2026 оны эхний зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 678 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 347 нь цусан суулга буюу шигеллёзын тохиолдол бөгөөд нийт гэдэсний халдварын 51.2 хувийг эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэдэсний халдварын түвшин 10 мянган хүн амд 0.3-аар, цусан суулгын тохиолдол зургаагаар нэмэгджээ.
Уг өвчлөл нэмэгдэхэд гар, хувийн ариун цэврийг сахихгүй байх, баталгаагүй ус хэрэглэх, хүнсний бүтээгдэхүүнийг буруу хадгалах, дутуу боловсруулж хэрэглэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, олон хүүхэд нэг дор цугласнаар халдвар тархах эрсдэл нэмэгдэх боломжтой аж.
Гэдэсний халдварын нөхцөл байдал болон урьдчилан сэргийлэх талаар НЭМГ-ын Нийтийн эрүүл мэндийн өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн мэргэжилтэн А.Ербахытаас тодрууллаа.
Тэрбээр ярихдаа "2026 оны эхний зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 678 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс цусан суулга 347 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь нийт гэдэсний халдварын 51.2 хувийг эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2026 оны эхний зургаан сард гэдэсний халдварын түвшин 10 мянган хүн амд 0.3-аар өссөн байна. Мөн цусан суулгын тохиолдол өмнөх оны мөн үеэс зургаагаар нэмэгджээ. Харин 2025 оны бүтэн жилийн үзүүлэлтээр Улаанбаатар хотод гэдэсний халдварын 2352 тохиолдол бүртгэгдэж, 10 мянган хүн амд 14.2 байсан бөгөөд өмнөх оноос 10 мянган хүн амд 5.9-өөр буурсан байна. Өөрөөр хэлбэл, 2025 онд буурсан өвчлөл 2026 оны эхний зургаан сарын байдлаар бага хэмжээгээр өсөх хандлага ажиглагджээ.
Гэдэсний халдварт өвчнөөс цусан суулга буюу шигеллёз хамгийн их бүртгэгдэж байгаа аж. 2025 онд цусан суулгын 1124 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2026 оны эхний зургаан сарын байдлаар 347 тохиолдол бүртгэгдээд байна.
Гэдэсний халдварын гол эрсдэлт хүчин зүйл нь гар, хувийн ариун цэвэр, баталгаагүй усны хэрэглээ, хүнсний буруу хадгалалт, боловсруулалт зэрэг байна. Тухайлбал, дутуу болгосон мах, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, угаагаагүй жимс, хүнсний ногоо болон хадгалалтын температур зөрчсөн хүнс нь халдвар дамжих эх үүсвэр болдог байна. Мөн ил задгай худалдаалж буй бэлэн хүнс хэрэглэх нь эрсдэл дагуулдаг гэнэ.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ЭХЛЭХЭД ХАЛДВАРЫН ЭРСДЭЛ НЭМЭГДЭНЭ
Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж, олон хүүхэд нэг дор цугласнаар гэдэсний халдвар тархах эрсдэл нэмэгдэх боломжтой байна. Ялангуяа нэг ариун цэврийн өрөөг олноор ашиглах, гарын ариун цэвэр хангалтгүй байх, тоглоом, ширээ, хаалганы бариул зэрэг нийтлэг гадаргуугаар дамжин тархах нөхцөл бүрддэг.
Тиймээс сургууль, цэцэрлэгүүдэд:
- Өглөө бүр хүүхдийн биеийн байдлыг ажиглах
- Суулгалт, бөөлжих, халуурах шинжтэй хүүхдийг хүлээн авахгүй, эмчид үзүүлэх
- Хоолны өмнө болон бие зассаны дараа гараа савандаж угаалгах
- Ариун цэврийн өрөө, хаалганы бариул, ширээ, тоглоомыг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
- Ундны усны аюулгүй байдлыг хангах
- Хоол үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн температур, эрүүл ахуйн хяналтыг сайжруулах
- Нэг хүүхэд халдвар авсан тохиолдолд бусад хүүхэд, ажилтнуудад шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд тандалт хийх шаардлагатай.
Гэдэсний халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Гэдэсний халдварын үед суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, базлах, дотор муухайрах, халуурах, хоолны дуршил буурах, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Харин олон удаа шингэн суулгах, давтан бөөлжиж шингэн ууж чадахгүй байх, шээс маш бага гарах буюу удаан хугацаанд шээхгүй байх, ам хэл хуурайших, нүд хонхойх, маш их сульдах, унтамхай болох, өндөр халуурах, өтгөнд цус, салс гарах, хэвлийгээр хүчтэй өвдөх, таталт өгөх, ухаан санаа өөрчлөгдөх зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай байна.
Ялангуяа нярай болон бага насны хүүхэд шингэн алдалтад хурдан орох эрсдэлтэй тул эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй аж.
ГАРАА БАЙНГА САВАНДАЖ УГААХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
Иргэд гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэхдээ хамгийн түрүүнд гараа зөв цагт нь савандаж угаах дадлыг хэвшүүлэх хэрэгтэйг зөвлөж байна. Тухайлбал, бие зассаны дараа, хүүхдийн живхийг сольсны дараа, хоол хийхийн өмнө болон хоол идэхийн өмнө гараа савандаж угаах шаардлагатай. Мөн баталгаатай ус хэрэглэх, хүнсийг бүрэн болгож хэрэглэх, түүхий болон болсон хүнсийг тусад нь хадгалах, жимс, ногоог сайтар угаах, хүнсийг тохирох температурт хадгалах, ил задгай худалдаалж буй бэлэн хүнснээс татгалзахыг зөвлөж байна.
Эцэг эхчүүд хүүхдээ суулгаж, бөөлжиж, халуурсан үед сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй, эмчид хандах хэрэгтэй. Мөн антибиотикийг эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Учир нь гэдэсний бүх халдвар антибиотик эмчилгээ шаарддаггүй бөгөөд өвчний шалтгаанаас хамаарч эмчилгээ өөр байдаг байна.
3,595.38






















































Холбоотой мэдээ