АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсаас импортлох автомашин, ган болон автомашины сэлбэг хэрэгсэлд ногдуулах татварыг нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Энэ нь хоёр улсын худалдааны хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт амжилтгүй болсонтой холбоотой юм. Трамп Даваа гаригт (2026.08.24) мэдэгдэл хийхдээ Канадын автомашин болон ган бүтээгдэхүүнд ногдуулах татварыг ирэх нэгдүгээр сарын 1-нээс 50 хувьд хүргэнэ гэжээ. Мөн 2027 оноос Канадын автомашины сэлбэг хэрэгсэлд 50 хувийн татвар ногдуулахаар болсон байна.
Гэхдээ гангийн импортод аль хэдийн 50 хувийн татвар үйлчилж байгаа тул татварыг хэрхэн нэмэгдүүлэх гэж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
Трамп өөрийн "Truth Social" хуудсанд "АНУ-д үйлдвэрлэвэл ямар ч татваргүй. Цаашид Канадад давуу байдал олгохоо зогсооно" гэж бичжээ. Мөн АНУ Канад улсаас хамааралгүй, харин Канад АНУ-аас хамааралтай гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Канад улс хэлэлцээний ширээнд эргэн ирж, шударга байр сууринаас хэлэлцээ хийх ёстой гэж мэдэгджээ.
Харин Канадын ерөнхий сайд Марк Карни "Хоёр талд ашигтай тохиролцоонд хүрэх боломжтой ч АНУ Канадын тусгаар тогтнолыг хүндэтгэх ёстой" гэж хэлсэн байна.
Автомашины үйлдвэрлэл төвлөрсөн Онтарио мужийн ерөнхий сайд Даг Форд Трампын шийдвэрийг эрс шүүмжилжээ. Тэрбээр Трампыг Канадын эсрэг “эдийн засгийн дайн” зарласан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн худалдааны маргаан даамжирвал АНУ руу нийлүүлдэг цахилгаан эрчим хүч, газрын тос болон чухал ашигт малтмалын экспортыг хязгаарлах зэрэг бүх хувилбарыг авч үзнэ гэж анхааруулжээ.
Үүний хариуд Трамп Канад улс эрчим хүчний бүтээгдэхүүнээ АНУ-аар дамжуулан тээвэрлэдгийг сануулсан байна. Мөн Канадын талд илүү хатуу арга хэмжээ авч болзошгүйг анхааруулсан байна.
ХОЁР УЛСЫН АВТОМАШИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ХАРИЛЦАН ХАМААРАЛТАЙ
Канад нь АНУ-ын худалдааны хамгийн том түншүүдийн нэг юм. Өнгөрсөн онд хоёр улсын бараа, үйлчилгээний худалдааны нийт хэмжээ 872.3 тэрбум ам.доллар хүрчээ. Канадын экспортын дөрөвний гурваас илүү нь АНУ-д гардаг бол Канадын импортын бараг тал хувь нь АНУ-аас орж ирдэг байна.
Ялангуяа автомашины үйлдвэрлэл хоёр улсын хооронд нягт холбоотой. Тиймээс Канадын автомашины сэлбэгт өндөр татвар ногдуулах нь АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдэд ч сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Канадын Автомашины сэлбэг үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Флавио Волпе “Канадын сэлбэгт ногдуулах татварыг эцэст нь АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид төлнө. Тодорхой сэлбэгүүд байхгүй бол АНУ дахь автомашины угсралтын үйлдвэрлэл зогсоно” гэжээ.
Трампын шинэ мэдэгдлийн дараа автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ буурсан байна. "Ford" компанийн хувьцаа 3.2 хувь, "Stellantis" 4.7 хувь, "General Motors" 1.1 хувиар тус тус буурчээ.
Канадын засгийн газар АНУ-ын бараа бүтээгдэхүүнд хариу арга хэмжээ авч, есдүгээр сарын 8-наас зарим импортод нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байна.
3,602.33






















































The United States 🇺🇸 and Canada 🇨🇦 are no longer allies. Now they are enemie 2026-08-25 64.119.22.213
The United States 🇺🇸 and Canada 🇨🇦 are no longer allies. Now they are enemie