Алонсо “Ferrari”-д Монзагийн ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Алонсо “Ferrari”-д Монзагийн ялалт авчирлаа

Монца хотноо өчигдөр болсон F1-ийн Италийн гран-при уралдаанд “Ferrari”  төрөлх нутгийнхаа уралдааны талбарт хэзээд шилдэг нь байдгаа баталж, гран-пригийн түрүүг авсан байна. Дэлхийн хошой аварга Фернандо Алонсо байрлал тогтоох уралдаанд түрүүлснээр тэргүүн эгнээнээс гран-приг эхлүүлж, гарааны туршид өөрийн төмөр хөлгөө гайхалтай, чадмаг жолоодсоноор өнгөрсөн жилийн дэлхийн аварга Женсон Баттонг гүйцэж, түрүүлэн Италийн гран-пригээс түрүү авсан байна. Харин гуравдугаарт мөн “Ferrari”-гийн нисгэгч Фелипе Масса хурдалжээ.

Баттонгийн хувьд гараагаа тун сайн эхлүүлж, эхний 36 тойргийн туршид уралдааныг тэргүүлж байсан ч пит-стоп хийсний дараа Алонсо түүнийг гүйцэж түрүүлснээр дөрвөн жилийн дараа “Ferrari”-д Монцагийн уралдааны талбараас ялалт авчирсан юм.

Гран-пригийн дараа Алонсо “Миний замналын хамгийн гайхалтай ялалтуудын нэг байлаа. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн, миний болоод манай багийн хувьд онцгой ялалт боллоо. Гэхдээ одоо бид даруй ажилдаа эргээд орох ёстой. Энэ улирлын үлдсэн таван гараанд энэ эрчээ алдахгүй байх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Алонсогийн хувьд Монцагийн ялалт энэ улирлын гурав дахь, харин карьерынх нь 24 дэх ялалт байлаа. Ингэснээр тэрбээр дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд эргэн ирж байгаа юм. Испанийн нисгэгч тэрбээр 166 оноотой, 21 онооны зөрүүгээр тэргүүлэгч Марк Уэббер болон Льюис Хэмилтон нарын дараа гуравдугаарт бичигдэж байна. Харин тус гарааны өмнө Алонсо зургадугаарт жагсч байсан юм.

Хэмилтоны тухайд уралдааны хамгийн эхний тойрогт мөргөлдөж, уралдаанаа дуусгасан бөгөөд сүүлийн таван гараанд Уэбберийг оноогоор гүйцэхийн төлөө уралдах нь лавтай. Мөн өчигдрийн гараанд Себастьян Веттелийн хөдөлгүүрт асуудал гарч, эхэн үед багагүй саатсан ч дөрөвдүгээр байрт оржээ. Түүний араас “Mercedes”-ийн Нико Росберг тавдугаарт, харин Уэббер зургадугаарт бариалсан байна. Эхний 10-т хурдалсан нисгэгчдийн жагсаалтыг “Williams”-ын Нико Хюлькенберг, “Renault”-гийн Роберт Кубица, дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер болон “Williams”-ын хоёрдугаар нисгэгч Робенс Баррикелло нар бүрдүүлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж