Хичээлийн шинэ жил эхлэх бүрт нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн бэлэн байдлыг шалгадаг. Барилгын ажил дууссан эсэх, засварын ажил хугацаандаа хийгдсэн үү, анги танхим бэлэн болсон уу гэдгийг ярьдаг. Харин энэ бүхний өмнө тавих ёстой нэг чухал асуулт бий. Хүүхэд маргааш өглөө энэ сургууль, цэцэрлэгт ирээд хичээллэж, үйлчлүүлж чадах уу?
Өмнөх жилүүдийн жишээнээс харахад барилга ашиглалтад орсон ч хүүхэд хүлээж авах нөхцөл бүрдээгүй тохиолдол гарсаар байна. 2025 оны наймдугаар сард хичээлийн шинэ жил эхлэхэд хоёрхон долоо хоног үлдсэн байхад нийслэлийн шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүдийн бэлэн байдлын асуудал сөхөгдөж байв. Барилгын ажил дуусаж, шинэ байр ашиглалтад орсон ч хүүхдүүдийг хүлээж авахад шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж бүрэн шийдэгдээгүй объектууд байсан юм.
Гаднаас нь харахад шинэ, өнгө үзэмжтэй барилга хэдийн ашиглалтад орчихсон мэт. Гэвч дотор нь хүүхдийн ширээ, сандал, ор дэр, шүүгээ, гал тогооны тоног төхөөрөмж зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай зүйлс байхгүй бол тэр барилгыг хүүхэд хүлээж авахад бэлэн гэж хэлэхэд хэцүү. Үүний нэг жишээ нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд баригдсан 341 дүгээр тусгай хэрэгцээт цэцэрлэг. Тус цэцэрлэгийн барилга 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд ашиглалтад орсон ч 2025 оны наймдугаар сарын дунд үе буюу шинэ хичээлийн жил эхлэхээс хоёрхон долоо хоногийн өмнө гал тогооны тоног төхөөрөмж, ширээ, сандал, шүүгээ, ор дэрний хэрэглэл зэрэг хүүхэд хүлээж авахад шаардлагатай зүйлс бүрэн шийдэгдээгүй байв.
Өөрөөр хэлбэл, барилга ашиглалтад орсноос хойш найман сар орчим өнгөрсөн ч хүүхэд хүлээж авах нөхцөл бүрдээгүй гэсэн үг.
Уг нь хичээлийн шинэ жил хэзээ эхлэх нь тодорхой. Барилга хэзээ ашиглалтад орохыг ч урьдчилан тооцох боломжтой. Тухайн сургууль, цэцэрлэг хэдэн хүүхэд хүлээж авах, хэдэн ширээ, сандал, ор, шүүгээ болон ямар тоног төхөөрөмж шаардлагатайг хүчин чадалд нь үндэслэн урьдчилан гаргах боломжтой. Тиймээс барилга ашиглалтад орох үед хүүхэд хүлээж авах бүх нөхцөл бүрдсэн байх нь хамгийн наад захын шаардлага.
Гэтэл бодит байдал дээр барилгын ажлыг нэг талд, тавилга, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг нөгөө талд нь авч үзсэнээс хугацааны зөрүү үүсэж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин 2025 онд энэ талаар ярихдаа сургууль, цэцэрлэгийн ширээ, сандал, ор дэр болон бусад зөөлөн, хатуу эдлэлд улсын төсвөөс 32 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан ч худалдан авах ажиллагаа хугацаандаа явагдаагүй гэж мэдээлсэн. Түүний хэлснээр, хэмнэлтийн тухай хуулийн дагуу зургадугаар сарын 1-нээс өмнө худалдан авах ажиллагааг зарлаагүй тул 11 тэрбум төгрөгийн төсвийг татсан байна.
Ингэснээр барилга барих хөрөнгө байсан ч дотор нь хүүхэд суух ширээ, сандал, ор дэр, шаардлагатай тоног төхөөрөмжийг авах санхүүжилт, худалдан авалтын ажил хугацаандаа шийдэгдээгүй тохиолдол гарчээ. Тухайн үед нийслэлээс 16 сургууль, 20 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан боловч сандал, ширээ, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлс байхгүйгээс хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй болсон байна.
Үүний улмаас нийт 15,500 хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй болсон талаар мэдээлж байв.
Энэ жил Улаанбаатар хотод нийт 52 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орох төлөвтэй байна. Үүнээс 20 сургууль, 23 цэцэрлэг, хоёр спорт цогцолбор шинээр ажиллаж эхлэхээр төлөвлөжээ. Шинэ хичээлийн жилд ашиглалтад оруулахын тулд зарим барилгын санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Тэгвэл энэ жил өмнөх алдаа давтагдахгүй гэх баталгаа байхгүй.
Барилгын ажил дуусах хугацааг төлөвлөсөн бол түүнтэй зэрэгцүүлээд хэдэн ширээ, хэдэн сандал, хэдэн ор, ямар тоног төхөөрөмж хэрэгтэйг тооцож, худалдан авах ажиллагааг хэзээ эхлүүлэх, хэзээ дуусгах, нийлүүлэлтийг хэзээ хийхийг тодорхой болгосон байх ёстой. Өөрөөр хэлбэл, барилгын ажил болон хүүхэд хүлээж авах бэлтгэлийг тусдаа ажил гэж харах бус нэг цогц төлөвлөгөө болгон хэрэгжүүлэх шаардлагатай.
Энэ бүхний эцсийн хугацаа нь барилгын комисс хүлээж авах өдөр биш, хүүхэд анх хаалгаар нь орж ирэх өдөр байх учиртай. Учир нь төрийн хөрөнгөөр барьсан шинэ байр хэдэн сар ашиглалгүй зогсож, үйл ажиллагааг нь эхлүүлэхийн тулд дахин хөрөнгө, дахин зохион байгуулалт шаардагдах нь зөвхөн цаг хугацааны алдагдал биш. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хойшлох бүрд хүүхдийн суралцах, үйлчилгээ авах боломж мөн хойшилж байна.
3,595.38






















































Холбоотой мэдээ