Бэкхэм ногоон талбайдаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Бэкхэм ногоон талбайдаа эргэн ирлээ

Гэмтлийн улмаас зургаан сарын турш ногоон талбайгаас хөндий байсан Дэвид Бэкхэм бямба гаригт болсон MLS-ийн “ЛА Галакси” болон “Колумбус Крью” багуудын хооронд болсон тоглолтын хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарч, тогложээ.

Өдгөө 35 настай тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард “АС Милан”-д зээлийн гэрээгээр тоглож байх үедээ гэмтэл авснаар дэлхийн аваргад оролцох мөрөөдөл нь талаар болсон билээ. Багагүй хугацаанд бэртлээ эмчлүүлж, илааршихыг нь хүлээсэн тэрбээр бямба гаригийн тоглолтод 70 дахь минутад талбайд гарсан бөгөөд удалгүй Эммануэль Экпо дээр алдаа гаргаж, шар картаар торгуулжээ.

Тоглолтын дараа тэрбээр “Ямартай ч талбайдаа эргэн ирсэндээ баяртай байна. Миний бие сайн байна” гэжээ. Бэкхэм хамгийн сүүлд “ЛА Галакси”-гийн хамт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тоглолтод оролцсон юм. “Би хэзээ ч ийм урт хугацаанд талбайд гаралгүй байж үзээгүй. Гэмтэл маань харин ч хурдан эдгэсэнд баяртай байна. Би өөрийгөө бүр дөрвөн сарын өмнө л одоо талбайд гарч, 90 минут тоглож чадна гэж бодож байлаа. Гэтэл сая 10 минут тоглосны дараа л үхэх гэж байгаа юм шиг л болсон” хэмээн Бэкхэм сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцжээ.

Тоглолт 3:1 харьцаатай “Галакси”-гийн ялалтаар өндөрлөхөд Эдсон Баддль, Дема Коваленко, Йован Кировски нар гоолджээ. Ингэснээр тэд MLS-ийн хүснэгтэд тэргүүлэгч байр сууриа эргүүлэн авсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж