Замын-Үүдийн гаалийн даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Замын-Үүдийн гаалийн даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Замын-Үүдийн гаалийн даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байсан Н.Т-д холбогдох хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Авлигатай тэмцэх газар /АТГ/ уг хэргийг шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Н.Т нь албан тушаалаа ашиглан гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нарын гаалийн мэдүүлгийг түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас барааг даруй гаргах зөвшөөрөл олгуулах зорилгоор гаалийн улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарт үүрэг, чиглэл өгсөн гэх хэрэгт холбогджээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар Н.Т нь 2023 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2025 оны гуравдугаар сарын 22-ны хооронд Т.Э, Д.С нараас нийт 88.5 сая төгрөгийн хахууль авсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тодруулбал, Д.С нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн нийт 2366 гаалийн мэдүүлгээ түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Н.Т-д 18 удаагийн үйлдлээр нийт 52.5 сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэгт холбогджээ.

Харин Т.Э нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн нийт 1274 гаалийн мэдүүлгийг түргэн шуурхай хянуулж, барааг гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авах зорилгоор Н.Т-д есөн удаагийн үйлдлээр нийт 36 сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэгт холбогдсон байна. Прокуророос тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүх хянан хэлэлцэх юм. Шүүх гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй бөгөөд дээрх мэдээлэл нь мөрдөн шалгах болон прокурорын шатанд тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-09-01 43.228.130.169

нөгөө гаалийн охидууд яасан бэ шалгаачээ.Навсайтал хахууль авдаг ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж