Б.Лакшми: Бодлогын хүүг нэмсэн нь эдийн засаг муудах дохио

Б.Лакшми: Бодлогын хүүг нэмсэн нь эдийн засаг муудах дохио

Б.Лакшми: Бодлогын хүүг нэмсэн нь эдийн засаг муудах дохио

Эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа ч дотоодод бизнесийн орчин улам хумигдаж байна.  Засгийн газар 2026 оны төсөвт тодотгол хийх хүрээнд уул уурхайн экспортоос орж ирсэн орлогыг төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхээс илүү хувийн хэвшлийг дэмжихэд зарцуулах зохицуулалт хийх боломжтой юу. Эдийн засагч хүний хувьд энэ нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?

-УИХ-аас 2026 оны улсын төсвийг батлахдаа жилдээ 90 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан. Яг одоо нүүрсний экспортын биет хэмжээ сайн байгаа ч дэлхийн зах зээл дээрх үнэ нь буурсан хэвээр байна. Нүүрний үнэ унасан учраас улсын төсөвт орж ирэх орлого тодорхой хэмжээгээр багасна. Энэ оны төсвийг нэг их наяд төгрөгийн алдагдалтай баталсан ч эхний долоон сарын байдлаар төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болж хоёр дахин нэмэгдээд байна. Тиймээс бодит байдал дээр эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байна. Монгол Улс дотооддоо бизнесийн орчин хангалтгүй байгаа нь үнэн. Энэ салбарт реформын шинж чанартай нэг ч ажлыг хийсэнгүй. Ялангуяа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд төсвийн болон татварын тодорхой хэмжээний орлогыг бүрдүүлдэг. Гэтэл эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх шийдвэр гарсантай холбоотой бизнесийн орчин таатай бус байна. Тэгэхээр улсын төсөвт татвараар дамжин орж ирэх орлого нь буурсан гэж хэлж болно.

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг харахад, ахмад настны тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр оруулж ирсэн нь бизнесийн орчин, ажлын байрыг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болохгүй нь лавтай.

Дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт, нийлүүлэлт өндөр байх төлөвтэй. Учир нь дэлхий нийтээрээ цахилгаан машин, гар утас гэх мэт дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд өргөн ашиглаж байгаа учраас зэсийн эрэлт их, үнэ нь ч өндөр байна. Монгол Улсын хувьд зэстэй холбоотой шинэ орд нээж, илрүүлж, шинэ бизнес нэмэгдээгүй. Сүүлийн жилүүдэд нүүрсний экспорт төсвийн орлогыг илүүтэй бүрдүүлж ирсэн учраас нүүрсний зах зээл талаас нь ярилаа. Зэсийн хувьд, улсын эдийн засагт нүүрс шиг  том хэмжээний үр нөлөөг үзүүлэхгүй. Учир нь зэсийн экспорт улсын төсөвт 13 хувийн орлогыг төвлөрүүлдэг.

-Засгийн газраас 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн төсвийн тодотгол өргөн барьсан гэж онцолж буй. Гэтэл эдийн засагчид төсвийн зарлага, алдагдал улам нэмэгдэж, хэмнэх бус зардлаа хэд дахин тэлсэн хамгийн муу төсвийн тодотгол оруулж ирлээ гэж шүүмжилж байна. Төсвийн алдагдлыг бууруулах тал дээр ямар санал хэлэх вэ?

-Төсвийн тодотголыг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд тохируулж хийдэг. Засгийн газраас өнөөдөр нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд тохиромжгүй тодотголыг оруулж ирж байна. Өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард батлагдсан 2026 оны төсвийнхөө зардлуудыг хооронд нь сольж, хөрөнгө оруулалтаасаа танаж, эргээд энэ төсвөөрөө цалин, тэтгэвэр нэмэхээр оруулж ирлээ. Томоохон реформын шинж чанартай нийгэм, эдийн засгийнхаа үзүүлэлтэд тохирсон төсвийн тодотгол байж чадсангүй гэж үзэж байна.

Хоёрт, орлого талаасаа авч үзэхэд, маш өөдрөгөөр төсөөлсөн хэвээрээ байна. Нүүрсний биет хэмжээний экспорт, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийг хэт өөдрөгөөр төсөөлжээ.

Гуравт, төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдсэн. Уг нь төсвийн алдагдлыг ДНБ-ий нэг хувьтай дүйцэхүйц гэж баталж байсан бол өнөөдөр ДНБ-ий хоёр хувьд хүрэхээр оруулж ирж байгаа нь нийгэм, эдийн засгийнхаа хөгжилд тохирохгүй байгааг харуулж байгаа юм.

Яагаад гэвэл төсвийн тодотголоо маш зөв хийхгүй бол эргээд ард иргэд, өрхийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Эдийн засгийн идэвхжил буурч байгаатай холбоотой төсвөө маш их алдагдал, зарлагатай баталж байгаа нь эргээд инфляц буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хурдасгах эрсдэлийг дагуулж байна.

"ТӨСВИЙГ ХЭТ ӨӨДРӨГӨӨР ТӨСӨӨЛЖ БАЙГАА НЬ СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ БОЛОВ УУ"

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлдэг. Ирэх онд олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна уу?

-Монгол Улс гэлтгүй дэлхийн эдийн засаг хүнд нөхцөл байдалд байна. Монгол Улс экспорт хийх дэд бүтцийн суурь нөхцөл байдлаа сайжруулаагүй байгаа. Нүүрсний экспортыг ихэнхдээ автомашинаар хийдэг. Өнөөдөр шатахууны нөхцөл байдал тодорхой бус байгаа энэ үед бид улсын төсвөө хэт өөдрөгөөр төсөөлөх нь буруу гэж харж байна. Бид нүүрсээ биет хэмжээгээр экспорт хийхийн тулд 90 сая тонн нүүрс экпортолно. Гэтэл оны эцэст дизель түлшний нөөц байх уу гэдэг маш том асуултын тэмдэг гарч ирнэ. Монгол Улс шатахууны хувьд 100 хувь гадаад улсаас хамааралтай. Ийм үед нүүрсний биет хэмжээгээ баталгаажуулж чадах эсэх нь эргэлзээтэй. Дараа жил ч гэсэн нүүрсний экспортыг 100 сая тонн гэж нэмж байгаа нь маш эрсдэлтэй алхам.

Нөгөө талаасаа тайлан тооцоог уншиж судлахад, олон улсын уул уурхайн салбарын мөчлөг үе гэж бий. Энэ мөчлөгөөр нүүрсний үнэ өндөр байх мөчлөг нь буурсан гэх таамаглалыг дэвшүүлж буй.

Монгол Улсын хувьд энэ мөчлөгийг төсөвт эрсдэл дагуулж, алдагдлыг нэмэгдүүлнэ гэж харах ёстой. Ялангуяа улсын төсөв хэлэлцэж байх үед энэ асуудлыг сайтар анхаарах хэрэгтэй. Бид төсвөө хэт өөдрөгөөр төсөөлсний улмаас алдагдлаа нэмэгдүүлж, бодит эдийн засгийн өсөлт, нөхцөл байдлыг харж чадахгүй байна. Хэт өөдрөгөөр төсөөлж байгаа нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм болов уу гэж харж байна.

-Төв банк инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ 0,5 хувиар нэмсэн. Энэ нь инфляцид хэрхэн нөлөөлөх бол. Зарим судлаачид бодит инфляц одоогийн 13 хувиас өндөр байгаа гэдгийг хэлж байна. Оны төгсгөлд инфляц одоогийн түвшин дээрээ байж чадах болов уу?

-Монголбанкнаас бодлогын хүүгээ 0,5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12,5 хувьд хүргэлээ. Энэ нь шууд буюу богино хугацаанд инфляцид нөлөөлөх боломжгүй байдаг. Хоёрт, бодлогын хүүг нэмсэн нь эдийн засаг муудах дохио гэж ойлгох ёстой. Эдийн засгийн өсөлт буурна. Үүнтэй холбоотой судалгаа, тооцооллыг Монголбанкнаас хийж, бодлогын хүүгээ 0,5 хувиар өсгөснөөр арилжааны банкны хүү нэмэгдэнэ гэсэн үг. Жишээлбэл, иргэн шинээр зээл авсан тохиолдолд өнөөдөр 22-23 хувьтай байгаа зээлийн хүү 24-25 хувь болж өснө. Тэгэхээр энэ нь эргээд аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдэд нэлээд хүндээр тусна. Ажлын байр нэмэгдэхгүй, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, эдийн засагт эргэлдэх мөнгө багасна. Арилжааны банкууд өөрсдийн зээлээ хумих бодлого явуулах нь ойлгомжтой болж байна.

Ер нь Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн ч гэсэн Засгийн газраас төсвийн бодлогоороо дэмжихгүй бол ямар ч үр дүнгүй шийдвэр болно.

Инфляцид нөлөөлж байгаа суурь шалтгаануудыг авч үзэхээр, нэгдүгээрт яалт ч үгүй шатахуун нөлөөлж байна. Мөн их хэмжээний бараа бүтээгдэхүүн импортолж байгаа учраас импортын инфляц нөлөөлж байгаа бол гуравт, төсвийн зарцуулалт гол нөлөөг үзүүлж байна. Бид олон жил төсвөө алдагдалтай баталж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эргэлдүүлснээр инфляцид нөлөөлж байна.

"АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛД ХЯМРАЛ МЭДРЭГДЭЖ ЭХЭЛСЭН"

-Шатахуун, махны үнээс гадна ард иргэдийн цалин, тэтгэвэр үнийн өсөлтийг гүйцэхээ байлаа. Яг одоо эдийн засгийн хямралтай нүүр тулсан гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт нь саарч, зогсохыг хямрал гэж үзэж байгаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт хэр хүртээмжтэй байна вэ гэдгийг харах ёстой. Ард иргэд, өрхүүдийн хувьд эдийн засгийн хямрал маш хүндээр тусч байна. Тодорхой тоон үзүүлэлтүүдийг харахад, нэгдүгээрт арилжааны банкуудын олгож байгаа олон төрлийн зээл хумигдсан. Хоёрт, хүмүүсийн худалдан авах чадвар нэлээд буурсан. Хүмүүс өмнө нь машин, гар утас зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг байсан бол өнөөдөр жижиг дэлгүүрт ороод юм худалдаж авахдаа бодож байж авдаг болсон байна. Зах дээр ажилладаг худалдаачид ч гэсэн хямрал мэдрэгдэж эхэлсэн, иргэдийн худалдан авах чадвар буурч, бараа эргэлт муудсан гэдгийг хэлж байна.

Ер нь гадуур яваад бодит байдалтайгаа танилцахад илүүдэхгүй байх. Зах худалдааны төвүүдээр явахад хоосон лангуу нэмэгдэж, түрээсийн зар нь нэмэгдсэн гээд энэ бүхэн хямралын дохио.

Бизнес эрхлэгчид орлогогүй болсны улмаас бараагаа татан авч чадахгүй, түрээсээ төлж чадахгүй хаалгаа барих шийдвэрийг гаргаж байгаа нь эдийн засаг хүндэрч байгаагийн дохио юм. Ер нь эдийн засаг хүндэрсэн энэ үед ард иргэд хуримтлал үүсгэхэд хэцүү. Засгийн газраас төрийн албан хаагчийн цалин, ахмад настны тэтгэвэр нэмэх талаар шийдвэр гаргаж байгаа ч гэсэн тэр нэмэгдэл нь эргээд хэрэглээ болоод л гарна. Хуримтлал үүсгэх ямар ч боломжгүй.

-ТӨК-ийн ногдол ашгийг төсөв рүү татсанаар зарцуулалт нь ил тод, хяналттай болно гэдгийг Сангийн сайд танилцуулсан. Гэхдээ энэ зохицуулалт нь төрийн өмчит компанийн ногдол ашгийг иргэдэд бус төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглах нь гэдэг хардлагыг дагуулж байна. Энэ хэр зөв менежмент вэ?

-Нэг талаасаа төрийн өмчит компаниуд хэр ашигтай ажиллаж байгаа билээ. Яагаад гэвэл ихэнх төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж, төсвөөс татаас авч байгаа. Тэгэхээр улсын төсөвт ногдол ашгаа төвлөрүүлэх боломжтой  хэдэн компани байна вэ. Засгийн газраас Оюутолгой компаниас энэ оны эцсээр ногдол ашиг авахаар гэрээнд өөрчлөлт хийсэн гэдэг асуудлыг тавьсан. Энэ ногдол ашгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах эрсдэл өндөр байна. Яагаад гэвэл улсын даатгалын томоохон сангуудыг харахад, бүгдийг нь төсвийн алдагдалд зарцуулчихсан.

Тэгэхээр хамгийн том ногдол ашиг Оюутолгойгоос орж ирсэн тохиолдолд энэ нь эргээд төсвийн алдагдлыг нөхөх эрсдэл өндөр байна гэж хардаж байна.

Бусад төрийн өмчит компаниуд ногдол ашиг өгөх хэмжээнд ажиллаж байна уу гэдэгт эргэлзэж байна. "Багануур" ХК гэхэд хэзээ ч ашигтай ажиллаж байгаагүй. Төрөөс нүүрсний үнийг нь багаар тогтоож өгдөг учраас ашигтай ажиллах суурь нөхцөл нь бүрддэггүй. Үүнтэй холбоотой ногдол ашгаа улсын төсөвт төвлөрүүлэх тун цөөн компани бий. Ихэнх ашигтай төрийн өмчит компаниуд нь Засгийн газрын эрх мэдэлд шилжсэн. Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ зэрэг улсын төсөвт орлого төвлөрүүлдэг цөөн аймгийн төсөвт бүрдүүлэх орлогыг төсвийн тодотголд бууруулж оруулж ирсэн байна лээ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд бизнесийн идэвхжил муу байгаа учраас төсөвт төвлөрүүлэх орлогыг бууруулж тодотгож байгаа нь энэ алдагдал илүү өсөх эрсдэлтэй.

-Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэврийг 2026 оны арваннэгдүгээр сараас эхлэн ахмадуудад олгож эхэлнэ. Дунджаар тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нийтдээ 1.2 тэрбум төгрөг зарцуулах нь. Өмнө нь энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхэд 2.4 их наяд төгрөг шаардлагатай гэж мэдэгдэж байсан бол санхүүжилтээ бууруулсан байна?

-Мэдээж ахмад настнуудын тэтгэврийн мөнгө амьдралд нь хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Тэр утгаараа тэтгэврийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа. Тэр дундаа 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс маш бага тэтгэвэр гар дээрээ авдаг. Хамгийн гол нь оны эцэст огцом дүнгээр цалин, тэтгэвэр нэмснээр улсын төсөвт богино хугацаанд ачаалал үүсгэхээр харагдаж байна. Нөгөө талаасаа эдийн засагт ямар үр нөлөөтэй вэ гэдгийг харах ёстой болно. Яагаад гэвэл нөгөө л нэг инфляцийг өдөөнө. Учир нь нэг талаасаа тэтгэвэр нэмэгдэж байгаа юм шиг харагдаж байгаа боловч эргээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөнө.

Жишээлбэл, хонины мах нэг кг нь 25-26 мянган төгрөг байсан бол 28-29 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Ингэхээр 100-300 мянган төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл хоол хүнс, хэрэглээний зардалд шингэнэ гэсэн үг.

Сардаа хоёр килограмм мах авч байсан бол тэтгэвэр нэмснээр нөгөө л хоёр килограмм махаа илүү үнээр худалдан авна гэсэн үг. Тиймээс тэтгэвэр нэмэх асуудал дээр бодлогын хэмжээнд шийдэж, эдийн засагт ачаалал болохгүй байдлаар хэрхэн нэмэх вэ гэдгээ дахин тооцоолох шаардлагатай гэж бодож байна. Ирэх 2027 онд хэрэгжих ёстой хуулийн хэрэгжилтээ хоёр сарын өмнө хэрэгжүүлэхээр оны төгсгөлд төсвөөс их хэмжээний зарлага гаргахаар инфляцад шууд нөлөөлнө. Уг нь бага багаар эдийн засагт ачаалал болохгүйгээр үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдөр тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмээгүй. Ер нь ихэнхдээ бага тэтгэвэр авч байгаа хүмүүс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авч байна. Хэрэв инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмсэн бол ийм бага тэтгэвэр авахгүй шүү дээ.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-08-31 202.55.186.137

Төсөв байнга тэлж байна. Хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалт, үргүй зардал маш их. Нийслэлийн төсвийг улсын төсвөөс салгаж Нийслэлд хяналтгүй их эрх мэдэл олгосон нь татвар, төсөв, өр төлбөр нэмэгдэх цоргоны амыг нээсэн. ЗГ, НИйслэл хяналтгүйгээр бонд гаргаж, өрнийх нь төлөөсөнд иргэд, ААН-үүдийг татвараар дарамталж элгээр нь мөлхүүлж бн. Сонгууль дөхөөд ирэхээр эрх баригч МАН маш хортой шийдвэрүүд гаргаж улсаа сүйрүүлдэг. Шинэ хоршоо, Малчдын зээл гэх мэт.. Энэ бүх шийдвэр УЛС ОРНЫ ЭСРЭГ!

Avatar

ө 2026-08-31 122.201.19.173

Төрийн албан хаагчдын орон тоонд шинжилгээ хийж, нормативыг нь баталж яаралтай мөрдүүлээчээ, зүгээр байгаа хүмүүс их байна ш дэ,

Avatar

Иргэн 2026-08-31 202.55.186.137

Эхний ээлжинд Төрийн алба дотроо цалин хөлсний ялгаатай системтэй байгааг анхаарах. АА ангиллын цалинг УИХ тогтоодог. ТЗ, ТҮ..-ангиллыг Засгийн газар тогтоодог. Засаг ТАХ-гчдын цалинг огт хөдөлгөдөггүй. Үүнээс болж эмч ,багш, судлаач, ЭША, инженер суурьтай нарийн мэргэжлийн ТАХГ-чдын хөдөлмөр үнэгүйдэж, УИХТГ, ЗГХЭГ, ЕТГ, ТӨК зэрэг улстөр дагасан албан хаагчдын цалин тэнгэрт гарсан. Дабль стандарт гэж энийг л хэлээд байгаа юм. Эцсийн эцэст төрд хамгийн хүнд ачааг ТҮ, ТЗ л үүрч байна. ккк

Avatar

иргэн 2026-08-31 66.181.171.252

За том эдийн засагч хүн байж зах зээлд ийм дохио өгч болохгүй шүү, яаж мэдээд байгаа юм, угаасаа нүүрс, зэс хоёр л зарагдаж байвал сайжирна, нүүрсний зах зээл олон улсад эрэлт нь өсөх хандлагатай байгаа шүү.

Avatar

Zochin 2026-08-31 203.91.115.51

том эдийн засагч биш шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-08-31 202.126.88.173

ТӨК-ийн. Ашгийг ИАН-ын хорооны хэсгийн ахлагч авгай нарт өгснөөс
Төсвийн нөхөөсөнд өгөх нь зүйтэй !
Рэсгийн ахлагч авгай нар цалингүй болохоороо МАН-аасаа маш хурдан урвана даа. харж л баыгаарай !
Ингэхээр МАН маш хурдан сөнөнөө !

Avatar

зочин 2026-08-31 66.181.176.191

Манай эдийн засаг хүндэрсэн үндсэн 2 шалтгаан бий гэж боддог, Оны эхэнд нүүрсний үнэ унасан, Украин Ираны дайны улмаас ,бензин шатахууны хомсдол үүсч, үнэ талийсан, Үүнээс гадна АН -ын бодлого, ,байнга засгийн газрыг унагах, ажиллах боломжийг нь боймлох ,монголыг самуунд живүүлэх зэрэг нь мэдээж их нөлөөлж байгаа, Эдийн засгийн хүдрэлийг арилгах гэж Засгийн газар боломжоороо л ажиллаж байна,Байдлыг бодлогын хүүгээр зохицуулахгүй юм бол имфляц үнэ хэт өсч байдал бүүр муудах юм биш үү

Avatar

зочин 2026-08-31 66.181.176.191

Луйварчид бол, бусдыг гүтгэх, байдлыг бүүр муутгах, нэр хүндийг нь унагах,иргэдийг хуурч, мэхлэх, улс төрийн хонжоо хайх , эх оронч дүр эсгэх,луйврын аргаар төрийн эрхэнд гарах оролдлого л хийнэ, Бид ч тэднийг танихгүй болтлоо туйлширч ,төрийн толгойд эд нарыг залж хамаг баялагаа идүүлж ,хийж бтээсэн бүхнээ алдаж ,амьдралаа сүйрүүлсэн тохиолдол бишгүй олон бий, Төрд ёс зүйтэй, зөв шудрага хүмүүс ажиллуулах нь хамгаас чухал

Avatar

Лизингийн датагаараа орж байна 2026-08-31 192.82.65.35

хэцүү юм байна дөө пид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж