Засгийн газрыг танах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг танах хэрэгтэй гэв

Өнгөрөгч баасан гаригт Төрийн ордны Иргэний танхимд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд өөрийн боловсруулсан шинэ хуулийн төслийг танилцуулах уулзалт хийлээ. Уулзалт, ярилцлагын үеэр УИХ-аар удахгүй хэлэлцэгдэх УИХ-ын тухай болон УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалын зарим асуудлаар “Парламент  үнэнийг мэдэх эрхтэй” гэх сэдвээр асуудал хөндлөө.
Тэр өнөөдрийн нөхцөл байдалд Засгийн газар нь парламентаас хүчтэй болоод байгаа гээд дээрх хуулиудад шинэчлэл хийснээр үүнийг засах боломжтой гэлээ.
Парламент нь иргэд болон Засгийн газрын хооронд хариуцлагын гүүр байх учиртай боловч парламентын хяналтын үүрэг нь орхигдсоноор Засгийн газрыг иргэдээс халхлах хөшиг болж хувирчээ. Үүний улмаас иргэд засгийн газраас шаарддаг байсан олон зүйлийг парламентаас шаарддаг болсон. Тийм ч учраас тавьж буй шаардлага нь хэзээ ч биелдэггүй гэнэ. Ямар нэг асуудал болоход иргэд парламент руу асуудлыг оруулдаг. Гэхдээ энэ буруу зуршлыг бий болгосон буруутан нь парламент өөрөө аж.
Парламентаас Засгийн газрыг хянахад бэрхшээлтэй болсон бөгөөд харин ч Засгийн газар парламентыг хянагч болов.
Засгийн газрыг ийнхүү томсгоход хэд хэдэн зүйл нөлөөлжээ. Үүний нэгдүгээр шалтгаан бол улс төрийн том лидерүүд нь Засгийн газарт орсноор эсрэгээрээ парламент нь Засгийн газартаа хянагдахад хүрсэн аж. Хэрэв хууль тогтоогчид Засгийн газрыг шалгаад эхэлбэл сайдууд нэгдсэн бодлого, намын дотоод хариуцлага гэх зүйлээр тэднийг сүрдүүлэн шахаж, хяналтаас хөндийрүүлж орхино.
Монголд нүүрлээд байгаа баялгийн хараалыг эрсдэл багатай давахад засаглалын эрүүл, сайн байдал болсон ардчиллын чанар нэн чухал гэнэ. Хэрэв ардчилалд үнэхээр анхаарлаа хандуулж байгаа бол ардчиллыг хариуцлагажуулдаг хяналтын тогтолцоогоо анхаарах хэрэгтэй. Сайн засаглалын хамгийн чухал шаардлагууд болох, хариуцлагатай, ил тод, оролцоотой байдал парламентын хяналттай салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, парламентаар дамжуулан гүйцэтгэх эрх мэдлийг "эрүүлээр" хянах нь сайн засаглалыг тогтоох гол арга зам гэж тодорхойлов.
Пост коммунист улсууд уламжлалаараа нийгмийг засгийн газраас ангид бус гэж үздэг учраас засаглалын байгууллагууд нь хүчтэй, нөлөөтэй байдаг. Нөгөөтэйгүүр пост коммунист улсуудын хувьд ардчилал тогтсоны дараа парламент нь Засгийн газраа хянах асуудал чухал байгаагүй, харин хууль тогтоох, ардчиллыг хөгжүүлэх, хуучин социалист уламжлалаас салах чиглэлд засгийн газар ч тэр, парламент ч тэр их ажилтай байсан. Тодруулбал, шинэ ардчилал, шинэ парламентууд өөрсдийгөө зохион байгуулах, сонгосон тогтолцоогоо бий болгож, бүрдүүлэх нь нэн чухал байсан. Нөгөө талаас олон намын тогтолцоон дахь шийдвэр гаргалт, улс төрийн шинэ дүрмүүдэд суралцаж, өөр хоорондоо тохиролцох ч бас их чухал байсан. Мэдээж тогтолцоог бүрдүүлснээр хөгжилд хүрнэ. Гэхдээ тогтолцоо өөрөө зорилго болоод дуусчихаж болохгүй, тэр ажиллаж байх ёстой. Харамсалтай нь тогтолцоогоо бүрдүүлчихээд ажиллуулахаа мартчихдаг явдал шинэ ардчилал бүхий орнуудад түгээмэл бөгөөд, тэдгээр улс орнуудад ардчилал нэн хурдацтайгаар гажуудаж эхэлсэн аж. Энэ гажуудлаас гарахын тулд улс орнууд сүүлийн үед парламентын хяналтыг анхаарч, авч үзэх болжээ.
Нөгөөтэйгүүр Засгийн газрын олон чиглэл ил тод биш, мэдээлэлгүй байгаа нь шинээр ардчилалд шилжин орж буй улс орнуудад хариуцлагыг үгүй хийж байна гэж бас дүгнэх боллоо. Парламентын хяналт нь дэлхий нийтийн хувьд "парламентын уналт"-ын тухай ярих болсон XIX зууны сүүл үеэс эхэлнэ. Парламент бодлого тодорхойлох хэлэлцүүлгийн цөм байхаа болиод, бодлогын хэлэлцүүлгүүд сонгогддоггүй, хянагддаггүй гүйцэтгэх эрх мэдэл рүү шилжсэн тэр үеэс судлаачдын дунд парламентын хяналт гэдэг зүйл чухалчлан яригдах болов.
Монголын хувьд мөн л тогтолцоогоо бүрдүүлчихээд ажиллуулахаа мартчихсан бөгөөд дээрх “парламентын уналт” хэмээх өвчин тусаад байгаа гэнэ.
Жараад оноос эхлэлтэйгээр Засгийн газар хянагддаггүй, сонгогддоггүй атлаа бодлогыг тодорхойлдог болчихжээ. Мөн энэ нь бодлогууд хэтэрхий цогц болсон бөгөөд ийм цогц мэдлэгийг тодорхойлохдоо Засгийн газар парламентаас хамаагүй том бүтэцтэй, хүний нөөц, мөнгөтэй болчихсон байв.
УИХ-аас нээлттэй сонсгол зарлахад хөдөөнөөс гэрчээр дуудагдан ирсэн нэгэн өвгөн буцах зардалгүй хэмээн зогсож байсан. Харин буруутгагдан дуудагдсан Засаг дарга нь төсвийн мөнгөөр зардал хийгээд ирж очиж байв. УИХ-д тухайн гэрчид зарцуулах мөнгө төсөвлөгдөөгүй байснаас тэр.  
Засгийн газрын нөлөөллийн мөн нэг илрэл нь саяхан УИХ-аар Төмөр замын талаарх төрөөс баримтлах бодлогыг батлахад Засгийн газраас хууль тогтоогчдод гарын бэлэг өгснөөс харж болох юм.  Хэрэв бусад оронд ингэсэн бол лобби хийж, авлига өгсөн хэмээн хэрэг үүсгэх боломжтой аж. Засгийн газар парламент хоёрыг ийнхүү ялгаж салгах нь цаанаа дээрх “өвчнөөс” сэргийлэх зорилготой бөгөөд энэ учир шалтгааны улмаас ч бусад оронд Засгийн газар парламент хоёр нь нэг байшинд байдаггүй.
Засгийн газар нь УИХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй бөгөөд үүнд нь хууль тогтоогчид хяналт тавих зохицуулалт байдаг. Гэтэл хууль тогтоогчдын дээрх хяналтаа өнгөрсөн хугацаанд үнэхээр хангалтгүй хийсэн байна. Ийнхүү дүгнэх болсон учир нь хуулийн хэрэгжилтийг шалгах зорилготой нийт байгуулагдсан Ажлын хэсгийн тавин хувь нь ажлаа огт хийгээгүй. Хийсэн гэх Ажлын хэсгийнхний 40 хувь нь шийдвэр гаргасан ч үүнийхээ хэрэгжилтийн талаар хяналт тавиагүй.  Ажлын хэсэг байгуулсан шалтгааны 90 хувь нь улс төрийн нөхцлөөс бий болжээ.
Германд хууль тогтоох байгууллагынх нь дэргэд судалгааны том төв ажиллаж байдаг. Ингэснээр Статистикийн газраас өгсөн мэдээллийн үнэн зөвийг шалгах боломжтой байдаг. Харин Монголд Статистикийн газар нь Засгийн газрын захиалгат ажлыг хийж байгаа бөгөөд гаргаж өгсөн мэдээллийнх нь баталгааг шалгах боломжгүй байдаг байна.
Өнөөдрийн хувьд хүчтэй байнгын хороодоор дамжуулж парламентын бие даасан байдлыг хангах нь улс орнуудын парламентын шинэчлэлийн гол зорилго болжээ. УИХ-ын хяналт үр ашиггүй, практикт бие даасан байдал байхгүй, тусгайлсан техник дэд бүтэц, ажлын алба бэхжээгүй, санхүү, боловсон хүчний чадавх бүрдээгүй, дээр нь парламентын гишүүний эрх зүйн байдал тодорхой бус байгаагаас УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг санаачлан гаргахад нь хүрсэн бөгөөд ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон байна. Уулзалтын төгсгөлд Х. Тэмүүжин гишүүн “Парламент Засгийн газрыг хяналтдаа авахын тулд парламентыг томсгох шаардлагагүй. Харин үүний оронд Засгийн газрын бүтцийг танах хэрэгтэй гэв. Учир нь парламентын засаглал бүхий бусад орнуудад Засгийн газрын яамдын тоогоор парламентын байнгын хороод ажиллаж, хаяналтаа хэрэгжүүлдэг аж. Харин парламент нь долоон байнгын хороотой хэрнээ Засгийн газар нь 13 яамтай. 

Б.МАНДАХ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж