"Багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын чанар маш муу байна"

"Багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын чанар маш муу байна"

"Багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын чанар маш муу байна"

 "Бүх нийт боловсролын төлөө!" иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай боловсролын салбарын бодлого хэр оновчтой байгаа, сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.


-Энэ жилийн тухайд боловсролын салбарт хийсэн ололттой бодлогууд юу байв?

-Энэ жил багш нарын цалинг нэмсэн нь боловсролын салбарт хийсэн хамгийн ахицтай үйлдэл байлаа. Учир нь, багш нар ажлаа орхиж, зарим нь хувийн сургуульд багшлахаар орж багшийн дутагдалд орсон. Цалинг нэмснээр багш дутагдах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан. Цаашид багш мэргэжлээр сурах оюутны тоо ч нэмэгдэх байх гэж харж байна. Үүнээс гадна хөтөлбөрийн шинэчлэл удааширалтай ч сургуулийн өмнөх болон нэгдүгээр ангийн хөтөлбөрийг шинэчиллээ. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөө шинэчилнэ гэдэг маш чухал. Олон жил хүүхэд төвтэй боловсролын тогтолцоо, бодлого, хөтөлбөр гэж ярилаа шүү дээ. Энэ бүхний эхлэлийг тавьж чадлаа. Мөн энэ жил сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд УИХ-ын гишүүд болоод салбар яам гээд бүх түвшинд анхаарлаа хандууллаа. Мөн орон нутгууд орон нутгийнхаа төсвөөс багш нараа урамшуулах, сургуулидыг материаллаг зүйлээр хангах зэргээр боловсролын хүртээмжийг сайжруулахад анхаарсан. Дээрээс нь цэцэрлэгийн хүүхдүүдээ бүрэн цахимаар бүртгэж, хамран сургах тойрогт нь хуваарилчихдаг, суудал дүүрсэн бол хувийн цэцэрлэг рүү шилжүүлээд шийдэж байна. Үүнийг нэгдүгээр ангид хэрэгжүүлэх гэж оролдож байгаа. Гэхдээ нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэхэд асуудалтай зүйлүүд бол байна. Учир нь нэгдүгээр ангийнхныг цахимаар бүртгэхэд хамран сургах тойрогтоо анги нь хэдийн дүүрчихсэн байна.

Учир нь эцэг, эхчүүд сургалт сайн улсын сургуульд хүүхдээ оруулах зорилгоор шилжилт хөдөлгөөнийг маш их хийж байна.

Энэ төрлийн гомдол ч тасрахгүй байна. Өөрөөр хэлбэл, сайн гэсэн сургуулийн харьяалалттай айл руу хүүхдээ түр оршин суугчаар бүртгүүлж байгаа учраас тухайн сургуулийн ачаалал, дүүргэлт нэмэгдээд байна. Тийм хүүхдийг авах ч хэцүү, байх хэцүү. Бүр дэлгүүрийн хаяг дээр хүртэл бүртгүүлсэн зөрчил гарсан. Тиймээс багш нар энэ жил “танайд энэ сургуульд хамрагдах нэгдүгээр ангид элсэх хэчнээн хүүхэд байна, түр оршин суугч бий юу гээд” гэрээр нь очиж шалгалаа шүү дээ. Гэхдээ цэцэрлэгийн элсэлтээ хянаж, зохицуулж чадаж байна гэдэг чинь боловсролын салбарт хийж буй бодлогын маш том ахиц.

Бас нэг ахицтай зүйл нь хүүхэдгүй байгаа улсын цэцэрлэг дээр хотхоны бага сургуулийн нээсэн. Цэцэрлэгийн орчин учраас маш тухлаг байна гээд эцэг, эхчүүд ам сайтай байна. Энэ мэт ахицтай зүйлүүд байна. Гэхдээ ингээд бодлогын асуудал дуусчихгүй бидний зорилго болоогүй. Зарим хүмүүс хүүхдийн тоо цөөрч байхад цэцэрлэг, сургууль нэмж барих шаардлагагүй гэж ярьж байна. Үгүй шүү дээ. Цэцэрлэг, сургуульд 30-50-уулаа сууж байна, энэ тоог бууруулах ёстой.

-Сайн гэсэн сургуульд хүүхдээ оруулах гээд шилжилт хөдөлгөөн хийж байгаа нь өөрөө боловсролын чанарын асуудал харилцан адилгүй байгаагийн илрэл байх. Ер нь манайд багшийн ур чадварыг яаж үнэлдэг юм бол. Багшийн заах арга барил, ур чадварыг сайжруулахад анхаарах шаардлагатай л харагдах? 

-Гурван чухал зүйлийг хэлмээр байгаа юм. Нэгдүгээрт, багш бэлтгэж байгаа сургуулиудын чанар, тогтолцоонд анхаарах цаг нь болсон. Энэ асуудалд төр юу ч хийж чадахгүй байна. Монгол Улсын Боловсролын их сургууль нийт багш нарын бараг 50 хувийг бэлтгэдэг. Ядаж төрийн өмчит их, дээд сургуулиудынхаа сургалтын хөтөлбөр, чанарыг сайжруулахгүй байна. Хүүхдийн  сурлагын чанар, амжилтад багш хэр бэлтгэгдсэн байдал шууд нөлөөлнө.

Гэтэл өнөөдөр багш нар орчин үеийн хүүхэд багачуудад хэрэгтэй мэдлэг, ур чадварыг эзэмшиж чадсан уу гэвэл, шууд үгүй гэж хэлнэ.

Арай дөнгүүр нь Багшийн их сургууль. Гэтэл багш бэлтгэдэг хувийн 20-иод их, дээд сургууль бий, эдгээрийн сургалтын чанар маш муу. Боловсролын сайд Боловсролын их сургууль дээр ажилласан. Гэхдээ одоогоор яаж сайжруулах вэ гэдэг бодлогын шийдлийг танилцуулаагүй байгаа. Монгол Улсын Боловсролын их сургуулийн хөтөлбөрийг сайжруулж, тэнд байгаа сургалт үйл ажиллагаа буюу багш бэлтгэх тогтолцоог шинэчлэхгүйгээр сайн баггшийн тухай ярих боломжгүй.

Хоёрдугаарт, сургалтын чанарт тавих хяналт маш муу байна. Монголоос бусад бүх орон боловсролын хяналт, шалгалттай байдаг. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага гээд бүх шатны боловсролын байгууллагын өдөр тутмын сургалтын үйл ажиллагаа яаж явж байна, багш хичээлдээ хэрхэн бэлдэж, яаж зааж байна гээд өдөр тутмын үйл явцыг нарийн хянахгүйгээр чанарыг үнэлэх боломжгүй. Хотоос алслагдах тусам сурлагын чанар муу байгаа. Энэ бүхэн хяналт шалгалттай холбоотой. Мэргэжлийн хяналт боловсролын салбарт маш чухал. Өдөр тутмын хичээл сургалтын үйл ажиллагаа чанартай сайн байж боловсролын чанар сайжирдаг бичигдээгүй хууль бий.

Гуравдугаарт, манай яамны боловсролын бодлого байна. Улсын сургуулиудын ялгааг арилгах бодлого байх байтал улсын сургуулиудыг чанар, хөтөлбөрийн хувьд илүү ялгаатай болгох бодлого барьж болохгүй. Энэ нь боловсролын тэгш бус байдал үүсгэж байна гээд иргэний нийгмийн байгууллагаас өчнөөн хэлж, анхааруулж байгаа.

-Энэ жилээс эхлэн малчны 6,7 настай хүүхдийг гэрээр сургах сонголттой болгож орон нутагт туршиж эхэлж байгаа. Энэ нь дахиад л нөгөө боловсролын тэгш бус байдлыг бий болгож байгаа бодлого биш үү?

–Багийн сургуулийг байгуулах гээд байгаа нь нэг талдаа малчин айлын хүүхэд гэрээсээ сургуульд явах боломж олгоод зүгээр юм шиг. Гэтэл багийн сургууль өөрөө хамгийн чанаргүй сургууль байгаад байна шүү дээ. Тэгэхээр багийн сургууль байгуулахынхаа хажуугаар чанарыг нь яаж сайжруулах вэ гэдэг дээр яам бодлогоо хэрэгжүүлэхгүй байна. Тэгсэн хэр нь кембриджийн хөтөлбөр, олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулна гэдэг. Энэ бол боловсролын чанарыг сайжруулах шийдэл биш. Харин эсрэгээрээ боловсролын чанарыг ялгааг улам бий болгоно.

–PISA шалгалтаар Монгол хүүхдүүдийн боловсролын чанар муу, сурлагын хоцрогдолтой байна гээд үнэлчихсэн. Тэгсэн, сурлагын хоцрогдлыг арилгана гээд person, eduten гэх мэтчилэн цахим сургалтын аргыг нэвтрүүлсэн. Энэ оновчтой шийдэл мөн үү, үр дүнгээ өгч чадсан уу?

-Цахимжилтаар боловсролын хүртээмж, хоцрогдол, чанарын ялгаатай байдлыг арилгана гэсэн. Гэтэл үр дүн гарсангүй. Харин ч улам л ялгаатай байдлыг бий болголоо. Цахим платформыг нэвтрүүлээд ямар үр дүн гаргав гээд судалгаа хийж үзсэн. Судалгаагаар,  гэртээ цахим төхөөрөмжгүй, тэр битгий хэл интернетгүй, боломжгүй айлын хүүхдүүд тэр сургалтад хамрагдаж чадахгүй. Мөн сургууль нь интернетийн хурд муу учраас хичээлээ хийж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрөөсөө шалтгаалахгүйгээр чанартай боловсрол эзэмшиж чадахгүй бүр ялгаатай байдлыг бий болгоод байна. Үүнийг бодлогоор засахгүй байна. Товчхондоо, гүйцэт бодоогүй, судлаагүй бодлогын хэрэгжилтийн үр нөлөө чанарын ялгааг улам тэлж байна л гэж хэлнэ.

-Эцэг эхийн эдийн засгийн чадамж хүүхдийн сурлагад нөлөөлж байна уу гэж бас харагддаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд дан ганц сургууль дээр хичээл хийгээд сайн боловсрол эзэмшихгүй. Урлаг, спорт, хэлний сургалт, секц, дугуйлан зэрэг өөрийгөө хөгжүүлэх нэмэлт сургалтад хамрагдах, мөн шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь чухал. Гэтэл энэ боломж нь зарим хүүхдүүдэд хязгаарлагдмал байгаад байна, эцэг, эхийнхээ орлогоос хамаараад? 

–Таны хэлж байгаа наад асуудал чинь дэлхий дээр батлагдчихсан. Эцэг, эхийн нийгэм эдийн засгийн байдал хүүхдийн сурлагын амжилтад шууд нөлөөтэй. Үүнийг хэлээд манайхан ойлгодоггүй байлаа. PISA-гийн үр дүн гарч байж манай бодлого боловсруулагчид ойлгож эхэлсэн.

Эцэг эхийн боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлт, орлогын түвшин сурлагын амжилтад шууд нөлөөтэй гэдгийг манай улсын жишээн дээр баталсан.

Өөрөөр хэлбэл, “Танай суралцагчдын сурлагын амжилтад хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл бол ар гэрийн нийгэм, эдийн засгийн статус байна аа” гээд судалгааны үр гарчихсан. Гэтэл судалгааны дүн тэр дундаа юунаас болоод сурлагын амжилт муудаад, хүүхдүүд хичээлийн хоцрогдолд ороод байгааг, яагаад чанарын ялгаатай байдал үүсээд байгаа суурь шалтгааныг хэлж өгөөд байхад өнөөдрийг хүртэл юу ч хийсэнгүй, үүнийг засах бодлого хэрэгжүүлсэнгүй. Үнэхээр харамсалтай. Дараагийн PISA шалгалтад 2025 онд орсон. Үр дүнг нь есдүгээр сард танилцуулна. Үр дүн гарсны маргаашаас эхлээд төр засгийг шахаж эхэлнэ.

-Хүүхдийн сурлагад багшаас гадна эцэг, эхийн оролцоо чухал байх?

-Хүүхдийн нийгэм эдийн засгийн байдал төрөхөөс эхлээд нөлөөлж эхэлдэг. Эцэг, эх хүүхэдтэйгээ харилцах цагтай юу гэдгээс эхэлнэ. Гэтэл эцэг, эх хоёр нь хоёулаа ажилтай, цаг гаргаж хүүхэдтэйгээ харилцаж чаддаггүй. Үүнээс үүдэж хүүхдэд тархины хөгжил явагдахгүй. Цаашлаад танин мэдэхүй, хэл ярианы хөгжил муутай болдог. Хэл ярианы хөгжил муутай хүүхэд сурлагаар хоцрогдох нь тодорхой. Мөн манайхан гэртээ номын сан байхгүй. Ядаж л хүүхдээ дагуулаад музей үздэггүй.

Нийгэм эдийн засгийн байдал ганц санхүү, нэмэлт дугуйлан зэргээр хязгаарлагдахгүй.

Эцэг эхийн боловсрол маш чухал. Эцэг эх нь боловсролгүй бол гэрийн даалгаварт дэмжлэг үзүүлдэггүй. Ар гэрийнхээ санхүүд нэмэр бол гэдэг, зарим ээж аавууд. Гэх мэт хүүхдийн боловсролд нөлөө үзүүлэх олон хүчин зүйл бий. Тэгэхээр энэ бүгдийг тооцоолсон боловсролын бодлогыг шаардах хэрэгтэй. “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө бага байна” гэхээр тэгвэл ээж, ааваас нь 1000 төгрөг авчихъя гэдэг. Энэ чинь өөрөө нийгэм эдийн засгийн статус доогуур айлын хүүхдийг шууд цэцэрлэгээс гаргахад нөлөөлнө. Мөн сурлагын амжилтад СӨБ-д хамрагдсан эсэх нь бас нөлөөлж байна гэсэн. Гэтэл дээрх бодлого чинь эсрэг байгаад байна шүү дээ.

-Энэ жилээс эхлээд 2028 он хүртэл 300 хромбүүк тараана гэж Боловсролын сайд мэдэгдсэн…

-Амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдэд олгодог дүрэмт хувцас, сурах бичиг олгох боловсролын дэмжлэгийг Халамжийн хуулиас хасчихаж байгаа юм. Бидний зүгээс хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай ярьж, хэлэлцүүлэгт оролцож, “боловсролын дэмжлэг заавал байх ёстой” гэж хэлж байж нэг заалт нэмж оруулсан.

Нийгэм эдийн засгийн статусаа харгалзаж бодлогоо боловсруулах ёстой. Өөрөөр хэлбэл, бүх хүүхдэд таблет тараахгүй л байх хэрэгтэй.

Хүүхдэдээ таблет аваад өгөх боломжтой өчнөөн айл бий шүү дээ. Үнэхээр зорилтот бүлгийн хүүхдүүддээ өг л дөө. Нийгэм эдийн засгийн судалгаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр бэлэн байгаа шүү дээ. Хавтгайруулсан халамжаа болих хэрэгтэй. Халамж гэчхээд үнэхээр зорилтот бүлэгтээ халамжаа үзүүлж чадахгүй, улам ялгаатай байдал үүсгээд байна. Энэ бодлогоос төр татгалзах хэрэгтэй.

Боловсрол бол хүнийг ядуурлаас гаргах зэвсэг. Сайн, чанартай боловсрол эзэмших боломжийг олгох нь чухал. Олон шатлалт дэмжлэгийн тогтолцоо гэж байх ёстой.

Дэмжлэг хэрэгтэй хүүхдэд тохирсон дэмжлэгийг үзүүлэх нь чухал. Тухайлбал, гэртээ очоод гэрийн даалгавраа хийх боломжгүй бол түүнийг дэмжих, очоод тоглох орчин байхгүй бол түүгээр хангах гээд дээр хэлсэн олон шатлалт дэмжлэгийн тогтолцоо хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-03 66.181.176.216

энэ буурал үстэй авгай юу хийдэг хүн юм.бол. байсгээд л ширээний ард суучихаад яриад л баыдгын

Avatar

Zochin 2026-09-03 122.201.31.212

ene heden avgai huhenudtei yavj bsn,bugdl ork ork bj yun ih yum yaridag yum,gaihad bdg yum olni tanil ,orsdiho lag gesnguud gudam,delgur,bgulkaga,olon niitin gazrudad harahar aims higiin tsarsi,huvtsaslalttai hajudni har zahiin gesn avgai arai l unend oir yumdaa,holuur yavnar humus shu,edgeeruud

Avatar

Болор 2026-09-03 202.126.88.198

энэ авгай хоосон чалчихаас өөр юу мэдэх билээ.Иймэрхүү арчаагүй хутгуур хийсэн Олиггүй хог.

Avatar

Нэргүй 2026-09-03 202.126.89.93

яахвээ манай улс Дэлхийн тив тивийн хөгждөггүй улсуудаас л арай дээр юмдоо зайлуул гхдээ л энэ улсын Нийгмийн Асуудлууд Огт Шийдэгдэхгүй бна даа….
Боловсрол , Эрүүл мэнд, Дэд Бүтэц, Эрчим Хүч, Автозам, Хот суурингууд гээд л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж