдийг залилсан тохиолдол хэр байна вэ?
-Цахимаар худалдаа, үйлчилгээ, бараа захиалсан тохиолдол бол цахим залилах гэмт хэргийн 48,5 хувийг эзэлж байна.
–Залилангийн гэмт хэргийн хохирогчдын дунд ямар насны хүмүүс түлхүү байна вэ?
-35-аас дээс насны эмэгтэйчүүд түлхүү хохирогч болж байна.
–Иргэн залилуулсан эсвэл сэжигтэй линк дээр дарсан тохиолдолд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Залилагч этгээдүүд хоёр төрлийн үйлдлийн арга л ашиглаж байна. Нэгдүгээрт, танаас ямар нэгэн байдлаар урьдчилгаа төлбөр шаарддаг. Хоёрдугаарт, хуурамч линк дээр даруулж банкны мэдээллийг авч байна. Иймд хэзээ ч урьдчилгаа шилжүүлж болохгүй. Мөн банкны мэдээлэл тэр дундаа хамгаалалтын зургаан оронтой код буюу “OTP” кодыг бусдад дамжуулж болохгүй.
–Банкны данс, цахим банкны мэдээллээ алдсан тохиолдолд цаг алдалгүй ямар байгууллагад хандах вэ?
-Цагдаагийн байгууллагын 102 болон 51265666 дугаарын утсаар холбогдох ёстой. Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, арилжааны банкууд хамтран 24 цагийн хугацаанд цахим халдлага, залиланд өртсөн дансанд хязгаарлалт хийх арга хэмжээг авч ажиллаж байна.
–Иргэд залилангийн хохирогч болохоос сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Мэдээллийн эх сурвалжийг сайтар нягталж шалгах, банкны болон хувийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байх ёстой.
С.УЧРАЛ
3,595.72




















































Холбоотой мэдээ