
Зуун жил гэдэг хэр урт хугацаа вэ? Нэгэн жижиг суулгац тэнгэр баганадсан мод болон ургахад, нэгэн бяцхан хүүхэд амьдралынхаа бүхэл бүтэн замыг туулахад, тал нутгийн жижигхэн хот түмэн айлын гэрэл цацарсан орчин үеийн их хот болон өөрчлөгдөхөд хүрэлцэхүйц урт хугацаа юм. Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөн өнгөрсөн зуун бол аль нэг байгууллагын түүх биш. Энэ бол улс орныхоо өнгө төрхийг өөрчилсөн үе үеийн барилгачид, архитекторууд, инженерүүд, техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчид, үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачдын хамтын бүтээн байгуулалтын түүх юм.
Өнөөдөр бидний амьдарч буй орон сууц, хүүхдүүдийн маань сурч буй сургууль, эмчлүүлж буй эмнэлэг, ажиллаж буй үйлдвэр, албан байгууллага, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, зам, гүүр бүхэн энэ салбарын зуун жилийн хөдөлмөрийн бодит гэрч болж байна.
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХ
Монголын барилгын салбарын зуун жилийн түүх бол зөвхөн нэг салбарынтүүх биш улс орноо хотжуулж, үндэсний инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажиллах хүчнээ бэлтгэсэн хөгжлийн түүх юм.
Анхны барилгын хоршооноос үндэсний бүтээн байгуулагчид болох хүртэл:
1926 онд Ардын Засгийн газрын шийдвэрээр барилгын мэргэжлийн байгууллага бий болж, барилгын хоршоо, зураг төслийн групп, тоосго, шохой, барилгын материалын анхны үйлдвэрүүд байгуулагдсанаар Монгол Улсад орчин цагийн барилгын салбарын суурь тавигджээ. Тэр үеийн Улаанбаатар тал нутгийн гүнд орших нам гүм жижиг хот байлаа. Ихэнх айл монгол гэрт амьдарч, эсгий үүдээ сөхөхөд тэнгэр, газар нийлсэн алс хязгаар харагддаг байсан цаг. Тухайн үеийн монголчуудын сууц энгийн хэдий ч гал голомтын үнэ цэн өнөөдрийнхтэй адил эрхэм байв. Дараагийн хэдэн арван жилд Монгол Улс хотжин суурьшиж, үйлдвэр, цахилгаан станц, сургууль, эмнэлэг, соёлын төв, орон сууц, инженерийн дэд бүтцээ үе шаттайгаар байгууллаа. Тэдгээр бүтээн байгуулалттай зэрэгцэн үндэсний зураг төсөл, барилгын материалын үйлдвэрлэл, угсралт, мэргэжлийн боловсрол, норм, стандартын тогтолцоо бүрэлдсэн юм.
1990 оноос өмнөх барилгын салбарын түүхийг зөвхөн тухайн үеийн эдийн засгийн тогтолцоогоор нь дүгнэж болохгүй. Энэ бол олон мянган үндэсний инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэж, Монгол Улсын бүтээн байгуулах хүний болон техникийн чадавхыг бүрдүүлсэн он жилүүд байлаа.
Чухам энэ суурь нь 1990 оноос хойш салбар зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин, үндэсний хувийн хэвшлийн компаниуд бий болж, өсөн хөгжих үндсэн нөхцөл болсон юм.
ОРОН СУУЦ ӨӨРИЙН ӨМЧ БОЛСОН НЬ
Ахмад үеийнхний хувьд 1990-ээд оны өөрчлөлт зөвхөн нийгэм, эдийн засгийн шилжилт байгаагүй. Тэдний амьдралд шууд нөлөөлсөн нэгэн том үйл явдал нь амьдарч байсан орон сууцаа өөрийн өмч болгох боломж нээгдсэн явдал байлаа. 1992 оны шинэ Үндсэн хуулиар хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, улмаар орон сууц хувьчлал, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, газар өмчлөлтэй холбоотой эрх зүйн шинэ орчин үе шаттайгаар бүрэлдэв. 1996 онд Орон сууц хувьчлах тухай хууль батлагдсанаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах харилцаа хуульчлагджээ.
Олон өрхийн хувьд “сууц эзэмшигч”-ээс “өмчлөгч” болсон тэр мөч онцгой дурсамж болон үлдсэн. Гар дахь түлхүүр нь хэвээрээ мэт боловч дөрвөн хана нь аль нэг байгууллагын бус, өөрийнх нь болон гэр бүлийнх нь өмч болсон юм. Гал голомт анх удаа зөвхөн амьдрах газар бус, үр хүүхдэдээ өвлүүлэх хөрөнгө, гэр бүлийн санхүүгийн баталгаа, ирээдүйн боломж болон хувирав. 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдаж, 2003 оноос хэрэгжиж эхэлснээр иргэд газраа өөрийн нэр дээр өмчлөх эрх зүйн боломж бүрдлээ. Орон сууцны болон газар өмчлөх эрхийн гэрчилгээ олон гэр бүлийн хувьд эд хөрөнгийн баримт төдий бус, эх орондоо өөрийн гэсэн орон зайтай болсны баталгаа болсон юм.
Энэ шинэ орчинд барилгын салбар ч бүхэлдээ өөрчлөгдөв. Хувийн хэвшлийн барилгын компаниуд, зураг төслийн байгууллагууд, материал үйлдвэрлэгчид, банк санхүү, үнэлгээ, зуучлал, ашиглалт, менежментийн шинэ үйлчилгээ бий болж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үндэс тавигдлаа.
ӨСӨЛТ, ХЯМРАЛЫН ОН ЖИЛҮҮДИЙГ ХАМТДАА ТУУЛСАН САЛБАРЫНХАН
Шинэ мянган эхлэхэд Монгол Улс хотжилтын урьд байгаагүй давалгаатай золгов. Илүү сайн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, ажлын байр, амьдралын боломж эрэлхийлсэн иргэд хөдөө орон нутгаас нийслэл болон томоохон хотуудыг зорих боллоо. Хотын хил тэлж, өмнө нь мал сүрэг бэлчдэг байсан газарт цамхагт кранууд сүндэрлэв. Шинэ хороолол, худалдаа үйлчилгээний төв, сургууль, эмнэлэг, үйлдвэр, инженерийн дэд бүтэц олноор баригдаж, үндэсний компаниудын туршлага, чадавх хурдацтай өссөн юм.
2005 онд Засгийн газар “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг эхлүүлснээр Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар жинхэнэ утгаараа хурдацтай хөгжлийн үе рүү оржээ. 2008 оны эцэс гэхэд улсын хэмжээнд бүртгэлтэй барилгын компанийн тоо 1000-аас давж, зөвхөн Улаанбаатарт л гэхэд 100 гаруй шинэ хорооллын барилгын ажил зэрэг эхэлсэн байв. Өглөөнөөс үдэш хүртэл тасраагүй машин механизмын чимээ бол өсөн тэлж буй хотын хэмнэл байлаа. Барилгын салбар захиалгаар барилга угсардаг хүрээнээс тэлж, газар хөгжүүлэлт, төслийн удирдлага, хөрөнгө оруулалт, борлуулалт, ашиглалтын цогц тогтолцоонд шилжиж эхлэв. Нэг орон сууцны ард зөвхөн нэг барилгын компанийн хөдөлмөр байдаггүй. Архитектор, инженер, геологич, төсөвчин, материал үйлдвэрлэгч, тээвэрчин, банк санхүүгийн ажилтан, мэргэжилтэй ажилчид гээд олон арван мэргэжлийн хүний хамтын хөдөлмөр бий. Барилгын талбайд бий болсон нэг ажлын байр бусад олон салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг дагуулан хөдөлгөдөг.
Гэвч хөгжил хэзээ ч шулуун дардан зам байдаггүй. 2008 онд дэлхийг хамарсан санхүүгийн хямрал дөнгөж халж эхэлсэн Монголын орон сууцны зах зээлийг огцом царцаав. Банкууд зээлээ зогсоож, барилгын талбайд нам гүм ноёлж, орон сууцны үнэ 20 хувь унасан ч худалдан авагчид шийдвэр гаргахаас эмээж байлаа. Барилгын компаниуд дампуурлын ирмэгт хүрч, урьдчилгаа төлбөрөө хийсэн айл өрхүүд шөнө нойргүй хонож байв. Тэр үед бүхэл бүтэн салбарын үйл ажиллагаа түр зогссон мэт болсон юм. Салбарын хувьд хамгийн хүнд сорилттой тулгарсан тэр үед барилгын тэргүүлэх компаниуд хүчээ нэгтгэн МБҮА ТББ-ыг байгуулсан юм. Ассоциаци компаниудад тулгарсан хүндрэл бэрхшээлийг Засгийн газар, санхүүгийн байгууллагуудад удаа дараа хүргэж, бодлогын дэмжлэг, бодит шийдэл эрэлхийлэн ажиллав. Энэхүү санаачилга, тууштай оролцоо төрийн бодлогод тусгалаа олж, Засгийн газраас “4000 төрийн албан хаагчийн орон сууцны зээл” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Урт хугацаатай, хөнгөлөлттэй уг санхүүжилт нь хямралын улмаас царцаад байсан орон сууцны борлуулалтыг сэргээж, барилгын салбарын үйл ажиллагааг тогтворжуулахад бодит түлхэц болсон юм.
Тэр хямрал нэг чухал зүйлийг харуулсан. Монголд орон сууцны хэрэгцээ өндөр байсан ч иргэдийн орлого, худалдан авах чадвар, урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо хэрэгцээгээ дагаж хөгжөөгүй байлаа. Барилга барих чадавх дангаараа хангалтгүй, иргэд худалдан авах боломжтой байх ёстойг салбар бүхэлдээ ойлгосон үе байв. 2013 оноос жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь олон өрхөд орон сууцтай болох бодит боломж нээж, барилгын салбарын өсөлтийг дахин эрчимжүүллээ. Гэхдээ энэ туршлага орон сууцны бодлого нэг удаагийн хөтөлбөрөөс бус, иргэдийн орлого, хуримтлал, урт хугацааны тогтвортой санхүүжилтэд тулгуурлах шаардлагатайг мөн харуулсан юм.
МОНГОЛ ГЭРЭЭС ОРОН СУУЦ ХҮРТЭЛ-ГАЛ ГОЛОМТЫН ДУЛААН
Монголын хотжилтын замнал бусад орныхоос онцлог. Монголчууд нүүдлийн ахуйгаас суурин амьдралд харьцангуй богино хугацаанд шилжсэн. Өнөөдөр ч Улаанбаатарын эргэн тойрны уулын энгэрүүдэд гэр хорооллын томоохон бүсүүд оршсоор байна. Тэнд 600 мянга гаруй хүн амьдарч, өвөл нүүрс түлэн дулаацдаг тул хүйтний улиралд хотын дээгүүр өтгөн утаа бүрхнэ. Ус, цахилгааны хүрэлцээ муу, зам ч тааруу. Гэвч тэнд малчдын үр хүүхэд, хотод суралцахаар ирсэн залуус, амьдралаа шинээр эхлүүлж буй олон мянган өрх амьдардаг. Тэдний гэр бүрд амьдралаа дээшлүүлэх хүсэл, үр хүүхдийнхээ ирээдүйд итгэх итгэл найдвар бий.
Гэр хорооллыг “хотын шарх” хэмээн дээрээс харж дүгнэх нь амархан. Харин тэнд амьдарч буй хүмүүсийн амьдралын бодит нөхцөлийг ойлгож, дэд бүтэц, дулаан, цэвэр ус, ариутгах татуурга, зам, сургууль, цэцэрлэгээр хангах нь илүү хэцүү бөгөөд илүү чухал ажил.
Шийдэл нь гэр хорооллыг бүхэлд нь өндөр барилгаар солих ч биш, өнөөгийн нөхцөлийг өөрчлөлтгүй үлдээх ч биш. Газрын оновчтой зохион байгуулалт, инженерийн дэд бүтэц, тохирсон нягтаршил, хэсэгчилсэн дахин төлөвлөлт, амины орон сууц, түрээсийн болон худалдан авах боломжтой сууцыг уялдуулсан олон хувилбарт бодлого хэрэгтэй. Энэ ажлыг барилгын салбар дангаараа шийдвэрлэхгүй. Хот төлөвлөлт, газрын бодлого, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, орон сууцны санхүүжилт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэг чиглэлд ажиллах ёстой. Монгол гэрийг орон сууцтай сөргөлдүүлэх шаардлагагүй. Тал нутаг, монгол гэр, нүүдлийн соёл бидний үнэт өв хэвээр байна. Харин иргэн бүр хаана амьдрахаас үл хамааран дулаан, аюулгүй, эрүүл, нэр төртэй орчинд амьдрах сонголттой байх учиртай.
САЛБАРЫН ҮНЭ ЦЭНИЙГ ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЧАНАРААР ХЭМЖИНЭ
Барилгын салбарын нийгэмд оруулсан үнэ цэнийг зөвхөн хэдэн сая ам метр талбай бүхий барилга барьсан, хичнээн өндөр давхар барилга босгосноор хэмжиж болохгүй. Шинэ сургууль хүүхдэд боловсролын боломж нээдэг. Эмнэлгийн барилга бол хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалдаг орчин юм. Үйлдвэр ажлын байр, орлого бий болгодог. Цахилгаан станц, инженерийн шугам сүлжээ хотын амьдралыг тасралтгүй үргэлжлүүлдэг. Орон сууц гэр бүлийн аюулгүй байдал, тогтвортой амьдралын үндэс болдог.
Барилгын үнэ цэнийг богино хугацааны ашиг, борлуулах талбайгаар бус, хүний амьдрах орчны чанарт оруулсан хувь нэмрээр хэмжих ёстой. Орчингүй дан барилгууд олшрох тусам хотын чанар сайжрахгүй.
Иймээс цаашид барилгын үнэ цэнийг зөвхөн богино хугацааны ашиг, борлуулах талбайгаар бус, хүний амьдралын чанарт үзүүлж буй нөлөөгөөр хэмжих ёстой. Ногоон байгууламж, нийтийн орон зай, хүүхдийн аюулгүй орчин, сургууль, цэцэрлэг, үйлчилгээ, авто зогсоол, инженерийн дэд бүтцийг цогцоор нь шийдээгүй барилга урт хугацааны үнэ цэн бүтээхгүй. Зөвхөн ашиг, борлуулах талбайг тэргүүнд тавьсан, орчингүй дан барилгууд олшрох тусам хотын чанар сайжрахгүй. Орон сууцны үнэ, санхүүжилт ч иргэдийн бодит орлого, худалдан авах чадварт нийцсэн байх шаардлагатай. Борлогдохгүй өндөр үнэтэй барилга ч, авах боломжгүй хямдралтай зээл ч орон сууцны асуудлыг шийдэхгүй. Эрэлт, нийлүүлэлт, газар, дэд бүтэц, санхүүжилтийг нэг тогтолцоонд авч үзэх хэрэгтэй.
ИРЭХ ЗУУН- ОЛОН УЛСЫН ЖИШИГ, ҮНДЭСНИЙ ЧАДАВХ
Өнгөрсөн зуунд Монголын барилгын салбар хот суурин, үйлдвэр, дэд бүтцийг цогцлоож, улс орныхоо хөгжлийн бат бөх суурийг тавьсан. Харин ирэх зуунд салбарын тогтолцоо, стандарт, гэрээний соёл, төслийн менежментийг олон улсын түвшинд хүргэх шаардлага бидний өмнө тулгарч байна. Зөвшөөрлийг зөвхөн цахимжуулах нь хангалтгүй. Төлөвлөлтөөс ашиглалтад оруулах хүртэлх бүх үе шатны уялдааг шинэчилж, дүрэм нь тогтвортой, шийдвэр нь ил тод, хугацаа нь тодорхой, хяналт нь эрсдэлд суурилсан байх ёстой. Хэн юунд хариуцлага хүлээх нь ойлгомжгүй хэвээр байвал цахим систем дангаараа салбарын бүтээмжийг дээшлүүлэхгүй. Мөн Монгол Улсад хэрэгжих томоохон төсөл бүр үндэсний компаниудаа өсгөж, дараагийн шатанд гаргадаг байх учиртай. Монголын компаниудыг ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах боломжтой болгох, тендерийн шалгуурыг шударга тогтоох, ажлын багцыг дотоодын компаниуд оролцож чадахаар оновчтой хуваарилах шаардлагатай.
Гадаадын түншлэл зөвхөн ажил гүйцэтгэж, төлбөр аваад дуусах ёсгүй. Технологи дамжуулж, монгол инженер, ажилтнуудыг сургаж, дараагийн төслийг үндэсний компани өөрөө хэрэгжүүлэх мэдлэг, туршлага, чадавх үлдээдэг байх хэрэгтэй.
Манай салбар зөв тогтолцоо, олон улсын стандарт, гэрээний сахилга, мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлж чадвал Монголын барилгын компаниуд зөвхөн дотооддоо ажиллах бус, төслийн менежмент, инженерийн үйлчилгээ, мэргэжилтэй ажиллах хүчний чадавхаа дэлхийн зах зээлд гаргах бүрэн боломжтой. Энэ шинэчлэлийг зөвхөн төрөөс хүлээгээд сууж болохгүй. Хувийн хэвшил, мэргэжлийн холбоод стандарт, хариуцлага, ёс зүйгээ өөрсдөөсөө эхэлж дээшлүүлэн, манлайлан оролцох ёстой. Төр тогтвортой бодлого, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлж, мэргэжлийн холбоод шийдэл, стандартаа боловсруулж, компаниуд хэрэгжилт, үр дүнгээ хариуцах учиртай.
Бид зөвхөн асуудал ярьдаг бус, шийдэл гаргаж, хэрэгжүүлдэг салбар байх ёстой.
ЗУУН ЖИЛИЙН ДАРАА Ч ГЭРЛҮҮД УЛАМ ОЛНООР АСНА
Өнгөрсөн зуун жилийн амжилтыг үе үеийн барилгачдын босгосон хот суурин, орон сууц, үйлдвэр, сургууль, эмнэлэг, эрчим хүч, инженерийн дэд бүтэц болон бэлтгэсэн хүний нөөцөөр хэмжинэ. Харин ирэх зуун жилийн амжилтыг Монгол хүн ямар орчинд, хэр чанартай амьдарч байгаагаар төдийгүй Монголын инженерүүд, компаниудын ур чадвар дэлхийн хаана үнэлэгдэж, өрсөлдөж байгаагаар хэмжих болно.
Ирэх зууны амжилтыг монгол хүн хэр чанартай орчинд амьдарч байгаагаар төдийгүй Монголын инженерүүд, барилгын компаниудын ур чадвар дэлхийн хаана үнэлэгдэж, өрсөлдөж байгаагаар хэмжинэ.
Орон сууцыг зөвхөн хүйтэн цемент, ган төмрийн нийлбэр бус, айл бүрийн дулаан орон гэр; хотыг зөвхөн шигүү барилгуудын бөөгнөрөл бус, хүн бүр өөрийн харьяалагдах орон зайгаа олдог газар болгохын төлөө бид улам их хичээх ёстой. Орой бүр Улаанбаатарын өндөр барилгад ч бай, уудам талын монгол гэрт ч бай, гэртээ ирэх нэгнээ хүлээсэн нэгэн гэрэл асаж байдаг. Тэр гэрлийн цаана аюулгүй орчин, дулаан гал голомт, гэр бүлийн итгэл найдвар бий.
Зуун жил өнгөрсөн ч хамгийн гол үнэт зүйл өөрчлөгдөөгүй. Гэрэл ассан газар л гэр орон, гэр бүлийн аз жаргал байдаг.
Тэр гэрлийг асааж, найдвартай, урт удаан байлгах нь Монголын барилгын салбарын үе үеийнхний зуунаас зуунд өвлүүлэн үлдээх үүрэг юм.
Зуун жилийн зүтгэл – Түмэн айлын гэрэл.
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Нямрагчаагийн Баярсайхан
2026.09.04
3,595.72





















































Холбоотой мэдээ