"Ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, бэхжүүлэх ёстой"

"Ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, бэхжүүлэх ёстой"

"Ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, бэхжүүлэх ёстой"

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, улс төр судлаач, доктор, профессор С.Мөнхбаттай ярилцлаа.


-Парламентыг дархлаатай болгох зорилгоор УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 126 болгосон. Сонгуулийн тогтолцоогоо холимог болгож өөрчилсөн. Үүний хүчинд 2024 оны сонгуулиар таван нам, эвсэл парламентад төлөөлөлтэй болсон ч МАН л бүх шийдвэрийг гаргаж, өөрсдийнхөөрөө асуудлыг шийдэж байна. Бүрэн эрхийн хугацааныхаа хоёр жилийг туулчихлаа. Ер нь УИХ 126-уулаа болсноор парламентыг дархлаатай болгож чадаж байгаа юу?

-Бид парламентын дархлаа гэдгийг юу гэж авч үзэхээс хамаарна. Олон намын төлөөлөлтэй болчихоор парламент дархлаатай болсон гэж үзэж болохгүй. Парламентын дархлаа нь төрийн бодлого, шийдвэртэй холбоотойгоор улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын цаад уг гаралтай шууд холбоотой. Өмнө нь 76 гишүүнтэй байхад парламентын гишүүдээ байнгын хороодод хуваахаар тоо нь цөөн байдаг. Тэр цөөн гишүүдийн олонх гэхээр түүнээс цөөн гишүүнтэйгээр байнгын хорооны шийдвэрийг гаргадаг. Байнгын хорооны шийдвэр нь УИХ-ын нэгдсэн чуулганаар орж, хууль болж батлагддаг. Энэ утгаараа цаашдаа парламентын бодлого, шийдвэрийг дархлаатай, өргөн хүрээний оролцоотой болгох үүднээс парламентын гишүүдийн тоог нэмсэн. Хоёрт, УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн явдал сонгогчдын тоог дэлхий дахины нийтлэг дундажтай харьцуулсан харьцуулалт.

Ер нь парламентын гишүүдийн тоо өмнө нь 76 байхдаа чанартай байсан, одоо чанаргүй боллоо гэдэг нь харьцангуй ойлголт. Парламентад хэн сонгогдож орж ирж байна вэ гэдгээс л хамаарна.

Улс төрийн намууд хэрхэн бодлогоо зангидаж, чадаж байна вэ. Сөрөг хүчин сөрөг хүчний байр суурин дээрээ сайн ажиллаж, эрх баригчид нь ажлаа сайн хийж чадаж байна уу гэдгээс шууд хамааралтай. Үүний цаана дахиад л улс төрийн намын төлөвшлийн асуудал яригдана. Тийм учраас би бол парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнээр дархлаа нь суларсан гэж үзэхгүй. Парламентын дархлаа сайжирч байна. Харин парламентад орж ирсэн улстөрчид, улс төрийн намуудын өнөөгийн байдалтай л шууд холбоотой асуудал. Цаашид улс төрийн намуудыг чадавхжуулж, институцижүүлэх, төлөвшүүлэх ёстой. Нам төлөвшөөд ирвэл парламентад сонгогдох гишүүдийн нэр дэвшилтэд илүү анхаарч, шүүлтүүртэй хандана. Тэр хүмүүс парламентад сонгогдсоноор илүү чадавхжих суурь нь бүрдэнэ. Анхны 126 гишүүнтэй парламентад алдаа оноо байна. МАН-ыг эрх барь гэж ард түмэн санал өгсөн бол эрх баригч нам нь шийдвэрээ гаргах эрхтэй шүү дээ. Нөгөө талд нь сөрөг хүчин маш сайн хяналт тавьж, болж байгааг нь дэмжин, болохгүй байгааг нь шүүмжилж, засч залруулахын төлөө сайн ажиллах ёстой. Ер нь дэлхийн аль ч улсад парламентад байгаа олонх, цөөнхийн практик ийм жишгээр явдаг. Энэ жишгээрээ л явж байна.

-Өнгөрсөн хоёр жилийн парламентын үйл ажиллагаа, нөхцөл байдлыг ажиглавал парламентад олон намын төлөөлөл, олон гишүүнтэй болсноор өөрчлөлт ахиц юу гарав. Эсрэгээрээ бас шүүмжлэх, өөрчлөх зүйл бас юу байв. Ер нь цаашдаа Монгол Улс ардчилсан парламентын засаглалаа хамгаалахын тулд юу хийх шаардлага байна гэж харж байна вэ?

-Ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, бэхжүүлэх ёстой. Үүн дээр Монголын ард түмний байр суурь нэг байгаа гэж ойлгож байна. Нөгөө талдаа анхны 126 гишүүнтэй парламентад алдаа оноо байна гэдгийг хэлсэн. Ялангуяа хувь тэнцүүлэх буюу холимог тогтолцоог сонгосонтой холбоотойгоор улс төрийн намууд жагсаалтын болон нэр дэвшилт дээрээ сайн шүүлтүүр тавьж чадахгүй, олон нийтийн үнэлэмжид хүрэхгүй байгаа гишүүд ч байна.

"Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг шиг ганц нэг ёс зүйгүй гишүүн парламентын нэр хүндийг унагаж байгаа нь үнэн. Сонгогчид ч гэсэн энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.

Тэрнээс биш 126 гишүүн бүгдээрээ ёс зүйгүй, яахаа алдсан муу хүмүүс биш шүү дээ.

Энэ дунд ард түмнээ, улс эх орноо, үндэсний эрх ашгаа бодож байгаа улстөрчид ч байна. Тийм учраас цаашдаа бүхэл бүтэн тогтолцоогоороо сайжрахаас биш УИХ-ын гишүүдийн тоо яриад асуудлыг шийдэхгүй. Хамгийн гол нь 126 гишүүнийг хаанаас нэр дэвшүүлж байна вэ, намын дотоод ардчилал нь ямар байна, улс төрийн нам боловсон хүчин дээрээ хэр сайн шалгуур тавьж байна вэ. Тэрний дараагаар ард түмэн буюу сонгогчид нэр дэвшигчдээс хэр сайн сонголт хийж байна вэ гээд энэ бүхэн тогтолцоогоороо явдаг. Тийм учраас сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлж, ухаалаг, хэрсүү байх хэрэгтэй.

Улс төрийн намууд нь олон түмний хүлээлтэд хүрсэн мэдлэг боловсролтой, туршлагатай, улс эх орныхоо төлөө чин сэтгэлтэй улстөрчдийг нэр дэвшүүлдэг болмоор байна.

Ингэж аль аль талдаа анхаарч, цогцоороо явах ёстой асуудал юм. Ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, тогтолцоогоороо шинэчлэгдэж, бие биетэйгээ уялдаатай явсны дараагаар энэ асуудал илүүтэй цэгцэрдэг. Монгол Улс 30 гаруй жилийн ардчиллын түүхтэй орон. Өнгөрсөн хугацаанд бидэнд оносон зүйл ч байна, алдсан зүйл ч бий. Алдсан алдаагаа хэрхэн засч залруулах вэ гэдгээ хаа хаанаа анхаарах л ёстой. Ард түмэн ч гэсэн шахаж шаарддаг байх хэрэгтэй. Гэхдээ тэр шаардлага шахалт нь төрийн бодлогыг зогсооход бус тэр бодлого нь зөв, буруу гэдэг дээр зөв үнэлэлт, дүгнэлт өгчихдөг байх хэрэгтэй. Тэрнээс биш төрийн бодлогыг олон нийтийн сүлжээгээр шүүмжилж, зогсоодог байж болохгүй.

"МАН БОЛОН АН-ЫН НЭР ХҮНД УНАЖ БАЙГАА НЬ ҮНЭН"

-Монгол Улс парламентын тогтолцоотой ч Засгийн газар, Ерөнхийлөгч УИХ гэсэн гурван эрх мэдэл нь хоорондоо эрх мэдлээ булаацалддаг гэдэг. Тэгэхээр энэ гурван субъектийн эрх мэдлийг хязгаарлах, өөрчлөх шаардлага бий юу?

-Ер нь Ш.Монтескьен эрх мэдэл хуваарилах онолын хүрээнд Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн хуулийг боловсруулсан. Үндсэн хуульд одоо ч гэсэн нарийвчлан тусгах зүйл заалт бий. Учир нь Монгол Улс парламентын засаглалтай хэрнээ Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгодог. Ерөнхийлөгч болон парламентын 126 гишүүн нь сонгогчийн тоогоороо нэг жин дарж байгаа. Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогддог цорын ганц субъект. Парламент бол бүх ард түмнээс сонгогдож байгуулагддаг, 126 гишүүнээс бүрддэг институци. Гэтэл энэ хоёр институци бараг сонгогчийн тоогоор ижил жин дарж байна.

Тийм учраас цаашдаа Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог, тэндээсээ эрх үүргээ авдаг чиглэл рүү явбал парламентын засаглал илүү төгөлдөржих боломжтой.

Харин нэгэнт Үндсэн хуульд бичсэн эрх мэдлийг хоорондоо булаацалдах шаардлагагүй. Ерөнхий сайд нь улс орны ажлаа хариуцдаг бол парламент нь хуулиа баталж, Засгийн газартаа хяналтаа тавьж ажилладаг. Парламентаасаа Засгийн газар нь бүрддэг тогтолцоогоороо явж байна. Тийм учраас парламент Засгийн газраа хянаж чаддаг, болохгүй байгааг нь сайжруулаад явдаг тогтолцоогоо улам чамбайруулах ёстой. Засгийн газрын хувьд, сүүлд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр кабинетаа өөрөө байгуулаад ажиллах боломжтой болсон.

Өмнө нь Ерөнхий сайд томилогдохоосоо эхлээд бөөн улс төр явдаг байлаа. Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилох гэж нам доторх бүлэг фракцууд, бусад улс төрийн намуудтай зөвшилцөл хийж, баахан шахааны сайд нарыг оруулж ирдэг байсан.

Одоо ийм зүйл байхаа больж, Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилж, бодлогоо гаргадаг болсон. Мөн Ерөнхий сайд нь эрх баригч намын дарга гэдэг утгаараа ард түмнээс бодлогоо хэрэгжүүлэх мандатаа авсан учраас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, зөв бодлого гарган ажиллах ёстой. Ийм л зарчим бий.

-Ард түмний зүгээс МАН, АН алинд нь ч итгэх итгэл алга гэдгийг хэлж бас шүүмжилж байна. Нөгөө талдаа иргэдийн зүгээс жижиг намуудыг томоохон улс төрийн хүчний гар хөл нь болж, шантааж хийдэг гэж шүүмжилдэг. Ер нь Монголд улс төрийн намын төлөвшил хэр байна, өөр улс төрийн нам хүч түрэн гарч ирэх боломж байна уу?

-Тийм боломж тун хомс байна. МАН болон АН-ын нэр хүнд унаж байгаа нь үнэн. Ер нь 2013 онд улс төрийн томоохон намуудын рейтинг 40 орчим хувьтай байсан бол одоо бүр доошоо унасан. Улс төрийн нам гэдэг институцийн нэр хүнд унаад байгаа нь юутай холбоотой вэ гэхээр нам өөрөө төлөвшиж, институци болж чадахгүй байна. Монголд институцийн улс төрөөс илүүтэй хувь хүний улс төр давамгайлдаг. Харин институцийн улс төр давамгайлвал өөрийн гэсэн дүрмээр л тоглоно. Гэтэл манайд улс төрийн нам дотор байгаа улстөрчид нь намаа эвдэж, институцийн дүрмээ эвддэг. Үүнд нь төрийн институциуд оролцож байна. Хүчтэй лидерээс хамаарсан улс төр өрнөдөг болсон. Тэгэхээр цаашдаа хүчтэй парламентын засаглалтай, төлөөллийн ардчиллыг бэхжүүлье гэвэл улс төрийн намыг л төлөвшүүлэх ёстой гэдгийг дахин хэлье.

Улс төрийн нам нь бодлогын нам болж, улстөрчидөө зангидана. Тэр бодлогыг зөрчиж байгаа улстөрчид нь намаасаа шийтгэл хүлээдэг, улс төрийн дэмжлэг авдаггүй байх ёстой.

Тодруулбал, Англи улсад нийтийн танхимд нь намын бодлого зөрчсөн гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй. Тэр байтугай намын удирдлагаас томилогдсон хуралдааны дэг сахиулагч хүртэл ажилладаг. Гэтэл Монголд улс төрийн намаас нэр дэвшиж гарчихаад хувь улстөрч ямар ч улс төр хийж болдог соёл байгаад байна. Тийм учраас нам доторх улстөрчдийн бие даасан тоглолт нь зөрчил үүсгэж, хагарал бий болгодог. Нам нь төлөвшөөгүй учраас хүчтэй улстөрчдийн тоглолт дунд институци нь сулардаг. Тэгэхээр тухайн улс төрийн нам нь бодлого гаргах байтугай хэрхэн дотоод асуудлаа шийдэх вэ, улстөрчдийн хагарлыг зангидах вэ гэдэг анхаарсаар байтал бодлогын нам болж, төлөвшиж чадахгүй байна. Намууд ийм нөхцөл байдал дунд байгаад байвал дотроосоо сайн хүн дэвшүүлж чадах эсэх гэдэг асуудал яригдана. Жишээлбэл,

МАН арай дээр институци болсон гэж байгаа боловч дотооддоо асуудлууд гарч байна. Ардчилсан нам анхнаасаа институци их сул явж ирсэн. Нам доторх бүлэг, фракцуудын улс төрөөр намын өнгө тодорхойлогдож ирсэн. Одоо ч гэсэн тийм байдлаар явж байна. Тэгэхээр энийг илүү сайжруулж, төлөвшүүлэхэд анхаарах ёстой болж байна.

-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд хийсэн сүүлийн үеийн сонирхолтой судалгаа байна уу. Бид олон жил Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно гэж ярьсан ч өнөөдөр бас л хийж чадаагүй байна. Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүр зургийг судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Би дээр улс төрийн намуудын рейтинг нэлээд сул байгааг хэлсэн. Хүчтэй улстөрчдийн рейтинг бараг намтайгаа адилхан шахуу болж байна. Хамгийн өндөр рейтингтэй улстөрч Монгол Улсын Ерөнхийлөгч байх шиг байна. Улс төрийн намуудыг харахаар, үндэсний хэмжээний лидерээ бэлтгэж чадахгүй байна. Намын нэг том үүрэг бол үндэсний хэмжээний улс төрийн боловсон хүчинг бэлтгэх байдаг. Сонгуульд нэр дэвшээд олон түмний дэмжлэг авч чаддаг, нэр хүндтэй кандидатуудыг бэлтгэх ёстой.

Тэр дундаасаа үндэсний хэмжээний лидерүүдийг бэлтгэдэг. Ингэж байж нам өөрөө лидертэйгээ, бодлоготойгоо улс орныг удирдана.

Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Улс төрийн намууд үндэсний хэмжээний лидерийн эрэл хайгуулд гарч байна. Улс төрийн намуудын үндэсний хэмжээний лидерүүд “Би нэр дэвшье” гээд жагсч байх ёстой юм. Тэр дундаас улс төрийн нам дотооддоо болон нийгэмд судалгаа хийж байгаад хамгийн нэр хүндтэй, сонгогдох магадлалтай үндэсний хэмжээний лидерээ Монгол Улсын төрийн тэргүүний сонгуульд сойх ёстой. Нам парламентад суудалтай бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Би бол ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай бүх нам, эвсэл хүнээ нэр дэвшүүлэх байх гэж бодож байна. Ядаж 3-4 нам, эвсэл нь хүнээ нэр дэвшүүлэх байх. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль парламентын сонгуулийн өмнө болох гэж байна. Өмнө нь УИХ-ын сонгуулийн дараа болдог байсан.

Ирэх жилүүдийн улс төрийн өнгө аяс, Монгол Улс хаашаа явах вэ гэдгийг тодорхойлох төрийн тэргүүнээ сонгох том сонгууль. Энэ сонгуулийн өнгө 2028 оны сонгуулийг тодорхойлно. Тийм учраас улс төрийн намууд, улстөрчид  маш их ач холбогдол өгч байгаа нь ойлгомжтой.

Ер нь цаашдаа улс төрийг нээлттэй, шударга, оролцоо сайтай хийх зарчим руу явах ёстой. Иргэдийн сонгуульд оролцох оролцоо буурч байна гэдэг чинь амьдрал ахуйн нь дээшилж, хэн гарсан ч бодлого өөрчлөгдөхгүй, нийгэм савлахгүй гэдэг утгаараа биш. Олон жил явж ирсэн бодлогод өөрчлөлт гарахгүй байгаад ард түмэн залхаж, бухимдаж байна. Иргэдийн оролцоо бага байх тусмаа улстөрчдөд ашигтай.

Иргэдийн оролцоо нэмэгдэх тусмаа ард түмэн, нийгэмд ашигтай. Тийм учраас энэ талаас ард түмэн бодож, улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэх ёстой.

Нөгөө талдаа зарим улстөрчид "Барууны орнуудад ялгаагүй иргэд сонгогчдын улс төрийн оролцоо, намын дэмжлэг буурсан" талаар ярьдаг. Гэтэл тэр улс улс төрийн тэс өөр хандлагатай. Ямар ч нам ялалт байгуулсан ч ард иргэдийнх нь амьдралын чанар дунджаас дээш түвшинд хүрчихсэн, нийгэмд нь бодлогын савлагаа үүсч, өөрчлөлт гарахгүй. Харин монголчуудын ахуй амьдрал дунджаас доогуур, амьдралын чанар сул байгаатай холбоотойгоор маш том савалгаа үүсдэг. Жишээлбэл, мах болон шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ шууд нэмэгдэж байна. Инфляц өсч байна шүү дээ.

"СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД ТӨР БОЛОН УЛС ТӨРИЙН НАМУУД ОГТ АНХААРСАНГҮЙ"

-Нөгөө талд сонгогчдыг ходоодоороо сонголт хийдэг гэх шүүмжлэл бий. Ирэх сонгуулиудад ч ард иргэд мөнгөөр сонголт хийхийг үгүйсгэхгүй. Ер нь сонгогчдын боловсрол дээшлүүлэх чиглэлд юу хийх шаардлагатай вэ?

-Ер нь ирэх сонгуулиуд ийм өнгө аястай болох шинжтэй байна. Яагаад вэ гэхээр сүүлийн 30 гаруй жил сонгогчдын боловсролд төр болон улс төрийн намууд огт анхаарсангүй. Иргэд сонгогчид нийгмийн оролцоогоо хэрхэн яаж үнэлж, ойлгож байгаа вэ гэдэг чинь одоо хүртэл тодорхойгүй явж ирлээ. Энэ нь эргээд л нийгмийн суурь асуудлуудтай холбоотой. Яаж өдрийн хоолоо залгуулж, ажилтай, орлоготой байх вэ гэж бодож байгаа ард түмэн юун улс төрийн боловсролтой болох вэ. Ер нь улс төрийн оролцоо, боловсрол гэдэг чинь нийгэм ахуйн нөхцөлөө дагадаг. Ард түмний амьдрал чанаржих тусам улс төрийн оролцоо нэмэгдэнэ. Учир нь, иргэн нь идэж уух, өмсч зүүхдээ санаа зовохгүй болж, дараагийн хэрэгцээ болох нийгмийн оролцоогоо нэмэгдүүлдэг. Иргэн хүн эрүүл байж, боловсрол эзэмших тусмаа улс төрийн оролцоогоо нэмэгдүүлж, оролцож эхэлдэг гэсэн үг. Ингэж байж иргэний улс төрийн боловсрол дээшилнэ.

Бидний хамгийн ойрын жишээ бол БНСУ. Яагаад тус улсын ард иргэд нь тийм өндөр улс төрийн идэвхтэй байдаг вэ. Учир нь төрөөс гаргаж байгаа нэг бодлого шийдвэр миний амьдралд хэрхэн тусах вэ гэдгийг өдөр тутамдаа бодож, хэмждэг.

Гэтэл Монголд үндсэндээ иргэд сонгогчдын улс төрийн боловсрол маш доогуур түвшинд байна. Угтаа улс төрийн намууд, Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд маш системтэй, хөтөлбөртэйгөөр ажиллах ёстой.

Манай Сонгуулийн ерөнхий хороо төрийн сонгуулийг зохион байгуулах л үүрэг хүлээдэг болохоос биш тэр сонгуулийн ач холбогдол, үр дүн, төр засгаа байгуулж байгаа ойлголтыг иргэд, сонгогчдод хүргэх тал дээр маш сул ажиллаж ирсэн.

Харин сүүлийн жилүүдэд хуулиар үүрэг хүлээсэн учраас иргэний улс төрийн боловсролын асуудалд ажиллаж эхэлж байна. Нөгөө талдаа улс төрийн намууд иргэний улс төрийн оролцооны институци учраас иргэд хэдий чинээ улс төрийн намд оролцоотой байна, тухайн нам тэр хэмжээгээр дэмжлэгтэй байдаг. Түүний тулд иргэдийг өөртөө татаж, улс төрийн боловсролыг дээшлүүлж, үзэл баримтлал, үнэт зүйлсээ ойлгуулах чиглэлд маш идэвхтэй ажиллаж байх ёстой. Гэтэл манай улс төрийн намууд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хаалттай олигархи маягийн бүтэцтэй болчихлоо. Энэ нь маш буруу. Жирийн иргэд сонгогчид тэр улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож, үзэл баримтал болон үнэт зүйлсийг ойлгох хэмжээнд нийгэм рүү гарч ажиллаж чадахгүй байна. Тэгээд улс төрийн намын бодлого гаргахаар тэр хүрээлэл дундаа л ярьдаг. Тэр хүрээлэл дунд яригдсан бодлого нийгмээс хол хөндий гардаг.

Нийгмийн амьдралд буух боломжгүй бодлого шийдвэр гарч байгаа учраас иргэд сонгогчид тэрэнд нь бухимдаж, тэр бодлого нь хэрэгждэггүй. Энийг цаашдаа маш сайн анхаарах ёстой.

Жишээлбэл, Герман улсад намын дэргэдэх сангууд маш идэвхтэй ажилладаг. Тэр сангуудын үндсэн үүрэг бол иргэний улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн өргөн далайцтай ажил арга хэмжээг байнга авч хэрэгжүүлдэг. Манайд ч гэсэн Улс төрийн намын тухай хуулиараа сангуудыг дэмжих, намууд иргэний улс төрийн боловсролыг дээшлүүлэх сонгогчдын боловсрол, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг хүлээж эхэлж байна. Энэ бол нааштай алхам. Энэ мэтчилэн ажлуудыг төр, улс төрийн намууд, иргэний байгууллагууд, иргэд нь хамтарч маш сайн идэвхтэй хийх ёстой юм.

-Иргэд эсэргүүцэх, дуу хоолойгоо нийлүүлж, тайван замаар жагсч, жагсаал цуглаан хийдэг ч манайд бол эсрэгээрээ жагсаал цуглаан хийх нь улс төрийн нэг арга хэрэгсэл болж хувирлаа?

-Анхны 1990 оны жагсаал бол "органик" жагсаал. Одоо жагсаалыг улс төрийн захиалгаар хийж байна. Төрийн шийдвэр нь хэн нэгэн улстөрч, бизнес эрхлэгчийн эрх ашгийг хөндвөл төлбөртэй жагсаал зохион байгуулдаг асуудал руу орж байна. Энэ нь яваандаа гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх, үйл ажиллагааг нь зогсооход хүргэж байна. Сая ШХАБ-ын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга хандан үг хэлэхдээ "Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаалаарай" гэж байна. Энэ бүхэн бидэнд дохио өгч байгааг илтгэнэ.

Энэ мэтчилэн зүгээр нэг сайн дурын жагсаал цуглаан бус хоёр орны харилцааны асуудал болж  хувирч байна. Энэ бол маш эрсдэлтэй.

Ер нь 2000 оноос хойш захиалгат жагсаал аажим аажмаар бий болсоор байгаад одоо органик жагсаал зохион байгуулсан ч захиалгат жагсаал гэж харах түвшинд хүргэсэн. Энэ нь явсаар бусдын гар хөл болж, бүр цаашилбал үндэсний эв нэгдлийг алдагдуулах, хагарган бутаргах зорилготой гадаад хүчин орж ирэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас энэ асуудалд монголчууд хэрсүү байх ёстой.

-Улс төрийн хүрээнд 126 гишүүний тоог бууруулж 99 болгох асуудал яригдаж байгаа тухай сонсогддог. Энэ хэрвээ үнэн бол ойр, ойрхон парламентын гишүүдийнхээ тоог бууруулж, тогтолцоог өөрчлөх нь зөв алхам байж чадах уу?

-Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүйтэй адилхан. Ойрын зайн улс төр хийх оролдлого байх.

Парламентын гишүүдийн тоогоор хөөцөлдөхөө одоо болих хэрэгтэй. Чанарт анхаарах ёстой.

Ингэхийн тулд улс төрийн намууд сайн нэр дэвшигчдийг гаргаж ирэх ёстой. Харин сонгогчид давхар шүүж, сайн улстөрчийг сонгох хэрэгтэй.

-Олон нийтийн хувьд УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгох нь буруу юм байна, тойргоос шууд сонгоё гэдэг болсон.  Харин улстөрчид бол намын жагсаалтаар УИХ-ын гишүүнийг сонгодог пропорцианаль тогтолцоо байх ёстой. Гол нь улс төрийн намууд цензурээ сайн тавьж, намын жагсаалтаар хэнийг нэр дэвшүүлж, хэнийг нэр дэвшүүлэхгүй байх ёстой вэ гэдэг шалгуураа маш сайн тавих ёстой гэдгийг та хэлж байна?

-Би жагсаалтыг үгүйсгээгүй. Жагсаалт буюу хувь тэнцүүлэх тогтолцоо байх ёстой. Одоо тойргоос сонгогдсон гишүүд жагсаалтаар сонгогдсон гишүүдээс илүү эрх ямба эдлэх ёсгүй. Энэ ялгааг гаргавал ард түмний төлөөлөл гэдэг утга алдагдана.

Парламент дотор ангийн ялгаа гаргах гэсэн хандлагатай гишүүд байна гэсэн. Ийм асуудал огт байж болохгүй. Ард түмэн сонгосон л бол адилхан эрх үүрэгтэй байна.

–Хэдийгээр 126 гишүүнтэй, таван намын төлөөлөлтэй ч бид сөрөг хүчингүй байсаар байна. Хүчтэй сөрөг хүчинтэйгээ хамтарчихдаг, сайдын суудал амлаад сөрөг хүчингүй болчихдог энэ нөхцөл байдлыг яаж, хэрхэн өөрчлөх боломжтой вэ?

-Ардчилсан намын зовлонг ойлгож байна. Олон жил парламентад суудал авч байсан ч гэсэн эрх барих хэмжээнд ажилласангүй. Энэ удаа парламентад 42 суудал авч, хүчтэй сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байна. Дээрээс нь намын онцлог их зовлонтой. Хүчтэй улстөрчдийн олон фракц, бүлэглэлтэй. Тэдний ойлголцол дээр энэ нам явдаг. Хэт дотоод ардчилалтай, нэгдсэн бодлого зангидахад төвөгтэй нам. Харин ч өдий зэрэгтэй сайн сөрөг хүчин болж явж байна. Миний хувьд Монголыг түшиж тулах 2-3 нам маш сайн төлөвшөөсэй билээ гэж бодож явдаг.

МАН, Ардчилсан нам хүссэн, хүсээгүй Монгол Улсыг хөгжүүлэх бодлого барих намууд. Монгол гэрээр бол тулгуур хоёр багана гэсэн үг. Тэр утгаараа илүү сайн төлөвшиж, сайн улстөрчдийг төрүүлж, улс орны төлөө ажиллаасай.

-Ямар ч улс төрийн нам эрх барьсан авлига, хулгайтайгаа тэмцэнэ гэдэг ч үнэн хэрэгтээ хоосон амлалт болоод өнгөрдөг. Улс төрийн, улстөрчийн хариуцлагын тогтолцоог дан ганц сонгуулиар бус өөрөөр хариуцлага тооцдог парламентын засаглалтай орнуудын жишиг бий юу. Манайд бол гишүүдийг эгүүлэн татах хууль орж ирсэн ч батлагдаж чаддаггүй. Тэгэхээр сонгогчид сонгууль хүлээхээс өөр аргагүй болдог?

-Хуулийг парламент баталдаг болохоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг ярихаар их эмзэг ханддаг. Уг нь парламентыг дархлаажуулах хамгийн том алхам. Яагаад гэхээр тэр парламентад худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, нэр цэвэр улсууд олон байвал парламент дархлаатай болно. Тэгэхгүй одоо нэр хүнд муутай, ямар нэгэн хууль шүүхийн асуудалтай, парламентад байхгүй бол асуудалд орчих гээд байгаа гишүүн олон байх тусмаа ард түмэн парламентыг үнэлэх үнэлэмж буурч, дархлаа нь суларна. Парламент нь төлөөллийн байгууллага учраас ард түмний дунд нэр хүндтэй байж гэмээн дархлаа бий болно. Ард түмэн эцсийн мөчид парламентад найддаг байх ёстой.

Гэтэл өнөөдөр ард түмэн эцсийн мөчид парламентад бус Ерөнхийлөгчид найдаж сууна. Энэ нь парламентын дархлаа сайн байгаа хэрэг үү.

Парламент дархлаатай, тогтвортой байх тэр үндэс бол нэр хүндтэй УИХ-ын гишүүдтэй байх. Манайд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь хуулийн хонгилоор чирэх эрсдэлтэй гэдэг байр суурь илэрхийлдэг. Цаашдаа хуулийн байгууллагыг улс төрөөс хараат бус ажиллуулахад анхаарах ёстой. Хамгийн сүүлд хийсэн миний судалгаагаар сонгогчид хамгийн шударга бус институцийн эхэнд улс төрийн нам, шүүх гэж хариулсан. Хуулийн өмнө хамгийн эцсийн найдвараа тавих шүүх институци ийм нэр хүндгүй болчихоор бид хэнд итгэх вэ. Улс төрийн талаасаа зөв бодлого гаргаж, улс орноо зөв удирдаасай гэж дэмжих ёстой нам нь ийм нэр хүндгүй болчихоор бид хэнд итгэх вэ. Энэ бол судалгааны үр дүн. Ийм нөхцөлд ард түмэн амьдарч байна. Иргэд нэг үеэ бодоход хэрсүүжсэн. Ард түмний үнэлэмж, хандлага гэдэг чинь цаанаа ортой.

-Улс төрийн намуудыг бодлогын нам болгон төлөвшүүлэхийн тулд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталж, хэрэгжүүлж байгаа. Улс төрийн намуудад төрөөс санхүүжилт өгч, тэр хэрээр санхүүгээ ил тод, нээлттэй хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэх шаардлага тавьж байгаа ч Аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтээр МАН-аас эхлээд хэд, хэдэн нам төрөөс өгсөн санхүүжилтийг зориулалт бусаар ашигласан гэдэг дүгнэлт гаргасан. Засгийн эрх барьж байгаа нам нь ч хуулиа биелүүлэхгүй байна. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд тодорхой зөв алхмуудыг хийсэн. Улс төрийн намын санхүүжилт, хандив, зарцуулалт, тайлан, Сонгуулийн ерөнхий хорооны үүрэг, оролцоог нэмэгдүүлсэн нь маш зөв. Одоо үүн дээр нэмээд улс төрийн намын санхүүжилтэд хараат бус хөндлөнгийн байгууллагын хяналтыг тавьж, хуулиар тогтоож өгөх хэрэгтэй. Нам өөрөө төрөөс болон олон нийтээс хандив авах тэр дундаа том хандивлагчдаас хандив авахыг хориглох ёстой. Тэгэхгүй бол намууд том хандивлагчдаас хамааралтай хэвээр байна. Том хандивыг хянах хууль эрх зүйн орчин алга. Одоо хуулийн хязгаар тогтоож өгч байгаа боловч тэрийг яаж хянах, хэрхэн ил тод байдлаа хангах эсэх нь бүдэг байна. Ер нь улс төрийн намууд сонгогчдоос мөнгө босгож, кампанит ажлаа санхүүжүүлэхгүй байгаа.

Ихэнх нь томоохон бизнес эрхлэгчдээс их хэмжээний санхүүжилт босгож, мөнгөтэй хүнийг нэр дэвшүүлж байна. Эхний удаад Улс төрийн намын тухай хуулиа батлаад, тодорхой ажлуудыг хийж эхэлсэн нь сайшаалтай.

Улс төрийн намууд санхүүжилтийнхээ тодорхой хэсгийг иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийхэд зарцуулах боломж бүрдэж байна. Энэ бүхэн тэр бүр олон нийтэд мэдэгдэхгүй ч нам дотор асар өөрчлөлт оруулж байна. Үүний цаана улс төрийн намуудад зөв хандлага тогтож эхэлнэ. Хууль батлагдаад л маргааш нь өргөс авсан юм шиг асуудлыг шийдэхгүй. Мэдээж хууль хэрэгжих явцад засч сайжруулах зүйл гарна. Тэрийг нь дараагийн хуулийн шинэчлэлээр хийгээд явах бүрэн боломжтой.

Гэрэл зургийг А.Бямбахишиг 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-07 192.82.65.88

Үхсэн баасны АРДЧИЛАЛ. Олны итгэл аль хэдийн байхгүй болсон. МАН АН төр удирдах толгой байхгүй. Гадны тавилтаар төрийг завхруулж, мөнгө идэхээс цаашгүй болсон. Ард түмний эрх ашиг гэж ярих эрх тэдэнд байхгүй. Тэгэхээр ПАРЛАМЕНТ гэж хогийн цуглуулга.

Avatar

Зочин 2026-09-07 66.181.178.56

Намууд нийгмийн амьдралын хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй болсоор удаж байна даа, эрхэм нам судлаач минь

Avatar

Нэргүй 2026-09-07 43.242.242.59

Хуулиараа л явна. Одоо ямар хууль хүчинтөгөлдөр байна түүгээр л болно. Тийм л юм бол хуулиа санаачлаад УИХ-р оруулаад байтуулаач.

Avatar

zochin 2026-09-07 43.228.129.139

Хэний амаар юу яриад байна. Өвгөн ах

Avatar

Нэргүй 2026-09-07 203.91.115.47

saihan uleej bnaa ebiig hiij bhad eniigaa yarij helj bhgui yasiin

Avatar

Нэргүй 2026-09-07 66.181.160.126

Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог байхаар Үндсэн хуулийн анхны төсөлд тусгасан байсныг 1992 онд 430 депутатууд "Ганц Ерөнхийлөгчөө ард түмэн сонгохгүй байхдаа яадгийм" гэж зүтгээд өөрчилсөн юм!!! Б.Чимид гуай яаж ч тайлбарлаад дийлээгүй.

Avatar

Нэргүй 2026-09-07 124.158.123.242

Юун их нуршидаг юм бэ дээ… Их ярилаа гээд… харин ч….

Avatar

1234 2026-09-07 202.5.202.32

Энэ нэг өөрөө нам дагасан нөхөр байна. Боловсрорлын яаманд газрын дага нэг хэсэг хийгээд халагдахаараа их сургууль руу очдог болжээ.

Avatar

Нэргүй 2026-09-07 103.57.94.87

Үндсэн хуулинд дахин халдаж гар дүрэх хаалга нээх санаатай хүн байна. Ингэж тоглохгүй шүү

Avatar

Нэргүй 2026-09-07 124.158.123.242

Их сургууль, академи хоёр энд тэндээс халагдсан хүнийг авдагаа болихгүй бол нэр нь улам унасаар байх болно…

Avatar

Зочин 2026-09-07 202.179.27.93

Битгий тэнэг худлаа юм яриад бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж