Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Банкны гар хөл-1

Бид “Улстөрчдийн гар хөл…” хэмээн ярьж, бичдэг. Үнэхээр ч томоохон албан тушаалтай зарим улстөрч өөрсдийн гар хөл болсон яахаас ч буцахгүй нөхдөө янз бүрийн бохир ажлаа гүйцэтгүүлдэг билээ. Ерөнхийдөө танил үзэгдэл гэхэд болно. Харин Монголд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд сүрхий чанга гар хөлтэй болох нь санхүүгийн салбарт өрнөж буй үйл явцаас тодхон харагдах боллоо. Гэхдээ ганц хоёрхон бус, үйл ажиллагааны чиглэл нь төрөлжиж, мэргэшсэн том, жижиг маш олон гар хөлтэй гээд бод доо. Айхтар байгаа биз.Тиймээс бид арилжааны банкууд ямар, ямар гар хөлтэй байдаг талаар цувралаар хүргэж эхэллээ. Энэ удаад “Валют арилжааны цэг” хэмээх жижиг “гар”-ыг нь танилцуулж байна.

Валют арилжааны “Найман шарга” задгай захыг өнөөдөр мэдэхгүй хүн байхгүй. Энд ойролцоогоор 30 орчим павильон бий.
Гэхдээ тал хүрэхгүй хувь нь албан ёсны зөвшөөрөлтэй гэж байгаа. Ийнхүү зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй жижиг аж ахуй нэгж, хувь хүмүүс өөрсдийн дур зоргоор санхүүгийн гүйлгээ, валют арилжаа хийж байгаа болохоор янз бүрийн хэл ам тасардаггүй. Жишээ нь, валют солиулсан хүний мөнгийг дутуу өгөх, гүйлгээний баримт өгдөггүй, 20 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийхдээ Монголбанкинд мэдэгддэггүй гээд зөрчил дутагдал байнга гарна. Ер нь манайхаас бусад оронд валютын задгай зах гэж ийм замбараагүй газар байхгүй гэхэд болно. Тиймээс энэ газрыг цэгцлэх шаардлага байна гэж мөн ч олон жил ярилаа. Гэвч бодит ажил хэрэг болгоно гэдэг үлгэр бололтой. Уг нь зарчмын хувьд гадаад валютын ханш хийгээд эрэлт нийлүүлэлтийг төв банк зохицуулж байх учиртай. Гэтэл манайд эсрэгээрээ. Хар захын энэ хэдэн ченжүүд л бүхнийг тодорхойлж байна. Голлох валют болох ам.доллар, юань Монголд хомсдох уу, үнэ нь өсөх үү, буурах уу гэдгийг энэ хүмүүс л мэднэ. Яагаад тэр вэ. Ганцхан гудамжны хэдхэн ченжүүд бүхэл бүтэн улсын валют арилжааны зах зээлийг атгах чадалтай гэж үү. Яагаад гэвэл тэд чадалтайдаа бус, тэдний ард арилжааны банкууд чимээгүйхэн оршиж, зах зээлийг хөхиүлэн дэмжиж байдаг учраас ингэж байгаа юм. Үүнийг нотлохын тулд тэр павильон тэр банкны мэдлийнх гээд шууд хэлчих боломжгүй. Мэдээж тэд үүнийгээ дээд зэргээр нууцлана. Харин энэ салбарт үйл явцуудад дүн шинжилгээ хийж үзвэл валют арилжааны гол цэгүүд банкуудтай салшгүй холбоотой гэдэг нь тодоос тод харагдана. Мөн “Найман шарга” дээр жижиг гарын ченжүүд гэж байдаг. Тэдний эргэлдүүлдэг мөнгө нь харьцангуй бага. Ихэвчлэн хар толгойгоо даасан хувь хүмүүс байдаг. Тэд том гарын ченжүүдийнхээ талаар “Муусайн банкны гар хөлүүд их даварч байна аа…” хэмээн шивэр авир гэлцдэгийг нэг бус удаа сонсч байв. Мөн өөрийн гэсэн павильонгүй гар дээрээс арилжаа хийдэг зарим нь “Угаасаа энэ хэдэн павильон чинь бүгд банкны мэдэлд байдаг юм шүү дээ” хэмээн шууд хэлдэг. Гэхдээ энэ мэт сураг чимээ нь баттай баримт болж чадахгүй тул өнгөрсөн хугацаанд энэ хүрээнд ямархуу сонирхолтой үйл явц өрнөж байсныг эргэн санацгаая. Энэ бүхнээс валют арилжааны цэгүүд банкуудтай ямар нэгэн холбоотой гэдэг нь лавтай харагдах биз ээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын дундуур валютын ханш ид хэлбэлзэж байлаа. Харьцангуй тогтворжиж байсан ханш эргэн хэлбэлзэж, нэг ам.доллар 1400 төгрөгт шүргэж эхэлсэн юм. Ийнхүү ханш өссөн үед ченжүүд аль болох ахиухан валют зарахыг эрмэлздэг. Гэтэл бүр эсрэгээрээ “Биднийг хэвлэл мэдээллээр ханш хөөрөгдлөө гэж буруутгаад байна. Бид валютаа зарахгүй” гэсэн инээдтэй тайлбар тавиад бүх павильон нь үүдээ барьчихсан. Уг нь тэдний хаалга дандаа ийм хаалттай байж, банкууд хэвийн арилжаа хийдэг бол амар байхгүй юу. Гэтэл энэ нь банкуудын зохион байгуулалттай жүжиг байсан нь хожим тайлагдаж байна. Задгай зах нь ганцхан өдөр ажиллахгүй болохоор үйлчлүүлэгчид сандарч банк руу очно. Гэвч банкууд нь “5000 ам.доллараас дотогш арилжаа хийхгүй ээ” гээд гүрийчихэж байгаа юм. Валютын яаралтай хэрэгцээ гарсан хүмүүс арга буюу ченжүүдийн аманд орсон өндөр үнээр хэдэн доллар, юань авч байх жишээтэй. Энэ бол тэднийг үгсэн хуйвалдаж, үнэ ханш өсгөдөг, өөртөө давуу байдал олгодгийн тод жишээ яах аргагүй мөн. Хэрвээ холбоо сүлбээгүй байсан бол банкууд арилжааныхаа хэмжээнд хязгаар тогтоож байгааг павильонууд овжин ашиглах ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл, задгай захынханд банкны дээрх үйлдэл том боломж болох учиртай байхгүй юу. Гэвч тэд ашиг олохын тулд үйл ажиллагаа явуулдаг хэрнээ хамгийн боломжтой үед ажлаа хийхгүй байсан нь ийм учиртай байж. Тэд бас өөрсдөөсөө галыг зайлуулахын тулд сайн жүжиглэдэг хүмүүс. Банк хийгээд банкинд ажилладаг нөлөө бүхий зарим хүний эрх ашгийн төлөө ажилладаг тэд “Ханшийн хөөрөгдөлд бид ямар ч буруугүй. Банкуудаас л боллоо” хэмээн сүржигнэнэ. Харамсалтай нь дүрдэ э дэндүү их итгэж байгаад хэнд ч мэдэгдэх ёсгүй нууцаа задалчихлаа, тэд. Ер нь валютын ханш хүчтэй хэлбэлзэх бүрт ченжүүд бус, арилжааны банкууд л гол ашгийг хүртдэг болох нь олон зүйлээс харагдах боллоо.    

Валютын ченж, банкны ажилтнуудын “янаг” явдлыг гэрчлэх бас нэг жишээ бий. “Валютын задгай захыг цэгцлэх гэнэ” гэсэн яриа өнгөрсөн жилээс л дуулдаж эхэлсэн. Бүр “Тавдугаар сарын 1-н гэхэд цэгцэлж дуусна. Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт хийж байна. Хөрөнгийн хэмжээнээс нь хамаараад павильонуудыг банк бус санхүүгийн байгууллага болгоно” гэсэн маш тодорхой мэдээлэл цацагдаж байлаа. Дүрмийн сан нь 50 сая төгрөг байх ёстой хэмээн тогтоож байсан санагдана. Гэтэл байдаггүй ээ. Гудамжны наймаа бахь байдгаараа. Яаж ч бодсон гудамжны ченжүүд төрийн бодлого шийдвэрт нөлөөлнө гэж байхгүй. Тэгэхээр тэднийг тээж төрүүлсэн, бас одоо ч хайрлан халамжилж, тэжээн тэтгэж яваа банкны нөлөө бүхий этгээдүүд л үүнийг хийгээд байгаа гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Уг нь валют арилжааны цэг шинээр нээх зөвшөөрөл олгох, хяналт тавих, татан буулгах эрх мэдэл Монголбанкинд байсан юм. Харин өдгөө тэрхүү эрх нь Санхүүгийн зохицуулах хороонд шилжсэн. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооныхон валютын задгай захыг яагаад цэгцлэхгүй байгаагаа болон банкуудын нөлөөнд автсан эсэхээ тайлбарлах хэрэгтэй биз ээ. Ямар тайлбар хийх нь бас сонирхолтой шүү дээ. Ямар ч байсан Монголд гар дээрээс валют солихыг хуулиар зөвшөөрөөгүй. Бас хориглоогүй. Мөн валют солих цэгийн зөвшөөрөл олгох журмыг аль эрт цуцалсан. Харин валют солих цэгүүдийг банк бус санхүүгийн байгууллага болгон өөрчлөх тухай Засгийн газрын 2009 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ бий.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж