"Багаасаа дэлгэц үзсэн хүүхэд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шиг болдог"

"Багаасаа дэлгэц үзсэн хүүхэд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шиг болдог"

"Багаасаа дэлгэц үзсэн хүүхэд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шиг болдог"

Сүүлийн үед хүүхдүүд гурав, дөрвөн нас хүрсэн ч сайн ярьж чаддаггүй, санаа бодлоо гүйцэд илэрхийлэхгүй байх тохиолдол нэмэгдэж буй. Энэ нь хэвийн үзэгдэл үү. Үүнд төдийлөн анхаарал хандуулахгүй, яваандаа сайжирна гээд орхих нь зөв үү. Дээрх сэдвийн хүрээнд Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл төв”-ийн хэл засалч, их эмч Б.Азжаргалтай ярилцлаа.


–Сүүлийн үеийн хүүхдүүд тав, зургаан нас хүрсэн ч төдийлөн сайн ярихгүй, хүний асуултад болон харилцан ярилцахдаа бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй байх зэрэг хэл ярианы хоцрогдол их ажиглагдах болсон. Энэ юунаас болж байна вэ? 

-Сүүлийн үеийн хүүхдүүд ихэвчлэн хоёр наснаас хойш ярьж эхэлж байна. Хүүхэд цэцэрлэг, сургуульд орох насан дээрээ ярьж, өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа нь цэвэр эцэг, эхийн харилцаанаас үүдэлтэй. Товчхондоо, тухайн хүүхэд гэртээ амьд харилцаа муу, гэрийнхэн нь төдийлөн хоорондоо болон хүүхэдтэйгээ ярилцдаггүйн улмаас хүүхэд хэлд орсон ч үгийн баялаг муу, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахгүй байгаа юм. Дээрээс нь дэлгэцийн хэрэглээ нөлөөлж байгаа. Эцэг, эх нь хүүхэдтэйгээ сайн ярилцахгүй, дээрээс нь утас, зурагт олон цагаар үзэхээр хүүхдийн хэл яриа хөгжихгүй. Бас нэг шалтгаан нь хүүхдүүд утас, зурагтаар монгол хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг үзэхээ больсон. Ихэнх нь англи хэл дээр үздэг. Хоёр, гурван настай хүүхэд англиар яриад, ойлгоод байгаа хэр нь монголоор тэр үгээ хэлж мэдэхгүй байна.

Тархины идэвхтэй хөгжлийн үе буюу 2-3 насанд хүүхэд дэлгэц удаан ширтээд тэр дундаа богино бичлэг байнга үзээд байхаар анхаарал төвлөрөл сул болж байдаг. 

Ингээд гурав, дөрвөн насан дээрээ авиа дуудлагын хоцрогдолтой, бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй байна. Ингэж явсаар сургуульд орох насан дээрээ харилцан ярилцахгүй, асуултад бүтэн өгүүлбэрээр хариулахгүй үгийн баялаг муу, хоцрогдолтой байвал сурах үйл явцад сөргөөр нөлөөлнө. Ийм хүүхдүүд маш олон болсон. Манай төвд хэл, ярианы хоцрогдолтой хүүхдүүд маш их ирдэг. Ялангуяа одоо сургууль, цэцэрлэг орох дөхсөн үед болон хавар сургууль амрахаар ачаалал маш их нэмэгддэг. Арванхоёрдугаар сар хүртэл сургалтын цаг дүүрчихсэн. Өдөрт нэг эмч 10 гаруй хүүхэд авдаг.

Хэл ярианы хоцрогдол гэдэг эм уугаад, тариа тариулаад зүгээр болчихгүй шүү дээ. Харин дахин дахин давтаж хэлж байж л өөрчилнө. Ерөнхийдөө хэл, яриа, авиа дуудлагын хоцрогдолтой хүүхдийг  хэлээд, ярилцаад заагаад өгвөл хэл, яриа нь сайжирна. Харин хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд маань системтэйгээр, удаан хугацаанд дасгал, сургуулилт хийснээр хэл яриа нь сайжирдаг. Гэхдээ аль, аль нь зөвхөн сургалтаар бус сургалтад заалгасан хэл заслын дуудлага, дасгал хөдөлгөөнөө гэртээ давтахгүй, эцэг эх харилцан ярилцахгүй л байгаад байвал үр дүн муу байна.

-Хэл ярианы хоцрогдолд орсноор хүүхдийн цаашдын өсөлт, хөгжилд нөлөөлөх үү? Хэл, ярианы хоцрогдол, бэрхшээл хоёр чинь өөр ойлголт байх…

-Төрөлхийн саажилт, дауны синдром, аутизм гэх мэт өвчин, эмгэгээс үүдэлтэй хэлд орохгүй, ярьж чаддаггүй хүүхдийг хэлний бэрхшээлтэй гэж хэлнэ. Харин сүүлийн үед дээр хэлсэн эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ сайн ярилцдаггүй, аливаа зүйлийг тайларбарлаж хэлж ярихгүй байгаагаас үүдэж олдмол хэл ярианы хоцрогдолтой хүүхдүүд ихсээд байна.

Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд хөгжлийн ямар нэг бэрхшээлгүй мөртлөө ярьж, өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаад байна.

Хоёр нас хүртлээ хэлд орохгүй байна гэж дээр хэлсэн. Учир нь гэрт нь харилцан ярихгүй, яриаг нь хөгжүүлэхгүй байна л даа. Хоёр наснаас хойш цэцэрлэгт яваад эхлэхээр хүүхэд сайн ярьж сурдаг. Цэцэрлэгт явдаггүй, явсан хүүхэд хоёрын хэл, яриа, танин мэдэхүйн хөгжил асар ялгаатай байдаг. Зарим эцэг, эх цэцэрлэгт бүртгүүлсэн хэр нь ханиад томуу хүрээд гээд явуулдаггүй. Ингэхээр хэл ярианы хоцрогдол нь арилахгүй байгаа юм. Ингээд сургуульд ороод өөрийгөө илэрхийлж чадахгүй улмаар зожиг болно. Цаашлаад эх зохиох, ярих зэрэгт сөргөөр нөлөөлнө. Тодруулбал, хүүхэд төрсөн цагаасаа эхлээд гадаад орчноо хэл ярианы тусламжтайгаар таньж, санаа бодлоо үгээр илэрхийлдэг. Хэл яриа, сэтгэхүй хоёр хоорондоо салшгүй холбоотой. Хэл ярианы чадвар нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд нөлөөлж, танин мэдэх чадварыг хөгжүүлдэг. Хэл ярианы согогийг эрт засахгүй бол цаашид хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж болно.

-Хүүхэд ер нь хэдэн насанд бүрэн хэлд орсон байх ёстой байдаг вэ? 

-Ямар нэг өвчин эмгэг, бэрхшээлгүй хүүхэд бол 1-2 насанд хэлд орсон байх ёстой. Хоёр настай хүүхэд 50 ба түүнээс дээш үгийн баялагтай байдаг. Ингээд дөрөв, таван настай хүүхэд 250-аас дээш үгийн сантай цаашлаад холбоо үг, өгүүлбэрээр ярьж чаддаг байх ёстой л доо. Гэтэл манай төв дээр ирж байгаа хүүхдүүд ихэвчлэн өнгө ялгахгүй, тоо мэдэхгүй, асуулт бүрэн ойлгодоггүй, өөрийгөө болон гэр бүлээ танилцуулж мэдэхгүй хүүхдүүд маш их ирдэг. Эцэг, эх нь “манай хүүхэд хэлд орсон” гэдэг. Гэтэл хүүхэд нь насаа хуруугаараа үзүүлдэг, бүтэн нэрээ мэддэггүй, ээж аавынхаа нэр, ажлыг төдийлөн хэлж мэддэггүй. Энэ бүхэн нөгөө л харилцаанаас л үүдэлтэй л дээ. Өглөө гараад л орой ирдэг. Ядраад юм асуухаар нь төвөгшөөгөөд утсаа, зурагтаа үзүүлдэг. Тэгээд байхаар хүүхдийн хэл, яриа цаашлаад танин мэдэхүй хөгжихгүй байгаа юм.

-Хүүхдээ хэл ярианы бэрхшээлтэй, эсэхийг хэрхэн мэдэж болох вэ. Яаж оношлох вэ?

-Монголчууд эрэгтэй хүүхдийг арай хожуу хэлд ордог. Эсвэл аав, ээж нь орой хэлд орсон учраас хүүхэд нь адилхан орой хэлд орно гэж ойлгоол байдаг. Гэтэл энэ батлагдсан зүйл биш. Хүүхэд нэг нас хүрээд өөрийгөө бага багаар ойлгуулж, ярьж, хэлсэн үгийг дагаж, дуурайдаг. Ингээд дөрвөөс таван насанд "Р""Л" авиаг хэлж сурдаг. Гурван нас хүрсэн хүүхэд өөрийгөө бүрэн ойлгуулж чадахгүй, дохио зангаа ашиглаж байгаа бол хэл ярианы хоцрогдол үүсэж эхэлсний дохио. Гэрийнхэн нь дохио зангаа, богино үгээр яриад ойлгоод байдаг болохоороо хэлд орчихсон гэж үзээд байдаг.

Гурван нас хүрчхээд бүтэн өгүүлбэр, холбоо үгээр ярьж чадахгүй байвал мэргэжлийн хүнд хандах шаардлагатай.

Гэтэл зарим эцэг, эх ийм бэрхшээлтэй хүүхдээ нуудаг. Өөрсдөө сэтгэл зүйн хувьд хүлээн авч, дасах гэсээр байтал хүүхэд нь хэдийн тав, зургаан нас хүрчихдэг. Цаг тухай бүрт нь эмнэлэгт хандаж, авах ёстой тусламж, үйлчилгээг аваагүйгээс хүүхэд хоцрогдож, бэрхшээл нь илүү хүндэрдэг. Хүүхдийг нас, биеийн онцлогт тохирсон ахуйн ажил хийлгэж, зааж зөвлөснөөр хүүхдийн сэтгэн бодох чадвар хүртэл сайжирч байдаг.

Яахав, хэлний хөвч богино хүүхэд гэж бий. Тэдгээр хүүхэд бас муу ярих тохиолдол байдаг. Тэгэхээр юунаас болоод манай хүүхэд ярихгүй байна вэ гэдгийг мэргэжлийн хүнд хандаад оношлуулаад өөрт тохирсон арга барилаар эрт засаж сайжруулах нь чухал. Танин мэдэхүй, ам уруулын дасгал хийх мэт аргаар засна. Харин аутизмтай, эмгэгтэй хүүхдийг системтэйгээр удаан, дахин дахин давтах зарчмаар заадаг. Хүүхэд нэг үгийг дор хаяж 400-аас дээш удаа сонсож байж цээжилдэг. Ингэхдээ хүүхдийг юм хийж байхад нь энэ улаан гээд хэчнээн хэлээд нэмэргүй. Эхлээд анхаарлыг нь татаад харилцан ярилцах, тайлбарлах аргаар суралцуулах нь илүү үр дүнтэй байдаг даа.

–Зарим хүмүүс хүүхдээ ярихгүй, хэлд орохгүй байхаар "манай хүүхэд аутизмтай юм байна" гэж шууд ойлгоод байх шиг.

–Хэлд орохгүй байгаа хүүхэд болгон аутизмын эмгэгтэй гэсэн үг биш. Харилцааны асуудлаас болоод хүүхэд ярихгүй байна шүү ээ. Манай эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярь гэхээр, "миний хүү цэцэрлэг дээрээ юу хийсэн, ямар хоол идсэн" гэж асуучхаад хүүхэд нь өөдөөс нь бүтэн өгүүлбэрээр биш ямар нэг авиа гаргахаар аан, тэгсэн юм уу гээд орхичихдог. Бүтэн өгүүлбэрээр хариулт авдаггүй. Тухайлбал, "улаан цамцаа өмсөх үү, цэнхэр цамцаа өмсөх үү" гэх мэт сонголттой асуулт асууж, бүтэн өгүүлбэрээр буюу "би улаан цамц өмсөнө. Би өнөөдөр ангидаа будаатай хуурга идсэн" гэх мэтээр хариулт авах хэрэгтэй. Ингэснээр илүү хөгжиж байдаг.

-Хүүхэд хэдэн цаг дэлгэц үзэх ёстой байдаг вэ. Дэлгэцийн хэрэглээг хэрхэн хязгаарлах вэ?

-Ер нь бол хоёр цаг гэж заадаг. Хоёр цагаа 15 минутаар хуваагаад үзүүлэхийг зөвлөдөг. Бага насанд хүүхдийн тархи цахилгаан соронзон орноос хамгаалдаггүй учраас 15 минутаас дээш дэлгэц үзэхээр тархи мэдрэлийн ядаргаанд ордог. Харин 30 минутаас дээш үзвэл донтолт болдог. Бүрэн хэлд ороогүй хүүхдэд аль болох монгол хэл дээр аливаа зүйлийг үзүүлэхийг зөвлөнө. Одоо зарим эцэг, эхчүүд хэдхэн сартайгаас нь эхлээд хүүхдэдээ утас үзүүлж байна.

Багаасаа дэлгэц үзчихсэн хүүхэд яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шиг болчихсон байдаг.

Манай төвд эрүүл, ямар нэг хөгжлийн бэрхшээлгүй хэр нь хоёр сартайгаасаа эхлээд утас үзсэн хүүхэд ирж байсан. Тэр хүүхдийн байгаа байдал төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ижилхэн байсан. Тухайн хүүхдэд хэл ярианы хоцрогдол арилгахад маш удаан хугацаа зарцуулсан.

-Хэлний хөвч богинотой хүүхдийн хөвчийг таслах мэс ажилбарт орсноор хэл ярианы бэрхшээл зүгээр болох уу?

– Хэлний хөвч нь хэр богино байхаас шалтгаалаад мэс ажилбарт оруулна. Ерөнхийдөө найман наснаас дээш орохыг зөвлөдөг. Мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-13 66.181.189.56

Утгагүй юм ярих юм. Баримт нотолгоо байгаа юм уу? Яг ямар хүүхэд дэлгэцээс шалтгаалаад хөгжлийн бэрхшээлтэй юм шиг болсон тийм жишээ байгаа юм уу? Яахав ганц нэг тохиолдол байлаа гэхэд хүүхэд нь өөрөө суурь эмгэгтэй байгаад дэлгэц улам нөлөөлсөн байж болох. Тэрнээс эрүүл хүүхэд бол тэгэхгүй байхаа. Одоо цагт дэлгэц бидний амьдралын нэг хэсэг болсон. Дэлгэц байж л байдаг. Хүүхэд ч, том хүн ч дэлгэцийг харах үедээ хараад харахгүй үедээ харахгүй, тийм л цаг үе ирж байна гэж боддог ш дээ би хувьдаа

Avatar

Үнэн 2026-08-13 202.9.46.80

Яг үнэн

Avatar

Нэргүй 2026-08-13 59.153.114.221

Манай эмч нар хорооны GP ийнх л хэмжээнд. Сайхан хуучлаад сууж байна. Ямар ч шинжлэх ухааны нотолгоо гэж зүйл үгүй. Бүдүүлэг залуу вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж