Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 111 хүн амиа алджээ

Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 111 хүн амиа алджээ

Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 111 хүн амиа алджээ

Колумбын баруун хэсэгт Даваа гаригийн 07:34 буюу манай орны 20:34 цагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, наад зах нь 111 хүн амиа алдаж, 87 хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла мэдээлжээ.

Газар хөдлөлтийн голомт Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд, газрын гадаргаас 100 гаруй километрийн гүнд бүртгэгдсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас хэдэн арван барилга нурж, их хэмжээний хохирол учирсан. Улмаар аврах, эрэн хайх ажиллагааг гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад эхлүүлжээ. Колумбын засгийн газар уг газар хөдлөлтийг үндэсний хэмжээний онцгой нөхцөл байдал хэмээн зарласан байна.

Мөн Франц, Мексик, АНУ болон Европын Холбоо зэрэг улс, байгууллагууд Колумбад тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Газар хөдлөлтийн үеэр Манисалес хотод байсан нэгэн эмэгтэй “бүгд орилж байсан” бөгөөд ойролцоох барилгуудын хананаас тоосго унаж байсныг ярьсан байна.

Харин газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн Кали хотод байсан Британийн жуулчин “ийм зүйл урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй” хэмээн ярьжээ. Тус хотод 32 барилга нурсан байна.

Колумбын ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла гамшгийн дараа ард иргэдээ “эв нэгдэлтэй” байхыг уриалжээ. Тэрбээр нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ засгийн газар хохирогчдод тусламж үзүүлж, гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудыг сэргээн босгоход бүх хүчээ дайчлан ажиллана гэж мэдэгдсэн байна.

“Би үндэсний онцгой байдлын энэ үед улс орныхоо тэргүүн эгнээнд байж, иргэн бүрийн амь насыг хамгаалах яаралтай шийдвэрүүдийг гарган, тасралтгүй ажиллана” гэж тэрбээр хэлжээ. Түүнчлэн хохирогчид болон тэдний ар гэрийнхнийг дэмжиж, гамшгийн үед үндэсний эв нэгдэл, харилцан туслалцаагаа бэхжүүлэхийг тэрбээр ард иргэддээ уриалсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж