Долоо хоногийн онцлох ЯРИЛЦЛАГУУД

Долоо хоногийн онцлох ЯРИЛЦЛАГУУД

Долоо хоногийн онцлох ЯРИЛЦЛАГУУД

"NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


"Т.ДОРЖХАНД 790 САЯАР ЦАХИЛГААН ЭКСПОРТЛОХ СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ ТЕНДЕР ЗАРЛАСАН"

-Монгол Улсын эрчим хүчний салбар ирэх өвөл хэрхэн давах вэ. Нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Эрчим хүчний яамнаас дулаан, цахилгааны хязгаарлалт хийнэ гэдэг мэдэгдэл хийгээд байгаа шүү дээ. Хязгаарлахгүй гэдэг баталгаа байхгүй гэдгийг анхааруулж байгаа. Маш харамсалтай. Өвлийн бэлтгэл хангалттай хийж байна. Гэхдээ эх үүсвэрийн хувьд хангалттай бус. Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ жилээс жилд хурдацтай өсч байгаа. Хэрэглээ жилд дунджаар 150-200 МВт-аар өсдөг. Өсөлтийн хурдаа нийлүүлэлт талаасаа гүйцэж чадахгүй байгаа нь гол асуудал. Энэ дутагдал яг хаана, хэзээ үүсээд байна. Үүсч буй дутагдлыг ямар төрлийн эх үүсвэрээс нөхөн вэ гэдэг асуудал чухал байгаа юм.

Өвлийн хэдэн сар оройны 17.00-21.00 цагийн хооронд эрчим хүчний дутагдалд ордог. Энэ дутагдлыг  тусгай зориулалтын тохируулгын эх үүсвэрүүдээр нөхнө.

Манай эрчим хүчний системд тусгай зориулалтын тохируулгын эх үүсвэр зайлшгүй байх ёстой. Тусгай зориулалтын тохируулгын эх үүсвэр гэдэг нь усан цахилгаан станц, эсвэл том чадлын батарей хуримтлуурын станцууд. Энэ төрлийн эх үүсвэр барьж байгуулах, нөөц бэлтгэх  асуудал дээр анхаарч ажиллахгүй байна.

-Ирэх өвлийн оргил ачааллын үед яг хэдэн МВт-ын цахилгаан эрчим хүчний дутагдал үүсэх тооцоо байгаа вэ?

-Оргил ачааллын үед 200 МВт дутна гэдэг тооцоолол байгаа. Эдийн засгийн идэвхжилээс ихээхэн хамаарна. Барилгажилт, үйлдвэржилтийн хэрэгцээнээс хамаарна. Оргил ачааллын үед хэрэглээний өндөр хувь нь айл өрхүүдийн хэмжээнд үүсдэг. Нийслэл төдийгүй аймгуудын төв, суурин газрын айл өрхүүд цахилгаан халаалтыг маш өргөнөөр хэрэглэдэг болсон. Тэгэхээр бид оргил ачааллын үед аж ахуйн нэгж, айл өрхүүдийг бие даасан эрчим хүчний үүсвэртэй болгоход далайцтай бодлого гаргаж, баримтлах шаардлага байгаа. Тухайн аж ахуйн нэгж нарны хавтан, батарей тавиад, оргил ачааллын үед түүгээрээ хэрэгцээгээ хангадаг болоход нийт системийн ачаалал аяндаа буурна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

"МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВИЙГ БУЛААЦАЛДАХ АМБИЦТАЙ УЛС ОЛОН БАЙНА"

-Та олон улсын монголч эрдэмтний XIII хуралд оролцохоор эх орондоо ирэв үү. Уг хуралд монгол хатадын тухай сонирхолтой илтгэл танилцуулсан нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсан. Консулын албанаасаа гадна сүүлд түүхийн ямар судалгааны ажил хийсэн бэ?

-Би монголч эрдэмтний XIII их хурлын түүхийн салбар хуралдаанд судлаачийн хувиар оролцож, илтгэл хэлэлцүүллээ. Монгол Улсаас Турк улсын Истанбул хотноо суугаа Ерөнхий консулын газар хамгийн гол нь тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ тусалж дэмжин, төрийн үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллахаас гадна Турк улсад хийж байгаа төрийн албан айлчлалуудад тодорхой хэмжээнд оролцож байна. Үүнээс гадна сүүлийн үед Ил хаант улсын судалгаан дээр илүүтэй анхаарч байгаа.

Миний хувьд албан ажлынхаа хажуугаар Турк болон Иран улс дахь Ил хаант улсын үеийн түүхэн дурсгалуудыг судалж, сурталчлан таниулах ажилд тодорхой хэмжээнд анхаарч байна.

Тэр утгаараа сүүлийн хоёр жилд хийсэн судалгааны үр дүнгээс монголч эрдэмтэдтэйгээ хуваалцлаа. Ил хаант улсын түүхэнд гурван Булган хатан байдаг. Эдгээрээс агуу Булган хатны намтарт холбогдох чулуун хөшөө Ираны Занжан муж дахь тосгоны нэгэн сүмд байдаг. Энэ сүм нь Ил хаант улсын үеийнх бөгөөд сүүлд нурааж, дахин шинээр байгуулсан. Уг чулуун хөшөөг олон нийтэд танилцуулахын зэрэгцээ агуу Булган хатны намтар, үйл хэргийг судалж, танилцуулсан юм. Агуу Булган хатан нь Бөртэ хатны авга ахын удмын хатан. Тухайн цаг үед хатан болгон өөрийн ордонтой. Түүнийг нь орду гэдэг байсан. Тэр ордонг эдүгэчилж хэлбэл "холдинг"-ийн хэмжээний маш их хөрөнгөтэй, маш том эдийн засгийн хүчтэй байсан. Хатан хүний шагнал, дайны олзноос хувь хүртээж, улс орныг удирдахад оролцож, тусгай өмчийн мужтай байсан. Өөрөөр хэлбэл, хатдын эдийн засгийн хүч тухайн үедээ төр солигдох хэмжээ нөлөөтэй байжээ гэдэг судалгааг хийсэн юм.

-Монгол-Турк  улсын эдийн засаг, соёл, эрүүл мэндийн салбар дахь харилцаа идэвхтэй өргөжиж байна. Цаашид хоёр улсын харилцаа шинжлэх ухаан, түүхийн салбарт хэрхэн хөгжинө гэж харж байна вэ?

-Монгол Улсын хувьд Турк улстай гуравдагч хөршийн харилцаатай гэдгээ зарласан .Үүнээс гадна 2025 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад төрийн айлчлал хийж, стратегийн түвшинд хоёр орны харилцаагаа хүргэсэн. Үүнийг дагаад мэдээж соёл, шинжлэх ухааны салбарын харилцаа улам өргөжих нь дамжиггүй. Турк улсын судлаачид 1990-ээд оноос хойш Монголд эртний түрэг, уйгарын бичээс болон хот суурин, булш оршуулгын дурсгалууд дээр Монголын эрдэмтэдтэй хамтран ажиллаж ирсэн. Үүн дээр үндэслэн сүүлийн үед Турк дахь Монголын дурсгалуудыг судалж байна.

Тухайлбал, өнөөгийн Туркийн нутаг Ван мужид олдсон Хүлэгү хааны зуны ордны малтлага судалгааг Монгол, Туркийн эрдэмтэн судлаачид хамтран 2022 оноос эхлэн дөрөв дэх жилдээ амжилттай судалж байна.

Мөн үүнээс гадна сүүлийн үед Ил хаант улстай холбоотой бусад түүхэн дурсгалуудыг судлах хандлага ч нэмэгдэж байна. Хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагууд эрдэмтэн судлаачдад зохих хэмжээний дэмжлэг үзүүлбэл энэ талын судалгаа хөгжих бүрэн боломжтой. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

У.ГАНЦЭЦЭГ: ЗАЛУУЧУУД ДАЙЧИН, ӨНГӨЛӨГ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ

-“KHARKHORUM BAZAAR”-т хэд дэх жилдээ оролцож байна вэ? Энэ арга хэмжээнд оролцох болсон шалтгаан нь юу байв?

-Манай “Сэцэн фэйшн” компани энэ удаагийн “KHARKHORUM BAZAAR”-т анх удаа оролцож байна. Хархорум арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа гэж ойлгосон.

“Хархорум” гэдэг нь өөрөө XIII зууны хаадын түүхтэй холбоотой, Монголын түүх, соёлын бэлгэ тэмдэг болсон нэр. Тиймээс үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг нэг дор танилцуулж байгаа энэ арга хэмжээнд оролцох нь бидний хувьд сонирхолтой санагдсан. Хархорумын үе бол Монголын эзэнт гүрэн дэлхийн худалдаа, харилцаанд чухал байр суурь эзэлж байсан түүхэн цаг үе. Торгоны замаар дамжин худалдаа, соёлын харилцаа өрнөж байсан. Тиймээс энэ нэрийн дор үндэсний үйлдвэрлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид, бүтээлч үйлдвэрлэлийн төлөөллүүд нэг дор цуглаж байгаа нь онцлог гэж харж байна. Энэ удаагийн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болж байгаа нь бас давуу талтай. Найр наадам өндөрлөж, намрын улирал эхэлж байгаа энэ үед Монголд ирсэн жуулчид, дотоодын иргэд үндэсний үйлдвэрлэл, гар урлал, бүтээгдэхүүнтэй нэг дор танилцах боломж бүрдэж байна.

Үзэсгэлэн наймдугаар сарын 11-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. Харин наймдугаар сарын 23, 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд амьд хөгжим, фестивалийн хаалтын арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөсөн.

Монгол Улсад зорин ирсэн жуулчид, аяллын хөтөчөөр ажилладаг хүмүүс, мөн хилийн чанадад амьдардаг монголчууд энэ үзэсгэлэнгээр заавал зочлоосой гэж хүсч байна. Монголын үндэсний үйлдвэрлэл, бүтээлч үйлдвэрлэл ямар түвшинд хүрснийг нэг дороос харах боломж гэж бодож байгаа. Нөгөө талаар жижиг, дунд бизнес эрхлэгчид сүүлийн жилүүдэд олон бэрхшээлтэй тулгарч байна. Зээл, санхүүжилт, үйлдвэрлэлийн зардал гээд шийдвэрлэх асуудал олон. Тиймээс энэ удаа үзэсгэлэнгийн асрын зардлыг хөнгөлсөн нь үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээнд дэмжлэг болсон. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн энэ байршилд хүмүүс чөлөөтэй ирж, үзэж сонирхон, худалдан авалт хийх боломжтой байгаа нь давуу талтай.

-Танай асарт олон төрлийн хувцас, цүнх, арьсан эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн харагдаж байна. Эдгээр бүтээгдэхүүнийхээ онцлогийг танилцуулахгүй юу?

-“Devil” буюу “Чөтгөр” коллекцоо гаргаж, залуучуудад түлхүү санал болгож байгаа. Энэхүү коллекц маань АНУ-ын Вашингтон хотод 2019, 2020 оноос хойш тогтвортой борлуулагдаж байгаа бол Японы Токио хотод 2023 оноос манай коллекцууд тогтмол борлуулагдаж байна. Хилийн чанадад амьдарч байгаа залуучуудад зориулж, монгол дизайнер өнгө, дүрслэлээр хэрхэн тоглож болохыг харуулахыг зорьдог.

Манай уран бүтээлийн хамгийн гол онцлог бол хадны зураг, археологийн олдвор зэрэг Монголын түүх, өв соёлын эх сурвалжид тулгуурладагт оршино. Бид маш сайн судалгаа хийсний үндсэн дээр бүтээгдэхүүнээ бүтээдэг. Монголын түүхийг залуучуудад хэрхэн хүргэх вэ, хувцас загвараар дамжуулан хэрхэн сурталчлах вэ гэдэгт илүү анхаардаг. Бидний хамгийн том үнэт зүйл бол Монголынхоо түүх, өв соёлыг сурталчлах явдал.

Мөн коллекц бүртээ малын гаралтай түүхий эд болон дахин боловсруулсан материалыг ашигладаг. Бүтээгдэхүүнүүд маань байгальд ээлтэй, хурдан задардаг материалаар хийгддэг. Өөр төрлийн түүхий эд, материалыг ашиглан загварын чиг хандлагыг хэрхэн тодорхойлж болохыг харуулахыг зорьдог.

Цүнх, арьсан эдлэлүүддээ хар тугалга болон бусад хортой хольцгүй, байгалийн гаралтай будгийг ашигладаг. Мөн үхрийн шир, ямааны арьсаар хийсэн цүнхнүүд бий. Тиймээс малын гаралтай түүхий эдийг хэрхэн боловсруулж, Монгол брэнд болгон экспортод гаргаж болохыг өөрсдийн бүтээгдэхүүнээрээ харуулахыг зорьж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

"БИДНИЙ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ ЦӨЛЖИЛТИЙН ХУРДАА ГҮЙЦЭХГҮЙ БАЙНА"

 

-Цөлжилтийн тухай ярихаас өмнө энэ ойлголтыг энгийнээр тайлбарлавал юу вэ? COP17-ын хүрээнд энэ асуудлыг ямар өнцгөөс хэлэлцэж байна вэ?

-Дэлхий дээр НҮБ-ын хүрээнд байгаль орчинтой холбоотой гурван суурь конвенц байдаг. Тэдгээрийн нэг нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц. Энэ конвенцын Талуудын бага хурал энэ өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж байна.

Тэгэхээр цөлжилт гэж юуг хэлдэг вэ гэдэг асуудал гарч ирнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолтоор бол ус, чийгийн хомсдолоос шалтгаалж хөрс, газрын үржил шим доройтож, бүтэц, тогтолцоо нь алдагдах үйл явцыг цөлжилт гэж нэрлэдэг. Эндээс харахад цөлжилтийн асуудал ус, ус чийгийн дутагдалтай шууд холбоотой. Тиймээс цөлжилттэй тэмцэхэд хамгийн чухал зүйлүүдийн нэг нь усны нөөцөө хамгаалах, нөхөн сэргээх, байгаа нөөцөө хадгалж хамгаалах, усаа арвилан хэмнэх явдал юм.

Өнөөдөр усны салбарынхны зохион байгуулж байгаа арга хэмжээнүүд ч энэ чиглэлд төвлөрч байна. Нуур усыг хамгаалах Монголын загвар, гол мөрний эхийг хамгаалах Монголын туршлага, булаг шандын эхийг хамгаалах арга зүй зэрэг олон чухал ажлыг танилцуулж, туршлагаа бусад улс оронтой хуваалцаж байна. Эцсийн дүндээ цөлжилтийн эсрэг арга хэмжээний нэг чухал хэсэг нь ус, ус чийгийн дутагдлаас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хур тунадасны өөрчлөлт, усны хомсдол, ууршилт нэмэгдэж байгаа нөхцөлд хэрхэн дасан зохицох вэ гэдэг асуудал юм.

-Монгол орны хувьд усны асуудал өнөөдөр ямар түвшинд байна вэ? Бид энэ асуудлаар ямар бодлого хэрэгжүүлж ирсэн бэ?

-Монгол Улс өөрөө усны бодлоготой орон. 2010 оноос хойш үндсэндээ тодорхой бодлогын хүрээнд ажиллаж ирсэн бөгөөд энэ нь байгаль орчны бусад асуудлуудтайгаа уялдаатай явж байгаа. 2021 он хүртэл усны хөтөлбөр хэрэгжүүлээд нэлээд дорвитой үр дүнд хүрсэн. Түүнээс хойш дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх чиглэлээр мөн ажиллаж байна.

Дэлхий даяар усны чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Тухайлбал, Дэлхийн усны форум дээр усны нөөцийг хэрхэн хамгаалах, нөхөн сэргээх, арвилан хэмнэх, цэвэршүүлээд дахин ашиглах зэрэг олон асуудлаар техник технологи, мэдлэг, мэдээллээ хуваалцдаг.

Монгол Улсын хувьд ч боломжийн хэмжээнд ажиллахыг хичээж байна. Гэхдээ Ковидын дараах эдийн засгийн хямрал, удаашрал, төсөв санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор шаардлагатай арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж хязгаарлагдаж байгаа.

Тиймээс энд нэг чухал зүйл бий. Эрдэмтэд, судлаачид, хувийн хэвшлийг татан оролцуулж, хамтарч ажиллахын зэрэгцээ санхүүгийн асуудлыг ч шийдэх хэрэгтэй. Цөлжилтийн эсрэг, ус чийг болон усны нөөцөө хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр зөвхөн төрийн байгууллага эсвэл зөвхөн эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллага ажиллаад асуудлыг шийдэх боломжгүй. Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, иргэн бүрийн оролцоо хамгийн чухал. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-22 202.9.40.26

путин украйнаас зелэнскийг барьсн уу путин зеленскийг барихгүй орхивол хитадын зорилго биелж хитад зеленскийг украйхы толгойд байлгж хитад украйныг тонж хулгайлж цөлмн. тэгэх гж хитад зелнскийг. бэлтргийг эрчлж бдгийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж