Ц.Элбэгдорж: Би АТГ-т тайлбар өглөө

Ц.Элбэгдорж: Би АТГ-т тайлбар өглөө

Ц.Элбэгдорж: Би АТГ-т тайлбар өглөө

НЭМЭЛТ:

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2026.08.17/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-т тайлбар өгсний дараа "Ийгл" телевизэд яриа өглөө.

Тэрбээр "Хууль хяналтын байгууллага надаас асууж тодруулах зүйл байсан байх. Өмнө нь хэрэгсэхгүй болгосон нэг хэргийг дээд шатны прокурор хүчингүй болгосон юм байна. Би 2000-2003 онд АНУ-д дунд сургууль байгуулах үйл ажиллагаанд оролцож байсан юм. Тухайн үед би АНУ-д суралцаж, ажиллаж байгаад ирэхдээ энд англи хэлтэй сургууль байгуулах нь зүйтэй юм байна гэдэг үүднээс үйл ажиллагаанд нь оролцож байсан. Тэрэнтэй холбоотойгоор хэрэг үүсгэсэн асуудал байсныг шалгаад, хяналт тавьж байсан прокурор нь хүчингүй болгосон байдаг.

Уг нь хяналт тавьж байгаа прокурор бус дээд шатны прокурор нь хэргийг хүчингүй болгох ёстой юм байна. Тэгэхээр тэр хүчингүй болгосон шийдвэр нь буруу болж, хуулийн хувьд процессын алдаа гарчээ. Тиймээс дээд шатны прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгосныг нь хүчингүй болгож байна.

Тэгэхээр тэр хэрэг дахин сэргэж байна гэдэг утгатай юм байна. Би үүнд тайлбар өглөө. Хэрэг нээж, шалгаагүй. Бид хуулийн байгууллагад маш хүндэтгэлтэй хандах ёстой. Асууж тодруулах зүйл байвал түүнд нь хариулах ёстой гэж боддог.

Миний хувьд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2016, 2017 онд бараг 12 асуудлын жагсаалт гаргаж, надаас бичгээр хариултууд авч байсан. Манай хуулийн байгууллага өндөр ёс зүйтэй, ямар ч ажил болон албан тушаалтнаас тодруулах зүйлээ тодруулдаг юм байна гэж бодож байсан. Одоо ч тийм бодолтой байгаа. Тийм учраас Монгол Улсын хуулийн байгууллага яг хуулийнхаа дагуу ажиллаж байхад нь тусалж, хариулах ёстой. Тэгж явсаар байгаад 2023 онд тэр үүсгэсэн хэргийг хянаад, бүгдийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Мөн тухайн үедээ хилийн хориг тавьсан шүүгчийн шийдвэрийг бас хүчингүй болгосон. Ямар нэгэн асуудлаар оргон зайлаагүй. Тэр үед 2023 оны есдүгээр сард надад АНУ-ын Стэнфордын их сургуулиас ажиллах урилга ирүүлсэн . Урилгын дагуу 2023 оны есдүгээр сард Монголоос явсан. Үүнээс гадна 12 олон улсын шинжтэй байгууллагад ажилладаг.

Миний хуьд их сургуульдаа ажиллахаас гадна нэг сард 2-3 удаа ийш тийшээ урилгаар явдаг. Би маш завгүй ажиллаж байгаад сая амралтаараа эх орондоо ирлээ.

Тэгээд өмнө нь хэрэгсэхгүй болгосон хэргийг дээд шатны прокурор нь хүчингүй болгосонтой холбоотойгоор надаас тодруулга авч байна гэлээ. Би өмнөх тайлбараа дахин өглөө. Мөн хуулийн байгууллагаас асууж, тодруулах асуудлууд байсан. Би өмнө нь Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ тэр сургуулийн 10 хувийг эзэмшдэг гэдгээ ХОМ-тээ байнга мэдүүлж байсан. Тэр сургуультай холбоотой хэрэг үүсгэсэн нь ор үндэслэлгүй зүйл байсан. Тухайн үед энэ талаараа прокурорын байгууллагад хандаж бичиг өгч байсан.

Өнөөдөр Монголд болж бүтэхгүй байгаа нэг юм бол төр нь асар томорчихсон, төрийн идэж, уудаг хэрэглээ нь маш их нэмэгдсэнээс авлига хулгай гарч байна. Хуулийн байгууллагууд үүнийг анхаарч, ажиллаж байгаа байх.

Нэгэнт прокурорын зүгээс өмнө нь хэрэгсэхгүй болгосон хэргийг хүчингүй болгосон учраас хуульчидтай зөвлөж байгаад хүсэлт тавих бодолтой байна.

Ер нь энд нэг зүйл хэлэхэд АНУ-ын хууль хяналтын байгууллага надаас хамаарахгүй шүү дээ. Илүү бие даасан байдалтай ажиллаж чадна. Хэрэв тэнд хууль зөрчсөн бол асууж тодруулаад, шууд хэрэг үүсгэнэ. Тэгэхээр миний ажиллаж байгаа их сургууль болон олон улсын байгууллагууд маш их нарийвчилсан судалгаанууд хийж байдаг. Тухайлбал, "Энэ хүн ямар хүн юм бэ", "Манай байгууллагын үйл ажиллагаанд үнэхээр хэрэгтэй хүн мөн үү", "Энэ хүний ярьж хэлж байгаа асуудал нь чухал уу" гэдгийг судалж байдаг.

Би өөрийн ажил үүргийн хүрээнд Африк, АНУ, Европ гэх мэт олон газар ажилладаг. Тийм учраас тэдгээр орны хуулийн байгууллагууд ямар нэгэн байдлаар миний нөлөөнд автахгүй шүү дээ. Дээрээс нь Эпштейн бол муу хүн. Хүний адаг гэж хэлж болно. Тэр муу хүмүүс чинь өөрийнхөө мууг дандаа нууж явдаг. НҮБ-ын хурал уулзалтаар олон хүнтэй уулзаж, гар барьж, хоол иднэ. Тэр үеэр л надтай таарсан юм. Тэрнээс биш надтай хууль бус зүйл огт яриагүй. Эпштейн гэдэг хүн долоон жилийн өмнө нас барсан. Тэнд ямар нэгэн баривчилгаа хийгээгүй. АНУ-ын конгрессын хүрээнд асууж, шалгах зүйл байгаа. Улс төрд ашиглахын тулд тодорхой нэр хүндтэй хүмүүсийг холбон, харлуулах зүйлс явдаг. Тэгэхээр энийг ялгаж харах ёстой гэдэг зарчмыг олон улсын хуулийн байгууллага болон АНУ-ын хуулийн байгууллага баримталж байна. Тэгэхээр хүний наймааны үйл ажиллагаанд оролцсон, арал руу явсан зүйл огт байхгүй. Ямар нэгэн хөрөнгө оруулалтын талаар ярьж, хэлэлцээгүй. Монголын бизнесийн орчныг таатай болгоход АНУ-ын сангийн сайдаар ажиллаж байсан Ларри Саммерс гэж хүн байдаг. Мөн тэр хүн НҮБ-ын Энх тайвны институтид бүртгэлтэй оролцож байсан юм билээ. Тэр бүхнийг хардаж, харлуулах, иргэдийн тархи угаах буруу хандлага гарч байна. УИХ дээр ямар асуудлаар сонсгол явуулах вэ. Тухайн хүн долоон жилийн өмнө нас барсан. Надад ямар нэгэн холбоотой мэдээлэл огт байхгүй. Зүгээр л улс төрийн ээлжит шуугиан тарих гэж оролдож байна. Өөр ямар нэгэн асуудал байхгүй.

Би өөрийн өргөж, гишгэсэн хүүхдүүдтэйгээ уулзана. Үнэхээр тэр сонсгол явуулах гэж байгаа УИХ-ын гишүүн надтай уулзахыг хүсвэл бүрэн нээлттэй. Хүүхдүүдтэйгээ уулзахдаа тэр УИХ-ын гишүүнийг урьж болно. Би тэр гишүүнийг урих талаар гэр бүлийнхээ хүнтэй ярилцаж байна. Ямар нэгэн бичлэг хийхгүйгээр уулзаж, хүүхдүүдээ танилцуулж болно. Миний өргөж авсан хүүхдүүдээс АНУ руу гарч явсан хүн байхгүй.

Бүүр өмнө нь бид  дүүгийнхээ хүүхдийг өргөж авч, сургуулиа төгсөөд, АНУ-д суралцаж, тэндээ амьдарч байгаа. Тэр хүүхэд бол манай дөрвөн хүү дээр нэмэгдэж, ам бол болж явдаг.

Харин 20 хэдэн хүүхдийн асуудал бол багад нь асрахын цэцэрлэгт байхад нь уулзаж, нэмж хүүхэд өргөж авах уу гэж ярилцаж байгаад бүтэн ангиар нь дэмжихээр болсон юм. Тэгээд "Болор сан" цэцэрлэг байгуулж, тэндээ авч, 10 хэдэн жил өсгөж өндийлгөсөн. Тэгээд хүүхдүүд маань өсч өндийх хугацаанд ар гэрийнхнийг нь олж тогтоосон байдаг.

Хүүхдүүдээ 14, 15 настай болохоор ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Тэгсэн ч гэсэн намайг аав, эхнэрийг маань ээж гэж дууддаг.

Манайхан ч хэдэн төгрөгтэй болохоороо хурдан морь худалдаж авдаг бол би нэг ч гэсэн хэцүү амьдралтай хүүхдэд тусалж, олуулаа амьдраад л хамт явсан. Би энэ тухай нэг их дэлгэрүүлж ярьдаггүй юм. Тэр хүүхдүүдийн хувьд өөрсдөө ажил, амьдралтай болсон учраас хувийн амьдралаа бусдад дэлгэж, ярих бодолгүй байж болно шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийнхээ амьдралыг улс төртэй холбож, муухай хэрэгт оруулж байгаа нь ор үндэслэлгүй шүү.

Манай хүүхдүүд чөлөөтэй явах боломжтой шүү дээ. Зарим хүүхдүүд маань Япон, Энэтхэг улс руу явж суралцаж байгаа бол хамгийн бага нь 20 настай, том нь 27, 28 настай айлын аав, ээж болцгоож байна. Бид маш олон ач, зээ нартай болж байна.

Болж өгвөл хүүхдүүддээ дэмжлэг үзүүлэхийг боддог. Манай эхнэр хүүхдүүдтэйгээ байнгын холбоотой байдаг.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВИЙГ ЭХ ОРОНДОО ШИЛЖҮҮЛЭХДЭЭ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь гэж байгаагүй. Тэр чинь ОХУ-д байсан хувь шүү дээ. Тэр хувийг л Монголд авч ирж байгаа. Тэрнээс хойш, тэрнээс өмнө нь ч тийм том хэмжээний хувь Монголд ирээгүй. Энэ 49 хувь Монголд ирснээр юу болсон бэ. "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монголын өмч болсон. Би тухайн үед "Эрдэнэт" үйлдвэр 30 жил ажиллах нөөцтэй, цаашдаа хаалтын гэрээ хийж, энэ үйлдвэрийг дагасан хотыг яаж авч явах вэ гэдэг асуудал үүсэх нь ээ. Тиймээс энэ асуудалд тэр улсынх нь Засгийн газар болон парламент анхаарч, хууль гаргадаг байхгүй юу. Надад бол ийм ойлголт байсан.

Хоёрт, бидний хувьд "Эрдэнэт" үйлдвэр сайн ажиллаад явах ёстой. Нэгэнт айлын талд байгаа хувь нь ирэх боломж гарч байгаа бол тэр хувиа өөрийнхөө нутагтаа авах нь зөв шүү дээ. Тэгэхээр бид үйлдвэр сайн ажиллаж байгаа гэж ярихгүй шүү дээ. Ер нь энэ үйлдвэрийн нөөц дуусч, хаагдах гэж байгаа. Одоо бол энэ үйлдвэр ачаа болох учраас Монгол Улс энэ үйлдвэрээ өөрөө авч явъя" гэсэн. 1978 оноос хойш "Эрдэнэт" үйлдвэр улс орны эдийн засгийг авч явлаа. Энэ үйлдвэрийн 49 хувийг эх орондоо шилжүүлэхдээ огт хууль зөрчөөгүй. Бүр 2016 онд шийдвэр нь гарахаас өмнө 2014 онд УИХ дээр ТӨБЗГ-аас ОХУ-ын талтай яриад, 49 хувийн асуудлыг шийдэх боломжтой гээд тогтоол гаргасан байдаг.

УИХ дээр мэдэгдэж, хэлэлцүүлэг өрнөсөн бол манайхан улстөржүүлээд, энэ үйлдвэрийн 49 хувь ирэх байтугай алга болсон байгаа.

Тэр  үед Казахстан, БНХАУ-ын талаас энэ үйлдвэрийг маш их сонирхож байсан. Хувийн хэвшлийн байгууллагууд ОХУ-ын талтай удаан хугацаанд яриа хэлэлцээр хийсэн юм билээ. Бүр 1990 оны үед "Эрдэнэт" үйлдвэр маш муу ажиллаж байна, түүхий эд ОХУ руу асар бага үнээр гарч байна, эх орондоо татвар төлөхгүй байна. Тиймээс татвараараа тооцвол ОХУ-д байгаа "Эрдэнэт" үйлдвэрийн хувь Монголд ирэх боломжтой гэдэг судалгааг 1990-ээд онд гаргаж байсан. Миний өдрийн тэмдэглэлд хүртэл байдаг. Тэгэхээр энэ бол тухайн үед гэнэт гарч ирсэн асуудал биш.

"Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаантай ямар ч холбоогүй. Зарим нь бид хоёрын вайберт бичсэн зүйл ил боллоо гэж цацаж байна.

Ер нь хуулийн байгууллага ийм маягаар хэрэг зохиож, бичлэг үзүүлж, ард түмний тархийг угаахад оролцоно гэдэг бол асар харамсалтай зүйл.

Мэдээж 2024 оны сонгууль угтаж, намайг харлуулах гэж оролдож байгаа нь улс төрд хэрэгтэй байсан байх. Ер нь Монголын улс төрд "тролл" буюу "цахилгаан цулам" үржүүлдэг, тэжээдэг, мөнгө хаядаг систем бий болсон байна. Энэ уур амьсгалаараа дамжуулан том асуудал ярихаа байжээ. Тухайн үед хамгийн удаан жил буюу таван жил гаруй ажилласан Ерөнхий сайд энэ үйл ажиллагааг явууллаа. Тэр үед Монгол Улс мөнгөөр хахаж, цацаж байсан. Тийм үед 70 их наядаар нь хулгайлж, гадна болон дотоодын хөрш орнуудад завшуулсан байна.

Жишээлбэл, ОХУ-д өөрийнхөө нүүрсийг төмөр зам барьж, зөөснөөрөө тэрбумтнууд төрөн гарч байна. Монголын нүүрс хилээр гарч, БНХАУ-д тэрэн дээр ажиллаад тэрбумтнууд төрж байна.

Тэгэхээр ийм юмаар улс төр хийдэг, сошиал орчинд хөтлөгдөж явдаг зүлйд бүгдээрээ уусч орсон байна. Муу зүйлээр хүмүүсийн тархийг угааж байна. Монгол Улсын жирийн иргэд дунд муу зүйл огт ярихгүй байна. Гэхдээ "цахим шулмыг" хэдэн мянгаар нь үржүүлж, хараал урсгах улс төр хийдэг болсон байна.

Монголын төр шүдтэй тулам шиг болчихлоо. Ард иргэдийнхээ илүү гарсныг сорж авдаг.

Хэдэн жилийн өмнө 200 мянган төгрөгөөр долоо хоногийн хүнсээ цуглуулдаг байсан бол одоо 500 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй байгааг хэлж байна. Ингэтлээ амьжиргаа доройтсон байна. Монголын төр идэж уух, системийг бий болгож, хүмүүсийн тархийг угаадаг болсны нэг төлөөлөгч нь би болж байна. Намайг өнөөдөр яриулахгүй гэж үхэж байна. Сүнс нь төөрөлдөж байдаг юм. Би улс төрийн албан тушаалтан биш. Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Би ард түмнийхээ дэмжлэгээр Ерөнхийлөгчөөр хоёр дахин сонгогдож, ажиллаад явсан. Тэр үед "Ийгл" телевизтэй хамтран гурван сар тайлангаа тавьж байсан. Тэгэхэд миний хийсэн ажлууд 10 онооноос 8-9 оноотой гарч байлаа. Би хувьдаа УИХ гишүүн, Засгийн газрын сайдаар ажиллахдаа хийсэн ажлаа тайлагнадаг байх ёстой. Эх орондоо ирэхэд маш сайхан байна. Улс төр цахим орчинд ёс бус үйл ажиллагаа явуулдаг, тэр улсуудын нөлөөллөөр улс төр нь явах гээд байдаг хэлбэр рүү явдаг болжээ. Монголын төрийн хүнд суртлыг 5-6 дахин нэмсэн байна. Улстөрч, албан тушаалтнуудын гэр бүл л баян байна. Тэд өөрсдийгөө мундаг улс төр хийж байна хэлж, үнэлж байна" гэв.

"НАМАЙГ 7 ЖИЛ ШАЛГАСНЫ ЭЦЭСТ ХЭРГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН"

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2026.08.17/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Намайг Ерөнхийлөгч байхад сүүлийн хоёр жилд Авлигатай тэмцэх газраас тодорхой асуудлуудын хүрээнд асууж, тодруулж байсан. Миний хувьд хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс шалгуулсаар ирсэн. Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд бууснаас хойш мөн таван жилийн хугацаанд тодорхой асуудлын хүрээнд шалгасан. Нийт долоон жил шалгасны үндсэн дээр "Эдгээр шалгасан зүйлүүд дээр хууль зөрчсөн зүйл алга, хэрэг тогтоогдохгүй байна" гэж холбогдох байгууллагууд үзээд хэргийг хүчингүй болгосон. Үүний дараа хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаж, хүчингүй болгосон. Улмаар өөрийнхөө хийж буй олон улсын үйл ажиллагаанд оролцоод явж болно гэсэн. Хүмүүс бол намайг хэрэг хийчхээд буцаад ирж байгаа юм байна гэж ойлгоод байгаа юм билээ. Намайг долоон жилийн хугацаанд хангалттай асууж шалгасан.

Ер нь төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж байсан хүнээс хууль, хяналтын байгууллагынхан асууж, тодруулах зүйл байвал асууж, тодруулж байх нь зөв.

Үүнд нь ч нээлттэй байх ёстой гэж боддог. 2023 оны есдүгээр сард Стенфордын их сургуульд багшлахаар уригдаж явсан. Одоогийн байдлаар арав гаруй олон улсын байгууллагад ажилладаг. Монгол Улсад болж буй COP17 хуралд миний хамтарч ажилладаг гурван байгууллагаас ирж оролцож байгаа. 2024 оны сонгуулийн өмнө улс төрд миний нэрийг ашигласан зохиомол олон зүйл явагдсан. Интерполд миний нэрийг өгч шалгуулсан. Бараг жил гаруй хугацаанд тус байгууллага намайг шалгаад улс төрийн шалтгаантай юм байна гээд Монгол Улсын Засгийн газар, хуулийн байгууллагаас өгсөн хүсэлтийг хүчингүй болгосон. Ер нь бол олон улсын талаас ч тэр, шүүхийн талаас ч тэр асуудал байгаагүй. Ерөнхийдөө олон улсад хамгийн нээлттэй явдаг Монгол хүмүүсийн нэг бол би. Өмнө нь АТГ-аас утасдаад “Өнөөдөр та ирээч” гэсэн. Уг нь COP17 хуралд оролцох урилга авсан, эхлээд энд орж асуух зүйлд нь хариулаад явъя гэсэн зорилготой ирлээ.

Уг нь бол өмнө нь шалгаад “Авлига, албан тушаалын хэрэг тогтоогдохгүй байна, хууль зөрчсөн зүйл алга” гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.

COP17-той холбоотой санал хэлэхэд, жилийн өмнөөс гарсан мэдээллийн дагуу 190 гаруй орны төлөөлөл ирсэн. Гурван төрлийн хурал болдог.  COP17-ын хувьд Монгол Улс дэлхийн эдийн засгийн ялангуяа дижитал эдийн засгийн нэг хэсэг болж хувирах ёстой. Дэлхийн дижитал дэд бүтцийн ногоон дэд бүтцийн сааначлагыг Монгол Улсын Засгийн газар гаргаж, бидний зүгээс,  НҮБ, олон улсын байгууллага  бүгд Монгол дэд бүтцийн хэсэг болох ёстой. Ингэж чадвал Монголын эдийн засаг тэлэх боломжтой.

Ер нь ирэх 10 жилд хиймэл оюуны ачаар дэлхийн эдийн засаг хэдэн арав дахин нэмэгдэх, маш их өөрчлөлт гарна. Монголчууд үр хүүхэддээ хэл сургах, хиймэл оюун ухаан, технологийн чиглэлийн үйл ажиллагаанд илүү анхаарах ёстой. Олон улсын энэ гайхамшигтай боломжийг Монгол Улс өөрөө ашиглах ёстой. Энэ чиглэлийн хуралдаанд оролцохоор бэлтгэж байна. Ирэх өдрүүдэд Монгол Улсын санаачлагыг дэмжиж оролцох болно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
27
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж