
-Танай гэр бүлийн хүн Л.Байгальмаа яагаад давж заалдах шатны шүүхээс татгалзсан юм бол оо. Учир битүүлэг санагдах юм?
-Харин саяхан Гадаад харилцааны яамны консулын газарт манай хүнийг шүүхэд давж заалдахгүй гэсэн албан бичиг ирсэн юм байна лээ. Уг нь шүүх хурлын үеэр Бээжин дахь Монголын Элчин сайдын яамнаас өмгөөлөлөөр хангасан юм л даа.
-Орчуулагчаар хангадаггүй юм уу?
-Үгүй гэсэн. Өвөрмонгол орчуулагчтай шүүх хуралд оролцсон юм билээ. Саяхан долдугаар сарын сүүлээр би бага охиноо дагуулаад Бээжинд очиж эхнэртэйгээ уулзаад ирсэн. Эхнэр маань ярихдаа “Хэлний бэрхшээлээс болоод ойлголцохгүй байсан. Орчуулга хийсэн Өвөрмонгол эмэгтэй маш түргэн ярьдаг. Миний ярихыг ч бараг хагас хугас ойлгосон юм шиг байгаа юм. Би бүх насаараа хоригдох ял авсан хүн давж заалдах шатны шүүхээс татгалзана гэж юу байхав дээ. Аль болох шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлэхийг бодно шүү дээ” гэж хэлэх юм билээ. Би бас Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Х.Ганхуягтай уулзаж асуусан. “Танай хүн өөрийн хүсэлтээр татгалзсан гэсэн ” гэж байна лээ.
-Нэгэнт ийм шийдвэр гарсан бол цуцлах арга байхгүй гэнэ үү?
-Мэдэхгүй. Одоо энэ талаар тухайн улсын хуулийг сайн мэддэг хүнээс асууж тодруулах санаа байна. Хэрэв давж заалдахгүй гэсэн шийдвэрийг цуцлахгүй бол Хятадын шоронд бүх насаараа хоригдох нь байна шүү дээ.
-Хоёр улсын ялтан солилцооны гэрээний дагуу БНХАУ-д цааз болон олон жилийн хорих ял эдлэж буй монголчууддаа нутагт нь авчрах тухай асуудлыг ярих юм гэсэн?
-Ялтан солилцооны гэрээг Монгол Улс БНХАУ-тай амжилттай хийсэн юм билээ. Гэрээнд зааснаар хөнгөн ял эдлэж буй, эмэгтэйчүүд, хүүхдийг солилцох юм шиг байна лээ. Харин олон жилийн хорих ялтай хүмүүжигч нарын асуудлыг тусгайлан хэлэлцэх юм гэсэн.
-Та саяхан Л.Байгалмаатай уулзаад ирсэн гэсэн. Биеийн байдал ямар байна вэ?
-“Beijing Female prison” гэх Бээжин дахь эмэгтэйчүүдийн шоронд хоригдсоноос нь хойш хоёр удаа уулзалтаар очсон. Өмнө нь олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар уулзаж байсан. Сая явахдаа бид хашаа байшин газраа худалдаж байгаад очиж уулзлаа. Өөрөө хэлэхдээ “Биеийн байдал гайгүй. Надад санаа битгий зовоорой. Наашаа нэг их олон ирэх гээд хэрэггүй шүү. Хүүхдүүдээ хичээл номыг нь сайн хийлгээрэй” гэж байна лээ. Анх уулзснаас хойш нэлээд их турсан харагдсан. Аргагүй биз дээ. Шоронд байгаа хүн ямар сайн байх билээ. “Хурдан нутгынхаа шоронд очих юмсан” гэж хэлсэн. Сэтгэл санаагаар их унасан харагдана лээ.
-Хүүхдүүд тань одоо хаана байгаа вэ?
-Ах нь Төв аймагт ажил хийж байгаа. Хоёр хүүхэд ах дүүгийнд л түр амьдарч байгаа даа.
-Л.Байгальмаагийн төрсөн дүү хар тамхины хэрэгт холбогдлоо гэх мэдээлэл сонсогдсон. Энэ үнэн үү?
-Амьдрал хэцүү, ядуу айл өрхийн хүмүүсийг ангуучилж мөнгө амлаж, хуурч хар тамхи зөөвөрлүүлж олон хүнийг хохироосон бүлэг этгээдүүдийг хууль цагдаагийнхан саатуулж шалгаж эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ тэд манай улсын хуулиар 10-15 жилийн хорих ял авна. Тэр Л.Гантуул, Л.Гандаваа, Ё.Оюунчимэг нар удаа дараа хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт шалгуулж байгаа. Саяхан хэрэг нь прокурорт шилжсэн гэсэн. Олон хүнийг гэр бүл, үр хүүхдээс салгаж амьдын хагацалд унагасан гэмт этгээдүүдийг шүүх удахгүй гэм бурууг нь тогтоох биз.
-Танай эхнэрээс өөр тэдэнд хууртаж хохирогч болсон хүмүүс бий юу?
-Манай эхнэр өнгөрөгч зургадугаар сарын 28-ны өдөр СА 972 нислэгээр Бэээжинд очихдоо хар тамхи зөөвөрлөж, хятадын цагдаагийнханд баригдсан. Харин тэд манай хүнийг явуулахаас тав хоногийн өмнө мөн л Дархан-Уул аймгийн харьяат 33 настай Н гэгч эмэгтэйд хар тамхи зөөвөрлүүлж Флиппин улс руу явуулсан гэсэн. Тэр эмэгтэй нь наймдугаар сар хүртэл сураггүй байсан чинь саяхан сураг нь гарсан гэсэн. Тэгсэн мөн л тус улсын шорон хоригдож байгаа юм билээ. Тэгэхээр дээрх этгээдүүд бусдыг ашиглан хар тамхи зөөвөрлүүлж өөрсдөө зохион байгуулах ажлыг хийж байсан юм шиг байгаа юм. Тэдний золиосонд хэчнээн хүн хохирсон бол доо гэж бодохоор хэцүү санагдах юм даа.
Н.Түвшин