АНУ-ын цэргийн тусламж дайныг санхүүжүүлэх нь

АНУ-ын цэргийн тусламж дайныг санхүүжүүлэх нь

АНУ-ын цэргийн тусламж дайныг санхүүжүүлэх нь

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн долоо хоногт Үндэсний батлан хамгаалах зөвшөөрлийн тухай хууль (NDAA)-ийг  баталжээ. Энэ нь аравдугаар сарын 1-нд эхлэх 2027 оны санхүүгийн жилд АНУ-ын батлан хамгаалах салбарын тэргүүлэх чиглэл, зардлыг тодорхойлсон томоохон төсвийн хууль юм. Уг тусламж хэрхэн Израильд хүрдэг болохыг "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.


Хуулийн төсөлд Израильтай холбоотой цэргийн хөтөлбөрүүдэд 750 сая ам.доллар олгохоор тусгасан байсан нь өмнөх оныхоос 65 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Энэ нь Газын дайныг АНУ үргэжлүүлэн санхүүжүүлж, Израильд тусласан хэвээр байна гэх шүүмжлэлийг дагууллаа.

Гэхдээ уг хуулийн төсөл одоогоор хууль болоогүй байна. Үүнийг Сенат шийдэх бөгөөд цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Мөн уг хуулийн төсөл ерөнхийлөгчийн гарын үсэгт хүрэхийн тулд Конгрессын хоёр танхимаар хоёулангаар нь батлагдах шаардлагатай.

Төлөөлөгчдийн танхимаас баталсан төсөлд олон талын байр суурь илэрхийлжээ. Америкийн Израилийн олон нийттэй харилцах хороо (AIPAC) зэрэг Израилийг дэмжигч байгууллагууд уг санхүүжилтийг сайшаасан. Харин Америкийн Исламын харилцааны зөвлөл (CAIR) зэрэг бусад байгууллага АНУ Израильд цэргийн тусламж үзүүлсээр байгааг шүүмжилжээ. Тэдний үзэж байгаагаар энэ нь Израилийн Газад явуулж буй цэргийн ажиллагаанд хувь нэмэр оруулах эрсдэлтэй.

Хэрэв Төлөөлөгчдийн танхимын хувилбар өөрчлөлтгүйгээр батлагдвал 750 сая ам.долларыг дараах байдлаар зарцуулна:

  • 500 сая ам.доллар – пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд, үүнд Израилийн "Iron Dome" систем багтана.
  • 100 сая ам.доллар – нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг илрүүлэх, хамгаалах технологид.
  • 100 сая ам.доллар – газар доорх ажиллагаанд, тэр дундаа хонгил болон газар доорх байгууламжийг илрүүлэх, зураглах технологид.
  • 50 сая ам.доллар – хиймэл оюун ухаанд суурилсан болон бие даасан ажиллагаатай зэрэг шинэ үеийн батлан хамгаалах технологид.

2011 онд бүрэн ажиллагаанд орсон "Iron Dome" систем нь ойрын зайн пуужинг сөнөөх зориулалттай. АНУ-ын Конгрессын Судалгааны албаны 2020 оны тайланд дурдсанаар уг систем нь мөргөлдөөний үеэр хүн ам суурьшсан бүсэд аюул учруулж болзошгүй гэж тодорхойлсон пуужингийн бараг 90 хувийг амжилттай устгаж байжээ.

ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД

АНУ 2026 оны санхүүгийн жилд Израилийн цэргийн хөтөлбөрүүдэд зориулан 500 сая ам.долларын санхүүжилт баталжээ. Үүнд “Iron Dome”, “David’s Sling”, “Arrow” зэрэг пуужингаас хамгаалах систем, дроны технологи, шинэ үеийн батлан хамгаалах технологи болон хонгилын эсрэг ажиллагаанд зориулсан санхүүжилт багтжээ.

Браун их сургуулийн Дайны зардлын төслийн 2025 оны тооцоогоор АНУ 2023 оны аравдугаар сараас 2025 оны есдүгээр сар хүртэл Израильд ойролцоогоор 21 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлсэн байна.

АНУ-ын Израильд үзүүлэх цэргийн дэмжлэг олон арван жилийн турш үргэлжилж, аажмаар нэмэгдсэн. Тухайлбал, 2016 онд хоёр улс 10 жилийн хугацаатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Уг гэрээгээр 2019-2028 оны санхүүгийн жилд гадаад цэргийн санхүүжилтийн хөтөлбөрт 33 тэрбум ам.доллар, пуужингаас хамгаалах хөтөлбөрүүдэд 5 тэрбум ам.доллар олгохоор тохиролцсон байна.

ХУВИЙН КОМПАНИУДАД ҮЗҮҮЛЭХ ҮР ӨГӨӨЖ

Засгийн газрын шууд санхүүжилтээс гадна Израилийн ашиглаж буй цэргийн системийг нийлүүлэх, дэмжихэд олон хувийн компани оролцдог. Америкийн Найз нөхдийн үйлчилгээний хороо (AFSC) байгууллагын гаргасан мэдээллээр, Израилийн цэргийн ханган нийлүүлэлт болон батлан хамгаалах санхүүгийн холбогдолтой 57 компани байна.

Эдгээрт "RTX", "Boeing" зэрэг томоохон батлан хамгаалахын, "Palantir" зэрэг технологийн, мөн "Toyota", "General Motors" зэрэг автомашин үйлдвэрлэгчид болон "Amazon" гэх мэт цахим худалдааны компаниуд багтдаг.

"Palantir" компанийн Израилийн армитай байгуулсан гэрээнүүдийн нийт үнэ олон нийтэд тодорхойгүй байна. Гэхдээ тус компани АНУ-ын армитай хийсэн томоохон гэрээнүүдтэй. Тус компани 2025 онд АНУ-ын армитай 10 жилийн хугацаатай, 10 тэрбум ам.доллар хүртэлх гэрээ байгуулсан бол Батлан хамгаалах яамтай хамтран хэрэгжүүлдэг "Maven Smart System"-ийн гэрээний үнэ 1.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Мөн "Palantir" 2023 оны аравдугаар сарын 7-ноос хойш Израилийн Батлан хамгаалах яаманд хиймэл оюун ухаан болон мэдээлэл боловсруулах технологи нийлүүлж байна.

Тус компани эдгээр гэрээний үнийг болон технологио Израиль яг хэрхэн ашиглаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Үүнээс гадна "Palantir"-ийн хувьцааны үнэ 2023 оны аравдугаар сарын 6-нд 16.61 ам.доллар байсан бол өнгөрсөн сард 119.61 ам.доллар болж, 618 хувиар өсжээ. Гэхдээ хувьцааны хамгийн их өсөлт Дональд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн орсны дараа гарсан байна.

Браун их сургуулийн судалгаагаар Израилийн байлдааны нисэх хүчний ихэнх хэсгийг АНУ-д үйлдвэрлэсэн онгоцууд бүрдүүлдэг. Үүнд "Boeing"-ийн "F-15", мөн "Lockheed Martin"-ийн "F-16" болон "F-35" сөнөөгч онгоцууд багтана.

Израилийн ашигладаг "Apache" нисдэг тэргийг "Boeing", харин "Black Hawk" нисдэг тэргийг "Lockheed Martin" үйлдвэрлэдэг.

АНУ-ын Конгрессын тайланд дурдсанаар "Boeing" 2023-2025 онд 18.8 тэрбум ам.долларын "F-15" онгоц, мөн 2.4 тэрбум ам.долларын "KC-46A" шатахуун цэнэглэгч онгоц борлуулжээ. Үүний дараа 2025 оны арванхоёрдугаар сард "Boeing" дахин 8.6 тэрбум ам.долларын "F-15" онгоцны захиалга авсан байна.

Харин "Boeing"-ийн хувьцааны өсөлт харьцангуй бага байжээ. 2023 оны аравдугаар сарын 6-нд 187.38 ам.доллар байсан хувьцааны үнэ өнгөрсөн сард 219.42 ам.доллар болж, 17 хувиар өссөн байна. Гэхдээ компанийн батлан хамгаалахын бизнесээс илүүтэй иргэний нисэхийн салбар сүүлийн үед ихээхэн асуудал дагуулсан билээ.

"Lockheed Martin" мөн их хэмжээний зэвсэг нийлүүлсэн байна. Конгрессын тайланд дурдсанаар тус компани 3.4 тэрбум ам.долларын нисдэг тэрэг, 660 сая ам.долларын "Hellfire" пуужин борлуулжээ. Мөн 2023 оны долдугаар сард Израиль тус компаниас 3 тэрбум ам.долларын "F-35" онгоцны шинэ флот худалдан авсан байна.

"RTX" буюу өмнө нь "Raytheon" нэрээр ажиллаж байсан компани нь “Iron Dome” зэрэг пуужингаас хамгаалах системд ашигладаг пуужин болон эд анги үйлдвэрлэдэг. АНУ-ын Конгрессын мэдээллээр 2025 он хүртэл "RTX"-тэй холбоотой 102.5 сая ам.долларын борлуулалт бүртгэгджээ.

"RTX"-ийн хувьцааны үнэ 2023 оны аравдугаар сарын 6-нд 69.77 ам.доллар байсан бол өнгөрсөн сард 219.31 ам.доллар болж, 214.3 хувиар өссөн байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-11 103.168.34.153

Манай новарын гужаагийн хурлийз шарлийзууд ану н эся ны өмнө жагсана байгаа дайн санхүүжүүлэгч гол улс чинь ану юм байна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж