Төмөр замыг хоёр жилд барина

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Төмөр замыг хоёр жилд барина

Шинэ төмөр замын суурь бүтэц барих уралдаант шалгаруулалтын өмнөх зөвлөлдөх уулзалтыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас “Чингис” зочид буудалд зохион байгууллаа. Бямба гаригт болсон уг уулзалт дээр төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого болон Концессийн хууль, шинээр баригдах төмөр замын гүйцэтгэгчийг хэрхэн сонгон шалгаруулах талаарх танилцуулгыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, дипломат төлөөлөгч, ЭСЯ, олон улсын байгууллагын ажилтнуудад танилцуулсан юм.   Зөвлөлдөх уулзалтын үеэр ЗТБХБ-ын дэд сайд Л.Гансүхийн танилцуулснаар Монгол Улсын ирээдүйн  хөгжлийн үе шатыг 2007-2015 он, 2016-2020 он гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваан үзжээ. Энэ хугацаанд манай улсын эдийн засаг 14-15 хувиар өсч, ДНБ-ий хэмжээ Малайз, Индонез, Тайванийн төвшинд очих боломжтой гэсэн таамгийг мэргэжлийн байгууллагууд дэвшүүлсэн байна. 2015 он гэхэд ДНБ-ын нэг хүнд ногдох хэмжээ 5000 ам.доллар байх бол 2020 онд 12 мянган ам.доллар болох тооцоо бас байна. Түүнчлэн 2021 он гэхэд улсын ДНБ-ий хэмжээ 41 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг төсөөллийг гаргаад байгаа юм. Ийн үсрэнгүй хөгжилд хүрэхэд төмөр зам тун чухал ач холбогдолтой нь ойлгомжтой. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын эхний үе шат болох 1100 км орчим урттай хүнд даацын аж үйлдвэрийн зориулалттай төмөр замын суурь бүтцийг хэнээр, ямар нөхцөлөөр  бариулах нь зөвхөн Монгол Улсын асуудал мэт харагдавч цаад утгаараа бүс нутгийн хөгжилд хамаатай гэдгийг дэд сайд өгүүлж байсан юм. Шинээр барих төмөр зам нь манай улсын хувьд далайд гарах гүүр байхын дээр нэг зах зээлийн хамаарлаас ангижрах, эрдэс баялгийг ашигтай зах зээлд хүргэх ажээ.  

Эхний удаа тавих 1100 км төмөр зам нь Тавантолгой, Цагаан суварга, Зүүнбаянгийн чиглэлд 400 км,Сайншандаас Баруун-Урт 350 км, Баруун-Уртаас Хөөт 140 км, Хөөтөөс Чойбалсангийн  чиглэлд 150 км-т тавигдах юм. Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг 2,5 жилд багтаан гүйцэтгэхийг санал болгож байгаа бөгөөд цаад талын хугацааг дөрвөн жилээс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөж. Шинээр тавих төмөр замын цариг нь 1520 мм буюу өргөн цариг байх юм. Эхний ээлжийн 1100 км төмөр зам тавьснаар  Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суваргын зэсийн орд, Адуунчулуут, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг нүүрс болон зэс, вольфрам, цайр, жонш зэрэг ашигт малтмалын томоохон ордуудыг бүрэн  ашиглалтад оруулах боломж бүрдэх ажээ. Эдгээр ордоос  экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тоннд хүрэхээр тооцоолжээ. Ингэснээр  төмөр замаар тээвэрлэх ачаа одоогийн нийт ачаа эргэлтээс 3.5 дахин нэмэгдэж 15 сая тоннд хүрэх ажээ. Зөвхөн нүүрсийг л гэхэд ОХУ, Европын холбоо, Хятад болоод Япон, Солонгост хүргэхэд эхний ээлжийн төмөр зам байхад л хангалттай юм байна. Шинээр барих төмөр замын Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-г боловсруулах, зам барих нөхцөлийг судлах ажил хэдийнэ эхэлжээ. Голчлон говийн нутгаар тавих шинэ төмөр замын хувьд өртөг зардал өндөр байх магадлалтайг ч салбарын яамныхан нуугаагүй юм. Одоогийн байдлаар хоёр хөршөөс гадна Япон, Солонгос гэхчилэн гуравдагч орнууд ч шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцох хүсэлтээ илэрхийлжээ.

Энэ талаар ЗТБХБ-ын  дэд сайд Л.Гансүх хэлэхдээ:

-Өнөөдрийн байдлаар зөвхөн танилцуулга хийж байна. Энэ бол эцсийн шийд биш юм. Төмөр зам тавих нөхцөл нь ВОТ буюу төмөр замыг өөрийн хөрөнгөөр тавиад тодорхой хугацаанд ашигласны дараа Засгийн газарт хүлээлгэн өгөх байх уу, ВТ буюу өөрийн хөрөнгөөр зам тавьсных нь дараа өртөг зардлыг нь буцаан олгох хэлбэр байх уу, улс орнууд алийг нь илүү сонирхож байна гэхчилэн хөрөнгө оруулагчдын санал бодлыг сонсохын тулд энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Олон улсын сонгон шалгаруулалтаа нэг үе шаттай зохион байгуулах уу, хоёр үе шаттай зохиох уу гэдгийг ч одоогоор эцэслэн шийдэггүй байгаа юм гэв. Тэрээр дараах асуултуудад ийн хариулж байна. 

-Сонгон шалгаруулалтын гол шалгуур нь юу байх вэ?

-Урьдчилсан байдлаар бид техникийн шалгууруудыг голлон анхаарахаар тохиролцоод байна. Шинэ төмөр замын цариг нь 1520 мм байна. Нэг гол дээр дарах даралт нь 30 тн-оос дээш хүнд даацын зам байна гэхчилэн техникийн шаардлагыг эхний ээлжнд тавих юм.

-Зам тавих нөхцөлийн хувьд ВОТ, ВТ хоёрын аль нь манайд ашигтай вэ?

-ВОТ нь илүү ашигтай. ВТ буюу өөрийн хөрөнгөөр зам тавьсных нь дараа өртөг зардлыг нь буцаан олгох хэлбэр нь манайд хүндрэлтэй байх магадлалтай. Гэвч энэ хоёр хэлбэрийн алийг сонгох вэ гэдгийг Засгийн газар шийднэ.

-Тендэрийг хэзээ зарлах вэ?

-Мөн л Засгийн газрын шийдэх асуудал л даа. Сонирхсон хөрөнгө оруулагчид тодорхой болж байж дараагийн шийдвэрүүд гарна.

-Зөвлөлдөх уулзалтад хичнээн орноос төлөөлөгч оролцож байна вэ. Төмөр замын гүйцэтгэгчээр ажиллах сонирхол аль орноос илүүтэй ирж байгаа бол?

-ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ  болон Дэлхийн банк, Олон улсын валютын сан гэхчилэн олон байгууллагын төлөөлөл оролцож байна. Одоогийн байдлаар шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг БНСУ, ОХУ маш их сонирхож байна.

-Сонирхогч улс орнууд манайхаас юу хүсч байгаа бол?

-Уул уурхайн бүтээгдэхүүн. БНСУ гэхэд дэлхийд 11 дүгээрт ордог том эдийн засагтай, аж үйлдвэржсэн орон шүү дээ.  Тиймээс тус улсад нүүрсний хэрэгцээ их бий. 2015 он гэхэд тус улсын нүүрсний хэрэглээ 23 сая тоннд хүрнэ гэж тооцоолсон байсан.

-Сайншанд дахь аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт шинэ төмөр замтай яаж уялдах вэ?

-Шууд уялдаатай. Манай улс түүхий эдээ түүхийгээр нь гаргаад байх уу, боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох уу гэдэг асуудлыг шийдэхэд  Сайншандын  аж үйлдвэрийн цогцолбор онцгой нөлөөтэй.

-Төмөр зам барихад хэдий хэрийн хөрөнгө шаардлагатай вэ. Барьж дуусгахад хэдий хэрийн  хугацаа шаардлагатай бол?

-Эхний ээлжийн 1100 км төмөр замын км тутмыг нь 2,5 сая ам.доллараар барихаар тооцоолж байгаа.  Бид бол хоёр жилд багтаагаад барьчих сонирхолтой байгаа. Зарим хөрөнгө оруулагчдын хувьд 2,5 жилд багтаан барих санал ирүүлж байгаа. ТЭЗҮ-г боловсруулсны дараа бүх зүйл тодорхой болно гэлээ.

Говийн бүс нутаг дахь байгалийн баялгийг дэлхийн зах зээлд гаргах, улс орныхоо эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд шинээр барих төмөр зам ихээхэн чухал үүрэгтэй гэдгийг зөвлөлдөх уулзалтаар танилцууллаа. Шинэ бүтээн байгуулалтын эхлэл нь шинээр тавих 1100 км төмөр зам байх ажээ.  Харин дараагийн 900 км төмөр замыг 2012 оноос тавьж эхлэхээр төлөвлөсөн байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаас дараах асуултад хариулт авлаа.


-Шинэ төмөр замын оператор компанийн тухайд заавал Улаанбаатар төмөр замыг сонгох албагүй гэсэн байр суурьтай хүмүүс бас байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Оператор компанийн хувьд Улаанбаатар төмөр зам л байх ёстой  гэж бид зүтгэхгүй. Ер нь бол цаашдаа манай Улаанбаатар төмөр замын хувьд ч суурь бүтцийг эзэмшигч, тээвэрлэгч гэж хуваагдах ёстой юм.  Гэхдээ манайхыг төмөр замын ууган байгууллага гэдэг утгаар нь сонгох аваас бид хийж л таарна.

-Хөрш хоёр орон болоод бусад улс орноос алинаар нь төмөр замаа бариулбал бидэнд ашигтай вэ?

-Миний хувьд олон улсын консорциумыг сонгох нь зүйтэй гэж боддог. Ингэвээс аль нэг талыг барихгүйн  дээр  улс улсын давуу талыг нийлүүлэн чанар сайтай төмөр зам барих магадлалтай.

-Тантай уулзсан боломжийг ашиглаад асуухгүй өнгөрч боломгүй нэг асуулт байна. Улаанбаатар төмөр замын Ерөнхий хороо хэзээ хуралдах вэ. Та хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Даргын асуудлыг хэзээ шийдэх бол?

-Дүрэм ёсоор бол Улаанбаатар төмөр замын Ерөнхий хороо улирал тутамд нэгээс доошгүй хуралдах ёстой. Ерөнхий хорооны сүүлийн  хурал долдугаар сарын 20-ны өдөр болсон. Тэгэхээр дараагийн хурал есдүгээр сарын сүүлээр болох товтой. Гэвч аравдугаар сарын эхэн хүртэл хуралдахгүй байх төлөвтэй байна. Уг хурлаар Улаанбаатар төмөр замын 2011 оны төлөвлөгөө, урт богино хугацааны хөгжлийн программыг хэлэлцэнэ. Түүнчлэн энэ оны ажил маань оны эхэнд төлөвлөж байснаас ихээхэн өөрчлөгдөх магадлалтай байгаа. Манай байгууллага алдагдалгүй ажиллах бүрэн боломжтой болоод байгаа. Улаанбаатар төмөр замын даргын тухайд бол гурван жил тутамд орос монгол хүмүүс солигдож байх учиртай. Ерөнхий хорооны даргын хувьд үүний эсрэгээр сонгогддогийг манайхан сайн мэднэ. Саяхан В.Отгондэмбэрэл  даргын гурван жилийн хугацаа дууссан. Гэхдээ Монголын  төмөр замыг монгол хүн удирдах ёстой гэсэн байр суурийг Засгийн газар баримталж байгаа. Тиймээс Ерөнхий хорооны хуралдаанаас монгол хүнийг сонгохоор шийдсэн.  Харин намайг үргэлжлүүлж ажиллуулах эсэхийг ирэх сард болох Ерөнхий хорооны хурлаар шийдэх юм.

-Орос Монгол хоёр улсын байгуулсан 1949 оны төмөр замын гэрээг шинэчлэх гэнэ гэсэн яриа байгаа.  Оросууд төмөр замын талаар харьцангуй уян хатан бодлого барьж байна гэж ойлгоэ болох уу?

-Тэр талаар би хэлэх боломжгүй.  Төмөр замын талаар баримтлах 1949 оны гэрээг бол хоёр улсын Засгийн газар хооронд л шийдэх асуудал юм.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж