Канадын Оттава хотын зөвлөл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нэрээр нэрлэгдсэн гудамжны нэрийг өөрчлөх асуудлаар хэлэлцэж байна. Хотын зөвлөл Лхагва гаригт (2026.08.26) уг асуудлыг санал нэгтэй дэмжсэн байна.
"Trump Avenue" нь Оттавагийн "Central Park" дүүрэгт байрладаг орон сууцны бүсийн гудамж бөгөөд Трампын нэрийг 25 орчим жилийн турш хадгалж иржээ. Тус дүүргийн ихэнх гудамж Нью-Йорк хоттой холбоотой нэртэй. Тухайлбал, "Staten Way", "Madison Park", "Gotham Private" зэрэг гудамж байдаг.
Гэвч сүүлийн үед Канад, АНУ-ын худалдааны маргаан хурцдаж, Трамп Канадын талаар удаа дараа шүүмжлэлтэй мэдэгдэл хийх болсон нь уг гудамжны нэрийг өөрчлөх асуудлыг дахин хөндөхөд хүргэжээ. Зарим хотын зөвлөлийн гишүүн Трампын нэрийг Оттавагийн гудамжинд хадгалах нь зохимжгүй гэж үзэж байгаа аж. Хотын зөвлөлийн гишүүн Тим Тирнигийн мэдээлснээр, гудамжинд өгөх шинэ нэрийн талаар хэд хэдэн санал гарсан.
Тэдгээрийн дунд "Obama Avenue", "Ontario Avenue", "Canada Avenue", "Beaver Avenue", "Canada Goose Avenue" болон "Pelosi Avenue" зэрэг нэр багтжээ.
Мөн "Taco Avenue" гэсэн нэр санал болгосон байна. Энэ нь Трампыг егөөдсөн утгатай бөгөөд англи хэл дээрх “Trump Always Chickens Out” гэсэн үгсийн эхний үсгүүдээс үүссэн нэр аж. Үүнээс гадна Трампыг олон жилийн турш шүүмжилж ирсэн инээдмийн жүжигчин Рози О’Доннеллын нэрээр "Rosie O’Donnell Avenue" гэж нэрлэх санал ч гарчээ.
Трамп АНУ-ын засгийн газарт Онтарио нуурыг “Lake America” гэж нэрлэхийг чиглэл болгосон захирамжид гарын үсэг зурснаас нэг хоногийн өмнө "Trump Avenue"-ийн нэрийг солих санал хураалт гарчээ. Трамп өмнө нь Мексикийн буланг “Gulf of America” буюу “Америкийн булан” гэж нэрлэх шийдвэр мөн гаргаж байсан юм.
Оттавагийн "Trump Avenue" гудамжны нэрийг өөрчлөх оролдлого өмнө нь ч гарч байжээ. 2021 онд тус гудамжинд амьдардаг 62 өрхөөс санал авахад 21 өрх нэрийг өөрчлөхийг дэмжсэн бол 21 өрх эсэргүүцэж, 20 өрх санал өгөөгүй байна. Ингэснээр нэр өөрчлөхөд шаардлагатай олонхийн санал бүрдээгүй аж.
Тухайн үед нэрийг өөрчлөхийг эсэргүүцсэн хүмүүс бүгд Трампыг дэмждэг байсан гэсэн үг биш юм. Зарим оршин суугчид гудамжны нэр өөрчлөгдвөл гэрийн хаяг, бичиг баримт болон бусад бүртгэлээ шинэчлэх шаардлагатай болохоос зайлсхийсэн байна.
Харин энэ асуудал сүүлийн үед дахин анхаарлын төвд оржээ. Ялангуяа Трамп Онтарио нуурын нэрийг өөрчлөх шийдвэр гаргасан нь гудамжны нэрийн асуудлыг дахин хэлэлцэхэд түлхэц болсон гэж Тирни тайлбарласан байна.
Гэхдээ гудамжны нэрийг шууд өөрчлөх боломжгүй. Юуны өмнө тус гудамжинд амьдардаг иргэдийн талаас илүү хувь нь нэр өөрчлөхийг дэмжих шаардлагатай.
Үүний дараа хотын захиргаа шинэ нэрийн талаар олон нийтээс санал авч, тусдаа хэлэлцүүлэг явуулах юм. Энэ үйл явц Оттава хотын аравдугаар сарын сүүлээр болох хотын сонгуулийн дараа эхлэх төлөвтэй байна.
Тирни мөн гудамжны нэрийн асуудал нь Канад, АНУ-ын хооронд үүсээд буй худалдаа, тарифын маргаанаас илүү чухал асуудал биш гэдгийг онцолжээ. Түүний үзэж байгаагаар, хоёр орны харилцаанд үүссэн худалдааны асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах нь илүү чухал бөгөөд нэр өөрчлөх маргаан нь гол асуудлаас анхаарал сарниулах ёсгүй байна.
Канадын бусад газарт ч Трампын нэртэй газар байдаг. Тухайлбал, Онтарио мужийн хойд хэсэгт "Trump Lake" нэртэй нуур, мөн Трампын нэртэй арал, горхи байдаг байна. Гэхдээ Тим Тирнигийн хэлснээр, Оттавагийн "Trump Avenue" нь Дональд Трампын нэрээр шууд нэрлэгдсэн цорын ганц гудамж аж.
3,602.33






















































Холбоотой мэдээ