Хүүхдийн эрх зөрчигдөх тухай ярихад хамгийн түрүүнд хүчирхийлэл бодогддог. Гэвч хүүхдийг зодож, загнахаас гадна үл хайхрах байдал ч хүүхэд хамгааллын ноцтой асуудал болж байна.
Тухайлбал, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн мэдээллээр 2025 онд хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой 12,742 дуудлага бүртгэгдсэнээс 3710 нь үл хайхрахтай холбоотой байжээ. Өөрөөр хэлбэл, тухайн онд хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар бүртгэгдсэн дуудлагын хамгийн өндөр үзүүлэлттэй ангилал нь үл хайхрах асуудал байсан байна.
Харин 2026 оны эхний найман сарын хугацаанд энэ төрлийн 2212 дуудлага бүртгэгджээ. Энэ нь 2025 оны бүтэн жилийн үзүүлэлтийн талаас илүү хувьд хүрсэн тоо юм. Мөн энэ хугацаанд бие махбодын хүчирхийлэлтэй холбоотой 1962, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой 1897 дуудлага ирсэн байна. Харин 2025 онд бие махбодын хүчирхийлэлтэй холбоотой 3255, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой 2730 дуудлага бүртгэгджээ.
Хоёр жилийн мэдээллийг харахад хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой дуудлагын дунд үл хайхрах асуудал хамгийн өндөр ангиллын нэг хэвээр байна.
Үл хайхрах гэдэг нь хүүхдэд шууд халдсан үйлдэл биш мэт харагдаж болох ч хүүхдийн өдөр тутмын хэрэгцээ, аюулгүй байдал, сэтгэл санаа, хөгжилд шаардлагатай анхаарал халамж тавихгүй байх нь мөн л хүүхэд хамгааллын асуудал юм. Энэ нь хүүхэд хоол унд, хувцас хэрэглэлээр дутагдах төдий зүйлээр хязгаарлагдахгүй. Өвдсөн үед нь эмнэлэгт үзүүлэхгүй байх, хаана, хэнтэй байгааг нь анзаарахгүй байх, сэтгэл санааны өөрчлөлт, тулгарсан асуудлыг нь үл тоох зэрэг олон хэлбэрээр илэрч болно.
Энэ үзэгдлийн хамгийн анзаарагддаггүй тал нь заавал нэг удаагийн үйлдлээр илэрдэггүйд оршино. Хүүхэд өдөр бүр бага багаар анхаарал халамжаас хоцорч, асуудлаа хэлэх хүнгүй болж, улмаар өөрийгөө хамгаалах боломжгүй нөхцөлд орж болно. Хүчирхийлэлд шууд өртөөгүй байсан ч байнгын хараа хяналтгүй, ганцаардмал, үл тоогдсон орчинд өсөж байгаа хүүхэд өөртөө итгэлгүй болж, бусдын нөлөөнд амархан автах, дээрэлхүүлж дарамтлуулах эрсдэлтэй.
Эндээс хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг зөвхөн хүчирхийлэл гарсны дараа арга хэмжээ авах хэмжээнд ойлгож болохгүй нь харагдаж байна. Хүүхэд хүчирхийлэлд өртөөгүй ч гэр бүлийнхээ анхаарал халамжаас хоцорч, хараа хяналтгүй, асуудлаа хэн нэгэнд хэлж чадахгүй байвал энэ нь мөн адил анхаарал шаардсан нөхцөл юм.
Ялангуяа хүүхэд өөрөө тусламж хүсэж, эсвэл түүний өмнөөс хэн нэгэн 108 төвд хандах хүртэл асуудал нь тодорхой хэмжээнд даамжирсан байх магадлалтай. Тиймээс хүүхдийн хамгаалалтыг “асуудал гарсны дараа хэн, хэрхэн туслах вэ” гэдгээс илүүтэйгээр “асуудал үүсэхээс өмнө хэн анзаарч, олж харах вэ” гэсэн өнцгөөс харах шаардлагатай.
Эцэг эх хүүхдээ хооллож, хувцаслаж, сургуульд нь явуулж байгаа нь хүүхдийн бүх хэрэгцээг хангаж байна гэсэн үг биш. Хүүхдийнхээ юу мэдэрч байгааг сонсох, зан байдалд нь гарч буй өөрчлөлтийг анзаарах, ямар нэг зүйлээс айж, эмээж байгаа эсэхийг нь асуух, асуудал гарсан үед буруутгалгүйгээр сонсох нь хүүхдээ хамгаалж буй нэг хэлбэр юм.
108 төвийн статистикт бүртгэгдсэн 2212 дуудлага бол зүгээр нэг тоо биш. Энэ нь хүүхдийг зөвхөн хүчирхийллээс бус, үл анзаарагдах, үл сонсогдох, үл хайхрагдах байдлаас ч хамгаалах шаардлагатайг сануулж байна.
С.УЧРАЛ
3,595.72





















































Сбд 2026-08-20 103.229.121.144
цэцэрлэгт хүүхдийн эрх зөрчигддөг юм б.алээшдэээ.нүднээс далд….хэлэхээр багш нар нь хэрэлдээдл..хүүхдүүдийг ялгаварлаадл…үл тоогоодл..тм.ийм нэр хоч өгөөдл…ёстой далд бсандаааа