Шинэ хичээлийн жилийн онцлох тоонууд

Шинэ хичээлийн жилийн онцлох тоонууд

Шинэ хичээлийн жилийн онцлох тоонууд

Монголын боловсролын салбар шинэ хичээлийн жилээ суралцагчдын тоо өссөн үзүүлэлттэй угтаж байна. Урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд ерөнхий боловсролын 2,457 сургалтын байгууллагад 1,305,552 суралцагч хичээллэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, энэ хичээлийн жилд Монголын ерөнхий боловсролын системд 1.3 сая гаруй хүүхэд хамрагдана. Харин дээд боловсролын байгууллагуудад энэ хичээлийн жилд 170,384 оюутан суралцах төлөвтэй байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд дээд боловсролын байгууллагад суралцагчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсжээ. Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд 145,345 оюутан суралцаж байсан бол 2024-2025 онд 150,282, 2025-2026 онд 156,790 болж нэмэгдсэн байна.

Харин энэ хичээлийн жилд оюутны тоо 170,384-д хүрэх төлөвтэй байгаа нь 2023-2024 оны хичээлийн жилтэй харьцуулахад 25 мянга гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Зөвхөн их, дээд сургуульд суралцагчдын тоо нэмэгдээд зогсохгүй мэргэжлийн болон техникийн боловсролыг сонгож буй залуусын тоо ч өсөж байна. 2023-2024 онд мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад 38,294 суралцагч байсан бол 2024-2025 онд 40,906, 2025-2026 онд 44,305 болж нэмэгджээ.

Харин энэ жил 49,331 суралцагч мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшихээр байна.

Өөрөөр хэлбэл, гуравхан жилийн хугацаанд энэ төрлийн боловсрол эзэмшигчдийн тоо 11 мянга гаруйгаар нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Суралцагчдын тоо нэмэгдэж байгаа ч сургалтын байгууллагын тоо бүх түвшинд ижил хэмжээгээр өсөөгүй байна. Тухайлбал, дээд боловсролын сургалтын байгууллагын тоо 2023-2024 онд 64 байсан бол 2024-2025 онд 65, 2025-2026 онд 68 болж нэмэгдсэн бөгөөд энэ хичээлийн жилд мөн 68 байхаар төлөвлөжээ.

Харин мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын тоо ч сүүлийн жилүүдэд 76-аас 70, улмаар 69 болж өөрчлөгдсөн бөгөөд энэ хичээлийн жилд 69 байгууллага ажиллахаар байна.

Үүнээс харахад Монголын боловсролын салбарын өмнө суралцагчдын тоог нэмэгдүүлэхээс илүүтэй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг чанартай боловсрол, хүртээмжтэй орчин, шаардлагатай дэд бүтцээр хангах томоохон сорилт тулгарч байна.

Ялангуяа ерөнхий боловсролын байгууллагад суралцах хүүхдийн тоо 1.3 саяыг давсан нь сургуулийн барилга байгууламж, анги танхим, багшийн хүрэлцээ, дотуур байр, лаборатори, сургалтын орчинд тавигдах шаардлагыг улам нэмэгдүүлнэ. Нөгөө талд дээд боловсрол болон мэргэжлийн, техникийн боловсролын байгууллагад суралцагчдын тоо өсөж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжил, ямар ур чадвартай боловсон хүчин хэрэгтэй вэ гэдэг асуудлыг мөн чухлаар тавьж байна.

Тэр дундаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмших залуусын тоо жил бүр нэмэгдэж байгаа нь хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан, практик ур чадварт суурилсан боловсролын эрэлт нэмэгдэж байгааг харуулах нэг үзүүлэлт болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж