“Stand By”-ын дараа даацтай бодлого явуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

“Stand By”-ын дараа даацтай бодлого явуулна

Сангийн сайд С.Баярцогттой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

Засгийн газраас Тавантолгой ордод олборлолт эхлэхийн тулд энэ онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
Хамгийн түрүүнд “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани байгуулагдаж, Тавантолгойн төрийн мэдлийн талбайг эзэмших болно. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой” компани талбай дээрээ операторууд хөлсөлж, үйл ажиллагаагаа явуулна. Тодорхой хэмжээний талбайд гадны операторуудын  дунд тендер зарлаад оруулж ирэх ёстой. Шалгарсан компани оролцооны урьдчилгаа төлбөр, татварын урьдчилгаа төлбөр, бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр төлнө. Урьдчилгаа төлбөр авч байж нийгэм, эдийн засгийн хувьд зайлшгүй хийх ёстой олон бүтээн байгуулалтын ажлаа санхүүжүүлэх ёстой. Энэ урьдчилгаа төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн баталгаагаар аваад, улсын төсөвт бүртгэж, тодорхой хэсгийг Хүний хөгжил санд оруулна. Үлдсэн хэсгийг нь шинээр байгуулагдсан Хөгжлийн банкинд байршуулж, төслүүдийг шууд санхүүжүүлээд эхэлнэ. Ямар төслүүд гэхээр төмөр зам, Оюутолгой, Тавантолгой гээд эдийн засгийн эргэлтэд орох том уурхайн дэд бүтэц, авто зам, төмөр зам, эрчим хүчний шугам, дулааны цахилгаан станц бий. Дээр нь Сайншандын парк гэсэн Оюутолгой, Тавантолгойгоос гарч байгаа түүхий эдийг дахин боловсруулж, нэмүү өртөг шингээж, ажлын байруудыг бий болгох төслийг санхүүжүүлнэ. Бас “Утаагүй Улаанбаатар” буюу одоо “Шинэ бүтээн байгуулалт” гэсэн нэртэй болсон ажил руу хөрөнгө татаж оруулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ёстой. Эдгээр цогц асуудалд бид түлхүү анхаарч ажиллаж байна. Тэр ч утгаараа  наймдугаар сарын 19-ний  Засгийн газрын хуралдаанаар  Тавантолгойн орд газрыг ашиглах УИХ-ын тогтоолын дагуу үйл ажиллагааг нь эрчимжүүлэх тогтоол гаргаж чиглэл өгсөн. Энэ хооронд төмөр зам гээд шинэ бүтээн байгуулалтын ажлууд дээр гадны компаниудын зүгээс өгч байгаа санал, бидний өөрсдийн хийж бүтээхийг зорьж байгаа том том төслүүдийн Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг бэлэн болгож, хэзээ эхэлж, ямар үе шаттайгаар санхүүжүүлэх вэ зэрэг асуудлыг хөндөж ярина. Нэг талаасаа баялгийг бий болгох, нөгөө талаасаа тэрнээс гарсан санхүүгийн эх үүсвэрээр санхүүжүүлж хэрэгжүүлэх том төслүүдийн үйл ажиллагааг уялдуулсан энэ ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт Засгийн газраас өгсөн.
Өнгөрсөн хаврын чуулганаар үзэл баримтлалын хувьд маш том том асуудлыг шийдлээ. Төмөр замын бодлогоо гаргалаа, Концессын хуулиа батлаад, Засгийн газраас Концессын гэрээгээр хийх 90 гаруй төслийн жагсаалтыг баталсан. Дээр нь шинэ бүтээн байгуулалт буюу Улаанбаатарыг тойрсон бүтээн байгуулалтын том том төслүүдийг нэгтгэж, уул уурхайн бүтээгдэхүүнийг барьцаалах замаар санхүүжилтийг нь хийж хэрэгжүүлнэ. Дан төсвийн хөрөнгөөр санхүүжилт хийх юм бол олон жилийн хугацаа шаардаж, мөн бидний барьж байгаа хөгжлийн бодлоготой нийцэхгүй байгаа учир бүх ажлаа уялдуулж зохион байгуулах талаар сайн ярилаа. Нийгэмд ч бас хүлээлт бий болчихсон. Улс төрийн хувьд ч, төрийн бодлогын хувьд ч гарах ёстой шийдвэрүүд нь бүгд гарчихлаа. Одоо хэрэгжүүлэх, ажил болгох л үлдээд байна. Үйл ажиллагааны хувьд цоо шинэ зүйл юу вэ гэхээр санхүүгийн механизм. Хууль эрх зүйн орчны хувьд зайлшгүй шинэчлэх шаардлагатай зүйл их байна. Зээл тусламжийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байгаа. Дээр нь Засгийн газар тодорхой дэд бүтцийн төслүүд дээр баталгаа гаргадаг эрхийг нь нээж өгөх ёстой. Үүнээс гадна Засгийн газраас  саяхан байгуулсан Монгол улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажиллах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй байна. Өмнө нь манай улсын эдийн засагт хэрэглэдэггүй байсан санхүүгийн механизмуудыг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Энд бас нэг зүйлийг хэлэхэд ОУВС-тай хамтарч баталсан Stand by хөтөлбөр аравдугаар сарын 1-ээр дуусгавар болж байгаа. Үүний дараа бид эдийн засгийн хувьд  өргөн цар хүрээтэй бодлого явуулна. Ямар нэг хориг саадгүй болж байгаа болохоор олон улсын хэмжээнд Засгийн газрын бонд гаргах асуудал яригдана. Ингэснээр тодорхой төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэртэй болно. Мэдээж хэрэг дэлхийн санхүүгийн байдлаас болоод бонд маань үнэтэй, хямд гарч болно. Бид бодитой хугацааг тооцох ёстой. Аль болох хямд эх үүсвэрээр бий болгох боломжуудыг судлах хэрэгтэй. Ер нь дэлхийн нэр хүндтэй маш олон Хөрөнгө оруулалтын банк манай бонд гаргах үйл ажиллагаанд оролцох саналаа өгчихсөн байгаа. Монгол улс өөрөө дэлхий нийтийн анхаарлыг татсан байгаа болохоор Засгийн газрын бондыг олон улсын зах зээл дээр гаргах бэлтгэл нэлээд сайн хангагдчихсан байгаа болов уу гэж бодож байгаа. Ийм ажлуудыг ойрын саруудад бид хийж гүйцэтгэнэ.

Сүүлийн үед бондын зах зээл тогтворгүй, улс орнуудын гаргасан бонд сайн борлогдохгүй байна гэсэн мэдээлэл цацагдаж байна. Манай улс бонд гаргалаа гэхэд ашигтай байж чадах уу?

Бид бонд гаргахдаа тодорхой туршлагууд дээр ярих ёстой. Манайд олон улсад бонд гаргаж байсан туршлага байхгүй. 76 сая ам.долларын бондыг алтны санхүүжилтийг хийх зорилгоор хаалттай хэлбэрээр ашиглаж үзсэн. Цаг хугацаанд нь амжилттай төлсөн. Тэгэхээр хоёр зүйл ойлгомжтой байх ёстой. Нэгдүгээрт зах зээлээ судлаад бэлтгэлээ сайн хангасан байх шаардлагатай. Бидний хэлдгээр цонх гарна гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл бонд гаргахад тааламжтай цаг үе, 14 хоногийн хугацаатай ч юм уу гарч ирдэг. Тэр үед нь бондоо гаргаж хямд зарах ёстой. Хямралын үед бондын зах зээл их үнэтэй байсан. Саяны Грекийн хямрал эхлэхээс өмнө бондын зах зээл тааламжтай болж үнэ нь бууж эхэлсэн. Тийм учраас бидэнд тааламжтай тэр цонхыг харж байгаад бонд гаргах ёстой. Хоёрдугаарт, бонд гаргалаа гэхэд шууд бондын хүү гүйгээд эхэлдэг. Тэгэхээр бонд гаргахад түүний санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл маань бэлэн байх ёстой. Тэгэхгүй бол бонд гаргачихаад ашиглахгүй байгаад байх юм бол алдагдлыг нь улс үүрээд явдаг. Энэ олон процесс бэлтгэгдэж хангагдсан байх ёстой. Бэлтгэл ч нэлээд хангагдаж байгаа болохоор бид энэ оны сүүл юм уу, ирэх оны эхээр бонд гаргах нь үр дүнтэй, бэлэн болсон төслүүдийг санхүүжүүлэхэд тохиромжтой гэж харж байгаа.

“Тавантолгой” төсөлд гадны оператор компаниудыг түрээсээр ажиллуулна гэлээ. УИХ-ын тогтоол гарсны дараа оператор компаниуд хэрхэн хүлээж авсан бол? Төсөлд оролцох байр суурь нь хэвээрээ байгаа юу?

Операторуудтай хийх уулзалтыг ЭБЭХЯ-ны шугамаар хийж байгаа байх. Би яг тэр уулзалтууд дээр ороогүй болохоор нарийн тодорхой зүйл хэлж мэдэхгүй юм. Ер нь бол УИХ-аас баталсан бодлого Засгийн газрын оруулж ирсэн саналыг үндсэнд нь дэмжсэн учраас би гадны хөрөнгө оруулагч, оператор компаниудын хувьд зарчмын өөрчлөлт орсон гэж бодохгүй байна. Яагаад гэвэл өмнө нь тавигдаж байсан бодлого, зорилт маань ойлгомжтой тодорхой байгаа. Асуудлын гол нь оператор компаниуд орох юм бол нэгдэж нэг оператор компани болох ёстой. Өөрөөр хэлбэл 11 орны нэр хүндтэй томоохон компани саналаа ирүүлсэн. Тэд оролцох юм бол бид аль нэг консорциумд нь операторын эрхийг өгнө өө гэсэн маягаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын чиглэлийн дагуу тогтоол батлагдсан. Зарчмын хувьд өөрчлөгдсөн зүйл энэ л байгаа. Гадны оператор компаниуд оролцох сонирхол хэвээрээ байгаа. УИХ-аас баталсан тогтоолын дагуу бол нэгдэж орох ёстой.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсаны дараа гадны оператор компанийг түрээсээр ажиллуулж эхлэх юм байна гэж ойлгож болох нь ээ?
Тийм. УИХ-аас баталсан тогтоолын дагуу бол Тавантолгойн орд газар хоёр өөр статустай ч эзэмшил нь “Эрдэнэс Тавантолгой” компанид байна. Тэр нь юу гэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани тодорхой хэсэг дээр өөрөө үйл ажиллагаа явуулна. Өөрөө  шууд гэрээ байгуулаад гадаад, дотоодын оператор компани ажиллуулна. Тодорхой хэсэг дээр нь олон улсын нээлттэй тендер зарлаад олон улсын нэр хүндтэй компани оруулж ирж ажиллуулна. Ийм хоёр зүйл байгаа. Аргачлалын хувьд хоёулаа адилхан ч эдийн засгийн хувьд урьдчилгаа төлбөр, төсөл санхүүжүүлэх асуудал байгаа учраас тэр хоёрын мөнгөний  үнэ цэнэ арай өөр байх болов уу гэж ойлгож байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын бирж дээр хувьцаа гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Гэхдээ хувьцаа гаргахаа түр азнах нь ашигтай болов уу гэсэн саналтай мэргэжилтэн цөөнгүй байна. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байна вэ?

Ер нь ямарваа компани хөрөнгийн бирж дээр гарахад 1.5-2 жилийн бэлтгэл ажил хэрэгтэй. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа аль болох үнэтэй зарах сонирхолтой байна шүү дээ. Үнэтэй зарахын тулд ямар зүйлс тодорхой байх ёстой вэ гэвэл нэгдүгээрт нөөц нь тодорхой байх, нөөцөө аль болох нэмэгдүүлсэн байх ёстой. Хоёрдугаарт нэр хүндтэй оператор компани баталгаатай ажиллаж байвал олборлолт нь тогтвортой байх юм гэсэн ойлголт хөрөнгө оруулагчдад төрж, итгэл нэмэгдэнэ. Гуравдугаарт, олборлолтын болон борлуулалтын үйл ажиллагаа явагдаад эхэлчихсэн байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, үйл ажиллагаа нь тогтвортой явагдах үндсэн дэд бүтэц нь шийдэгдчихсэн байх ёстой. Төмөр зам, авто зам, дулааны цахилгаан станц гэх мэтээр. Энэ бүхэн шийдэгдэх юм бол тухайн компанийн үнэ цэнэ өснө. Бид одоо яараад гаргаж болно. Тэгвэл үнэ цэнэ нь хямдхан л байна. Дээр дурдсан бүхнээ хийж хэрэгжүүлээд, маш сайн рекламдаад үнэт цаасаа гаргавал хувьцааны үнэ өндөр, ашиг нь ч их байх болно. Тийм учраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд нэлээд бэлтгэл шаардагдана, ажил ч хийгдэнэ.

Тавантолгойн нүүрсийг үнэд хүргэх гол хөшүүрэг болсон төмөр замыг тавих бодлогын асуудал шийдэгдлээ. Харин хэзээнээс, ямар хөрөнгөөр, хэдий хугацаанд барих вэ гэдэг тодорхойгүй байна?

Ер нь тодорхой хэмжээнд нээлттэй тендер зарлагдана. Барих компани нь өөрөө мөнгөө босгох нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа хийж хэрэгжүүлэх байх. Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнээр баталгаажих юм бол тэртээ тэргүй хөрөнгө оруулах бүрэн бололцоотой. Дээр нь стратегийн хувьд энэ төмөр зам баригдаж байж Сайншандын үйлдвэрлэлийн парк бодитойгоор ажиллах нөхцөл бүрдэнэ. Энд Монгол улсын эрх ашиг хөндөгдөж байна. Засгийн газрын зүгээс ч энэ тал дээр анхаарлаа төвлөрүүлж, яавал энэ төмөр замыг богино хугацаанд байгуулах вэ гэдэг бүх арга замыг хайж, боломжит хөрөнгө оруулагч, барьж байгуулах компаниудтай хэлэлцээрүүд хийгээд, ЗТБХБЯ дээр нэлээд ажил жигдэрчихсэн байгаа. Ер нь Сайншандын үйлдвэрлэлийн парк дээр олон улсын туршлагатай томоохон зөвлөхүүдийг авч ажиллуулах ёстой. Бүхэл бүтэн томоохон үйлдвэрлэлийн район, хот байгуулалтын дизайн, ТЭЗҮ-г хийж дуусч байж гадны хөрөнгө оруулагч нарт бодитой төсөл санал болгоно. Бидний чаддаг ч зүйл байна, чадахгүй ч зүйл бий. Чадахгүй зүйл байгаа бол захиалгаа зөв өгөөд олон улсын нэр хүндтэй чаддаг компаниудаар хийлгүүлэх нь цаг хугацааны хувьд ч, үнэ цэнийн хувьд ч маш их ашигтай гэдгийг бид ойлгож ажиллаж байгаа. Тийм ч учраас өнөөдөр Германы буцалтгүй тусламжаар өгч байгаа гурван сая еврогийн дийлэнх хэсэг нь том том төслүүдийн ТЭЗҮ хийгдэхэд зарцуулагдана. Мөн Дэлхийн банкнаас авч байгаа зээлийн төслийнхөө дизайныг өөрчлөөд гол төлөв ЭБЭХЯ, ЗТБХБЯ-наас хийгдэж байгаа том   төслүүдийн ТЭЗҮ хийхэд гол хөрөнгийг нь зарцуулахаар  хэлэлцээр хийгдэж байна.

Ярилцсан С. Болд-Эрдэнэ
The Mongolian Mining Journal, ¹023

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж