"LVMH"-ийн дараагийн үеийн архитектор

ХҮМҮҮС

"LVMH"-ийн дараагийн үеийн архитектор

"LVMH"-ийн дараагийн үеийн архитектор

Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдийг нэгтгэсэн "LVMH" группийн охин компани болох "Loro Piana"-ийн гүйцэтгэх захирал Фредерик Арно Монгол Улсад хүрэлцэн ирж, "COP17" бага хуралд оролцсон билээ. Түүнийг хэн болох талаар "NEWS" агентлаг "ХҮМҮҮС" буландаа онцолж байна. 


Фредерик Бернар Жан-Этьен Арно 1994 оны арваннэгдүгээр сарын 7-нд Францын Парис хотын ойролцоох чинээлэг Нёйи-сюр-Сен хотод төржээ. Тэрбээр дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний конгломерат болох "LVMH Moët Hennessy Louis Vuitton"-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Бернар Арногийн хоёр дахь хүү юм. Харин ээж Хелен Мерсье-Арно нь Канад гаралтай төгөлдөр хуурч. Фредрикийн аав анхны гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй,  тэднийг Дельфин, ах Антуан гэдэг. Хожим Хелентэй гэр бүл болж, Александр, Фредерик, Жан нарыг төрүүлжээ.

Фредерикийн бага насанд бизнесийн нэгэн адил хөгжим ч чухал байр суурь эзэлдэг байв. Ээжийнхээ нөлөөгөөр тэрбээр төгөлдөр хуур тоглож сурсан. Улмаар 2017 онд Москва хотод эцэг, эхийнхээ хамт Москвагийн филармонийн найрал хөгжмийн тайзан дээр  төгөлдөр хуур тоглож байжээ.

Тэрбээр лимбэ хөгжмийг ч сайн тоглодог төдийгүй төрөлх франц хэлнээсээ гадна англи, герман, итали хэлээр чөлөөтэй ярьдаг.

Урлаг, хөгжмийн уур амьсгалтай гэр бүлд өссөн ч Арногийн гэр бүлийн хоолны ширээний ард өрнөх яриа ихэвчлэн бизнес, худалдааны сэдэв байв. Фредерик өмнө нь ярилцлага өгөхдөө, бага байхад нь гэр бүлийнх нь ярианы гол сэдэв сургууль, спорт, хөгжим гэхээсээ илүү бизнес байсан гэдгийг хуваалцжээ. Өсвөр насандаа түүний ирээдүйн зорилго ч өөрчлөгдсөн.

Анх тэрбээр архитектор болохыг хүсдэг байсан ч 15 орчим наснаасаа эхлэн бизнес эрхлэгч болохоор шийджээ.

Тэрбээр Парисын нэр хүндтэй Луи-ле-Гран лицейд суралцаж, дараа нь Францын тэргүүлэх инженерийн сургууль "École Polytechnique"-д элсэн орсон байна. Тус сургуулийг 2018 онд тооцооллын болон хэрэглээний математикийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсчээ.

ГЭР БҮЛИЙН БИЗНЕСИЙН ЭЗЭНТ ГҮРЭНД КАРЬЕРЫН ГАРААГАА ЭХЛҮҮЛСЭН НЬ

Фредерикт гэр бүлийн бизнесийн удирдах албан тушаалыг шууд өвлүүлэн өгөөгүй. Тэрбээр үйл ажиллагааны анхан шатнаас ажлын гараагаа эхэлжээ. Тухайлбал, "LVMH"-ийн тэргүүлэх цагны брэндүүдийн нэг болох "TAG Heuer"-т их сургуулиа төгсөхөөсөө өмнөхөн ажилд орсон.

Эхэндээ тус брэндийн стратегийн албанд ажиллаж, дараа нь дижитал албаны дарга болсон байна.

Түүний карьер маш хурдан өссөн гэж хэлж болно. 2020 оны долдугаар сард дөнгөж 25 настай байхдаа "TAG Heuer"-ийн гүйцэтгэх захирал (CEO)-аар томилогдож, Швейцарийн нэр хүндтэй цаг үйлдвэрлэгч компанийн нэгийг удирдах болжээ. Түүний удирдлагын үед "TAG Heuer" технологи болон поп соёлтой холбоотой хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсэн. Тодруулбал, Формула-1-тэй харилцаагаа бэхжүүлэн, чөлөөт хувцас, амьдралын хэв маягийн брэндүүдтэй хамтран ажиллах болсон байна. Ингэснээр залуу хэрэглэгчдийн дунд брэндийн дүр төрхийг шинэчлэхэд анхаарчээ.

Түүний хариуцлага 2024 оны нэгдүгээр сард дахин нэмэгдэж, "LVMH Watches"-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирлаар томилогджээ.

Ингэснээр Фредерик группийн цаг үйлдвэрлэлийн бүх брэндийг, тэр дундаа "TAG Heuer", "Hublot", "Zenith"-ийг удирдах болсон байна. Үүнээс гадна Арногийн гэр бүлийн хувийн хөрөнгө оруулалтын компани болох "Financière Agache"-ийн гүйцэтгэх захирлаар мөн ажиллах болжээ. Энэ нь түүнийг зөвхөн бизнесийн үйл ажиллагааг удирддаг менежерээс гадна гэр бүлийн хөрөнгийг хариуцан, захиран зарцуулах гол хүмүүсийн нэг гэдгийг улам бататгасан байна.

"LORO PIANA"-Д ШИЛЖСЭН НЬ

2025 оны гуравдугаар сард "LVMH" гэр бүлийн залгамж халаатай холбоотой хамгийн том өөрчлөлтүүдийн нэгийг зарлав. Фредерикийг Италийн ноолуур, нэхмэлийн тансаг зэрэглэлийн "Loro Piana" брэндийн дараагийн гүйцэтгэх захирлаар томилох болсон байна. Тус брэнд нь ил тод лого, тансаг байдлаа гайхуулахын оронд ховор, өндөр чанартай түүхий эд, даруухан хийцэд тулгуурласан хувцас, бүтээгдэхүүнээрээ тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл,  “чимээгүй тансаглал”-ыг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Энэ томилгоо нь Фредерикийн карьер цагны салбараас хувцас, нэхмэлийн салбар руу эрс шилжсэнийг харуулсан юм.

Тэрбээр 2025 оны гуравдугаар сараас эхлэн "Loro Piana"-д ажиллаж, тухайн үеийн гүйцэтгэх захирал Дамиен Бертрантай хэсэг хугацаанд гар нийлсэн байна. Бертран дараа нь "Louis Vuitton"-ийн дэд захирлын албан тушаалд шилжсэн.

Ингэснээр Фредерик 2025 оны зургаадугаар сард "Loro Piana"-ийн удирдлагыг албан ёсоор бүрэн хүлээн авчээ.

Фредерикийг тус брэндийн удирдлагад томилсон нь энгийн нэгэн удирдлагын өөрчлөлтөөс илүү гүн гүнзгий утгатай гэж олон нийт үздэг. Тансаг зэрэглэлийн салбарын өсөлт саарсан үед ч "Loro Piana" "LVMH"-ийн хамгийн амжилттай ажилласан брэндүүдийн нэг хэвээр байсан. Шинжээчид тус брэндийг эдийн засгийн өсөлтийн бодит хүч гэж үнэлж байв.

Фредерикийг "Loro Piana"-ийн удирдлагад томилсон нь "Бернар Арногийн таван хүүхдийн хэн нь ирээдүйд ‘LVMH’-ийн бүхэл бүтэн эзэнт гүрнийг удирдах бол?" гэсэн таамаг, хэлэлцүүлгийг өрнүүлжээ.

Арногийн гэр бүлийн таван хүүхэд бүгд өдгөө группийн харьяа брэндүүдэд өндөр албан тушаал хашдаг. Тэд "Christian Dior"-оос эхлээд "Tiffany & Co." хүртэлх олон брэндийг хариуцаж, гэр бүлийн гишүүн бүрийн өндөр албан тушаал нь олон нийт, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд ордог болжээ.

Харин Хелен Мерсье-Арно гэр бүлийн гишүүдийн хооронд өрсөлдөөн бий гэсэн цуу яриаг үгүйсгэж, холимог гэр бүл хэдий ч эв нэгдэлтэй хэмээн тодорхойлсон байна.

Фредерик "Loro Piana"-ийн гүйцэтгэх захирал болохоос өмнө буюу 2024 онд тус брэнд 1.609 тэрбум еврогийн орлого, 389 сая еврогийн цэвэр ашиг олсон. Харин түүний удирдлага дор брэнд хэр их ашиг олсон нь тодорхойгүй байна. Тиймээс Фредерик "Loro Piana"-ийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулсан эсвэл бууруулсан гэх дүгнэлт хийх нь утгагүй юм.

ЗАГВАР, ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН САЛБАР ДАХЬ ҮҮРЭГ

Фредерик Арногийн загвар болон тансаг зэрэглэлийн салбар дахь байр суурь, үүрэг нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Үндсэн гурван чиглэлд тэр ажилладаг:

  • Цаг үйлдвэрлэлийн салбарыг шинэчлэх: "TAG Heuer"-ийн гүйцэтгэх захирал, дараа нь "LVMH Watches"-ийн удирдлагыг хариуцахдаа тэрбээр мотоспортын хамтын ажиллагаа, орчин үеийн соёлтой холбоотой төслүүдээр дамжуулан группийн цагны брэндүүдийг залуу, дижитал орчинд өссөн хэрэглэгчдэд илүү ойртуулахыг зорьжээ.
  • “Чимээгүй тансаглал”-ыг хөгжүүлэх: Өдгөө "Loro Piana"-ийг удирдаж буй Фредерик тод лого, брэндийн нэрийг онцлохоос илүү чанартай материал, нарийн хийцээрээ тансаг, дээд зэрэглэлийн байдлыг илэрхийлдэг брэндийг хариуцаж байна. Энэ нь лого давамгайлсан загварын брэндүүдээс ялгаатай бөгөөд "LVMH"-ийн стратегид улам бүр чухал байр суурь эзэлж буй сегмент юм.
  • Гэр бүлийн хөрөнгө, бизнесийн стратегийг хариуцах: "Financière Agache"-ийн удирдлагын үүрэг болон "LVMH"-ийн ТУЗ-ийн гишүүний хувьд тэрбээр зөвхөн нэг брэндийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Гэр бүлийн хөрөнгө болон группийн урт хугацааны бизнесийн стратегийг тодорхойлоход оролцож байна.

НОГООН НҮДТЭЙ ЗАЛУУ

Фредерик хувийн амьдралаа олон нийтээс ихээхэн нууцалдаг. Гэсэн хэдий ч 2022 оны сүүлээр түүнийг Лалиса Манобан буюу уран бүтээлийн нэрээрээ Лиса хэмээн алдаршсан "BLACKPINK" хамтлагийн гишүүнтэй романтик харилцаатай гэх мэдээлэл гарсан. Анх Фредерик Лос-Анжелес хотод Лисагийн тоглолтыг үзэхээр очих үед нь тэдний хамт байгаа зураг цахим сүлжээнд тархсан. Үүнээс хойш тэд Парис, Токио, Нью-Йорк болон Италийн хэд хэдэн хотод хамт явж байгаа нь харагдсан байна. Мөн 2024 онд Майами хотод болсон "TAG Heuer"-ийн арга хэмжээнд хамт оролцжээ.

Гэхдээ тэдний хэн нь ч харилцааныхаа талаар олон нийтэд албан ёсоор мэдэгдэж, баталгаажуулаагүй. Мөн хоёулаа хувийн болон хайр дурлалын амьдралынхаа талаар мэдээлэл өгөхөөс зайлсхийж, харилцаагаа аль болох нууц хэвээр хадгалдаг. Гэсэн хэдий ч Лисагийн "Moonlit Floor" дуу Фредерикийн тухай байх магадлалтай гэж дуучны шүтэн бишрэгчид нь үздэг билээ.

ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨӨР ТОДОРХОЙЛОГДСОН ГЭР БҮЛ

Арногийн гэр бүлийн гишүүн байна гэдэг нь дэлхийн бизнес салбарын хамгийн их анхаарал татдаг гэр бүлүүдийн нэг хэсэг байхыг хэлнэ. Фредерикийн аав Бернар Арно 1984 оноос хойш "LVMH"-ийг хөгжүүлж, загвар, үнэт эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүний 75 гаруй брэндийг нэгтгэсэн дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн конгломерат болгожээ.

Фредерикийн ах, эгч нар ч мөн "LVMH"-ийн гол брэндүүдэд удирдах албан тушаал хашдаг. Эгч Дельфин нь "Christian Dior Couture"-ийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар ажилладаг. Удаах ах Антуан нь "Christian Dior SE"-ийг удирддаг бөгөөд өмнө нь "Berluti" брэндийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Ах Александр нь "Moët Hennessy"-д удирдах албан тушаал хашдаг бол дүү Жан нь "Louis Vuitton"-ийн цагны үйлдвэрт ажиллаж байна.

Ингэснээр Арногийн таван хүүхэд бүгд "LVMH"-ийн гол брэндүүдийн удирдлагад оролцож, компанийн дараагийн үеийн манлайлагчид хэмээн үнэлэгдэж иржээ.

Тэд ирээдүйд зөвхөн тус тусын брэндийг төдийгүй бүхэл бүтэн "LVMH" группийг удирдах боломжтой хүмүүс юм. Өдгөө 30 гаруйхан настай Фредерик Арно тансаг зэрэглэлийн салбарын хоёр өөр чиглэлийг аль хэдийн удирдлагадаа оруулсан. Эхлээд технологи, инженерчлэлд тулгуурласан цаг үйлдвэрлэлийн салбарыг удирдсан бол одоо өндөр чанартай ноолуур, нэхмэл эдлэлээрээ алдартай "Loro Piana" брэндийг удирдаж байна.

Түүний "Loro Piana" дахь удирдлагын үр дүн зөвхөн брэндийн ирээдүйд нөлөөлөхөөс гадна дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн эзэнт гүрэн болох "LVMH"-ийг ирээдүйд хэн удирдах вэ гэсэн хэлэлцүүлэгт ч чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж