Торгоны замын жингийн цувааны төлөөллийг угтан авснаар COP17 албан ёсоор эхлэв. Саудын Араб, Йордан, Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ, Монгол Улс гэсэн 9 улсыг холбож, 6000 орчим км зам туулсан тус цуваа нь газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэрлэх чадавхын бодит туршлагыг хуваалцахын зэрэгцээ малчдын дуу хоолойг дэлхийн хэлэлцүүлэгт хүргэх зорилготой юм. Евразийг дамнан Монгол Улсад хүрэлцэн ирсэн Торгоны замын жингийн цуваа нь малчдын дуу хоолой, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн ирээдүйн асуудлыг Улаанбаатар хотноо өрнөх дэлхийн хэлэлцүүлэгтэй холбож, COP17-ын нээлтийн бэлгэдэл болов.
COP17:10 цахилгаан машин зэрэг цэнэглэх ногоон өртөө ашиглалтад орлоо
COP17 хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой ногоон өртөөг “Моннис групп” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 33 хувь нь автомашинаас ялгардаг. Бид энэ хэмжээг бууруулахын тулд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Цаашид энэ төрлийн машиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлөх төлөвлөгөөтэй. Мөн ногоон өртөөг нэмэгдүүлнэ. Улаанбаатар хот цахилгаан автомашин үйлдвэрлэдэг томоохон компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна” гэлээ.
"Моннис групп"-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар цахилгаан машин нь шатахуунд зарцуулах зардлыг 90 хувиар бууруулдаг бөгөөд цаашид ногоон өртөө байгуулахад манлайлж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Ц.Сандаг-Очир: Монгол Улсын санаачилсан Тал хээрийн төлөвлөгөөг талууд дэмжиж байгаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
“COP17 дээр ярих санаачилга болгон Монгол Улсаас дэвшүүлж буй Тал хээрийн төлөвлөгөө нэрийн дор өрнөнө. Гурван санаачилга байгаа. Нэгдүгээрт, бэлчээрийн асуудал, хоёрдугаарт газар ба ус менежментийн асуудал. Бэлчээр, газар, ус гурвыг ямар нэгэн уялдаа холбоогүйгээр ярих бололцоогүй. Үүнийг цогцоор ярилцах ёстой, манай тэргүүлэх хоёр дахь санаачилга юм.
Гуравдугаарт байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц.
Цаашдаа дэд бүтэц, зам тээвэр, барилга байгууламж, уул уурхай бүхий л дэд бүтцийг байгальд ээлтэй байдлаар шийдэх ёстой. Зам тавьсан ч байгальд ээлтэй экологийн гарцтай байх ёстой.
Эрчим хүчний асуудал цаашдаа дэлхий нийтийн жишиг хандлагын дагуу байгальд ээлтэй ногоон шилжилт рүүл шилжих ёстой гэх санаачлага дэвшүүлж байна. Манай дэвшүүлж байгаа гурван санаачилга, Тал хээрийн төлөвлөгөөг талууд дэмжиж, сайшааж оролцож байгаа. Энэ бага хурлаас үлдэх өв бол Монгол Улсад болсон COP17-ийн төлөвлөгөөний хүрээнд яригдана. Тэр дундаа энэхүү хуралд оролцож байгаа 20, 30-аад улс далайд гарцгүй, манайх шиг хуурай, гандуу уур амьсгалтай. Энэ улс орнуудад тулгамдаж байгаа ган гачиг, хуурайшилт, шар шороон шуурга, усны хомсдол бага хурлын үеэр яригдана.
Нэг ёсны дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ, 16-р бага хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилт ямар байна вэ гэдэг дээр үнэлгээ дүгнэлт өгч, цаашдаа улс орнууд 30, 35 онд амласан амлалтуудаа цаг хугацаанд нь хэрэгжүүлж чадахаар байна уу, улс орнуудын амлалтын хэрэгжилт ямар байна, юунаас шалтгаалж үдаашралтай байна гэх асуудлыг хэлэлцэн дүгнэлт хийнэ.


































Мөн аль асуудалдаа илүү хөрөнгө хуваарилалтаа хийх вэ гэдэг нь энэхүү 12 өдрийн турш хуралдах бага хурлын үеэр тодорхой болно. Үр дүн, улс орнуудын байр суурь ямар байгаа нь, энэ бага хурал дээр хэлж байгаа үг, баримталж байгаа байр суурь, Засгийн газрын тэргүүнүүдийн байр суурь, Байгаль орны сайд нарын байр суурь нөгөө талаар донор орон, олон улсын томоохон банк санхүүгийн байгууллагуудын үг, байр сууринаас хамаарах зүйл юм. Энэ гол хурал наймдугаар сарын 24-нд болно. Тэр үед улс орнууд амлалтаа өгнө. Юунд анхаарлаа хандуулж, цаашид тогтвортой урт 10 жилийн хугацаанд хэрэгжих аль асуудалд түлхүү хандив санхүүжилт тусгах вэ гэдэг санаачилга тодорхой болно.
Монгол Улс амлалт өгнө гэдгээс илүүтэйгээр үүрэг хүлээж, өмнө авсан амлалтаа хэрэгжүүлэхэд анхаарна.
Монгол Улсын хувьд даргалагч улс учраас ямар нэгэн орныг илүү дэмжихээс илүүтэйгээр талуудыг хооронд нь зөвшилцүүлэн уялдуулж асуудалд хандана.
Монгол Улс төвийг сахисан байр сууринаас аливаа асуудалд хандаж явах учиртай” гэв.
С.УЧРАЛ
С.Одонтуяа: Малын тоо толгойг өсгөх бус ашиг шимийг сайжруулахад анхаарах шаардлагатай

УИХ-ын гишүүн С.Одонтуяа COP17 олон улсын хуралд Монголд зохион байгуулагдах нь ямар ач холбогдолтой талаар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Өнөөдөр монголчууд бид байгаль орчныхоо асуудал дээр цоо шинэ түвшинд гарч өөрөөр сэтгэх сэтгэхүйн өөрчлөлт хийх цаг болсон. Өмнө бид ийм өргөн уудам нутагтай, насаараа л энэ улсдаа цөлжихгүй амьдрах юм шиг бодож ирсэн. Гэвч судалгаагаар эрсдэлтэй түвшинд хүрсэн. Өмнө зүгээр урсаж байсан олон зуун гол мөрнүүд ширгэж байна.
Нэгдүгээрт, Монгол хүмүүс бид сэтгэхүйгээ өөрчлөх ёстой. Жишээлбэл, малчид маань малын тоо толгойн араас хөөцөлдөх биш ашиг шимд онцгой анхаарах ёстой.
Хөрш Хятад улсын хувьд ямаа бэлчээрийг нэлээд сүйтгэдэг учраас жирийн ямаа биш нарийн мекронтой өндөр үнэтэй ноолуур өгдөг цагаан ямааг бодлогоор өсгөж байна. Ингэснээр цөлжилтөөс сэргийлдэг туршлагууд байна.
Нөгөө талаар гадаадын хүмүүсийг Монголд авчирч “бид ийм сайхан газар нутагтай, нүүдлийн мал аж ахуйг эрхэлж байгаа цөөн улсуудын нэг. Бидэнд туслаач, хөрөнгө, мөнгө хамтдаа шийдэцгээе. Эдгээр асуудал бол зөвхөн нэг орных биш.
Монгол Улсад гарч байгаа шороон, шуурга Хятад, Солонгос руу очиж эдийн засгийн хохирол учруулж байгаа талууд бий.
Бид байгаль орчноо хамгаалдаг ийм сайхан уламжлалтай. Та нар минь ирж үзээч. Бидэнд хөрөнгө, мөнгө босгох. Асуудлыг шийдэхэд техник, арга зүйн тусламж зөвлөгөө үзүүлэээч” хэмээн хийж байгаа.
Миний хувьд, 12 хуулийн төсөл дээр ажилласан нь эхнээсээ УИХ-аар орон батлагдаж байна. Уур амьсгалын тухай хууль, Ойн тухайн хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль гэх ч юм уу. хуулиудаа шинэчлэхгүй бол зарим нь 90 оныхоороо байж байгаа. Бид хууль эрх зүйн орчноо шинэчилж чадах юм бол олон асуудлыг шийднэ.
Биднээс огт хамаарахгүй уур амьсгалын өөрчлөлтөд яаж дасан зохицох юм бэ гэдэг маш чухал юм. Хоёрдугаарт, биднээс хамаарах уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй яаж тэмцэж ажиллах ёстой вэ гэдэг чухал асуудал байна. Жишээлбэл, биднээс хамаарах нь агаарын бохирдол, хогны асуудал юм. Гуравдугаарт, байгаль орчин бохирдуулахгүй байх. Ногоон технологи руу яаж хурдан орох вэ гэдэг гурван үндсэн чиглэлээр байгаль орчны салбар ажиллаж байгаа.
Банкууд дээр ногоон зээл гэж ярьж байгаа ч өнөөдөр 10 хувиас хэтрэхгүй байна. Үүнээс 90 хувь нь хүрэн зээл, хүрэн эдийн засаг энэ дээр гол анхаарах ёстой. Зарим хүмүүс ийм их зардалтай хурал хийх хэрэг байна уу гэж үзэж байгаа. Зардал өндөртэй хийх эсэх нь биднээс л хамаарна. Засгийн газар, УИХ яаж энэ хүмүүстэй харилцан, энэ хэлэлцүүлгүүдэд оролцож улс орныхоо тулгамдсан асуудлыг танилцуулан төслөө танилцуулан ажиллахаас төдий чинээ хөрөнгө мөнгө босно” гэв.
Фото: 197 орны зочид төлөөлөгчдийг нэгтгэсэн COP17
































COP17 олон улсын хурал Улаанбаатар хотноо амжилттай үргэлжилж байна. Энэхүү олон улсын хуралд дэлхийн 197 орны 10 мянга гаруй зочид төлөөлөгчид оролцож буй. Таван тивийг нэгтгэсэн COP17 олон улсын хурлын эргэн тойрон дахь үйл явдлыг гэрэл зургаар хүргэж байна.
Н.Учрал: Бид хойч үедээ ямар дэлхий үлдээх тухай хамтын шийдвэрийн шинэ үеийг эхлүүлж байна

COP17 Бага хурлын анхны хуралдааны эхэнд Бага хурлын Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг сонгов. COP17-ын нээлтийн нэгдсэн хуралдааныг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлснийг товчлон хүргэж байна.
Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа,
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
хатагтай Ясмин Фуад,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо!
Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд тавтай морилохыг хүсье.
Юуны өмнө Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 4 дэх хурлыг 2000 онд даргалж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд асан, Байгаль орчны гавьяат ажилтан, Төрийн шагналт Замбын Батжаргал гуай 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлэн 1 минут хүндэтгэл үзүүлэхийг хүсье.
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл. Бид 8,2 тэрбумуулаа дэлхийн ээжийн үр хүүхэд. Эх дэлхийдээ энх мөнх оршихуйд улс орон бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй.




















Дэлхийн энд тэндгүй гамшигт халуун болж, гал түймэр асаж, гол мөрнүүд ширгэж, эсвэл цочир хүйтэн болж, мөнх цас, туйлын мөс хайлж байна. Та бидний хэл, соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр хоорондоо өөр боловч эх дэлхийдээ энх мөнх орших ирээдүйгээ хамгаалах хүсэл зориг нэгтэй. Тийм ч Та бид манай улсад цөлжилтийн эсрэг эв санал нэгдэн, бүгдийн гэр орон болсон эх дэлхийнхээ төлөө, өөрсдийнхөө, ирээдүйнхээ төлөө хуран цуглаад байна
Өнөөдөр бид эх дэлхийнхээ газрын нөөцийг хэрхэн хамгаалах, нөхөн сэргээх, ирээдүй хойч үедээ ямар дэлхий үлдээх тухай хамтын шийдвэрийн шинэ үеийг эхлүүлж байна.
1994 онд батлагдаж, 1996онд хүчин төгөлдөр болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын хүрээнд дэлхийн улс орнууд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг улс орны хилийн зурвасаас үл хамаарсан, хүн төрөлхтний хамтдаа шийдэх сорилт гэдгийг хүлээн зөвшөөрч ирлээ. Энэ хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн хүрсэн хамгийн том амжилт бол “газрыг” хөгжлийн асуудлын төвд авчирсан явдал юм. Өнөөдөр газрын доройтол зөвхөн хөрс, ургамлын асуудал биш; хүнс, ус, амьжиргаа, ядуурал, эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, эдийн засаг, энх тайван, аюулгүй байдалтай салшгүй холбоотой цогц экосисистемийн асуудал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.
Улс орнууд газрын доройтлыг тэглэх зорилтоо үндэсний бодлогодоо тусгаж, шинжлэх ухаан, мониторинг, тайлагналын тогтолцоогоо хөгжүүлж, газрын нөхөн сэргээлтэд төрөөс гадна хувийн хэвшил, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийг оролцуулах болсон нь Конвенцын чухал үр дүн юм. Гэвч өнөөдөр бид өөрсдөдөө нэгэн асуултыг зоригтой, нээлттэй тавих цаг иржээ. Бид их ярьж, их тунхаглаж бол чадсан. Харин үгээ үйлдэл болгож чадаж байна уу?
…Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь энэ асуудлыг дэлхийн бодлогын түвшинд ахиулах түүхэн боломжийг бүрдүүлж байна.
Энэ боломжийг COP17-той уялдуулваас Монгол Улс бэлчээрийг зөвхөн доройтож буй газар нутаг бус, хөрөнгө оруулалт шаардсан, эдийн засгийн үнэ цэн бүтээдэг, хүнс, байгаль, малчдын амьжиргааг холбож байдаг чухал экосистем хэмээн дэлхий нийтэд түгээх, ойлгуулах зорилго биелнэ.
Бидний хувьд газрыг нөхөн сэргээх нь хөгжлийн бодлоготой сөргөлдөх асуудал биш, харин хөгжлийн чанар, хүртээмжийн тухай ойлголт хандлагаа өөрчлөх асуудал юм. Байгаль орчныг хамгаалах асуудлыг эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг болгож, байгалийн нөөцийг зохистой ашиглаж, инновац, технологи, хөрөнгө оруулалтад тулгуурласан урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг бий болгох нь бидний зорилго.
COP17-оос бидний хүсэж буй хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм. Тиймээс Монгол Улс энэ бага хурлаас дараах асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна.
Нэгдүгээрт, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг салангид бус, харилцан уялдаатай цогц асуудал болгон авч үзье. Хоёрдугаарт, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая. Гуравдугаарт, ганд тэсвэртэй байдлыг зөвхөн байгаль орчны бодлого бус, хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болгоё. Дөрөвдүгээрт, бэлчээр, малчид, нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог дэлхийн газрын менежментийн бодлогын төвд гаргая. Тавдугаарт, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргая.
Зургаадугаарт, амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе. Үүний тулд хөгжлийн түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, улс орнуудтай хамтран санхүүжилт, технологи, чадавх болон зохицуулалтын
саадыг арилгах шинэ түншлэл бий болгохыг уриалж байна" гэлээ.
Цөлжилттэй тэмцэх асуудлаарх COP17 Улаанбаатар хотноо эхэллээ












НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр /2026.08.17/ Улаанбаатар хотноо эхэллээ.
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэ удаагийн хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачигтай холбоотой асуудал болон газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлийг бууруулах, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны асуудлыг хэлэлцэх юм.
COP17-д НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 197 талын төлөөлөгчид, Засгийн газар, бизнес, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл, залуус, уугуул иргэд, малчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцохоор төлөвлөжээ.
Энэ удаагийн COP17 нь “Газраа сэргээе. Найдвараа сэргээе” уриан дор зохион байгуулагдаж байна. Хурлын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, дараагийн хоёр долоо хоногт талууд газрын доройтол, цөлжилт, ган гачгийн эсрэг хэрэгжүүлэх бодлого, шийдлүүдийн талаар хэлэлцэх юм.
COP17-ын дээд түвшний уулзалтууд хурлын хоёр дахь долоо хоногт буюу наймдугаар сарын 24-26-нд болох бөгөөд сайд нарын түвшинд газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэртэй байдал болон санхүүжилтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
3,595.72





















































Дэлхий 2026-08-17 202.126.88.202
Шал өөр Дэлхий болох гээд бгаа нь үнэн шүүү.
Бүткүээ 2026-08-17 103.57.93.230
Xyжаа элчин сайд авгайг долоож гүйдэг Одонтуяа гэж…
Нэргүй 2026-08-17 103.212.117.88
Энэ их хөөрцөглөл тэнэглэлээ одоо болтх л хэрэгтэй байна даа. Нэгнээсээ давж гарах гэсэн хаанач үгээ цэгнэхгүй хэлсэн амлалтандаа хүрэх гэж ард түмнээ ингэж зовоох гэж дээ. Сургууль цэцэрлэг малчдын малаараа хэдэн төгрөг олох үед тэгш сондгоо бас колонкийн хаана барина. Тэрний оронд энэ олон колонкууддаа хяналтаа тавиад бензин тоосоо өгөлдөө. Бас намрын ургац, өвлийн бэлтгэл эхэлсэн явж чадахгүй хэцүү байна шүү. Юмны үнэ пуужиндаж байна даа. Непалдах цаг болжээ сэрцгээгээчээ Монголчуудаа
Zero Result 2026-08-17 202.126.88.202
Гоё гоё Хурал Лут лут Наадам хийснээрээ хөгждөг бол энэ улс хөгжихөөрөө нэг боллоо….даанч ҮР ДҮН ALWAYS ZERO.
тооно 2026-08-17 202.21.118.186
МоАХ-ийн гишүүн партизан зөв хэлжээ хайран 380 тэрбум төгрөг… одоо бараг 400 тэрбум болж байгаа даа…
Нэргүй 2026-08-17 202.126.91.37
Нэгэнт амласан энэ арга хэмжээг улсынхаа нэрийг угтаалгүй нэр төртэй сайн зохион явуулаад өнгөрөөгөөсэй дээ!!!!
Нэргүй 2026-08-17 66.181.182.113
Байгаль орчны доройтол Дэлхийг нөмөрлөө. Үүнд Дэлхий дахины анхаарлыг Монгол Улс хандуулж чадлаа. Цагаа олсон энэ арга хэмжээ Монголоор барахгүй Дэлхийн түүхийн од болж үлдлээ. Харин элдвээр дэвсэлж байгаа хар хүчин улс төрийн хар хэрээ хэвээр хоцорно
Нэргүй 2026-08-17 202.55.191.130
waste of time and money and useless virtue signaling
Нэргүй 2026-08-17 66.181.177.46
Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн өөрчлөлтийг хэзээ ч зогсоож чадахгүй. Мөнгө үрсэн худлаа шоу хийхээ боль
Зочин 2026-08-17 103.57.92.172
ТҮГЖРЭЛЭЭ ШИЙДЭЖ ЧАДААГҮЙ АВИЛГАЧ МАН НАМ ҮХСЭН АЦНЫХ НЬ КОП… АВИЛГАЧИД ГАЙ БОЛОХ МӨРӨӨРӨӨ ИДЭЖ УУХГҮЙ ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАЖ, ЗАХ ХУДАЛДААНД ГАЙ БОЛХОО БОЛЬ
яах уу 2026-08-17 202.70.34.115
СОР17….Дэлхийн банкууд иймэрхүү худлаа арга хэмжээг санхүүжүүлэх нэрээр мөнө хүүлдэг бна. Үүнд нь эх орноо гэх сэтгэлгүй ядуу улс орнуудын ЗГ-г точиклож зохион байгуулж өрөнд оруулдаг.. Монгол улсын хувьд өмнөх АСЕАМ гэх хурлыг хийснээр 250 гаруй тэрбум төгрөгийн хүүтэй зээлийн өрөнд унасан түүхтэй… гдгийг судлаач Ганхуяг гуай зөндөө сануулсан бна дааа….энэ үеэр сайд нэртэй хэдэн гарууд мөнгө цавчих боломжийг цөм ашигладаг бна… дараа нь ард олон татвараар олон жил төлнө … ямар уу???
МоАХ гишүүн партизан 2026-08-17 202.70.34.115
Дэлхийн банкууд иймэрхүү худлаа арга хэмжээг санхүүжүүлэх нэрээр мөнө хүүлдэг бна. Үүнд нь эх орноо гэх сэтгэлгүй ядуу улс орнуудын ЗГ-г точиклож зохион байгуулж өрөнд оруулдаг.. Монгол улсын хувьд өмнөх АСЕАМ гэх хурлыг хийснээр 250 гаруй тэрбум төгрөгийн хүүтэй зээлийн өрөнд унасан түүхтэй… гдгийг судлаач Ганхуяг гуай зөндөө сануулсан бна дааа….энэ үеэр сайд нэртэй хэдэн гарууд мөнгө цавчих боломжийг цөм ашигладаг бна… дараа нь ард олон татвараар олон жил төлнө … ямар уу???