Гахайнаас хүнд шилжүүлэн суулгасан бөөр 271 хоногийн турш хэвийн ажилласан тохиолдол бүртгэгдсэн талаар АНУ-ын эмч нар мэдээлжээ. Энэ нь одоогоор амьтны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгаж, хамгийн удаан хугацаанд хэвийн ажилласан тохиолдол болж байна.
Тодруулбал, 66 настай Тим Эндрюс бөөрний дутагдлаас болж олон жил шаналж явсны эцэст 2025 оны нэгдүгээр сарын 25-нд генийн өөрчлөлттэй гахайн бөөрийг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон байна. Бөөрийг суулгасны дараа шууд ажиллаж эхэлсэн бөгөөд 271 хоногийн турш үүргээ гүйцэтгэсэн байна.
Эндрюс бөөр шилжүүлэн суулгуулахаас өмнө диализийн аппаратад тогтмол ордог байсан. Мөн донор хүлээхэд долоон жил хүртэл хугацаа шаардагдаж болзошгүй гэж эмч нар анхааруулж байжээ. Харин Эндрюсийн хувьд эцсийн шатандаа орсон байсан тул диализ хийлгэж байсан ч дээд талд нь таван жил л амьдрах боломжтой гэж эмч нар үзэж байв.
Тэрбээр гахайн бөөр шилжүүлэн суулгуулсан нь түүнд "итгэл найдвар" төрүүлж, диализийн аппаратаас чөлөөлөгдөж, хэвийн амьдрах боломж олгосон гэж ярьжээ.
Гэсэн хэдий ч шилжүүлэн суулгасан бөөр нь зургаан сарын дараагаас гэмтэж эхэлсэн байна. Бөөрний судаснууд гэмтэж, үрэвсэл үүссэний улмаас эрхтэн аажмаар ажиллагаагаа алдсан. Улмаар 2025 оны аравдугаар сард эмч нар бөөрийг авах шаардлагатай болжээ. Үүний дараа Эндрюс 82 хоногийн турш диализ хийлгэж, энэ оны нэгдүгээр сард донорын бөөр шилжүүлэн суулгуулсан байна. Шинэ бөөр нь одоогоор хэвийн ажиллаж байгаа аж.
Гахайнаас хүнд бөөр шилжүүлэн суулгах судалгааг АНУ-ын "Mass General Brigham" эмнэлгийн эмч, эрдэмтэд хийсэн бөгөөд үр дүнг анагаах ухааны "The Lancet" сэтгүүлд нийтэлжээ.
Амьтны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах аргыг "ксенотрансплантаци" гэж нэрлэдэг. Одоогийн байдлаар энэ арга донорын хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм.








Гахайг энэ төрлийн хагалгаанд тохиромжтой амьтан гэж үздэг байна. Учир нь гахайн эд эрхтнүүд хүний эрхтэнтэй ойролцоо хэмжээтэй бөгөөд тэдгээрийг олноор үржүүлэх боломжтой.
Гэхдээ гахайн бөөрийг шууд хүнд суулгах боломжгүй. Хүний дархлааны систем гахайн эд эрхтнийг гаднын биет гэж таньж, хүчтэй довтлон богино хугацаанд устгах аюултай. Тиймээс эрдэмтэд хүний дархлааны системд илүү нийцүүлэхийн тулд генийн хувьд өөрчилсөн жижиг гахайг гарган авчээ.
Эдгээр гахайн генд нийт 69 өөрчлөлт хийж, хүний дархлаанд танигдах зарим шинжийг арилгасан байна.
Мөн хүний тодорхой генийг нэмж, гахайны эд эрхтнийг дархлааны системээс "нуух" арга хэрэглэсэн байна. Мөн гахайн ДНХ-д байдаг зарим вирусийг идэвхгүй болгожээ. Эндрюсийн биед шилжүүлэн суулгасан бөөр эхний үед дархлааны тогтолцооны халдлагад өртөх шинж тэмдэг үзүүлсэн байна. Гэхдээ эмийн тунг өөрчилснөөр үүнийг хяналтдаа авч чадсан байна.
АНУ-д одоогоор 100 мянга орчим хүн бөөр шилжүүлэн суулгуулахаар хүлээж байна. Гэвч жилд ердөө 25 мянга орчим нь бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орж чаддаг. Харин Их Британид 7,000 гаруй хүн бөөрний донор хүлээж байгаа аж.
Судалгааны багийн эмч Леонардо Риелла донорын хомсдол "хямралын хэмжээнд" хүрсэн гэж үзэж байгаа бөгөөд ксенотрансплантаци нь доноргүй өвчтөнүүдэд диализийг алгасаж, донорын эрхтэн хүлээх хугацааг богиносгох боломжтой гэжээ. Эмч нарын дүгнэснээр, энэ тохиолдол нь амьтны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах эмчилгээний боломжийг харуулсан. Гэхдээ шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг мөн нотолж байна.
3,595.72




















































Нэргүй 2026-09-04 66.181.183.22
Хүнд эрхтэн шилжүүлэн суулгахад ах дүүсийнх нь барагтай таардаггүй байтал амьтныхыг суулгана гэдэг байж боломгүй