Сурвалжлага: 50 мянган оюутан хаана амьдрах вэ?

Сурвалжлага: 50 мянган оюутан хаана амьдрах вэ?

Сурвалжлага: 50 мянган оюутан хаана амьдрах вэ?

Хөдөө, орон нутгаас ирсэн залуус хувцас, цүнхээ тэвэрсээр нийслэлд хөл тавьж, их, дээд сургуулийнхаа хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр бэлтгэж байна. Тэдний хувьд хичээл эхлэхээс өмнө шийдэх ёстой хамгийн том асуудал нь “Хаана амьдрах вэ” гэдэг асуулт.

Жил бүр 50 мянга гаруй оюутан орон нутгаас нийслэлийг зорин ирдэг гэх тоо бий. Тэдний дийлэнх нь амьдрах байрны асуудлыг өмнөх жилээсээ эхлэн судалж, сургуулийнхаа дотуур байрны бүртгэл, түрээсийн байрны зар, хостелын мэдээлэл хайдаг. Шинээр элсэж буй оюутны хувьд энэ асуудал бүр ч төвөгтэй. Учир нь хотод танил тал багатай, түрээсийн зах зээлийн үнэ ханшийг сайн мэдэхгүйгээс гадна хичээлдээ ойр, боломжийн үнэтэй байр олох нь амаргүй.

Их, дээд сургуулиудын дотуур байрны багтаамж нийслэлд шинээр ирж буй оюутнуудынхаа аравны нэгд ч хүрэлцдэггүй. Сургуулиуд дотоод журмынхаа дагуу дотуур байранд оюутнуудаа хуваарилахдаа нэгдүгээр курсийн шинэ элсэгчдэд давуу эрх олгох нь түгээмэл.

Энэ нь нэг талаараа анх удаа нийслэлд ирж буй оюутнуудын амьдрах орчны асуудлыг шийдэх шаардлагатай холбоотой. Гэвч нөгөө талдаа дээд курсийн олон оюутныг дотуур байргүй үлдээдэг. Ингэснээр 40 мянга гаруй оюутан дотуур байранд орж чадалгүй, түрээсийн байр, хостел болон танил талынхаа тусламжид найдахаас өөр сонголтгүй болж байна.

Дотуур байранд багтаагүй оюутан хамгийн түрүүнд түрээсийн байр хайдаг. Гэвч энэ үед тэднийг угтдаг дараагийн том бэрхшээл нь түрээсийн үнийн өсөлт.

Түрээсийн байр | News.MN

ОЮУТНЫ ОРЛОГООС ХЭД ДАХИН ӨНДӨР ТҮРЭЭС

Нийслэлийн хэмжээнд нэг өрөө байрны сарын түрээс дунджаар 1.27 сая төгрөг байгаа нь оюутны хувьд ахадсан тариф. Ялангуяа сургалтын төлбөр, хоол, унаа, хичээлийн хэрэглэл зэрэг өдөр тутмын зардлаа өөрөө хариуцдаг оюутны хувьд бүтэн сарын орлогоос нь давсан хэмжээний мөнгийг зөвхөн байрны түрээсэнд төлөх шаардлага үүсдэг. Эцэг эхийнхээ гараас гараагүй оюутны ар гэрт асар том дарамт авчирдаг.

Байршлаас хамаарч түрээсийн үнэ бүр ч нэмэгдэнэ. Их, дээд сургуулиуд олноор төвлөрсөн Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт нэг өрөө байрны сарын түрээс дунджаар 1.51 сая төгрөгөөс эхэлж байна. Харин Сүхбаатарын талбай, 220 мянгатын орчимд энэ үнэ 1.95 сая төгрөгт хүрдэг. Өндөр зэрэглэлийн гэж нэрлэгддэг орон сууцны хотхонуулын тухайд бүр ч тэнгэрт тулсан үнэтэй.

Сургуулиудын төвлөрөл харьцангуй бага, хотын төвөөс зайдуу хэсгүүдэд үнэ арай боломжийнд тооцогдоно. Тухайлбал, 3, 4 дүгээр хороолол, Төмөр зам болон 13 дугаар хорооллын орчимд нэг өрөө байрны сарын түрээс 1.12–1.29 сая төгрөгийн ханштай байна. Харин 1 дүгээр хороолол, 5 шар орчимд ч түрээсийн үнэ нэг сая төгрөгөөс давжээ.

Ингээд харахад оюутан өөрийн гэсэн нэг өрөө байр түрээслэх нь зөвхөн байрны төлбөрийн асуудал биш. Байрны түрээс дээрээ тог, ус, дулаан, интернэт, хоол, унаа болон бусад хэрэглээг нэмэхээр сарын амьдралын зардал нь хэт ахадсан даваа болжээ. Тиймээс олон оюутан ганцаараа байр түрээслэхээс татгалзаж, хэд хэдээрээ нийлж амьдрах эсвэл хамаатан садныхаа гэрт байрлах сонголт хийх нь түгээмэл.

Түрээсийн байр | News.MN

Улаанбаатарт ах, эгч, хамаатан садантай оюутнуудын хувьд түрээсийн дарамтаас тодорхой хэмжээнд ангижрах боломж бий. Гэхдээ энэ нь асуудлаа бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Оюутнуудын байр хайдаг цахим группүүдэд нийтэлсэн пост, сэтгэгдлүүдээс харахад айлд толгой хоргодон амьдарч буй залуусын хувьд олон төрлийн дарамт үүсдэг байна. Хичээлээ давтахын тулд өөрийн гэсэн өрөө, ширээ хэрэгтэй ч тийм боломж тэр бүр байдаггүй. Гэрийнхэнтэйгээ хамт амьдарч байгаа учраас оройтож хичээл хийх, тайван суух, онлайн хичээлд оролцох зэрэг нь хүндрэлтэй. Зарим нь “Бусдад түвэг болж байгаа юм биш биз” гэсэн сэтгэлзүйн дарамтыг мэдэрдэг тухайгаа бичжээ.

Нөгөө талаар гэрийн ажилд оролцох, дүү нараа харах, хоол унданд туслах зэрэг өдөр тутмын үүрэг нэмэгддэг. Хэрэв амьдарч буй айл нь сургуулиас нь хол бол өглөө эрт гарч, орой түгжрэлд цаг алдах шаардлага гарна.

Энэ бүхний нийлбэр нь оюутны хичээлдээ зарцуулах цагийг багасгадаг. Гэхдээ тусдаа гарах хүсэлтэй байсан ч санхүүгийн боломж нь тэднийг буцаад л нэг асуудалтай нүүр тулгадаг.

Оюутан залуус | News.MN

Оюутнуудын зарим нь хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, байр болон амьдралын зардлаа өөрсдөө олохыг хичээдэг. Тэдний сарын орлого 500 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байх тохиолдол бий. Гэвч энэ орлогоор ганцаараа байр түрээслэх бараг боломжгүй.

Сарын нэг сая гаруй төгрөгийн түрээс дээр хоол, унаа болон бусад хэрэглээний зардал нэмэгдэхээр оюутны орлогын дийлэнх нь амьдралын наад захын хэрэгцээнд зарцуулагдана. Хичээлийнхээ хажуугаар ажиллаж эхэлсэн залуусын хувьд ажил нь нэмэгдэж, хичээлдээ зарцуулах цаг нь багасах хамгийн том эрсдэл.

Зарим оюутан цахим орчинд энэ талаар бичихдээ “Сурахаар ирсэн ч ажил хийх нь амьдралын гол зорилго болж хувирдаг” гэсэн санааг илэрхийлжээ.

Өөрөөр хэлбэл, байрны мөнгөө олохын тулд ажиллана. Ажилласнаар хичээлдээ зарцуулах цаг багасна. Хичээлдээ анхаарахгүй бол суралцах зорилго нь алдагдана. Энэ нь зөвхөн нэг оюутны санхүүгийн асуудал биш, боловсрол эзэмших боломжтой нь шууд холбоотой асуудал болж байна.

ХОСТЕЛ ТҮРЭЭС САРЫН 250–450 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Ийм нөхцөлд сүүлийн жилүүдэд оюутнуудын сонгож буй өөр нэг хувилбар нь тусгайлан тохижуулсан хостелууд. Зарын мэдээллээс харахад охид, хөвгүүдэд зориулсан тусдаа хостелууд түгээмэл болжээ. Нэг өрөөнд дөрвөөс найман хүн байрлах зохион байгуулалттай. Нэг хүний сарын төлбөр 250–450 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Энэ нь ганцаараа байр түрээслэхтэй харьцуулахад харьцангуй хямд. Ихэнх хостелд ус, цахилгаан, интернэтийн төлбөр сарын үнэд багтдаг тул оюутан сарын зардлаа урьдчилан тооцоход хялбар байдаг.

Харин 250 мянга, 450 мянган төгрөгийн хоорондох үнийн зөрүү нь байршил, сургуулиас хэр ойр эсэх, өрөөний багтаамж, тавилга, интернэт, цэвэрлэгээ, аюулгүй байдлын үйлчилгээ зэрэг олон зүйлээс шалтгаална.

Хямдхан хостел сонгох тусам олон хүнтэй нэг өрөөнд амьдрах шаардлагатай болох нь элбэг. Энэ нь нэг талаас зардлыг бууруулдаг ч нөгөө талаас хувийн орон зай багасах сул талтай.

Гэсэн ч олон оюутны хувьд “Өөрийн гэсэн дээвэртэй байх” боломж нь хостелыг бодит сонголт болгож байна.

Манай оронд анх удаа олон улсын жишгээр баригдсан түр байраа гэмт хэргийн золиос болсон охины гэгээн дурсгалыг мөнхжүүлж, ар гэрийнх нь зөвшөөрлөөр “ШИНЭСАРАН” гэж нэрлэжээ. https://graph.mn/news/4772

Оюутнуудын хэрэглэж буй өөр нэг арга нь байрны түрээсийг хуваах. Сургуулийнхаа нэг ангийнхан, нутгийнхаа найз нөхөдтэй нийлж хоёр, гурав, заримдаа дөрвүүлээ байр түрээслэснээр нэг хүний төлөх зардал буурна. Жишээлбэл, нэг өрөө байрны түрээсийг ганцаараа төлөх боломжгүй ч хэд хэдэн хүн нийлбэл нэг хүний сарын зардлыг харьцангуй боломжийн түвшинд барих боломжтой.

Гэхдээ хамт амьдрах үед өөр асуудлууд гарч ирнэ. Хоол хүнс, цэвэрлэгээ, хэрэглээний зардлаа хэрхэн хуваах, хэн хэдийд гэртээ байх, орой хичээлээ хийхэд саад болох эсэх зэрэг нь оюутнуудын өдөр тутмын амьдралд нөлөөлдөг.

Тиймээс байр хувааж түрээслэх нь зөвхөн мөнгө хэмнэх шийдэл биш, хамт амьдрах хүмүүсээ зөв сонгох асуудал болдог. Орон нутгаас нийслэлд ирж буй оюутнуудын хувьд амьдрах газар сонгох нь эцэстээ санхүүгийн боломжийн асуудал болж хувирдаг. Хэрэв дотуур байранд орж чадвал хамгийн бага зардлаар амьдрах боломжтой. Харин дотуур байрны "Азын сугалаа"-нд хожоогүй бол түрээсийн байр, хостел, хамаатан садныхаа гэр гэсэн хэдхэн сонголтын аль нэгийг хийх шаардлагатай болно.

Түрээсийн байр сонговол өндөр төлбөр төлнө. Хостел сонговол хувийн орон зай багасна. Хамаатныхаа гэрт амьдарвал сэтгэлзүйн болон ахуйн өөр төрлийн дарамт үүсч болзошгүй. Харин эдгээрийн аль нь ч боломжгүй бол хичээлийнхээ хажуугаар ажил хийж, амьдралын зардлаа өөрөө олох шаардлагатай болно. Ингэхээр оюутны хувьд амьдрах газар гэдэг зүгээр нэг байрлах орчин биш. Хаана, ямар нөхцөлд амьдарч байгаагаас нь хичээлдээ зарцуулах цаг, зардал, өдөр тутмын амьдрал нь шууд хамаардаг.

Нийслэлд суралцахаар жил бүр ирдэг 50 мянга гаруй оюутны хувьд энэ асуудал намар бүр давтагддаг. Дотуур байр хүрэлцэхгүй, түрээсийн үнэ өндөр, орлого нь амьдралын зардалдаа хүрэлцэхгүй үед оюутнууд боломжийнхоо хэрээр өөр өөр гарц хайдаг. Хэн нэг нь хамаатныхаа гэрт, нөгөө нь найзтайгаа байр хувааж, зарим нь хостелд амьдарна. Харин боломжгүй нэг нь хичээлийнхээ хажуугаар ажиллаж, амьдралаа залгуулахын тулд илүү ихийг нуруундаа үүрнэ. Тэдний хувьд шинэ хичээлийн жил “Юу сурах вэ?” гэдгээсээ өмнө “Хаана амьдрах вэ?” гэсэн асуултаар эхэлж байна.

Б.ОЮУН-ЭРДЭНЭ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-12 202.9.40.187

хужааманжууд хужааманж даврцн толгойд шаацн хужааманж бодлгоор дуртай харлаараа шаадг шаацн тэгснээ юм ярихыг хүлээж шааж бгаад тэгсн ингсн гж шааж үг даадгүй үг даадгүй гж шааж яриа гаргж даадг хүн болгх гж цаад атгаш санаан тэрн дээрн дөрөөлжсбуруутнж нээтглх гж тэгээд үгээрээ блгх снаархлхужааманж.руээамхэж схнаархл хужааманжуудр урвуулж шааж санаархлишааж ирсн.

Avatar

Зочин 2026-08-12 103.212.116.172

зохицоод аргалаад алалцаад амьдарсаар ирсэн

Avatar

G district 2026-08-12 202.9.46.236

Гэр хороололд айлуудын хашаанд гэр бариад сууцгаа!

Avatar

Нэргүй 2026-08-12 202.126.89.102

Их сургуулиудыг Багануурт гаргана гээд Алтанхуяг ЕС байхдаа баахан мөнгө үрээд хийж чадаагүй замхарсан даа

Avatar

Зосин 2026-08-12 192.82.92.42

ШУТИС, ХААИС -г хотоос гаргаачээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж