“Бизнесийн орчны шинэ дүрэм хэрэгжиж эхэлж байна”

“Бизнесийн орчны шинэ дүрэм хэрэгжиж эхэлж байна”

“Бизнесийн орчны шинэ дүрэм хэрэгжиж эхэлж байна”

Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсантай ярилцлаа.


-Засгийн газраас Эдийн засаг, бизнесийн салбар,хөрөнгө оруулалтын орчин томоохон хуулийн өөрчлөлт санаачилж, УИХ-аас хэрэгжүүлж эхлэхээр баталсан. Хуулийн өөрчлөлтийн хэрэгжихэд бэлэн болсон уу?  

-УИХ-аас долоодугаар сарын 3-нд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан. Бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын зүгээс зөвшөөрлийн давхардал, төрийн байгууллагуудын шийдвэр гаргалтын удаашрал, эрх зүйн орчны тогтворгүй байдлыг хамгийн их хүндрэл гэж үзэж ирсэн. Ийм нөхцөлд Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэлүүд нь бие биенээ нөхсөн цогц реформ болж байна. Энгийнээр хэлбэл, нэг нь бизнес эхлэх саадыг бууруулна, нөгөө нь хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаална, гурав дахь нь төр ба бизнесийн харилцааны шинэ суурь зарчмыг тогтоохыг зорьж байна. Ингэснээр Монгол Улсад цоо шинэ бизнесийн орчин бий болсон гэж үзэж байгаа.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль нэрээр хэрэгжиж эхэлнэ. Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээд, энэ сарын 31-нээс  албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

Энэ хууль батлагдахаасаа өмнө боловсруулагдах явц бол урт хугацааны түүх. Бид өнгөрсөн жилээс авахуулаад, эдийн засгаа хувийн хэвшил рүү шилжүүлэх, хувийн хэвшилд суурилсан эдийн засагтай болох тогтолцоо руу шилжих бодлого баримталж ирсэн. Өнгөрсөн оны намраас бүх талын оролцоог хангахаар олон нийтээр хэлэлцүүлсэн тул бүх талуудын санал туссан гэж хэлж болно.

-Үүний нэг хэсэг нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулан ажиллаж эхэлсэн байх аа?

-Үндсэндээ эдийн засгийн бүх оролцогч талуудыг оролцуулж, бизнесийн хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулахад цогц байдлаар нь авч үзэхийг хичээж байгаа. Энэ хүрээнд энэ оны эхнээс Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв гэдэг албан бус бүтэц ажиллуулж эхэлсэн. Албан бус бүтэц. Энэ нь ямар нэгэн албан тушаал, орон тоо нэмээгүй. Манай яамны Бизнесийн орчны бодлогын газар одоо өдөр тутмынх нь удирдлага, арга зүйгээр хангаад, бүх төрлийн байгууллагатай хамтраад ажиллаж байна.

Гол зорилго нь төр  хаалттай, данхар бүтэцтэй, хөшүүн хойрго гэдэг ойлголтыг эвдье гэдэг байдлаар ажиллаж байгаа. Тодорхой үр дүнгүүд ч гарсан.

Энэ бол хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчдад нээлттэй орон зай. Энд ирээд, төрийн  сайдаас авахуулаад газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүдээс бүх төрийн бодлого, мэдээллийг нээлттэй авах боломжтой. Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч хүссэн үедээ ирж, бүх мэдээллүүдийг албан ёсоор эх сурвалжаас, нэг цэгээс авах боломж бүрдүүлсэн.

-Энэ төвийг түшиглэн салбар бүрээр томоохон хэлэлцүүлгүүд хийсэн. Тодорхой үр дүн гарсан уу?

-Өнгөрсөн хугацаанд Элчин сайдын яамдууд, олон улсын байгууллагууд болон бүх яамд, бусад төрийн болон төрийн бус 66 байгууллагатай хамтран нийт 15 долоо хоногийн туршид нийт 73 арга хэмжээ зохион байгуулж, 3273 оролцогчид, 1091 аж ахуйн нэгжүүдэд салбаруудын хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийн талаар бодит мэдээллийг нээлттэй өгч ажилласан байна. Одоо ч тасралтгүй өдөр тутам төрийн байгууллагуудтайгаа хамтран хөрөнгө оруулагчид, бизнесийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсээр байгаа.

Тодруулбал төв нь хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, танхимуудтай идэвхтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг системтэйгээр тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх хамтын механизмыг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Үр дүнгүүд гарсан. Хэлэлцүүлгийн үеэр төрийн мэдээллүүд, хаалттай байдаг гэдэг ойлголт бүрэн алга болж, хувийн хэвшлийнхэн ч хамтарч ажиллаж байгаа. Яагаад гэвэл тухайн албан тушаалтан, сайд нь,ажил хариуцаж байгаа дарга, мэргэжилтнүүд энэ төвөөр дамжуулан хувийн хэвшлийнхэнд тулгамддаг асуудлуудыг сонсож, шийдвэр гаргалт, цаашдын бодлогодоо тусгаад явж байна.  Одоо энэ төв дээр төрийн байгууллагуудын байгууллагын хэрэгжүүлж байгаа 350 орчим бодлого, арга хэмжээний мэдээлэл бүрэн байна.

Өөрөөр хэлбэл, ийм тооны мэдээллийг нээлттэй хуваалцаж, салбаруудын, тэр дунд төрийн байгууллагуудын уялдаа холбоог ханган ажиллаж байна. Гол асуудал нь төр, хувийн хэвшил, хувийн хэвшлийн төлөөллийн байгууллага болох танхимууд гэсэн 3 талын хамтын ажиллагааны механизм бий болсон.

Нэг талд хувийн хэвшлийнхэн хурдан шуурхай байхгүй байна гэж шүүмжилдэг бол нөгөө талдаа төрд өргөсөн тангаргийн дагуу бүх ажлыг хууль дүрмийн дагуу хийх ёстой төрийн албан хаагчдын хоорондын үл ойлголцол нь хамтдаа суугаад, асуудлыг олон талаас нь зөвшилцөөд ирэхээр шийдлүүд бодитой гарч байна. Энэ үед гол хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсныг албан бус хэллэгээр, бизнесийн орчны шинэ дүрэм гэж нэрлэж байгаа.

Мөн тус байгуулагдсанаас хойш 2026 оны наймдугаар сарын байдлаар хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 их наяд төгрөгийн дүн бүхий 39 гомдол ирсэн байна. Үүнээс нийт 2.8 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын дүн бүхий 27 гомдлыг шийдвэрлэх арга хэмжээг аваад байна. Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гомдлыг хуульд нийцүүлэн шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх нь одоогийн байгаа хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулахгүй хадгалах, шинээр хөрөнгө оруулалт оруулах шийдвэр гаргахад эерэг нөлөө үзүүлэх зэрэг эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад өндөр ач холбогдолтой юм.

-Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэл ихээхэн анхаарал татаж байгаа. Зөвшөөрлийг чөлөөлөх ажил бодит ажил болсон уу?

-Шинэчлэлийн хүрээнд зарим зөвшөөрлийг цөөлөх, заримыг нь ангилал бууруулах, төрийн байгууллага тодорхой хугацаанд шийдвэр гаргах үүргийг чангатгах, зөвшөөрөл олголтыг цахимжуулах зэрэг өөрчлөлтүүд яригдаж байгаа нь бизнесийн орчныг мэдэгдэхүйц сайжруулах боломжтой.

Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал зүйл нь "ямар шийдвэр гарах вэ" гэхээсээ илүү "хэзээ гарах вэ" гэдэг асуулт байдаг. Тиймээс хугацааны тодорхой байдал өөрөө хөрөнгө оруулалтын үнэт зүйл юм.

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Ерөнхий Сайдын захирамжаар голлох байгууллагын төлөөллөөс бүрдсэн Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалсан ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Тодорхой үр дүнгүүд гарч эхэлснээс дурдвал 2026.08.24-ний өдрийн байдлаар зөвшөөрөл эрх олгох эрх бүхий 6 байгууллагаас 29 зөвшөөрөлд татвар, нийгмийн даатгалд өртэй байх эсэх шаардлага тавихгүй байх тохиргоог хийсэн байна.. Эхнээсээ зохицуулалтуудыг илүү хялбарчилж, чөлөөлж байна.

-Тусгай зөвшөөрөл лицензийн зөвшөөрөл авахад хүндрэлтэй байгаагийн цаад шалтгаам хуулиас давсан журам гэж үздэг. Үүнийг хэрхэн цэцлэх вэ?

-Одоо хүчин төгөлдөр байгаа Зөвшөөрлийн тухай хуульд 371 тусгай болон энгийн зөвшөөрөл байдаг. Энийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 360 болж буурч байгаа буюу 205 тусгай зөвшөөрөл, 134 энгийн зөвшөөрөл, мэдэгдлийн хэлбэрт шилжүүлсэн 21 гэж маш тодорхой, илүү хялбарших юм. Гол нь зөвшөөрлийн тоог зүгээр нэг цөөрүүлэх гэж байгаа юм биш. Төрөөс заавал зөвшөөрөл авах ёстой юу, эсвэл бизнес өөрөө хариуцлагаа хүлээгээд үйл ажиллагаагаа явуулж болох уу гэдгийг эрсдэлийн түвшнээр нь ялгаж байна. Төрийн хяналт бизнес эхлүүлэхэд саад болдог биш, эрсдэлтэй үйл ажиллагаанд чиглэдэг байх ёстой. Цаашид зөвхөн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулинд заасан зөвшөөрлийг л холбогдох байгууллагууд өөрийн эрх хэмжээний хүрээнд өгөөд явна. Янз бүрийн тушаал, журам баталж, өөр нэршилээр нэрлэгдсэн, дүрээ хувиргасан зөвшөөрөл нэхэх ёсгүй гэсэн ганцхан дүрэм.

-Хөрөнгө оруулагчид ерөөсөө нэг л зүйл хэлдэг. Танайх бодлогоо тогтвортой бариач ээ гэдэг. Тоглоомын дүрмээ байсхийгээд өөрчилдөг. Үүнийг хэрхэн өөрчилж байгаа вэ?

-Сүүлийн 10 гаруй жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт томоохон цөөн төслөөс хамааралтай байсан. Энэ нь эдийн засгийг эмзэг болгож байна. Шинэчлэлийн гол зорилго нь хөрөнгө оруулагчдад илүү ойлгомжтой, тогтвортой орчин бүрдүүлэх юм. Тухайлбал хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах, олон улсын жишигт нийцсэн баталгааг нэмэгдүүлэх асуудлууд тусгагдаж байна.

Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид Монгол Улсыг зөвхөн өндөр өгөөжтэй зах зээл биш, мөн найдвартай түнш гэж харах нөхцөлийг бий болгохыг зорьж байгаа хэрэг.

Олон улсын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд эрх зүйн тогтвортой байдал, гэрээний хэрэгжилт, төрийн байгууллагуудын шийдвэрийн урьдчилан таамаглах боломжийг хардаг. Уул уурхайн төсөл заримдаа 20-30 жилийн хугацаанд үргэлжилдэг. Ийм урт хугацаатай төсөл хэрэгжүүлэх гэж байгаа компани өнөөдрийн нөхцлөөс илүү 10 жилийн дараах орчныг сонирхож байдаг. Тиймээс хөрөнгө оруулалтын шинэчлэлийн гол хэмжүүр нь хөрөнгө оруулагчдад "Монгол Улсад дүрэм нь ойлгомжтой, тогтвортой" гэсэн дохиог өгч чадах эсэх юм.

Тэгвэл одоо хөрөнгө оруулалтын цоо орчин, дүрэм хэрэгжиж эхэлнэ. Энэхүү шинэ дүрэмдээ тодорхой байя л гэдэг энгийн зарчим барьж байгаа.

Бизнес эрхлэхэд анхнаасаа ямар нөхцөл байсан тэр нь 10- 15 жилийн дараа ч гэсэн өөрчлөгддөгүй байх ёстой. Гэрээгээр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ чинь хуультай адилхан хүчин төгөлдөр байх ёстой гэдэг ийм яг гол хөрөнгө оруулагчдын хүссэн заалтуудыг оруулж өгөөд явж байгаа. Монгол Улс бол Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу урт, богино, дунд хугацааны бодлогын баримт бичигтэй. Энэ хүрээнд төрийн бодлого тасралтгүй, залгамж чанартай үргэлжлэх ёстой.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Del 2026-08-25 202.133.76.16

гадаадын цэвэрдүү хөрөнгө оруулагч татъя гэвэл валютын ханш юмны үнэ тогтвортой байх хэрэгтэй тэгээд нам дагасан авилгачидаа цэгцлэх хэрэгтэй

Avatar

ААН 2026-08-25 66.181.170.87

Хувийн хэвшлийнхний нурууг л тэнийлгэмээр байна.

Avatar

к5 2026-08-25 202.131.239.170

Энэ хүү юу мэдхэв дээ хөөрхий. Ийм хүн бодлого ярьж байна гэж бодохоор,,,, харамсалтай

Avatar

Нэргүй 2026-08-25 66.181.164.23

Эрүүгийхэнтэй ор хөнжилдөө орчихсон ХУРАНДАА нараа шалгаад цэгцлээчээ, өр шир тавьж арай гэж жаахан өндийхөөр дарамтлаад байх юмаа тэсвэр алдаж байшүү одоо бүүр улаан цайндаа гарч шууд мөнгө нэхэж дарамтална энд тэндээс цагдаа нар явуулж шоглоно ийм орчинд яаж бизнэс хийх вээ хаана хандах вээ…хорино цагдана л гэх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж