Орчин үеийн амаржих газартай болно

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Орчин үеийн амаржих газартай болно

Сүүлийн жилүүдэд төрөлт ихссэнээс амаржих газрууд ачааллаа дийлэхээ болиод байгаа. 4 дүгээр амаржих газрыг барих талаар яригдаж байгаа ч тодорхой ажил болоогүй байна. Парламентийн ордон барьснаас амаржих газар барих хэрэгтэй гэсэн уур амьсгал нийгэмд түгээд байсан. Өнөөдөр төрсөн эхийг маргааш нь гаргах, ор олдохгүйгээс коридорт хэвтүүлэх, олон нярай зэрэг төрж байгаагаас эмнэлгийн ажилчид ачааллаа дийлэхээ байх нь хэвийн үзэгдэл болсон. Нярайн халдвар гарч эмнэлэг түр хугацаагаар хаалгаа барихдаа тулсан явдал ч гарсан. Эдгээр асуудлуудыг бага ч атугай шийдвэрлэх чухал санамж бичигт саяхан гарын үсэг зурлаа.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, “Бороо гоулд” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ж.Казакофф нар 1 дүгээр амаржих газрын өргөтгөлийн барилгын санамж бичигт гарын үсэг зурлаа. 150 ортой орчин үеийн амаржих газрыг “Бороо гоулд” ХХК 10  тэрбум төгрөгөөр санхүүжүүлж ашиглалтад өгөх юм.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэлсэн үгэндээ “Монголд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Бороо гоулд” ХХК Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө 10 тэрбум төгрөгөөр иж бүрэн тоног төхөөрөмтэй амаржих газар барьж өгөх гэж байгаа нь манай эрүүл мэндийн салбарт төдийгүй  Улаанбаатарчуудын хувьд том үйл явдал болж байна. Санамж бичигт гарын үсэг зурснаар нэг тэрбум төгрөгийг шууд шилжүүлэх юм” хэмээн онцоллоо.
10 сарын нэгэн гэхэд Хотын захиргаа газрыг нь чөлөөлж өгнө гэдгийг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа хэллээ. “Бороо гоулд” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ж.Казакофф “Сентерра гоулд” болон “Бороо гоулд” бол Монголын тэргүүлэх чиглэлийн уул уурхайн компаниуд. Төрөх эмнэлгийн асуудал нэлээдгүй яригдсан. Иймэрхүү үр өгөөжтэй төсөлд оролцохдоо бид таатай байна. Уул уурхайн тэргүүлэх компанийн байр сууриа цаашид хадгалах хүсэлтэй байна” хэмээн хэлсэн юм.
Иж бүрэн тоноглолтой, орчин үеийн шийдэл бүхий шинэ амаржих газрын суурь одоогоор Нэгдүгээр төрөхийн арын хэсэгт байрлаж байна. 1954 онд ашиглалтад орсон, одоо ашиглаж болохгүй гэсэн дүгнэлтийг УМХЕГ-аас аль хэдийнэ гаргажээ. Хөрөнгө мөнгөний хувьд шийдэгдэхгүй байсаар удсан бололтой юм. Нийслэлийн удирдлагууд “Бороо гоулд” ХХК-ийн удирдлагуудад хандсанаар санхүүжүүлтийн асуудал ийн шийдэгджээ. “Бороо гоулд” ХХК-ийн хувьд энэ зун Зүүнхараагийн чиглэлийн 45 км сайжруулсан шороон замын санхүүжилт болох 9 тэрбум төгрөгийг шийдсэнээр Мандал сумаас шилжиж ирэх иргэдийн тоо зогссон гэж хэлж болно.

Уул уурхайн компаниудын ажлын үзүүлэлтийг нөхөн сэргээлт, ард түмэнд хэр өгөөжөө өгч байна вэ гэдгээр нь хэмжих хандлага сүүлийн үед ажиглагдаж байгаа. “Бороо гоулд” ХХК-ийн хувьд олборлолтонд өртсөн 600 орчим га газрынхаа 50 орчим хувийг нөхөн сэргээгээд байгаа бөгөөд  2017 он хүртэл нөхөн сэргээхэд 17.5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Саяхан БНСУ-ын Засгийн газраас томилогдсон эрдэмтэд ирж тэдний хийсэн нөхөн сэргээлтийг сайн гэж батлаад буцсан байгаа.
Өнгөрсөн жил Манлай татвар төлөгч болж бусдыгаа манлайлсныг олон хүн санаж байгаа байх. Зөвхөн хөдөө орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулаад зогсохгүй, 1 сая хүн амтай нийслэлийн хүн амын эрүүл мэндэд өөрсдийн боломжоор дэмжлэг үзүүлэхээ санамж бичигт гарын үсэг зурснаар ийнхүү баталлаа. Нийслэлийн иргэд энэ мэдээг нэн талархалтай хүлээн авсан бөгөөд “Бороо гоулд” ХХК алтыг нь аваад авдрыг нь хаясангүйгээ ийн харууллаа хэмээн ярьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж