Э.Бат-Үүлийн тухай ярих юм бий

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийн тухай ярих юм бий

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор урилаа.

-Та Э.Бат-Үүл гишүүний  манай сонинд хэвлүүлсэн “Манай Зюганов” нийтлэлийг уншсан байх гэж бодож байна?

-Уншсан.

-Тэгээд танд ямар санагдав. Үүл гишүүн та хоёрын энэ хэрүүл зөвхөн хоёр хүний хоорондын асуудал биш болоод явчих шиг санагдлаа. Тийм учраас таны үзэл бодлыг сонсъё гэж саналаа?

-Нийтлэл болгож ирээд бичсэнийг бодоход Э.Бат-Үүл нэлээд ач холбогдол өгч байх шиг байна. Манай Үүл энэ нийтлэлийг бичих гэж нэлээд хөдөлмөрлөсөн байх. Харамсалтай нь тухайн нийтлэлд гарсан үйл  явдлууд ямар ч баримтгүй  бүгд худлаа.  Зөвхөн Эрдэнэ гэдэг хүнийг хараар будахын тулд л зориудаар   бичье гэж бичжээ.  Үүнд нь  харамсчбайна. Олон жил нэг туган дор сайдалцаж, муудалцаж явсан нөхрийн хувьд  сонин хэвлэлээр  ингэж  оргүй гүтгүүлж байгаа минь харамсалтай  л  байна.  Уг нь энэ цаг үед   Э.Бат-Үүлтэй хэрүүл уруул хиймээргүй л  байгаа юм.

-Таныг үе, үеийн намын дарга нарынхаа эсрэг үйл ажиллагааг удирдсаар ирсэн гэсэн байсан.  Үүл гишүүнд тэгж бодогддог юм байж.  Харин та юу гэж хариулах вэ?

-Би улс төртэй, ардчилалтай  амьдралаа холбоод 20 жилийг тууллаа.   Тийм   ээ, би намынхаа  үе, үеийн  удирлагуудад шүүмж­лэлтэй хандсаар ирсэн. Харин намын удирдлагуудаа огц­руулахын төлөө  явж ирсэн гэвэл түүн шиг худал юм байхгүй.  Хатуу үг хэлсэн, шүүмжлэлтэй хандсан хүнийг намын удирдлагаа огцруулах ажиллагаа зохион байгуулж байна гэж дүгнэдэг бол юуных нь ардчилал байх юм бэ. Ардчилсан нам хэзээд нээлттэй, дотоод ардчилалтай байсаар ирсэн.  Надаас гадна олон гишүүн намынхаа удирдлагыг шүүмжилдэг. Нүүрэн дээр нь алдаа, оноог нь хэлж чаддаг. Үүгээрээ Ардчилсан нам амьд байж чаддаг. Шүүмжлэл,  сөрөг байр суурь нээлттэй л байх ёстой.  Э.Бат-Үүл намайг Да.Ганболдын эсрэг явж байсан гэсэн байсан. Би хэзээ ч Да.Ганболдын эсрэг ажиллаж байгаагүй. Ардчилсан намын даргыг сонгох марафон 1996 онд болсон. Марафоныг Э.Бат-Үүл өөрөө санаачилсан. Тэр үед би Ц.Элбэгдоржийн багт түүнийг дэмжин ажиллаж байсан юм.

Тэгснээрээ  би Да. Ганболдын эсрэг ажиллаж түүнийг унагаах гэж оролдсон болж байна уу. Мара­фон явуулснаараа тухайн үед нийгмийн анхаарлыг Ардчилсан намын зүгт хандуулж сонгуулийн үед манайх өөртөө нэмэх оноо авч чадсан. Гэвч намаа  маш том хоёр хэсэгт  хуваасан. Бүр бие биенээ үзэн ядах хэмжээнд тултал хоёр хуваасанаараа намдаа  муу үр дагавар дагуулсан юм. Иймэрхүү  нөхцөл байдал олон тохиолдож байлаа.  Тэр болгоныг тайлбарлаж яриад ч яахав. Харин намайг “Зууны мэдээ”сонинд ярилцлага өгсөний төлөө Намбарын Энхбаяртай хам хэрэгтэн болгож орхиж. “Зууны мэдээ” сонин бодвол Энхбаярынх юм байлгүй. Сурвалжлагч нь утас­дахаар нь л юу ч бодож саналгүй  ярилцлага өгчихсөн юм. 

-Та “Зууны мэдээ”-г хэний сонин гэдгийг нь мэддэггүй юм уу?

-Би яаж мэдэх юм бэ. Эрхлэгч нар нь солигдоод  янз бүрийн юм дуулдаж л байдаг. Надад тэр нь ямар хамаатай юм бэ.  Би хэвлэл мэдээллийг ялгадаггүй.  Сонин, телевиз хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл чинь ардчиллын үнэт зүйл.   Тэгээд ч аль нэг сонинд ярилцлага өгөхөөрөө тухайн сонины эзний хамаатан садан болчихдог юм бол Э.Бат-Үүл өөрөө танай “Улс төрийн тойм” сонины юу нь байж таарах вэ  гэдгийг  асуумаар санагдаад байгаа юм.  Э.Бат-Үүл  “Улс төрийн тойм”-той  ямар холбоотой болоод ярилцлага,  нийтлэл нь дугаар алгасахгүй гараад байна гэж би бодох хэрэгтэй болох нь ээ дээ.  Тийм ч учраас би зориуд танай сонинд ярилцлага өгч байна.  Э.Бат-Үүлийнхээр бол би маргааш танай сонины  юу нь болж таарах бол. Хэний хүн гэгдэх   бол. Э.Бат-Үүлээс сонсох сон. 
 
-Э.Бат-Үүл гишүүн Ардчилсан хүчний холбоо руу анх “гал шидэх”  болсон шалтгаан нь нам бүсийн уулзалт хийгээд явж байхад  Ардчилсан хүчний холбоо зориуд давхцуулан  уулзалт зохион байгуулсан нь Ардчилсан намыг хоёр хуваах зорилго агуулсан гэсэн байсан л даа.

-Яагаад төрийн бус байгууллага ард түмнийхээ санаа бодлыг сонсож болдоггүй юм бэ. Ардчилсан намын удирдлагын зүгээс бүсийн уулзалт зохион байгуулах ямар ч шийдвэр гараагүй шүү дээ.  Би өөрөө  Ардчилсан намын удирдлагын нэг шүү дээ. Манай намын дүрмээр намын удирдлага гэж  гуравхан л хүн байдаг юм. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн намын дарга байна гэж  заасан байдаг юм. Намын удирдлагын хувьд би лав Ардчилсан намаас бүсийн чуулга уулзалт зохион байгуулна гэж юм сонсоогүй.  Хоёрдугаарт, манай на­мын удирдах дээд байгууллага нь намын Гүйцэтгэх зөвлөл.  Гүй­цэтгэх зөвлөл хавраас хойш нэг ч удаа хуралдаагүй. Үндсэндээ бол манай нам удирдлагагүй л явж бай­гаа шүү дээ.  Харин Ардчилсан хүчний холбоо дөрөвдүгээр сард хуралдсан хурлаасаа бүсийн чуулга уулзалт зохион байгуулна гэдгээ зарлаад товлочихсон байсан.  Тэгээд долдугаар сарын 23-нд хангайн бүсийн чуулга уулзалтаа Хөвсгөлөөс эхлүүлсэн.  Тэгэхэд намын чуулга уулзалт сураггүй л байсан.

-Нам удирдлагагүй байгаа гэж та зүгээр нэг хэлчихэв үү, хэлье гэж хэлэв үү?

-Хаврын ҮЗХ-ны хурлаас хойш өнөөдрийг хүртэл бараг хагас жил Гүйцэтгэх зөвлөл нэг ч удаа хурал­даагүй.  Намын удирдах дээд эрхийг барьж байдаг Гүйцэтгэх зөвлөл огт хуралдаагүй байгааг тэгээд юу гэж хэлэх юм бэ.  

-Гүйцэтгэх зөвлөлийг хэн зар­лан хуралдуулах ёстой юм бэ?

-На­мын дарга.

-Танай намын дарга чинь өөр­тэй нь холбоотой мэдээлэл гарахаар  аль нэг сонинд ярилцлага өгчихөөд л яваад байгаагаас дүгнэхэд ямар ч байсан эсэн мэнд байгаа бололтой дог. Ерөнхий нарийн бичгийн дарга нь ч бас үе, үе ярилцлага өгөөд байгаа атлаа ажлаа хийдэггүй юм уу?

-Намын хамтын удирдлагын дээд байгууллага нь Гүйцэтгэх зөвлөл. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр бол гүйцэтгэх ажилтан. Би ч ялгаагүй.

-Тэгэхээр одоо намын дарга чинь Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж чадахгүй байгаагаас ҮЗХ-ны хурлаа зарлахгүй байгаа юм уу?

-Дүрмээр бол гурав,  есдүгээр сард ҮЗХ хуралдаж байх ёстой.  Дүр­­мээрээ яваа бол одоо л хурал­дах ёстой.  Намын дарга Гүйцэтгэх зөв­лөлийг хуралдуулж ҮЗХ-г зарлах ёстой болохоор хэлж мэдэхгүй байна. 

-Яг үнэн чанартаа бол   Ард­чилсан хүчний холбоо  та­най намын удирдлагад буй “Алтан­гадас”-ын эсрэг л байгаа шүү дээ. Нуух хэрэг байна уу?

-Би тэгж бодохгүй байна. Манайх ямар нэг фракцийн эсрэг бай­гуулагдсан холбоо биш. Тэгээд ч Ардчилсан хүчний холбооны гишүүдийн дийлэнх нь нам бусчууд.

-Яахав өнгөндөө ингэж хэлж байгаа ч үнэн хэрэгтээ өөр байр суурьтай байгаа даа?

-Үгүй, тийм биш.  Та нар ядаж манай холбооны бүсийн чуулга уулзалтын аль нэгэнд нь сууж үзчихээд  дүгнэлтээ гаргах хэрэгтэй шүү. Бид  юу ярьж,   тэнд оролцож байгаа хүмүүсийн бүтэц бүрэлдэхүүн нь ямар байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэх юм бол  дүгнэлт чинь өөрчлөгдөх байх. Хүний хийж бүтээж байгаа юмыг хөндлөнгөөс буруутгах нэг хэрэг. Нүдээр үзэж, чихээр сонсвол бас нэг өөр дүгнэлт гарна.  Тэгээд ч манай холбоонд байгаа хүмүүс аль нэг улс төрийн хүчнийг дэмжиж үйл ажиллагаа явуулдаг хүмүүс биш. Улс эх орноо хөгжүүлэхийн тулд нэгдмэл зорилготой, нэг санаатай хүмүүс хамт байгаа. 

-Нэг сонин юм ажиглагдаад байна. Э.Бат-Үүл ч бас намын­хаа удирдлагад, одоогийн “Ал­тан­гадас”-т  шүүмжлэлтэй хандсаар  ирсэн. Та ч мөн адил. Гэтэл та хоёр Ардчилсан хүчний холбооноос болж муудалцаад байх юм.  Ингээд бодохоор  цаана нь ямар нэг улс төрийн ашиг сонирхол  та хоёроор илэрч байна  гэж хардахад хүргээд байна л даа?

-Э.Бат-Үүлд энэ хамтарсан Засгийн газрыг, хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашгийг хамгаалах сонирхол байгаа юм байлгүй дээ.  Надад бол тийм  сонирхол алга.  Манай Ардчилсан хүчний холбоонд ч гэсэн улс орны язгуур эрх ашгийн төлөө л ажиллах нэг зарчим байгаа болохоос өөр зорилго байхгүй. Анхнаасаа  ийм зорилготой байсан. Тэр зорилгодоо ч хүрч ажиллаж байгаа. Магадгүй Бат-Үүлд энэ намын дарга болох сонирхол байгаа байж мэдэх л юм.

-Намын дарга болох сонирхолтой гэдгээ Үүл гишүүн нуудаггүй шүү дээ?

-Тэгвэл манай холбооны ерөн­хийлөгч  З.Энхболд гишүүн бол Ард­чилсан намын дарга болоход хамгийн боломжтой хүн гэж яригддаг, үнэлэгддэг. Тэгээд Э.Бат-Үүлээс илүү  өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулаад нэр хүнд нь өсөөд байгаад  бухимдсандаа ийм байдал гаргаж  байж мэдэх юм.  Хэрвээ тийм бол буруу л ажиллаж байна.

-Ингэхэд Үүл гишүүн та хоёрт ямар нэгэн байдлаар эрт, урьдийн өс хонзон бий юу?  

-Э.Бат-Үүл бид хоёр энэ 20 жилийн хугацаанд  таарамжгүй  явж ирсэн юм аа. Учир нь 1990 онд энэ хүнийг АИХ-ын депутатад нэр дэвшээд  эхний санал ху­раал­таар унаад дахин санал хураалгаж байхад би шадар туслах байсан юм. Тэгээд түүний төлөө Шувуун фабрик, Биокомбинатын партизануудтай  хамт  нойр хоолоо умартан  хүчин зүтгэж  энэ хүнийг гаргаж байлаа. Яг сонгуулийн дүн гарсан тэр шөнө  утасдаад “Бат-Үүл дарга аа, та ялчихлаа. Танд баяр хүргэе” гээд ярьтал шал нойрмог юм утсаа аваад “За яахав яахав, маргааш өглөө уулзъя” гээд утсаа  тавьчихаж  билээ. Уг нь түүнийг намын удирдлагуудтай хамт намынхаа байран дээр сонгуулийн дүнг хүлээгээд сууж байгаа гэж бодож байсан юм.  Түүнээс юу хүс­сэн бэ гэхээр баяр талархлын үг хү­лээж байсан. Бас штаб дээрээ ирээд өөрийнх нь төлөө ажилласан хүмүүсийг тэвэрч аваад уйлдаггүй юм гэхэд “Баярлалаа” “гэж  хэлэх байх гэж бодсон юм. Гэтэл шал нойрмог утсаа аваад “Баярлалаа” ч байхгүй шүү.  Тэгэхэд би хамт ажилласан хүмүүстээ Э.Бат-Үүлийн өмнөөс худ­лаа ярьсан. “За нам дээр чухал ху­ралтай байгаа уч­раас дарга ирэх бо­лол­цоогүй юм байна. Та нарт маш их баярлаж байна. Бүгдэд нь хэлээрэй гэсэн” гээд   жолооч явуулж хоёр шил архи авчруулаад ялалтыг нь тэмдэглэж байлаа.  Тэгэхээр энэ хүн бол хүний зүтгэлийг, хүний сэтгэлийг яаж үнэлдэг вэ гэдэг нь тэр явдлаас харагдсан. Миний зэвүү маш их хүрсэн. Тэгээд л маргааш өглөө нь бид хоёр муудалцсан.   Тэр цагаас хойш би Э.Бат-Үүлийг базаахгүй эр юм гэж бодох болсон. Э.Бат-Үүлд  хүн чанар, эр хүний ноён нуруу гэж байхгүй. Тэглээ гээд би Э.Бат-Үүлийг муулж, түүний эсрэг хор  найруулж яваа­­гүй. Харин ч Сүхбаатарын  тал­байд   цагдаа нар­тай зодолдож ява­хад  хажууд нь хэн байсныг тэр санах хэрэгтэй.   Баянчандмиас эх­лээд л тракторуудыг хамгаалж хот руу  оруулж ирэхэд хажууд нь хэн бай­сан юм бэ.  Гэтэл хэд хэдэн удаагийн Ардчилсан холбооны жагсаал цуглааныг на­майг удирдаад явж байхад тэгвэл Э.Бат-Үүл хаана байсан  юм бэ.  Э.Бат-Үүл эндүүрч ярьсан байна би­лээ. Намайг дандаа хоёрдугаар эгнээнд явсан гэж.   Ардчилсан холбооны дарга байсан хүнийг яаж тэгж хэлж чадаж байна аа.  Э.Бат-Үүл өөрөө энэ холбооны дарга байж үзсэн юм уу. Ардчилсан холбоо гэдэг Ардчилсан намын тэмцэл, үйл ажиллагааны цөм, гол хүч нь байсаар ирсэн гэдгийг тэр санах хэрэгтэй.  Хоёрдугаарт,  2000, 2004 онд Бат-Үүлийг тойрог сольж тэнэж явахад  би МАХН-ын топ лидер, рейтингээрээ тухайн үедээ байнга тэргүүлж байсан, бүр үндэсний удирдагч гээд нэрлэгдчихсэн  Намбарын Энхбаяртай халз үзэж байсан юм. Тэгэхэд Э.Бат-Үүл манай тойрогт  ирээд  ганц үг хэлчихээгүй. “Муу ч, сайн ч Эрдэнээ маань 1990 онд миний шадар туслахаар ажиллаж байсан юм шүү. Намбарын Энхбаяртай үзэж байгаа юм даа” гээд миний нэг удаагийн уулзалт дээр ирээд  үг хэлчихэж болно доо. Тэгээгүй л юм даа. Ийм байж намайг элдвээр хэлдэг хэн бэ тэр. Би гайхаж байна.

-Та ч яах аргагүй хоёр удаа Н.Энхбаяртай тулсан шүү…?

-Тэгсэн. Ялагдсан. Тэглээ гээд би уйлаагүй, шантраагүй, тойргоо солиогүй. Би “Баянголын Эрдэнэ” гэж  овоглуултлаа  ажилласан, тойргоо солиогүй. Надад  тойргоо солиод УИХ-ын гишүүн болчих бо­ломж байсан. Би тэгээгүй. Би хэзээ ч үзэл бодол, зорилго, тэмцлээсээ ухарч байгаагүй.  Тэглээ гээд надад бүү атаарх. Би Баянгол дүүргийн  намын даргаа өгье гэж хоёр, гурван удаа санал  гаргасан.  Манай баянголчууд зөвшөөрдөггүй юм.   Би Э.Бат-Үүлийн тухай яривал олон юм ярина.  1994 онд П.Жасрайтай яаж хуйвалдаж жагсаал тарааж байсан, түүний үр дүнд “Цагаан морь”компаниа хэрхэн  байгуулсан, ноолуурын наймаа яаж  хийсэн гээд олон юм ярина.  Өөрөө энхийн ца­гаан тагтаа шиг  биш байж хүнийг битгий гүтгэ.   Монгол Улсын баатар хүн ийм арчаагүй жижигхэн юм ярьж явах ч гэж дээ.  Ардчиллын анхдагч, ардчиллын топ лидер байж ийм байж болдог юм уу. 

-Түүнийг С.Зоригийн хэрэгт гүтгүүлээд шоронд ороход та хаана байсан бэ?

-Хажууд нь байсан. Ер нь хамгийн хэцүү үе болгонд Э.Бат-Үүлийн хажууд би байж чадсан. Үүнийг үгүйсгэж чадахгүй. Цагдаа, тагнуулын архивт бичлэг нь байдаг байлгүй. 

-Тэгвэл өнгөрсөн жил таныг гүтгэж “Ганц худаг”-т суулгахад тэр таны хажууд байж чадсан уу?

-“Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв­ших гэсэн юм дэмжээч” гэж нэг удаа л очсон. Би дэмжихгүй ээ л гэсэн. Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэдгээ шууд л хэлсэн.

-Өөрөөр очоогүй гэж үү?

-Үгүй. Очоогүй.

-Ардчилсан намын анхдагч нарыг ялих ялихгүй шалтгаанаар  хоорондоо ингэж муудалцаад байхаар онцгүй санагдах юм.

-Үүний ард улс төрийн асар том зорилго байгаа байх.

-Миний бодлоор бол Үүл гишүүн Ардчилсан хүчний холбоог зүгээр л тэгээд хэлчихсэн байх гэж  бодогдох юм. Ард нь ямар л улс төр байв гэж дээ?

-Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Ний нуугүй хэлэхэд улс төрийн асар том эрх ашиг байгаа болоод л Э.Бат-Үүл ингэж үг хэл гаргаж, зүгээр байсан нөхөд рүүгээ чулуу шидээ биз.

-Яг хэний ямар улс төрийн зорилго байна гэж та бодоод байна вэ?

-Магадгүй хамтарсан Засгийн газрын эрх ашиг байж болох юм. Бас намын удирдлагын ч, бас мөнгөний ч сонирхол байж мэднэ. Үгүйсгэх аргагүй шүү дээ. Том том уул уурхайн хувь заяа шийдэгдэж,  хэдэн тэрбум доллараар хэмжигдэх мөнгөний асуудал яригдах гэж байна.  Тэгэхээр үгүйсгэх аргагүй.   Яагаад Э.Бат-Үүл  тэднийг өмөөрөөд байгаа юм бэ. Үзэл бодлоо илэрхийлэх нь түүний  эрх. Тэгвэл бид ч бас үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэтэл яагаад бидний дууг хорих гээд хичээгээд  байна аа. Цаана нь ямар нэг ашиг сонирхол байна, тийм үү.

-Хэрвээ танай ҮЗХ дээр Ард­чил­сан хүчний холбооноос биш юм гэхэд Н.Алтанхуягийг огц­руулах, хамтарсан Засгийн газраас намаа гаргах талын асуудал яригдвал та дэмжих үү?

-Би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлнэ.  Миний зорилго бол үнэхээр л манай улс парламентын засаглалтай улс мөн юм бол Үндсэн хууль зөрчихөө болиоч ээ гэдгийг л хэлнэ. Хэрвээ ялагдсан ялсан хоёр нийлээд засгийн эрхийг барьчихдаг юм бол сонгууль явуулж яах юм бэ. Тийм их хөрөнгө мөнгө, цаг зав, хүн хүч гаргаж яах юм бэ. Ний нуугүй хэлэхэд, МАХН долдугаар сарын 1-ний үйл явдлын хариуцлагыг үүрэхгүй л гэж манай намыг Засгийн газарт оруулсан шүү дээ. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. Хэн тэр саналыг нь дэмжиж өмнөөс нь гүйж очсон, дараа нь тэр аймшигт хэргийн хариуцагч олдохгүй өнөөдрийг хүрч байгааг ч  ард түмэн харж байна шүү дээ. 

-Үнэхээр тийм бол хамтарсан Засгийн газрыг огцруулчихаач. Ардчилсан нам чинь парламентад сөрөг хүчин байх ёстой гэдгийг ард түмэн 2008 оны сонгуулийн дүнгээр хэлээд өгчихсөн шүү дээ?

-Би тантай санал нэг байна. Гэх­дээ үүнийг би шийдэхгүй. Шийддэг хүн нь ч биш. Энд би хувь хүнийхээ   байр суурийг л  илэрхийлнэ. Тэр­нээс хэн нэгэн Н.Алтанхуягийг  огцруулахын төлөө Ардчилсан хүчний холбоо ажиллахгүй. Э.Бат-Үүлийн хэлээд байгаа шиг Засгийн газрыг огцруулаад оронд нь сайд болох гээд байгаа юм биш. Бид ард түмний сонголтыг албан ту­шаа­лаар наймаалдаг хүмүүс биш. Бид­ний зорилго өөр. Бидэнд Н.Алтан­хуягийн албан тушаалтай зууралдахаас илүү Монголынхоо төлөө хийх  юм их байна.   Тиймээс санаа амар байж болно.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.  

Л.БАЯРМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж