Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын ТЭЗҮ-г БНСУ-тай хамтран хийхээр болжээ. Эрүүл мэндийн яам шинэ эмнэлгийн зураг төслийг 2025 онд хүлээж авсан бөгөөд УИХ дахь ажлын хэсгийн саналаар зарим хэсэгт өөрчлөлт оруулахаар болсон гэдгийг албаныхан мэдээлж байв. Зураг төсөлгүй гэдэг шалтгаанаар олон жил улсын төсвөөс хасагдсан шинэ эмнэлгийн зураг төслийг гурван тэрбум төгрөгөөр "Бодь пропертийз" компани хийхээр тендерт шалгарсан юм.
Тэгвэл шинэ эмнэлгийн дэд бүтцийг улсын төсвөөс шийдсэн бөгөөд БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён 2026 оны долдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр тус эмнэлгийн ТЭЗҮ-г Монголын талтай хамтран хийж, санхүүжилтийг нь шийдвэрлэхээр болсон гэдгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар хэлсэн юм.
Шинэ эмнэлэг барих асуудлыг олон жил ярьсан ч ажил болгож чадалгүй өдийг хүрсэн. УИХ-ын зарим гишүүд 2025 оны улсын төсөвт шинэ эмнэлгийн дэд бүтцийг хийх 7.9 тэрбум төгрөг төсөвлөх саналыг гаргаж, батлуулсан байдаг. Энэ талаар тухайн үед Сангийн сайд асан Б.Жавхлан өмнө нь мэдээлэл өгөхдөө "Дахин өргөн барих 2025 оны төсөвт алдагдлыг 1.4 их наядаар бууруулж, "Соёлын эрхийн бичиг"-ийг хасч, Хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбумыг нэмж тавьсан" гэж мэдээлж байв. Өмнө нь Хавдрын шинэ эмнэлгийг нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Чулуутын аманд барихаар төлөвлөж байсан ч дэд бүтэцгүй гэдэг шалтгаанаар газрыг өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн 34 дугээр хороонд 12 га газарт барихаар болсон. Тодруулбал, хавдраас урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээний сургалтын төв бүхий 95 мянга гаруй м.кв бүхий цогцолбор Хавдар судлалын эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт барихаар төлөвлөсөн юм.

Шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэг тооцооллыг албаныхан мэдээлж байв. Хавдрын эмнэлгийн хана нь зузаан буюу цацраг идэвхит бодит ялгардаггүй байхаас гадна туяа, цөмийн төвтэй байх гэх мэт олон улсын стандартад нийцсэн хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд хэлж буй.
Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга нь 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.
Тэр цагаас хойш нэмэлт барилга барьж, өргөтгөөгүй гэдгийг эмнэлгийн удирдлага хэлж байсан юм. Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн амбулаторийн үзлэгийн тоо жил бүр өсч байгаа харамсалтай статистик бий. Гэвч хавдраар өвдөж байгаа олон мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх улсад ганц байдаг эмнэлгийн тоног төхөөрөмж хүртээмжгүй байгаа талаар өвдсөн иргэд хэлж, ярьдаг.
3,600.44





















































Холбоотой мэдээ