COP17-ын хүрээнд Мягмар гаригт “Усны өдөр”-ийг онцлон тэмдэглэлээ. Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдэл болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргилтой ярилцлаа.
-COP17-ын хүрээнд өнөөдөр “Усны өдөр”-ийг онцолж байна. Монгол Улс усны асуудлаа дэлхий нийттэй ярилцах энэ өдрөөр ямар асуудлыг хөндөж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас COP17-той холбогдуулан өнөөдөр усны салбарын хуралдааныг амжилттай зохион байгуулж байна.
Энэ хуралдаанд олон улсын байгууллагуудын төлөөлөл, улс орнуудын холбогдох яамдын сайд нар, Монгол Улсын Засгийн газрын харьяа байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Өөрөөр хэлбэл, усны асуудлыг зөвхөн нэг улс орны хүрээнд бус, дэлхий нийтийн хэмжээнд хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар улс орнууд туршлага, бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ ярилцаж байгаа нь энэ хуралдааны хамгийн чухал онцлог юм.
НҮБ-ын судалгаагаар дэлхий нийтийн хэмжээнд ойролцоогоор 2 тэрбум хүн эрүүл ахуйн шаардлага бүрэн хангаагүй усны хэрэглээтэй байгаа бол 4 тэрбум орчим хүн жилийн тодорхой хугацаанд усны хомсдолд ордог гэсэн судалгаа бий.
Энэ нь усны асуудал зөвхөн байгаль орчны асуудал биш, хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалтай шууд холбоотой болсныг харуулж байна. Тиймээс ус бол дэлхий ертөнцийн экосистем, байгаль орчин, хүний амьдралын хамгийн чухал суурь нөөц гэдгийг улс орнууд дахин тодотгож, хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрөөр дамжуулан энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна.
-Монгол Улсын хувьд усны нөөц ямар байна вэ?
-Монгол Улсын хувьд усны асуудлыг зөвхөн хүн амын өсөлт, хэрэглээ нэмэгдсэнтэй холбон ойлгож болохгүй. Үүнд уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн зохистой ашиглалт зэрэг олон хүчин зүйл зэрэг нөлөөлж байна.
Дэлхий нийтийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа улс орнуудын нэг нь Монгол.
Үүнийг бид өдөр тутмын амьдрал дээрээ ч тодорхой хэмжээгээр мэдэрч байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хуурайшилт нэмэгдэж, ой, хээрийн түймрийн эрсдэл өсөж байгаа. Онцгой байдлын байгууллагын мэдээлэл, судалгаануудаас харахад сүүлийн арван жилийн хугацаанд уур амьсгал, цаг уурын нөхцөлтэй холбоотойгоор олон зуун ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн байдаг. Энэ нь манай орны хуурайшилт, уур амьсгалын өөрчлөлт ямар түвшинд хүрч байгааг харуулсан нэг үзүүлэлт юм.
Нөгөө талаас Монгол Улсын нутаг дэвсгэрийн говь, тал хээрийн бүс, тэр дундаа Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Дорноговь зэрэг аймагт цөлжилт илүү хүчтэй илэрч байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд нийт газар нутгийн 81.9 хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа гарсан. Энэ бол бидний хувьд үнэхээр сэтгэл эмзэглүүлэх асуудал. Улс орон бүр өөр өөрийн хэмжээнд арга хэмжээ авч байгаа ч дан ганц нэг улсын хүчин чармайлтаар шийдэх боломжгүй. Цөлжилт, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг улс орнууд хамтран, нэгдсэн бодлого, томоохон төсөл хөтөлбөрөөр шийдвэрлэх шаардлагатай болсон.
-Усны нөөцөө хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр Монгол Улс одоо ямар арга хэмжээ авч байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлд тодорхой бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол цаг үеэ олсон, маш чухал бодлогын нэг гэж харж байна. Мод тарих гэдэг нь зөвхөн модны тоог нэмэгдүүлэх асуудал биш. Цаанаа хөрсөө хамгаалах, усны нөөцийг хадгалах, экосистемийг сэргээх, цөлжилтийг бууруулах, байгаль орчны тэнцвэрийг хамгаалах өргөн хүрээний ач холбогдолтой.
Мөн бид зөвхөн газрын доорх усыг ашиглах бус, байгалийн ус, хур тунадас, борооны усыг хэрхэн зөв хуримтлуулж, хамгаалж, дахин ашиглах вэ гэдэгт анхаарах ёстой.
Өөрөөр хэлбэл, усны хэрэглээгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ усны нөөцөө нөхөн сэргээх, хуримтлуулах, хамгаалах тогтолцоог бий болгох шаардлагатай. Энэ хүрээнд Байгаль орчны чиг үүрэг бүхий яам, холбогдох байгууллагуудаас тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн хувьд ч усан сан, ус хуримтлуулах байгууламжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах чиглэлд ажиллаж байгаа. Тиймээс бид усны хомсдол бий болсны дараа арга хэмжээ авах биш, урьдчилан сэргийлэх бодлогоо одооноос эрчимжүүлэх нь хамгийн чухал.
-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор өвөлжилтийн нөхцөл байдал ч анхаарал татаж байна. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ?
-Монгол Улсын Шадар сайд 21 аймагт албан томилолтоор ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Үүний дүнг Монгол Улсын Засгийн газарт танилцуулж, шаардлагатай холбогдох арга хэмжээнүүдийг авч байна. Монгол Улсын хувьд өвөлжилт гэдэг жил бүр тодорхой хэмжээнд хүндрэл дагуулдаг асуудал.
Ялангуяа баруун аймгуудад цаг агаарын эрс тэс нөхцөл байдал жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс аймгийн төвүүдийн дулаан хангамж, цахилгаан хангамж, малчдын өвс, хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэлт зэрэг асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Өвөл ойртож байгаа учраас Засгийн газраас тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан, холбогдох яамдын сайд нарт үүрэг, чиглэл өгсөн. Мөн бүх аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллаж байна.
Ер нь ус, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, өвөлжилт зэрэг асуудал тус тусдаа мэт боловч хоорондоо шууд холбоотой.
Тиймээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, байгаль орчноо хамгаалах бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх нь Монгол Улсын хувьд нэн чухал байна.
Завхан, Хөвсгөл аймгууд Могойн голын уурхайгаас нүүрс татан төвлөрүүлж, бүх сум болон аймгийн төвүүдийн дулааны станцуудаа нүүрсээр хангадаг. Гэтэл өнөөдөр Могойн голын уурхай санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсонтой холбоотойгоор энэ хоёр аймаг нүүрсний татан авалтын хувьд эрсдэлтэй байдалд орж байгаа асуудал гарсан. Шадар сайдыг албан томилолтоор ажиллах үед энэ асуудал яригдсан. Үүний хүрээнд Шадар сайд холбогдох арга хэмжээг авч, аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлагуудтай уулзаж, Засгийн газарт танилцуулан, аль болох хурдан шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх байх.
Ерөнхийдөө нийтлэг байдлаар бүх аймгуудад дулааны хангамжийн асуудал байна. Цахилгааны эх үүсвэр, цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах боломж, хүчин чадал мөн хомсдолтой байгаа асуудлууд ажиглагдаж байна. Бүх аймгийн төвүүд дээр барилгажилт нэмэгдэж, орон сууцууд олноор баригдаж байна. Тэгэхээр үүнийг дагаад дулаан, цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ. Тиймээс цаашдаа зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар биш, төр, хувийн хэвшлийн түншлэлээр аж ахуйн нэгжүүдээ татан оролцуулж, дулааны болон цахилгааны эх үүсвэрийг өргөтгөх шаардлагатай. Зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр энэ асуудлыг 100 хувь шийдэхэд өнөөдрийн төсвийн нөхцөл байдалд хүндрэлтэй байгаа нь ажиглагдаж байна.
-Энэ өвөл цаг агаарын нөхцөл байдал ямар байх төлөвтэй байна вэ? Үүнтэй холбоотойгоор аймгуудад ямар эрсдэлүүд байна вэ?
Олон жилийн дунджаар авч үзвэл манайд уур амьсгалын өөрчлөлт эрс явагдаж байна. Халалт маш их үүсэж байгаа. Энэ хэрээр хүйтний улиралд хур тунадас маш өндөр хэмжээгээр орж, хүйтрэл маш огцом явагдах тохиолдол ихсэж байна.
Өөрөөр хэлбэл, цаг агаарын огцом өөрчлөлтүүд маш их явагдаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас манайд өгч байгаа мэдээллээр энэ өвөл нэлээд хүндрэлтэй байх төлөв гарсан.
Өвөлжилт хүндрэхээр байгаа гэсэн мэдээллүүдийг бидэнд өгч байна. Тэр үүднээсээ Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайдаас 10, 11 дүгээр албан даалгавруудыг гаргасан.
Эдгээр албан даалгаврын гол хэрэгжилт нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймаг, нийслэл болон холбогдох Засгийн газрын яамд, төрийн захиргааны төв байгууллагуудад үүрэг өгч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангахтай холбоотой. Энэ албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Шадар сайд харьяа яамдын сайд нар болон орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Эдгээр албан даалгаврын биелэлтийг хангах хүрээнд бид түрүүн ярьсанчлан аймгуудынхаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцаж, хяналт тавьж ажиллаж байна. Тулгамдсан асуудлыг Монгол Улсын Шадар сайд газар дээр нь шийдэх боломжтой бол газар дээр нь шийдэж байгаа. Харин Засгийн газрын хуралдаанаар оруулж, хөрөнгө мөнгө шаардсан асуудал, эсвэл аль нэг яамны тусгай зөвшөөрлийг хүлээгээд байж байгаа асуудал ч амьдрал дээр байна. Тиймээс эдгээр асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна.
-10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл нэлээд удаан яригдаж байгаа. Одоо ямар шатандаа явж байна
-10 аймгийн төвийн дулааны станцын төсөл БНСУ-ын нэгдсэн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байсан. Гэвч өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас хамаарахгүй шалтгаанаар, БНСУ-ын аж ахуйн нэгж өөрөө санхүүгийн эрсдэлд орсонтой холбоотойгоор энэ төсөл хөтөлбөр зогссон байдалтай байгаа.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, 10 аймгийн дулааны станцыг цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ашиглалтад оруулах чиглэлд тодорхой шийдвэр гарсан.
Энэ ажил ойрын хугацаанд хэрэгжиж эхлэх байх. Эрчим хүчний яам энэ чиглэлээр бодлогын арга хэмжээг авч ажиллаж байгаа.
-Шадар сайд орон нутагт ажиллах үеэр ямар асуудлууд хамгийн их тавигдаж байна вэ? Засгийн газрын түвшинд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байна?
-Засаг дарга нараас тодорхой эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, төсвийн хүрээнд тухайн асуудлаа өөрсдөө шийдвэрлэх боломжийг олгож өгөөч гэсэн хүсэлтүүд ирүүлж байна.
Хоёрдугаарт, зам ашиглалтын асуудал байна. Орон нутаг бүр дээр замын асуудал тулгамддаг. Зам ашиглалтын байгууллага нь Зам, тээврийн яамны шууд харьяалалд байдаг бөгөөд орон нутгийн зам болон улсын чанартай замын ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг.
Энэ байгууллагын менежмент, гүйцэтгэлд орон нутгийн удирдлагууд давхар хяналт тавих боломжийг олгож өгөөч гэсэн хүсэлт мөн тавьж байгаа.
Дээр нь олон жил хэрэгжиж байгаа боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд байна. Эдгээрийг ашиглалтад оруулах тал дээр төсөвт тодотгол хийж, санхүүжилтийн дэмжлэг үзүүлээч гэсэн асуудлыг орон нутгийн удирдлагууд Шадар сайдад тавьж байна. Орон нутгийн удирдлагуудын хамгийн тухайлан тавьж байгаа асуудлын нэг нь Хэмнэлтийн тухай хуульд орсон худалдан авалттай холбоотой зүйл заалт байна. Тухайлбал, тавдугаар сарын 31-ний дотор улсын төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтыг хийж, гэрээг байгуулсан байх ёстой гэсэн зохицуулалт өнөөдөр хүчин төгөлдөр үргэлжилж байгаа. Гэвч бодит орон нутгийн нөхцөл байдал дээр энэ хугацаанд бүх худалдан авалтыг амжуулах боломжгүй тохиолдол гарч байна. Ялангуяа дэд бүтцийн шинж чанартай хөрөнгө оруулалтын ажлуудын хувьд хүндрэлтэй.
Тиймээс орон нутгийн удирдлагууд энэ хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж өгөөч гэсэн саналыг тавьж байгаа. Ингэснээр хөрөнгө мөнгө нь буцаад татагдах, улмаар инженерийн болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд хийгдэж чадахгүй болох эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзэж байна. Энэ асуудлаар Шадар сайд мөн тодорхой саналуудыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд өргөн барихаар бэлтгэж байгаа.
-Сүүлийн үед стандарт, шаардлага хангаагүй уурхай, тэр дундаа хууль бусаар ажиллаж байгаа уурхайтай холбоотой эрсдэл гарч байна. Энэ чиглэлд ямар хяналт шалгалт хийж, ямар арга хэмжээ авч байна вэ?
-Ашиглалтын шаардлага хангахгүй, стандарт шаардлага хангаагүй уурхай, мөн албан бус байдлаар хувиараа ашиглаж байгаа уурхайнуудтай холбоотой эрсдэлтэй нөхцөл байдлууд үүсэж байна. Үүний улмаас насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл эрсдэлд өртсөн тохиолдол гарлаа. Тиймээс эхлээд стандарт шаардлагаа хатуу тавих ёстой. Монгол Улсын Шадар сайд өөрийн чиг үүргийн байгууллагуудтай холбоотой нийт таван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Мөн Стандарт, техникийн зохицуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.
Энэ хуулийн гол агуулга нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд болон таны асуусан уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаанд олон улсын стандарт, Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, шаардлагуудыг хатуу мөрдүүлэхэд чиглэж байгаа.
Стандарт, шаардлагыг хатуу мөрдөөгүйгээс өнөөдөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс эрх зүйн хувьд шинэчлэл хийх замаар энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Нөгөө талаасаа Улсын онцгой комиссын даргын 03 дугаар албан даалгавар, хяналт шалгалтын удирдамж батлагдсан. Үүний хүрээнд Монгол Улсын хэмжээнд хууль, хяналтын байгууллагууд, Байгаль орчны яам, төрийн захиргааны төв байгууллагууд, орон нутгийн удирдлагуудын оролцоотой хяналт шалгалтын багууд ажиллаж байна. Энэ хүрээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр ажиллаж байгаа. Хяналт шалгалтаар гарч байгаа зөрчлүүдийг тухай бүр нь шийдвэрлэж байна. Зарим зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн хүрээнд газар дээр нь шийдвэрлэж байгаа бол зарим тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагад нь уламжилж, цуцлуулах санал гаргаж байна. Мөн зарим аж ахуйн нэгжид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Өөрөөр хэлбэл, кейс бүр дээр нь тохирсон арга хэмжээг авч, холбогдох мэдээллийг Шадар сайдад хүргүүлж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулан ажиллаж байна.
-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дулаарал нь гамшиг, аюулт үзэгдэлд хэрхэн нөлөөлж байна вэ? Гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед Онцгой байдлын байгууллагын хүн хүч, техник тоног төхөөрөмжийн чадавх хэр хүрэлцээтэй байна вэ?
-Гамшгийн тохиолдол дээр би түрүүнд ярьсанчлан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дулааралтай холбоотой асуудлууд нөлөөлж байна. Үүний нэг жишээ нь ой, хээрийн түймэр. Нөгөө талаас иргэдийн санамсаргүй, болгоомжгүй байдлаас үүсэж байгаа гамшиг, ослын асуудал ч байна. Энэ нь зөвхөн хөдөө орон нутагт биш, хот суурин газар ч үүсэж байна. Энэ дээр Онцгой байдлын байгууллага өөрсдийн хүчин чадал, техник тоног төхөөрөмжийн хангалтын хүрээнд аль болох урьдчилан сэргийлэх, иргэдэд зөв мэдээлэл өгөх, нөгөө талаас гамшиг, осол тохиолдсон үед цаг алдалгүй ажиллаж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах чиглэлээр өөрсдөөс хамаарах бүх боломж бололцоогоороо ажиллаж байна. Гэхдээ өнөөдөр Онцгой байдлын алба маань олон улсын шаардлага, стандартад нийцсэн хүн хүч, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүрэн хангагдсан уу гэвэл учир дутагдалтай зүйл бий.
Монгол Улсын хэмжээнд 330 сум, 21 аймагт яг хэдэн анги, бүлэг, салбар нэгж Онцгой байдлын албанд ажиллах ёстой вэ гэдгийг стандарт шаардлагын хүрээнд авч үзвэл өнөөдөр манай Онцгой байдлын алба нийтдээ ойролцоогоор 40 хувийн хангалттай, олон улсын стандартын хэмжээнд ажиллаж байгаа.
Гэхдээ мэдээж Засгийн газраас энэ асуудалд анхаарч, жил бүрийн улсын төсөвт тодорхой хэмжээний дэмжлэг, хүн хүч, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг тусгаж ирсэн. Улс энэ асуудалд анхаарч байгаа. Гэвч өнөөдөр төсвийн боломж хязгаарлагдмал учраас бүх асуудлыг нэг дор бүрэн шийдвэрлэх боломжгүй. Тиймээс олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд зарим тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхээр мөн ажиллаж байна. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газарт Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжиж байгаа. Мөн Францын Засгийн газрын төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслийн хүрээнд тоног төхөөрөмжөөр хангах, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг үе шаттай хийж байна.
-Онцгой байдлын байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн үед ямар ахиц гарсан бэ?
Мэдээж бүх зүйл болж бүтэхгүй байгаа гэсэн үг биш. Зарим чиглэлээр үнэхээр дэвшилттэй зүйлүүд бий. Тухайлбал, Засгийн газрын хамтарсан төслийн хүрээнд агаараас эрэн хайх, аврах анги байгуулсан. Иргэд маань үүнийг сайн мэдэж байгаа.
Алслагдсан газарт автомашинаар тээвэрлэх боломжгүй нөхцөлд осол, гэмтэлд өртсөн иргэдийн дуудлагыг хүлээн авч, манай аврах анги буюу нисдэг тэргүүд очиж, иргэдийг улсын клиникийн төв эмнэлгүүдэд авчирч, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах ажилд идэвхтэй оролцож байна.
Энэ чиглэлээр тодорхой амжилтууд гарч, иргэдийнхээ алтан амь насыг аварсан олон тохиолдол бий. Тиймээс нэг талдаа бидэнд шийдвэрлэх шаардлагатай хүн хүч, техник тоног төхөөрөмжийн асуудал байгаа боловч нөгөө талдаа олон улсын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хүрээнд чадавхаа нэмэгдүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд бодитой ахиц гаргаж байгаа.
3,600.44




















































Нэргүй 2026-08-26 203.98.76.30
Энэ балин хамарт юугаа мэдэх вэ дээ. Амарсайханы суганы үс, энд тэнд крандуулаал явдын. Ямар ч мэдлэг боловсрол байхгүй суганы үс, намчин эргүү бацаан
Магнайтэнүүн 2026-08-26 103.57.92.174
тэгвэл 6 хүний 4 нь усны хомсдол нүүрлэж байгаа юм байна. Уран олборлолт зогсоох, цэвэр усаар уурхайн эрдэс металлийг цэвэрлэж баяжуулах зогсоох хэрэгтэй юм байна даа
Нэргүй 2026-08-26 59.153.113.74
бахилга барихаа больчих барьсан барилгуудаа буулгаад эхэлчих ус хэмнэгдээд эхэлнэ усгүй болоё гэвэл барилга бариад байна биз манайх шиг Ундны усаа 00доо уул уурхайд машин угаахад хэрэглэдэг газар байдаг ч юм уу
Нэргүй 2026-08-26 202.126.91.55
хол очиж х**, дэлхий ярихаар улсаа ярь
зочин 2026-08-26 103.57.94.190
бДэлхийд усны хомсдол нүүрлэж байхад Монголд, Улаанбаатарт БГД 24-р хорооны Алтай хотхонд Нароны гүүрны урд талд Дунд голын ггүрний баруун талд Дунд гол руу 2 том трубагаар гүний цэвэр ус 4-5-6-7-8 сар дамнан өдөр шөнөгүй гоожуулж байгааг хараад харамс баайн ЗГХЭА УСны газраны даргад мессежээр 2-3 удаа бичээд арга хэмжээ авахгүй өдийг хүрлээ. Алтай хотхоны хамгийн зүүн талд барилга барихаар хашсан талбайгаас газар доогуур Дунд гол руу явуулсан том трубаг Та өнөөдөр ч харсан болно
харанхуй 2026-08-26 103.168.34.12
Яг үнэн, эхлээд Монголд усны хомсдол ардтүмний амьдралд ямар нөлөөтэй байгааг хэлэх ёстой болохоос дэлхийд яаж байгааг захын чавганц гар утсаа дараад хэлэх тоог бидэнд давтаад хэрэггүй, чамд тийм судалгаа байхгүй л дээ, Ажлын албаны дарга гэчихжээ ёстой Ажилгүй албаны дарга модон толгойт байна даа чи, ичиж амьдар залуу хүн байж шал тэнэг ажил хийж байна чи
Нэргүй 2026-08-26 66.181.182.81
Энэ засаг, төрийн алба хаагчид дэлхийн, мэлхийн гэж дэмий юм донгосч явахаа боль оо. Гар утас, компьютер хэрэглэдэг хэн наад ярьж байгаа юмыг хэдэн товч дараад л үзчихдэг болсон. Чи хариуцаж байгаа ажлаа л ярь. Бидэнд дэлхийн тоо биш амьдарч байгаа эх орон, хот, аймаг, сум, нутаг усны маань байдал, мэдээ, тоо баримт л чухал байдаг. Хүн, мал амьтны усны, идэш тэжээл хүрэлцээ ирэх жил ямар болох, гадныхан хөрс, гол усыг ирэх жил хаана, хичнээн сүйтгэхийг л ядаж бидэнд мэдээлж бай.