Ньюс агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"ИНФЛЯЦ ОН ДУУСТАЛ ХОЁР ОРОНТОЙ ТООН ДЭЭР БАЙНА"
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газраас улсын төсвийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танахаа мэдэгдэж, УИХ-д 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ. Ерөнхий сайдын зүгээс “Иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөцүүдээ хадгалахын тулд төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэнэ” гэдгийг онцолж байна. Сайд нарын багцаас 433.4 тэрбум төгрөг танахаа Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Төр засгаас төсвийн хэмнэлт хийх талаар ярьдаг ч бодитоор хэрэгждэггүй. Ер нь хэмнэлтийг юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Энэ удаагийн төсвийн тодотголыг хийхдээ нэг эерэг зүйл байгаа нь төсвийн зардлыг хэмнэнэ гэж байна. Гэхдээ зөрүүлээд цалин, тэтгэвэр болон эрчим хүч, бензин шатахуун зэрэг нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зориулна гэдэг өнцгөөр тайлбарлаж байна лээ. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсвийг тодотгож болно. Хамгийн гол нь төсөв хэмнэх бодлогын шинэчлэл нь хаана байна вэ. Зардлыг тодорхой хэмжээгээр хэмнээд нийслэлийн бондын зарцуулалтыг хойшлуулж байгаа бололтой. Хөрөнгийн зардлаас 250 орчим тэрбум төгрөгийг царцаан, 1.4 их наяд төгрөгийн орон зай гаргаж байна. Хэмнэлтийг хийж болно.
Ингэхдээ өнөөгийн тулгамдсан нөхцөл байдлаа зөв үнэлэх шаардлагатай. Тэгээд Монгол Улсын төсвийн бодлого хэрхэн явж ирсэн бэ гэдэг дээр илүү их анхаарч, бодлогын чанартай шинэчлэл хийх гэж оролдсон бол үр бүтээлтэй байх байсан болов уу.
Би хувьдаа зардлыг хэмнэж байгаа нь сайн зүйл ч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой гэж харж байна. Учир нь өнөөдөр инфляц өндөр болж, иргэдийн амьжиргаа хүнд байгаа нь үнэн. Засгийн газрын зүгээс иргэдийн амьжиргааг хамгаалах нь чухал гэж хэлж байгаа ч хэрхэн, яаж хамгаалах вэ гэдэг тал дээр илүүтэй анхаарах ёстой. Зардлын хувьд бодитоор 600 тэрбум төгрөгийг хөрөнгийн болон урсгал зардлаас хэмнэсэн нь сайн зүйл.
-Сөрөг хүчний зүгээс Засгийн газар 2025 оны төгсгөлөөр 2026 оны нэг их наяд төгрөгийг урьдчилан авч, зарцуулчихсан. Төсвөө 1.4 их наядаар тодотгох нь хангалтгүй. Төсвийн алдагдлыг бүрмөсөн арилгаж, тодотгол хийх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байна?
-Миний хувьд төсвийн алдагдал, зарлагыг багасгах ёстой гэдэг байр суурийг илэрхийлдэг. Гэтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол дээр байгаа сөрөг зүйл нь төсвийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр хэмнэж байгаа боловч төсвийн зарлага нэмэгдсэн. Өмнө нь төсвийн зарлага 32 их наяд төгрөг байсан бол одоо 33 их наяд болж, ДНБ-нд эзлэх хувь нь ч гэсэн нэг хувиар нэмэгдэж байна. Тэр нэмэгдсэн нэг их наяд орчим төгрөгөөр төсвийн алдагдал нэмэгдэж, нэг хувьтай төлөвлөсөн төсвийн алдагдал хоёр хувьтай болж байна. Энэ бол тоон үзүүлэлтийн хувьд сайн зүйл биш. Эдийн засгийн өндөр хямралтай байгаа энэ үед төсвийн зарлагыг тэлж, цалин хөлсний зардлыг нэмэх нь хэр оновчтой вэ. Хэрэв нэмбэл хэзээ нэмэх вэ гэдэг дээр анхаарах ёстой. Бид өмнөх бодлогын жишгээ л дагаж байна. Ер нь эдийн засаг хүндэрч, эдийн засаг доройтохоор иргэдийн амьжиргаа болон эрэлтийг дэмжих эдийн засгийн бодлого явуулж ирсэн. Тэрийг л одоогийн Засгийн газар давтаж байна.
Угтаа бол өмнөх бодлогын нөлөөлөл нь ямар байв, цалин тэтгэврийг нэмснээрээ иргэдийн бодит орлогыг өсгөж чадсан уу гэдэг асуудал гарч ирнэ. Мөн хувийн хэвшил рүү хандсан бодлого маш эргэлзээтэй, тодорхойгүй байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн суурь цэвэр хувийн хэвшил дээр тогтож байгаа гэж ойлгодог. Цаашдаа хувийн хэвшлээ илүү дэмжсэн, өсч хөгжих суурь нөхцөлийг нь хангасан ийм л төсөв, татварын бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгож, төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэврийг нэмснээр хувийн хэвшил дээр шууд дарамт ирнэ.
Эдийн засгийн урт хугацааны бодлого боловсруулах ёстой. Өнөөдрийн асуудлыг намжааж, гал унтраахаар иргэд дээр ирж байгаа дарамтыг багасгах нь хоёрдугаар асуудал гэж хэлнэ.
Учир нь өнөөдрийг хүртэл явж ирсэн төсвийн бодлогоо үнэлэх, урт хугацаандаа төсвийн бодлогоо зөв болгох асуудал нь илүү их ач холбогдол өндөртэй байх болно.Аж ахуйн нэгжүүд татвар болон нийгмийн даатгалын өртэй байвал өмнө нь орлогыг нь шууд татаж авдаг байсан. Харин одоо төр 70 хувийн орлогыг нь татан авч, 30 хувийг нь үлдээхээр болж байгаа. Энэ бол харьцангуй эерэг зохицуулалт мөн. Гэхдээ Монгол Улсын хувьд эдийн засгийн хөгжлийн загвараа зөв харж байгаа бол төрийн бүтцээ бууруулж, төсвийн зардлаа танаж, хувийн хэвшлийн орон зайг тэлж, чанартай ажлын байр, бодит орлого бий болгож, түүнийг нь иргэд хүртдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр төрийн бүтэц, төсвийн зарлага, татварын бодлого зөв хэрэгжихгүй байна. Бид татварын бодлогын томоохон шинэчлэлийг хийж, иргэдээ гэхээс илүү хувийн хэвшлээ дэмжин, бодит орлого нэмэгдэх нөхцөлийг бий болгох ёстой. Гэтэл иргэдийг хамгаална гээд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх нь буруу. Эдийн засагт ямар нэгэн бүтээмж бий болгоогүй учраас хувийн хэвшлийн орон зай улам хумигдана. Тэгэхээр бодлогын томоохон шинэчлэл хийх шаардлагатай нөхцөл байдалд явсаар л байна.
Ярилцлагын дэлгэрэнгүй энд дарж уншина уу!
“БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭ ДҮРЭМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЖ БАЙНА"

Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсантай ярилцлаа.
-Засгийн газраас Эдийн засаг, бизнесийн салбар,хөрөнгө оруулалтын орчин томоохон хуулийн өөрчлөлт санаачилж, УИХ-аас хэрэгжүүлж эхлэхээр баталсан. Хуулийн өөрчлөлтийн хэрэгжихэд бэлэн болсон уу?
-УИХ-аас долоодугаар сарын 3-нд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан. Бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын зүгээс зөвшөөрлийн давхардал, төрийн байгууллагуудын шийдвэр гаргалтын удаашрал, эрх зүйн орчны тогтворгүй байдлыг хамгийн их хүндрэл гэж үзэж ирсэн. Ийм нөхцөлд Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэлүүд нь бие биенээ нөхсөн цогц реформ болж байна. Энгийнээр хэлбэл, нэг нь бизнес эхлэх саадыг бууруулна, нөгөө нь хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаална, гурав дахь нь төр ба бизнесийн харилцааны шинэ суурь зарчмыг тогтоохыг зорьж байна. Ингэснээр Монгол Улсад цоо шинэ бизнесийн орчин бий болсон гэж үзэж байгаа.
Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль нэрээр хэрэгжиж эхэлнэ. Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээд, энэ сарын 31-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
Энэ хууль батлагдахаасаа өмнө боловсруулагдах явц бол урт хугацааны түүх. Бид өнгөрсөн жилээс авахуулаад, эдийн засгаа хувийн хэвшил рүү шилжүүлэх, хувийн хэвшилд суурилсан эдийн засагтай болох тогтолцоо руу шилжих бодлого баримталж ирсэн. Өнгөрсөн оны намраас бүх талын оролцоог хангахаар олон нийтээр хэлэлцүүлсэн тул бүх талуудын санал туссан гэж хэлж болно.
-Үүний нэг хэсэг нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулан ажиллаж эхэлсэн байх аа?
-Үндсэндээ эдийн засгийн бүх оролцогч талуудыг оролцуулж, бизнесийн хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулахад цогц байдлаар нь авч үзэхийг хичээж байгаа. Энэ хүрээнд энэ оны эхнээс Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв гэдэг албан бус бүтэц ажиллуулж эхэлсэн. Албан бус бүтэц. Энэ нь ямар нэгэн албан тушаал, орон тоо нэмээгүй. Манай яамны Бизнесийн орчны бодлогын газар одоо өдөр тутмынх нь удирдлага, арга зүйгээр хангаад, бүх төрлийн байгууллагатай хамтраад ажиллаж байна.
Гол зорилго нь төр хаалттай, данхар бүтэцтэй, хөшүүн хойрго гэдэг ойлголтыг эвдье гэдэг байдлаар ажиллаж байгаа. Тодорхой үр дүнгүүд ч гарсан.
Энэ бол хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчдад нээлттэй орон зай. Энд ирээд, төрийн сайдаас авахуулаад газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүдээс бүх төрийн бодлого, мэдээллийг нээлттэй авах боломжтой. Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч хүссэн үедээ ирж, бүх мэдээллүүдийг албан ёсоор эх сурвалжаас, нэг цэгээс авах боломж бүрдүүлсэн.
-Энэ төвийг түшиглэн салбар бүрээр томоохон хэлэлцүүлгүүд хийсэн. Тодорхой үр дүн гарсан уу?
-Өнгөрсөн хугацаанд Элчин сайдын яамдууд, олон улсын байгууллагууд болон бүх яамд, бусад төрийн болон төрийн бус 66 байгууллагатай хамтран нийт 15 долоо хоногийн туршид нийт 73 арга хэмжээ зохион байгуулж, 3273 оролцогчид, 1091 аж ахуйн нэгжүүдэд салбаруудын хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийн талаар бодит мэдээллийг нээлттэй өгч ажилласан байна.
Одоо ч тасралтгүй өдөр тутам төрийн байгууллагуудтайгаа хамтран хөрөнгө оруулагчид, бизнесийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсээр байгаа.
Тодруулбал төв нь хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, танхимуудтай идэвхтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг системтэйгээр тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх хамтын механизмыг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Үр дүнгүүд гарсан. Хэлэлцүүлгийн үеэр төрийн мэдээллүүд, хаалттай байдаг гэдэг ойлголт бүрэн алга болж, хувийн хэвшлийнхэн ч хамтарч ажиллаж байгаа.
Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу!
“ДЭЛХИЙД 4 ТЭРБУМ ХҮН УСНЫ ХОМСДОЛТОЙ НҮҮР ТУЛЖ БАЙНА”

COP17-ын хүрээнд Мягмар гаригт “Усны өдөр”-ийг онцлон тэмдэглэлээ. Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдэл болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргилтой ярилцлаа.
-COP17-ын хүрээнд өнөөдөр “Усны өдөр”-ийг онцолж байна. Монгол Улс усны асуудлаа дэлхий нийттэй ярилцах энэ өдрөөр ямар асуудлыг хөндөж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас COP17-той холбогдуулан өнөөдөр усны салбарын хуралдааныг амжилттай зохион байгуулж байна.
Энэ хуралдаанд олон улсын байгууллагуудын төлөөлөл, улс орнуудын холбогдох яамдын сайд нар, Монгол Улсын Засгийн газрын харьяа байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Өөрөөр хэлбэл, усны асуудлыг зөвхөн нэг улс орны хүрээнд бус, дэлхий нийтийн хэмжээнд хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар улс орнууд туршлага, бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ ярилцаж байгаа нь энэ хуралдааны хамгийн чухал онцлог юм.
НҮБ-ын судалгаагаар дэлхий нийтийн хэмжээнд ойролцоогоор 2 тэрбум хүн эрүүл ахуйн шаардлага бүрэн хангаагүй усны хэрэглээтэй байгаа бол 4 тэрбум орчим хүн жилийн тодорхой хугацаанд усны хомсдолд ордог гэсэн судалгаа бий.
Энэ нь усны асуудал зөвхөн байгаль орчны асуудал биш, хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалтай шууд холбоотой болсныг харуулж байна. Тиймээс ус бол дэлхий ертөнцийн экосистем, байгаль орчин, хүний амьдралын хамгийн чухал суурь нөөц гэдгийг улс орнууд дахин тодотгож, хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрөөр дамжуулан энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна.
-Монгол Улсын хувьд усны нөөц ямар байна вэ?
-Монгол Улсын хувьд усны асуудлыг зөвхөн хүн амын өсөлт, хэрэглээ нэмэгдсэнтэй холбон ойлгож болохгүй. Үүнд уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн зохистой ашиглалт зэрэг олон хүчин зүйл зэрэг нөлөөлж байна.
Дэлхий нийтийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа улс орнуудын нэг нь Монгол.
Үүнийг бид өдөр тутмын амьдрал дээрээ ч тодорхой хэмжээгээр мэдэрч байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хуурайшилт нэмэгдэж, ой, хээрийн түймрийн эрсдэл өсөж байгаа. Онцгой байдлын байгууллагын мэдээлэл, судалгаануудаас харахад сүүлийн арван жилийн хугацаанд уур амьсгал, цаг уурын нөхцөлтэй холбоотойгоор олон зуун ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн байдаг. Энэ нь манай орны хуурайшилт, уур амьсгалын өөрчлөлт ямар түвшинд хүрч байгааг харуулсан нэг үзүүлэлт юм.
Нөгөө талаас Монгол Улсын нутаг дэвсгэрийн говь, тал хээрийн бүс, тэр дундаа Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Дорноговь зэрэг аймагт цөлжилт илүү хүчтэй илэрч байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд нийт газар нутгийн 81.9 хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа гарсан. Энэ бол бидний хувьд үнэхээр сэтгэл эмзэглүүлэх асуудал. Улс орон бүр өөр өөрийн хэмжээнд арга хэмжээ авч байгаа ч дан ганц нэг улсын хүчин чармайлтаар шийдэх боломжгүй. Цөлжилт, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг улс орнууд хамтран, нэгдсэн бодлого, томоохон төсөл хөтөлбөрөөр шийдвэрлэх шаардлагатай болсон.
-Усны нөөцөө хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр Монгол Улс одоо ямар арга хэмжээ авч байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлд тодорхой бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол цаг үеэ олсон, маш чухал бодлогын нэг гэж харж байна. Мод тарих гэдэг нь зөвхөн модны тоог нэмэгдүүлэх асуудал биш. Цаанаа хөрсөө хамгаалах, усны нөөцийг хадгалах, экосистемийг сэргээх, цөлжилтийг бууруулах, байгаль орчны тэнцвэрийг хамгаалах өргөн хүрээний ач холбогдолтой.
Мөн бид зөвхөн газрын доорх усыг ашиглах бус, байгалийн ус, хур тунадас, борооны усыг хэрхэн зөв хуримтлуулж, хамгаалж, дахин ашиглах вэ гэдэгт анхаарах ёстой.
Өөрөөр хэлбэл, усны хэрэглээгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ усны нөөцөө нөхөн сэргээх, хуримтлуулах, хамгаалах тогтолцоог бий болгох шаардлагатай. Энэ хүрээнд Байгаль орчны чиг үүрэг бүхий яам, холбогдох байгууллагуудаас тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн хувьд ч усан сан, ус хуримтлуулах байгууламжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах чиглэлд ажиллаж байгаа. Тиймээс бид усны хомсдол бий болсны дараа арга хэмжээ авах биш, урьдчилан сэргийлэх бодлогоо одооноос эрчимжүүлэх нь хамгийн чухал.
-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор өвөлжилтийн нөхцөл байдал ч анхаарал татаж байна. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ?
-Монгол Улсын Шадар сайд 21 аймагт албан томилолтоор ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Үүний дүнг Монгол Улсын Засгийн газарт танилцуулж, шаардлагатай холбогдох арга хэмжээнүүдийг авч байна. Монгол Улсын хувьд өвөлжилт гэдэг жил бүр тодорхой хэмжээнд хүндрэл дагуулдаг асуудал.
Ялангуяа баруун аймгуудад цаг агаарын эрс тэс нөхцөл байдал жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.
Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу!
Б.БАЛЖИННЯМ: КУБАНАД ТОГЛОСНЫ ДАРАА ЭСРЭГ ТАЛЫН ДҮРИЙН САНАЛ ИРСЭН

Жүжигчин Б.Балжинням урлагийн гэр бүлд өссөн нэгэн. Аав Д.Бямбацогтыгоо дагаж, урлагтай багаасаа танилцсан тэрбээр зургаан настайдаа үзсэн жүжгээсээ энэ мэргэжлийн тухай анхны төсөөллөө авчээ. Тэр цагаас хойш жүжигчин болох шийдвэр нь улам батжиж, Соёл урлагийн их сургуульд элсэн суралцсан байна. Түүний уран бүтээлийн замналд анхны бүрэн хэмжээний киноноос эхлээд “Татар” киноны Кубана хүртэлх олон дүр бий. Ялангуяа эсрэг талын, хурц характертай дүрийг бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татсан. Түүнийг “Бидний зүсэлсэн гүнж” кинонд жүжигчин, продюсероор ажилласных нь дараа ирээдүйн зорилгын талаар нь ярилцлаа.
-Ярилцлагаа таны сүүлийн үеийн уран бүтээлээс эхэлье. Ойрын хугацаанд ямар уран бүтээл дээр ажилласан бэ?
-Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл зургаадугаар сарын 3-нд “Бидний зүсэлсэн гүнж” гээд “Long Entertainment”-ийн уран бүтээл дээр ажилласан. Миний хувьд жүжигчин болон продюсероор ажилласан. Найруулагчаар нь жүжигчин, найруулагч Г.Жанчив ажилласан.
Киноны тухайд тодотгоход түүхэн, инээдмийн уран сайхны кино юм. Тухайн кинонд гарч байгаа үйл явдал, газар, хүмүүсийн нэр бүгд зохиомол. Нэг ч бодит явдлаас сэдэвлээгүй. Гэхдээ түүхэн ярианы хэллэг дээр суурилсан. Бидний 100 хувь өөрсдийн санаанаас гарсан уран бүтээл болсон.
– Оюутан байх үеийн дөрвөн жил тань хэрхэн өнгөрсөн бэ?
-Би 2011 онд Соёл урлагийн их сургуульд элсэж орсон, Л.Дэмидбаатар багш маань анги даасан багш байлаа. Оюутны дөрвөн жил нэг мэдэхэд л өнгөрсөн. Миний хувьд хөдөлгөөнтэй оюутан гэх үү дээ. Гуравдугаар курсэд тайзан дээр гардаг. Хичээл ихтэй байдаг. Дөрөвдүгээр курсэд бол дипломын бичвэрийн ажил гээд бужигнаад л хурдан болоод өнгөрсөн.
Соёл урлагийн их сургуульд тэнцэх нь гоё байсан. Шалгалт өгөөд тэнцээд сургуульдаа орсон мэдрэмж хамгийн гоё.
АНХНЫ КИНО КАМЕРЫН ӨМНӨХ ДОГДЛОЛ
-Таны жүжигчний замнал хамгийн анх ямар киноноос эхэлсэн бэ? Үзэгчид тэр бүр мэддэггүй, анхны дүрийнхээ талаар яривал?
-Тэр киноны хувьд болохоор улс болгоны хүүхдүүдийн амьдралыг харуулсан баримтат маягийн кино байсан. Франц найруулагч ирээд, сонгон шалгаруулалтад оролцоод тэнцсэн. Хамгийн анх энэ кинонд 2005 онд буюу ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа тоглосон.
-Харин оюутан байхдаа “Тагнуулч аав” кинонд дүр бүтээсэн. Энэ нь аавтайгаа хамт тоглосон анхны бүрэн хэмжээний кино байсан уу?
-Оюутан байхдаа нэгдүгээр курс төгссөн зундаа продюсер Хүрлээ ах/Д.Хүрэлхүү/, зураглаач “Go”-ийн Галаа ах /Д.Галбаяр/, нарын үе дамжсан урлагийн уран бүтээлчдийн хүүхдүүдтэй тоглосон юм. Жишээ нь, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн хүү Тамираа ах (Б.Тамир), Ардын жүжигчин И.Одончимэг эгчийн охин О.Намуун, Монгол Улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан ахын хүү Нээнээ (Э.Энэрэл) бид тав тоглосон юм. Тэр кино миний тоглосон анхны бүрэн хэмжээний кино байсан.
-Тэр үед анх киноны санал авч, камерын өмнө зогсох ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Киноны санал ирэхэд сандраад догдолсон. Бүх юм давхцаад камерын өмнө яаж жүжиглэхээ мэдэхгүй болчихсон.
-“Татар” киноны Кубанагийн дүрээр таныг үзэгчид илүү таньж эхэлсэн. Энэ дүрд хэрхэн сонгогдон ажилласан бэ?
-Зохиол дээр “Татар”-ын кино учраас Кубанагийн хэсэг бол ер нь цөөхөн.
Найруулагч бол аймар харизмтай, харахад л хүнд тээртэй, ядаргаатай, хүмүүс хажууд нь байхад байж суухын аргагүй, хэцүү характертай, хурц төрхтэй хүнийг гаргахыг хүссэн.
-Тэгвэл Кубанагийн дүрийг авсныхаа дараа өөрийнхөөрөө хэрхэн хүлээж авч, дүрдээ бэлтгэсэн бэ?
–Кубанагийн дүрийг авсныхаа дараа аль болох найруулагчийн хүссэн дүрийг гаргахыг хичээж ажилласан.
-Кубана-ийн дүрийн дараа танд эсрэг талын, ширүүн характертай дүрийн санал хэр их ирдэг болсон бэ?
-Кубанад тоглосны дараа мэр сэр эсрэг талын харизмтай дүрийн саналууд ирсэн.
Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу!
3,595.72






















































Өвгөн Балдан 2026-08-29 59.153.114.222
Балчинлувсан даргаа Монгол улс чинь 1990 оноос л Хувийн хэвшилд суурилсан эдийн засагт шилжлээ гээд тунхаглаа биз дээ. Та тэгсэн чинь …Бид өнгөрсөн жилээс авахуулаад, эдийн засгаа хувийн хэвшил рүү шилжүүлэх, хувийн хэвшилд суурилсан эдийн засагтай болох тогтолцоо руу шилжих бодлого баримталж ирсэн… гэдэг чинь одоо юу болж байнаа. Та чинь юун бодлого тодорхойлох битгий хэл Эдийн засгийн коллежид сухалцах шаардлагатай нөхөр биш үү.
Нэргүй 2026-08-29 66.181.185.250
Л.Балчиглувсан, Мөнхоржил гэнэ үү чукчаанууд битгий солиороод байгаарай, та нарын эдийн засаг мэддэг гэж баасных нь байхав дээ. тэнэг хүний дуугүй нь сүртэй байдаг юм шүү
Нэргүй 2026-08-29 66.181.177.80
МАХНЫ УНЭ ОСГООД БАЙГАА УЧРАЛ ЕРОНХИЙ САЙД АЖЛАА ОГЧ МАХНЫ УНИЙГ БУУРУУЛЖ ЧАДАХ ЕРОНХИЙ САЙДАА ТАВИМААР БАЙНА ЭДИЙН ЗАСАГЧ НАР НЭРТЭЙ ЭНЭ ХЭДЭН УЛСУУД МАХНЫ УНЭ БУУРУУЛАХ АРГЫГ ХЭЛЖ ЧАДАХГУЙ ОНОЛ ЕРОНХИЙ ЮМ ЯРЬСАН ХУДАЛЧУУД Л БАЙХ ЮМ ДАА