Канье Уэст ирэх аравдугаар сард ОХУ-ын Санкт Петербургийн "Gazprom Arena"-д хоёр тоглолт хийх тухай мэдээлэл хэвлэлүүдээр гараад байсан. Гэвч "Gazprom Arena" Даваа гаригт /2026.08.24/ байр сууриа гэнэт өөрчилж, энэ мэдээллийг үгүйсгэжээ. Тоглолтыг бид зохион байгуулаагүй, түрээсийн гэрээ ч байгуулаагүй гэсэн тайлбарыг тэд өгсөн байна. Үүний зэрэгцээ Канье Уэстийн тоглолтыг сурталчилсан бүх мэдээлэл, материалуудыг цахим хуудаснаасаа устгажээ.
Гэтэл олон улсын уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулдаг Оросын тэргүүлэгч компанийн нэг "Say Agency" Канье Уэстийн тоглолт аравдугаар сарын 10, 11-нд товлосон хуваарийн дагуу болно гэж мэдэгджээ. Мөн албан ёсны гэрээнүүд наймдугаар сарын 27-ны Пүрэв гариг гэхэд бэлэн болно гэсэн байна. "Say Agency"-ийн гүйцэтгэх захирал Анна Субчевагийн хэлснээр, Канье Уэст аль хэдийнэ урьдчилгаа 1.5 тэрбум рублийг зохион байгуулагчдаас авчихсан байгаа аж.
"Say Agency" болон "Gazprom Arena" аль аль нь өнгөрсөн долоо хоногт Канье Уэстийн тоглолтыг сурталчилж байсан юм.
"Fontanka" хэвлэлд мэдээлснээр, "дээрээс ирсэн" утасны дуудлагын дараа "Gazprom Arena" гэнэт тоглолтыг цуцалжээ. Энэ хэрэгт Кремль оролцсон байж магадгүй гэх таамаглалыг тус хэвлэлд дэвшүүлсэн байна. Зохион байгуулагчид орон нутгийн эрх баригчдаас зөвшөөрөл аваагүй байж тасалбараа хэдийнэ борлуулаад эхэлсэн байсан аж.
Канье Уэст Санкт Петербургт тоглолтоо хийнэ гэсэн мэдээлэл Оросын зарим албан тушаалтны эгдүүцлийг төрүүлээд байсан. Учир нь Канье Уэст хэдэн жилийн өмнө Адольф Гитлерийг шүтэн биширдэг гэдгээ илэрхийлж, нацистын бэлгэдлийг ашиглаж байжээ. Гэтэл Орост ийм үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог.
"Gazprom Arena"-ийн татгалзсан мэдэгдлийн дараа Москвагийн "Лужники" цэнгэлдэх хүрээлэн тоглолтыг зохион байгуулахад бэлэн гэжээ. Канье 2024 онд загвар зохион бүтээгч Гоша Рубчинскийн төрсөн өдөрт оролцохоор Москвад ирж байсан. Тухайн үед "Лужники" цэнгэлдэх хүрээлэнд Канье Уэстийн тоглолт болно гэж яриа гарч байжээ.
3,600.44






















































Холбоотой мэдээ