“Эрх баригчид байгалийн баялаг дээр популизм хийж байна”

“Эрх баригчид байгалийн баялаг дээр популизм хийж байна”

“Эрх баригчид байгалийн баялаг дээр популизм хийж байна”

Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн хуулийг төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Төсвийн зарлагыг 43.6 их наяд, орлогыг 41.3 их наяд төгрөг, алдагдлын хэмжээг 2.3 их наяд төгрөг байхаар тусгажээ. Улсын төсөв ирэх онд өнөө жилийн төсвөөс 10 их наядаар тэлэв. Ийм өндөр зардалтай төсвийг УИХ батлах нь эдийн засагт хэр их эрсдэл дагуулах вэ?

-Ирэх 2027 онд төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөг болгох гэж байна. Энэ оны 33.98 их наядтай харьцуулахад бараг 10 их наяд буюу 28 хувийн тэлэлт. Дээрээс нь 2.3 их наядын алдагдалтай. 

Монгол шиг экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамаардаг жижиг эдийн засагт ийм хэмжээний төсвийн тэлэлт маш аюултай байдаг.

Яагаад гэвэл төрөөс нэмж зарцуулах 10 их наяд төгрөг агаарт алга болохгүй. Цалин, худалдан авалт, барилга, халамжаар дамжин зах зээлд орж эрэлтийг огцом өсгөнө гэсэн үг. Харин Монголын үйлдвэрлэл тэр хэмжээгээр нэг жилийн дотор өсөхгүй. Тэгэхээр илүүдэл мөнгөний нэг хэсэг нь үнэ өсгөнө, нөгөө хэсэг нь импорт худалдаж аваад гадагшилна. Инфляц нэмэгдэнэ, валютын эрэлт өснө, монгол төгрөгний ханшид дарамт ирэх эрсдэлтэй. Үүнийг хэдэн жилийн өмнө бид туулсан шүү дээ. Өнгөрсөн 2024 онд төсвийн зарлага огцом тэлэхэд Монголын дотоод эрэлт бодитоор 16.8 хувь өсч, урсгал данс 2023 оны 0.6 хувийн ашигтай түвшнээс 2024 онд 10.5 хувийн алдагдал руу савласан байдаг. ОУВС үүнийг төсвийн мөчлөг дагасан тэлэлт, хүчтэй дотоод эрэлттэй шууд холбож шүүмжилсэн байдаг.

Гэтэл инфляц 13 хувь хүрчихсэн өнөө үед төсвөө дахин 28 хувиар тэлэх нь тодорхой болчихлоо. ОУВС ердөө гурван долоо хоногийн өмнө Монголд төсвийн нөөцөө сэргээж, урсгал зардлын үр ашгийг нэмэгдүүлж, төсвийн дүрмийн итгэлцлийг эвдэх алхмаас зайлсхий гэж анхааруулсан.

Гэтэл бид Оюутолгой, ТӨК-иудаас нэмэлт орлого орж ирнэ гэсэн шалтгаанаар зарлагын дээд хязгаараа нэмээд, 2027 онд зарлагын өсөлтийн тусгай шаардлагаа мөрдөхгүй байхаар хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаа гэнэ. Ийм төсвийн сахилга бат гэж юу байхав. Мөнгө олдвол үрнэ. Хүрэхгүй бол хууль дүрмээ өөрчилнө гэдэг муйхар зан эрх баригчдын тархинаас лав салахгүй нь бололтой. Уул уурхайн орлого хамгийн их байгаа үед Монгол Улс төсвөө тэлэх биш, өрөө бууруулж, хуримтлалаа нэмэгдүүлэх ёстой юм шүү.

"ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛЫН ЭРХ БАРИГЧДЫН “ХУРУУ, ХУМСАА ГҮНЗГИЙ ДҮРСЭН” ТӨК-ИЙГ АВРАХ ГЭЖ ИРЭХГҮЙ"

-Шинэ технологи, бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн жишгээр, дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ. Ашигтай ажилладаг төрийн өмчит компани тун цөөн. Эдийн засгийн хувьд энэ хэр бодитой шийдвэр бол?

-Зарчмын хувьд зөв шийдвэр. Харин 500 сая ам.доллар татна гэдэг тоон амлалтыг бодит болгох энэ цаг мөчид нэн хэцүү. Гадаадын хөрөнгө оруулагч “төрийн өмчит компани” гэдэг нэрэнд мөнгө өгөхгүй л дээ. Ашиг, өсөлт, сайн засаглал, ил тод байдал зэргийг дүгнэж байж мөнгө гаргах эсэхээ шийдэж таарна. Монголын ТӨК-иудын нийт ашиг өндөр харагддаг ч гол ачааг Эрдэнэт, Тавантолгой зэрэг цөөн уул уурхайн компани бүрдүүлдэг.

Ер нь ТӨК бүрд улс төрийн томилгоо, сул засаглал, үр ашиггүй зардал хэвээр байгаа.

Өмнө нь ч 2022-2023 онд 26 ТӨК-ийг IPO хийнэ гэж зарлаад хэрэгжсэн нь Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж хоёр л байна. 500 сая ам.доллар гэдэг ойролцоогоор 1.8 их наяд төгрөг буюу Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 13 орчим хувьтай тэнцэх том мөнгө. Тиймээс эхлээд ТӨК-иудаа цэгцэлж, олон улсын аудит, хараат бус ТУЗ, мэргэжлийн менежменттэй болгож байж хөрөнгө оруулагч дуудах нь ядахдаа эрүүл харагдах байлгүй. IPO гэдэг чинь алдагдалтай ТӨК-ийг ашигтай болгодог шидэт эм ердөө биш.

Дэлхийн хөрөнгө оруулагчид Монголын эрх баригчдын “хуруу, хумсаа нэн гүнзгий дүрсэн” ТӨК-ийг аврах гэж ирнэ гэж байх уу. Үгүй гэж би баттай хэлнэ.

-Засгийн газраас энэ жил Оюутолгойгоос ногдол ашиг авахаар “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийж байгаа. Гэтэл хэлэлцээрээ бүрэн дуусгаагүй байж ард иргэдээс санал асуулга авч, ногдол ашгаараа юу хийхийг шийднэ гэж мэдэгдэх. “Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэдэг шиг хэлэлцээр нь эцэслэгдээгүй, үр дүн нь гараагүй байхад ингэж болох уу?

-Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар хэлэлцэж байгаа атлаа яг хэдэн доллар, ямар хугацаанд, ямар нөхцөлөөр авах нь бүрэн тодорхой болоогүй байхад юунд зарцуулах вэ гэж ард иргэдээс санал авах нь эдийн засгийн бодлого гэхээсээ илүүтэй улс төрийн пи-ар гэж би харж байна. Байгалийн баялгийн орлого бол цалин шиг сар бүр буудаг баталгаатай орлого биш. Ногдол ашиг нь компанийн ашиг, хөрөнгө оруулалт, өр төлбөр, зэсийн үнэ зэрэг олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөнө. Норвеги яг манайхны эсрэг зарчмаар явдаг. Газрын тосны нэмэлт орлого орж ирлээ гээд шууд зах зээлийн эргэлтэд оруулж хуваадаггүй. Шууд сангийн орлого номер хоёр төсөв биш гэж хэлдэг. Орлогоо баялгийн сандаа төвлөрүүлж, төсөвт нийт орлогын 1-2 хувийг л ашиглах хатуу хуультай. Бусад нь томоохон дэлхий нийтийн хувьцаа АНУ Засгийн газрын батлгаатай гурван А зэрэглэлийн үнэт цаасанд байршдаг. Түүн рүү ямар ч парламентын гишүүн халдах боломжгүй. Энэ онд гэхэд л нефть, байгалийн хийн орлого нь төсөөлснөөс огцом өсөхөд ч нэмэлт мөнгөө зарлага болгохын оронд баялгийн сандаа хийхээр шийдсэн. Яагаад, байгалийн баялгийг олборлож олсон мөнгө бол шинээр бий болсон үнэгүй мөнгө биш. Газар доорх хөрөнгөө санхүүгийн хөрөнгө болгон сольж ирээдүйдээ баталгаа үлдээдэг ухаалаг шийдэлтэй орон. Тиймээс Оюутолгойн ногдол ашгийг эхлээд бодитоор баталгаажуулж, дараа нь хэдийг хуримтлуулах, хэдийг өр бууруулах, хэдийг өгөөжтэй хөрөнгө оруулалтад зарцуулахыг эдийн засгийн ухаалаг тооцоо хийх ёстой юм.

Өнөөгийн улстөрчдийн хувьд баялгийн орлого дээр популизм хийх шиг амархан юм байхгүй байх шиг байна. Уул нь баялгийг үе дамжсан хөрөнгө болгох нь төрийн хийх жинхэнэ ажил. Миний ажиглаж байгаагаар өнөөгийн төр ийм ажил хийж чадахгүй.

Ер нь ТӨК-иудын төрд өгөх ёстой ногдол ашгаар өөр төсөл хэрэгжүүлэхийг хориглож, цалин тэтгэвэр нэмэх нь хэр зөв бэ?

-Эрдэнэт, Тавантолгой зэрэг компанийн ашиг зэс, нүүрсний үнэ, экспортын хэмжээнээс шалтгаалж жил бүр өөрчлөгддөг. Харин нэгэнт нэмсэн цалин, тэтгэврийг дараа жил буцааж бууруулах боломжгүй. 2022-2024 онд уул уурхайн төсвийн орлого хоёр дахин нэмэгдэхэд, төсвийн зарлага 67 хувь өссөн. Харин 2025 онд нүүрсний үнэ 38 хувь унахад төсвийн орлого шууд тасалдаж байв. ОУВС 2027 оноос нэмэгдэх тэтгэврийн зардал дангаараа жил бүр ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэх байнгын зардал үүсгэнэ гэж тооцож байна. Тиймээс цалин, тэтгэвэр нэмэх буруу гэсэн үг биш.

Харин түр зуурын уул уурхайн ашгаар байнгын зардал санхүүжүүлэх нь буруу гэж би байнга ярьдаг. Цалин, тэтгэврийн тогтвортой өсөлтийг татварын тогтвортой орлого, бүтээмжийн өсөлтөөр санхүүжүүлэх ёстой.

Харин ТӨК-ийн өндөр ногдол ашгийг өр бууруулах, хуримтлал бий болгох, эрчим хүч, дэд бүтэц зэрэг ирээдүйд дахин орлого бүтээх хөрөнгө оруулалтад ашиглавал илүү эрүүл бодлого.

"МОНГОЛБАНК ТООРМОС ГИШГЭЖ БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР ЗӨРҮҮЛЭЭД ХААЗАА ДЭВСЭЖ БАЙНА"

-2026 оны төсвийн тодотголоор зардал буурах бус нэмэгдэх болсон. Гэтэл залгуулаад 2027 оны төсөв данхайх нь инфляцад хэр сөрөг нөлөөтэй бол?

-Инфляц өндөр байгаа үед энэ бол гал дээр тос нэмэх мунхаг үйлдэл гэж тодорхойлмоор байна. 2026 оны тодотголоор төсвийн зардал буурах биш, 998 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 33.98 их наяд болж байна. Залгуулаад 2027 онд зарлагыг 43.6 их наяд болгоно. Өөрөөр хэлбэл, ганц жилийн дотор Засгийн зарцуулалт дахин 9.6 их наяд төгрөгөөр буюу 28 хувь орчим тэлж байна. Монголын үйлдвэрлэл нэг жилийн дотор 28 хувь өсөхгүй. Харин төрөөс зах зээлд орох мөнгө ийм их хэмжээгээр огцом нэмэгдэх нь. Үр дүн нь маш тодорхой. Зах зээл рүү их хэмжээний мөнгө цутгавал тэр хэмжээгээр бараа үйлчилгээний эрэлт бий болж импорт өснө. Ингэснээр валютын эрэлт нэмэгдэж үнэ өснө.

-Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргах үеэрээ Засгийн газар төсвийн зардлаа бууруулахгүй бол төв банкнаас төгрөгийн ханшийг чангаруулах ямар ч арга хэмжээ авсан үр дүн гарахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотгол, ирэх жилийн төсөв зардлыг бууруулах бус улам л тэлж байна. УИХ-ын түвшинд төсвийн зардлыг бууруулах боломж байх уу?

-Энд бодлогын маш том зөрчил үүсээд байна. Монголбанк инфляц 13 хувь хүрсэн үед бодлогын хүүгээ 12.5 хувь болгон нэмэгдүүлж, зах зээл дэх мөнгөний өсөлтийг сааруулах гэж чармайж байна. Энгийнээр бол Монголбанк тоормос гишгэж байхад Засгийн газар зөрүүлээд хаазаа дэвсэж байна. Төв банкны бодлогын хүү өсгөхөөр зээл үнэтэй болж, бизнес, иргэд хэрэглээ хөрөнгө оруулалтаа хумьдаг. Харин төр хэдэн их наядаар зардлаа нэмбэл тэр мөнгө эргээд зах зээлд орж эрэлтийг хөөрөгдөнө.

Эцэст нь инфляц буухгүй, бодлогын хүү өндөр хэвээр үлдэж, төрийн тэлэлтийн төлбөрийг өндөр зээлийн хүүгээр хувийн хэвшил төлөх эрсдэлтэй.

Одоо УИХ-ын гишүүдийн шийдлийг л харцгаая. Таны сонгосон гишүүн ийм энгийн зүйл ойлгож байгаа эсэхийг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хийх ажил бол 43.6 их наядыг тэр чигээр нь батлах биш, үр ашиггүй хөрөнгө оруулалт, давхардсан хөтөлбөр, төрийн урсгал зардлыг танах. Хэрэв төсвийн тэлэлтийг сааруулж чадвал маш зөв бодлого болж хувирна. Монголбанк инфляцтай ганцаараа тэмцэж чадахгүй.

-Зарим эдийн засагч төсөв хэт тэлснийг ирэх 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төлөвлөлт гэж харж байна, та үүнтэй санал нийлэх үү?

-ОУВС 2026 оны Монголын тайландаа 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны УИХ-ын сонгуулийн өмнө популист зардлын дарамт нэмэгдэх эрсдэлтэй гэж шууд анхааруулсан. Энэ зүгээр онол ч биш. ОУВС Монголын олон жилийн төсвийн мэдээллийг судлаад УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газрын зардал тогтмол огцом өсдөг гэж тогтоосон. Миний хувьд 43.6 их наядын төсөв үнэхээр эдийн засагт шаардлагатай учраас тэлж байгаа гэж харахгүй байна.  Засгийн газар төсвөө 28 хувиар тэлэх шаардлага ерөөсөө байхгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд Монгол Улс ирээдүйгүй мэт авирлах улстөрчдийн ааш аяг энэ марзан шийдвэрүүдийг хараад зэвүүцдэг хүмүүсийн нэг бол би.

-Гадаад өр ирэх онд өсч байгаа болов уу, ер нь өр нэмэгдсэн тухай л дуулдах. Та судалж үзсэн үү?

-Өнгөрсөн 2016 онд нэг хүнд оногдох гадаад өрийн хэмжээ 15 сая төгрөг болчихлоо. Хүүхэд төрмөгцөө 15 сая төгрөгийн өртэй болж байна гэж халаглаж биднийг сонгочихвол тэр дор нь засна гэж байсан улстөрчид өнөөдрийг хүртэл төр барьж байна. Энэ тоо одоо өнөөдөр 40 саяас хол давсан. Жил бүр өрийн хүүндээ 2-3 их наяд төгрөг төлж байна. Чингис бондоор 21 аймагт зам тавьсан гэж шүүмжилж байсан хүмүүс одоо зөвхөн зээлийн хүүндээ жилд тийм хэмжээний мөнгө төлж байгаа. Жил өнгөрөх тусам энэ хэмжээ геометрийн прогрессоор өсч байгаа. Г. Занданшатар УИХ дарга байхдаа үүнийг өндөр уулын орой дээрээс өнхөрч буй цасан бөмбөлөгтэй харьцуулж байсан нь их оновчтой дүгнэлт.

Өөрөөр хэлбэл, саяын Балбад болсон мөсний нуранги шиг  гамшиг Монголын гадаад өр зээлийн асуудал дүйцхүйц шүү гэж анхааруулж болно.

 Энэ сэдэв бол маш том сэдэв. Маш эмзэг сэдэв. Улстөржиж болдоггүй сэдэв. Улс орны ирээдүйн тухай сэдэв. Тиймээс ганц асуултаар бүхнийг тодорхойлох боломжгүй юм. Би дараа нь энэ асуудлаар ярилцлага өгч болно. Миний докторын зэрэг хамгаалсан сэдэв учраас би байнга анхаарч явдаг юм.

-Нүүрс, зэс, алтны үнэ ирэх онд өнөө жилийнх шиг өндөр байж чадах уу, прогноз яаж гарсан бол?

-Зэс, алтны үнэ 2026 онд түүхэн өндөр түвшинд хүрсэн. Гэхдээ үүнийг 2027 онд хэвээр үргэлжилнэ гэж төсөвт найдах нь эрсдэлтэй. Дэлхийн банк үнэт металлын үнийн индекс 2027 онд найман хувь, алтны үнэ есөн хувь орчим буурна гэж төсөөлж байна. Зэс зэрэг металлын үнэ ч 2026 оны рекорд түвшнээс 2027 онд тодорхой хэмжээгээр буурах суурь прогнозтой. Харин хамгийн эмзэг нь нүүрс. Энэ жил Хятадад уурхайн осол, аюулгүй ажиллагааны хатуу шалгалт, үйлдвэрлэлийн хязгаарлалтаас шалтгаалан олборлолт буурч, импортод түр зуурын дэмжлэг үзүүлсэн. Жишээлбэл, Шаньсид нэг ослын дараа 155 уурхайг шалгалтаар түр зогсоосон. Хэрэв 2027 онд эдгээр уурхай хэвийн ажиллагаандаа орж, Хятадын дотоод олборлолт сэргэвэл импортын нүүрсний эрэлт, үнэ буурах эрсдэлтэй. Тиймээс 43.6 их наядын том төсвийг өнөөдрийн өндөр зэс, алт, нүүрсний үнэ маргааш ч үргэлжилнэ гэсэн найдвар дээр босгож болохгүй гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2026-09-01 59.153.112.48

ЗА ХУЦААД БАЙ, АРД ИРГЭД РҮҮ ЖААХАН ХУСАМ ДОЛООЛГОХ ГЭХЭЭР Л СҮЙРЧИХ ЮМ ШИГ ЮМ ЯРИХАА БОЛИЖ ҮЗ? ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ДЭЭГҮҮРЭЭ ХЭДЭН ЗУУН ИХ НАЯД, ТЭРБУМААР НЬ ИДЭЭД СУРЧИХСАН УЛСУУД РУУГАА НААДХАА ЧИГЛҮҮЛЭЭД ҮЗЭЭЧ, ЯАДАГ ЮМ, АРД ТҮМЭН ИРГЭД Ч ГЭСЭН БАЙГАЛИЙН БАЯЛГААС НЬ ХЭРЧИМ Ч ГЭСЭН ХРТЭХ ЭРХТЭЙ, БИДНИЙ ГАЗАР НУТГААС ОЛЖ БАЙГАА АШИГ ОРЛОГО БИЗ ДЭЭ, ӨӨРӨӨ ДУУГҮЙ ХУЦАЛГҮЙ СУУЖ БАЙ? ТИЙМ ЭХ ОРОНЧ ЮМ БОЛ ЧИ БИТГИЙ АВ, БИД НАР АВМААР БАЙНА, БАЯЛГААСАА ХҮРТМЭЭР БНА, БҮХ ЮМНЫ ҮНЭ ӨСӨӨД АМЬДРАХАД ҮНЭХЭЭР ХҮ

Avatar

зочин 2026-09-01 66.181.176.191

Төр хүчтэй байх ёстой,Зохих хэмжээний өмчтэй байх хэрэгтэй Зарим хүндрэл, хулгай луйвраас иргэдээ хамгаалж чадвартай байх ёстой ,Гэтэл бүхнийг хувьчил, зах зээлээр шийд,Нийгмийн өмч бол авилгын тантан гэж ирээд ардчилагч туйлшрав, Саяханы шатахуун бензины хомсдолын үед юу болов, Дамын луйвар жинхэнэ өрнөв,Хомсдлыг зориуд зохион байгуулалттай үүсгэж байгаад, үнэ нэмж луйвар хийцгээлээ, Бурууг засгийн газар рүү чихлээ, Зах зээл бол ийм л эд Жинхэнэ луйврын тантан,Хүнийг чоно болгодог зүйл,

Avatar

зочин 2026-09-01 66.181.176.191

Манайх шиг ардчилал зах зээл гэж хэт туйлширч, төрийн өмчөө устгаж,төр засгаа хүүхдийн тоглоом мэт болгосон бол оросууд, барууны энэ олон орны энэ их хүчтэй түрэмгийллийг тогтоон барьж,улсаа хамгаалж чадах байсан болов уу, Хятад, ахар богино хугацаанд эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлж,барууны бүх орны өмнө гишгэж агуу болж чадах байсан болов уу,Хятадын ДНБ-ний бараг 40-өөд хувийг, оросын 50-иас дээш хувийг төрийн өмчит компани байгууллагууд бүрдүүлдэг,төрийн зохицуулалт хүчтэй гэсэн мэдээ байна

Avatar

зочин 2026-09-01 66.181.176.191

Коммунист дарангуйлагч гэж ирээд л сохор хүн шиг бүү туйлшраарай, Мэдлэгээ дээшлүүлж,хэл сурч чадварлаг болж,юмыг тал бүрээс нь харж бодитоор дүгнэж сур л даа, Буруу зүйлд бүү авт

Avatar

Нэргүй 2026-09-01 43.242.242.59

За чи дут. Намын гар хөл болсон чам мэтийн хүмүүс нийгэмд дутаж гэнэ. АН-ын бодлогыг сурталчилдаг энэ хүнээс үнэн зөв яриа огт гарахгүй. Дандаа худлаа ярьж ирсэн.

Avatar

Нэргүй 2026-09-01 66.181.161.73

Зүгээр л Дани улсын бодлогыг нь дуурай суралц

Avatar

Нэргүй 2026-09-01 66.181.176.186

ХАР АМТ ДАВААДОРЖ гэдэг хоч аваад байгаа энэ нөхөр АН сонгуульд ялвал сайд болох санаатай шүү. Энэ хүнйи амнаас нэг чгэгээлэг үг үгүүлбэр гарахгүй юм.

Avatar

зочин 2026-09-01 66.181.176.191

Улсаа хөгжиж,,мөнгө илүү ихээр олж,төсвөө тэлж, бүтээн байгуулалт өрнүүлж урагшлах буруу юм уу, Энэ талаар бид ялангуяа хоёр хөршөөсөө маш их хоцорч байна Гэвч мөнгөнд цатгалдаж, хөөрч сагсуурч, буруу зарж, үрэн таран хийвэл мэдээж эдийн засаг хүндрэнэ, сүйрнэ ,Иргэд хохирно, Яг л аав ээжийнхээ арай ядан цуглуулсан хөрөнгийг үрэн таран хийж,самуурч элийрч буй толгой муу, мал шиг хүүхдүүд мэт л болно,Ялангуяа ядуу дорой,,яльгүй зүйлд онхолдож болохуйц бид үүнийг онцгой анхаарахаас өөр замгүй,

Avatar

зочин 2026-09-01 66.181.176.191

Хүндрэлийг далимдуулж,байнга самуун өдөөнө, Зөвхөн улсаас бэлэн юм нэхнэ, Засгийн газартаа ажиллах ямар ч боломж өхгүй, байнга нугаслана, Засгийн эрхийн төлөө тэмцэл нь дэндсэн, шунал нь хэтэрсэн, Ичэх ч үгүй бүхий л бохир заваан аргууд ил тод хэрэглэнэ Энгэсээр яваад улс орноо өөх ч биш булчирхай ч биш болгож байна, Өсөх дэвжих боломж олгохгүй байна Үүний дүнд иргэд бид л хохирч байна, Ихэнх нь ядуурч ,хэдхэн хүн баяжиж байна

Avatar

Нэргүй 2026-09-01 66.181.160.59

Учрал эдийн засгийн мэдлэг тун маруухан хүн шиг байна?? Сангийн сайд нь бүр таг!!! Энэ маягаар хол явахгүй дээ, яана даа яана!!!!

Avatar

зочин 2026-09-01 66.181.176.191

Энэ бол гүтгэлэг, Иргэдээ хуурч ,толгойг нь угааж, бусдын нэр төрийг унаган,бохир аргаар төрийн эрхэнд гараах ардчилагч гэх бүлэг луйварчдын бохир санаа,сурталчилгаа, Ардчилагч гэх бүлэг этгээдүүдийн сүйрүүлсэн бүхнийг МАН-ын нөхөд л төрд гарч засч залруулдаг, хэвийн болгодог, Ийм л түүхтэй, Оны эхэнд нүүрсний үнэ огцом унаж, дараа нь барууны өдөөсөн дайнаас голчлон шалтгаалж,дэлхий дахинд асар их хүндрэл үүссэн, Үүнээс хохирол багатай гарах гэж төр засгаас бололцоот бүхнийг л хийж байна

Avatar

Ард 2026-09-01 49.0.139.73

хардах эрх: төрийн үйлдвэрийг тэр гал хөлөөс салгаж болно доо, үүнтэй нь адил зэрэгцүүлж хусах санааг дэмжиж байгаа мэт, бам ил тод худалдах үйл ажиллгаанд (бирж, ил гэрээ) дургаүй болтой, цэгцрэхэд сэтгэл нь ханамжгүй болдог шиг, хөрөнгө оруулагчидад зүгээр л оюутойгой той хийсэн гэрээ шиг байлгах болтой дог оо, улсын үйлдвэрүүд ашигтай ажиллах нь бүр дургүйг нь хүргэж байгаа юм бол уу, тэгхээр үүний яриад байгаа э/з онол гэгч нь ард түмнийг ядууруулах юм шиг ээ.

Avatar

ХУУЛЬЧ 2026-09-01 202.9.47.113

ТЭНГЭР ЗАЯАТАЙ МОНГОЛЧУУД МАРГААШ ЮУ БОЛОХЫГ ИХ МЭДЭЖ БАЙНА нэж ОНОЛДООД ЯАХАВ .,,,, ЗҮГЭЭР КАПИТАЛИЗМ ДЭЭ .ТАЛЦАГҮЙ ОРООД УНАВАЛ УНАЖ,,, ЯЛВАЛ ЯЛАХ ХЭРЭГҮЙ ШҮҮ ДЭЭ.,,,,35 жил ухаанатлаа одоо болно.

Avatar

Иргэн 2026-09-01 66.181.161.232

бүгдийн буруу бол Хүрнлсүх …

Avatar

Зочин 2026-09-01 66.181.190.28

Зах зээлийн онол ярьдаг эдийг засагчдад итгэхээ больсоон Цалин тэтрэвэр нэмнэ гэхлээр л баахан онол ярьдаг юм Тэгвэл эдийн засагт хор хөнөөлгүй байдлаар яаж цалин тэтгээвэр нэмэх вэ Арга замаа хэлээч

Avatar

Нэргүй 2026-09-01 122.201.19.86

Харин түр зуурын уул уурхайн ашгаар байнгын зардал санхүүжүүлэх нь буруу гэж би байнга ярьдаг. Цалин, тэтгэврийн тогтвортой өсөлтийг татварын тогтвортой орлого, бүтээмжийн өсөлтөөр санхүүжүүлэх ёстой.

Avatar

Зочин 2026-09-01 192.82.92.42

Данхайсан терее цомхотгож, мэдлэг туршлагатай багтай зоригтой ажиллахгуй бол улс дампууруулахнээ!!!

Avatar

Нэргүй 2026-09-01 66.181.189.166

Учрал сайд сайн ажиллаж бнө. Дэмжээд явах чухал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж