АНУ-ын цэргийн шүүхийн шүүгч Лхагва гаригт (2026.08.27) 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг зохион байгуулсан гэж буруутгагдаж буй Халид Шейх Мохаммед болон түүний гурван хамсаатны хэргийг 2028 онд шүүхээр шийдвэрлүүлэх тов гаргалаа.
Шүүх хурал 2028 оны зургаадугаар сарын 5-нд Кубын Гуантанамогийн цэргийн баазад эхлэх бөгөөд цэргийн алба хаагчдаас бүрдсэн тангарагтны бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэнэ.
Мохаммед болон түүний хамсаатан гэх Валид Мухаммад Салих Мубарак бин Аташ, Мустафа Ахмед Адам аль-Хавсави, Али Абдул Азиз Али нарыг 2001 оны халдлагыг зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Тэднийг Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төв болон Пентагонд зорчигч тээврийн онгоцуудыг барьцаалан мөргөх төлөвлөгөөг зохион байгуулсан гэж үздэг. Уг халдлагын улмаас 3,000 орчим хүн амиа алдсан билээ.
Хэрэг хоёр арваны турш хууль эрх зүйн маргаанаас болж шийдэгдэлгүй удаж байна. Өнгөрсөн сард АНУ-ын давж заалдах шатны шүүх Мохаммед болон хоёр хамсаатанд нь гэм буруугаа хүлээх боломж олгохыг зөвшөөрөөгүй. Тус улсын хуульд гэм буруугаа хүлээсэн бол цаазаар авах ялаас зайлсхийх боломж олгодог байна.
Шүүгч Майкл Шрама прокуроруудын санал болгосон 2027 оны нэгдүгээр сард шүүх хурлыг эхлүүлэх саналыг хүлээн аваагүй байна. Тэрбээр урьдчилсан нотлох баримт болон бусад хуулийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай хугацаа шаардлагатай гэж үзжээ.
Гуантанамо дахь хорих байгууламжийг АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийн засаг захиргаа 2002 онд 9/11 халдлагын дараа гадаадын зэвсэгт бүлэглэлийн сэжигтнүүдийг хорих зорилгоор байгуулсан юм.
3,600.44





















































Холбоотой мэдээ