“Ном уншдаг хүүхэд сайтар эргэцүүлдэг, бүтээлч хүн болж төлөвшдөг”

“Ном уншдаг хүүхэд сайтар эргэцүүлдэг, бүтээлч хүн болж төлөвшдөг”

“Ном уншдаг хүүхэд сайтар эргэцүүлдэг, бүтээлч хүн болж төлөвшдөг”

Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн төрсөн дүү, Монгол Улсыг Олон улсын хүүхдийн номын зөвлөл (IBBY)-д элсүүлсэн Ж.Сүнжидмаатай хүүхдийн ном, сайн дурын ажлынх нь талаар ярилцлаа. Тэрбээр ахынхаа үйл хэргийг залгамжлан, хүүхдийн номын салбарт 30 жил зүтгэж буй баялаг туршлагаасаа хуваалцав.


-Таныг багаасаа л ном зохиолд хайртай, унших дуртай хүүхэд байсан гэж сонссон. Та номд дурласан тэр нандин түүхээсээ хуваалцана уу?

-Манай гэр бүлийн орчин намайг номд дурлахаас өөр аргагүй хүмүүжлийг өгсөн юм болов уу. Ээж маань бидэнд сургамж хэлэх, аливаа зүйлийг тайлбарлахдаа дандаа зүйр цэцэн үгээр ярьдаг хүн байлаа. Тэр үгс одоо хүртэл миний сэтгэлд хоногшиж, ажил амьдралыг минь чиглүүлэх суурь болсон доо. Аав маань маш сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, бидний сурч боловсрохыг бүхий л талаар дэмждэг хүн байсан. Би дээрээ гурван ахтай, айлын бага, ганц охин. Миний том ах бол Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог шүү дээ. Ах маань бага наснаасаа шүлэг, өгүүлэл бичиж, анхны хүүхдэд зориулсан шүлгийн түүвэр ном нь 16 настай байхад нь Улсын хэвлэлийн үйлдвэрт хэвлэгдэж байсан.  Тэгээд түүнээс хойш насан эцэслэх хүртлээ бүтэн жаран жилийн турш хүүхдийн зохиол бичсэн хүн. Гэрт ах маань биднээр оньсого таалгана, шүлэг уншина, дуулна, зураг зурна гээд л үргэлж бүтээлч уур амьсгалтай байдаг байлаа. Тэрхүү сайхан орчинд манай гэр бүлийн ном гэж хэлж болох “Аав, ээж, би” гэж ахын маань ном мэндэлсэн. Тус номны зургуудыг миний дунд ах Ж.Цолмонбаатар зурж, Ж.Дашдондог ах маань шүлгүүдийг нь бичсэн. Тэр үед би 3 настай байсан. Миний эрээчиж зурсан зурганд хүртэл ах маань шүлэг бичиж оруулсан байдаг юм.  “Аав, ээж, би” ном бол манай үе үеийн хүүхдүүдийн унших дуртай номуудын нэг.

Тийм орчинд өссөн болоод ч тэр үү, 7-8 настайдаа бичиг үсэг сураад л ном руу шууд орчихсон. Гэхдээ багадаа алмастай, аймшгийн үлгэрүүд уншаад, тэгээд байрныхаа хүүхдүүдэд ярина.

Тэгээд тэдний зарим нь айгааад , шөнө унтаж чадахгүй байна гээд аав ээж нь манай ах, аав ээжид бас жоохон гомдоллодог байсан. Би өөрөө ч бас заримдаа шөнө унтаж чаддаггүй байсан. Ийм болохоор хөдөө гадаа явахад ах маань орон нутгийн номын санд түрүүлж гүйж очоод “Манай дүүд аймшгийн ном өгч болохгүй шүү” гээд номын санчид нь захичихдаг байж билээ.

-Та багадаа ямар мөрөөдөлтэй охин байсан бэ? Тухайн үеийн мөрөөдөж байсан тэр зүйлдээ та өнөөдөр хүрч чадсан уу?

–Хүүхэд бүр л өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй байдаг байх. Миний хувьд их зүйл бүтээх юмсан, сайн боловсролтой хүн болох юмсан л гэж боддог байсан. Тэр зорилгынхоо төлөө сурч боловсрох, хөгжих, тасралтгүй суралцахыг эрхэмлэсэн баялаг дурсамжтай он жилүүдийг туулж иржээ. Нийслэлийн 1-р сургуулийг төгсөөд 18 настайдаа Чех улс руу сурахаар явсан юм. 20 насандаа Праг хотод очоод жил гаруй болчихсон, шинэ орчиндоо дасах, хичээлдээ шамдах гээд л хичээж явсан оюутан байлаа.

Арван жилд ангийн хөвгүүд маань сахалгүй байсан бол Чех оюутнууд бүүр өтгөн сахалтай байсан нь надад маш хачин бас сонирхолтой санагддаг сан. Мэдээж гадаадад сурах сорилт дүүрэн. Шинэ гоё хотод ирчихээд хааяа хичээлээ хийхгүй явж байгаад математикийн эхний шалгалтандаа унаж байлаа.

Уг нь 1-р сургууль төгссөн болохоор математик, физиктээ гайгүй байсан хэрнээ шүү дээ. Тэндээс би дээд боловсрол эзэмшинэ гэдэг нь зүгээр нэг урсгалаараа яваад давчихдаг даваа биш, өөрөө хөдөлмөрлөхгүй бол болохгүйг маш сайн ойлгож сургамж авсан. Бас нэг зүйл нь хэлний бэлтгэлд нэг жил суусан ч гэсэн шинжлэх ухааны хичээлүүд чех хэл дээр ороод ирэхээр шууд хүлээж авч, сэтгэх нь эхний жилүүдэд тийм ч амар байгаагүй. Суурь мэдлэг байвч толгой дотроо монголоор сэтгээд, чехээр шууд бууж өгөхгүй байсан хэрэг. Физикийн шалгалт өгөхөд яагаад ч юм надад монгол хэл дээрх физикийн ном байж таараад, монголоор нь уншиж ойлгоод, тэрийгээ чех хэлтэйгээ холбож чадахгүй гацах үе ч байлаа. Хоёр хэлний ялгаа гэдэг сэтгэлгээний хувьд маш том зөрүү байдгийг тэгэхэд л мэдэрсэн дээ.

-Таны амьдралын хамгийн нандин, эргээд бодоход үргэлж сэтгэл дулаацуулдаг тэр сайхан дурсамж юу вэ?

-Ажил, амьдралын бүхий л үедүүд маань маш сайхан дурсамжаар дүүрэн. Анхны оюутны жилүүд маань Праг хотод өнгөрсөн болохоор тэрхүү жилүүдийг эргээд бодоход үргэлж сэтгэлийг минь дулаацуулдаг. Праг өөрөө уран барилга, музей, соёлын гайхамшиг цогцолсон маш гоё хот шүү дээ. Тэнд би мэргэжил эзэмшихээс гадна хичээлийнхээ хажуугаар сонгодог хөгжим ойлгох, уран зураг таних сургалт, дугуйлангуудад явдаг байлаа. Ажлын буюу хичээлийн дараа орой 06:00 цагаас хөгжмийн курс эхэлнэ. Зарим хүмүүс өдрийн ажилдаа ядарчихсан уу, хөгжим тавихаар л хурхираад унтчихна. Оюутан байсан болохоор би ч гэсэн ядрах үе гарна, гэхдээ тэндхийн тэр уур амьсгал үнэхээр гоё.

Уран зургийн сургалт нь өдөр бүр өөр өөр музей дээр уулзаж, тайлбарлагч нь тухайн урсгал чиглэл яаж үүссэнийг газар дээр нь ярьж өгдөг байлаа.

Миний хувьд амьдрал, карьерын маань алхам бүр, сорилт бүхэн эргээд бодоход сайхан санагддаг. Амаргүй үеүд байсан ч би ийм ажлыг юуны төлөө, ямар утга учиртай хийж байгаа вэ гэдэг зүрх сэтгэлийн чиг баримжаа маань тодорхой байсан учраас тэр. Оюун ухаан минь үргэлж хөгжиж, зүрх сэтгэл минь баяр баяслаар дүүрэн байдаг. Одоо ч гэсэн яг тийм. Жишээ нь, дэлхийн хүүхдийн утга зохиолын оргил болсон Андерсены шагналтануудын номуудыг Монголд албан ёсоор аваад ирчихсэн сууж байгаа маань, санхүүгийн хувьд жаахан баригдмал байсан ч гэлээ сэтгэлд маш сайхан, баяртай байна.

-Хүүхдийн номын сайн дурын ажил хийгээд олон жил болжээ. Хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог ахынхаа хүүхдийн ном, хүүхдийн ном уншлагыг түгээх үйл ажиллагааг нь сэтгэл зүрхээрээ үргэлжлүүлэн зүтгэсэн. Ахынхаа энэ үйл хэргийг залгамжлан авч, олон жил тууштай явах хүчийг танд юу өгч байсан бэ?

-Миний хувьд энэ ажил анх 1997 онд эхэлсэн юм, бодоод байхад бараг 30 жил болох гэж байна шүү. 1990-ээд оны дундуур манай улс социалист системээс зах зээлийн тогтолцоонд шилжиж байлаа. Социализмын үед хүүхдийн утга зохиолыг улсаас тодорхой бодлогоор дэмждэг байсан бол шилжилтийн үед эдийн засаг хамгийн чухал болчихсон. Гэр бүлүүдийн хувьд ч аав ээжүүд хүүхдээ хоол унд, хувцах хунарыг нь авч өгөх нь тэргүүнд тавигдаад, ном авч өгөх асуудал хоёр, гуравдугаар байр руу ухарчихсан үе байв. Дэлгүүрт ч номын сонголт ховордсон. Ах маань өөрөө их идэвхтэй хүн болохоор 90 оноос хойш ТББ байгуулан, хүүхдийн номын уншлагыг түгээх ажилд ханцуй шамлан орсон юм. Олон улсын нэртэй хүүхдийн номуудыг монгол хэл рүү орчуулж, жижигхэн ном болгон хэвлээд хотын сургуулиудаар, хөдөө орон нутгаар явж уншиж өгдөг, шүлгээ уншдаг, яг л одоогийнхоор бол "storytelling" буюу үлгэр яригч хүн байлаа. 1997 онд ЮНЕСКО-гийн ажлын шугамаар Япон руу хүүхдийн номын арга хэмжээнд оролцохоор болоход ах маань англи хэлгүй учраас "Миний дүү яваад ирээч" гэж хэлсэн юм. Ингэж л анх 1997 онд Япон явж, Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн (IBBY) Япон дахь салбарын хүмүүстэй уулзаж байв. Миний хувьд ахдаа туслах гэж явсаар энэ ажилд эргэж буцалтгүй холбогдсон түүх маань энэ.

-Монгол Улсыг Олон улсын хүүхдийн номын зөвлөл (IBBY)-д элсүүлж оруулахад та маш том хувь нэмэр оруулсан шүү дээ. Тухайн үед ямар бэрхшээл тулгарч, та хэрхэн давж байв?

–Сайн дурын ажлыг тууштай хийнэ гэдэг мэдээж амаргүй. Санхүүгийн асуудлаас гадна цаг хугацаагаа зориулах хэрэгтэй болно. Миний хувийн карьер, ажлын хамгийн идэвхтэй үеүүдэд давхцаж таарсан болохоор хажуугаар нь сайн дурын ажил амжуулах нь том сорилт байсан. "Яагаад өдийг хүртэл тууштай хийв?" гэж өөрөөсөө асуухаар хэд хэдэн шалтгаан байдаг юм байна. Нэгдүгээрт, миний аав ээж, ах нараас минь уламжилж ирсэн итгэл үнэмшил. Ном унших гэдэг хүний сэтгэл санааг маш гоё, баялаг болгодог гайхамшигтай зүйл. Энэ нандин зүйлийг бусадтай, хүүхдүүдтэй хуваалцахаас яаж татгалзах билээ. Хоёрдугаарт, IBBY-ийн олон улсын найз нөхдийн харилцаа, нөхөрлөл намайг хөтөлсөн. Энэ чинь Швейцарьт төвтэй, дэлхийн 80 гаруй орны гишүүнчлэлтэй том байгууллага шүү дээ. 2000 онд Германд сурч байхдаа энэ байгууллагын хүмүүстэй холбогдож, 2008 онд тус байгууллагын конгресст анх удаа оролцсоноос хойш олон орны сайхан хүмүүстэй найзалсан.

Надад заримдаа санхүүгийн хүндрэл гарах, цаг завгүй болох үе байсан ч тэр олон жилийн нандин нөхөрлөл, бие биенээ гэсэн итгэлийг үгүй хийчихэж зүрхлээгүй юм.

Бэрхшээлийн тухайд, Дашдондог ахын хэлж байснаар 1990-ээд оноос өмнө систем өөр байхад барууны ТББ болох IBBY-тэй холбогдох боломж Монгол Улсад бараг байгаагүй юм билээ. Гэхдээ социализмын үед хүүхдийн утга зохиолыг дэмждэг байсны ачаар Орос хэлээр дамжин дэлхийн олон сайхан сонгодог бүтээлүүд монгол хэлнээ орчуулагдан гардаг байсан. Монголын салбарыг байгуулж, элсүүлэхэд надад нэг их айхтар саад бэрхшээл тулгараагүй. Хамгийн гол нь өөрөөсөө цаг зав гаргах, харилцаа холбоогоо тогтвортой авч явах, бичиг баримтыг нь боловсруулах, гишүүнчлэлийн татварын санхүүг зохицуулах зэрэг цаг хугацаа, хувийн зохион байгуулалтын л ажил байсан даа.

-Хүүхдүүдийг дэлгэцнээс холдуулж, номонд дуртай болгохын тулд та ямар арга барил хэрэглэдэг вэ? Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдааг юу гэж хардаг вэ?

-Одоогийн хүүхдүүд гар утас, дэлгэц их үздэг болсон нь нууц биш. Миний анзаарснаар, аав ээжүүд өөрсдөө жоохон ажилтай байх үедээ эсвэл хүүхдээ уйлахаар саатуулахын тулд шууд утас эсвэл айпад бариулчихдаг. Хүүхэд түүнд сатаарахч гэлээ эргээд тэрнээсээ хамааралтай болох эхлэл нь тавигдчихдаг байна. Уг нь Европын дундаж гэр бүлүүдийг ажиглаад байхад хүүхдээ тодорхой нас хүртэл нь гар утас байтугай гэртээ зурагт ч тавьдаггүй тохиолдол их байдаг. Энэ нь хүүхдийг багаас нь дэлгэцийн хамааралгүй өсөх сэтгэлгээний суурийг нь зөв тавьж өгч байгаа хэрэг. Хүүхэдтэйгээ хамт ном уншина гэдэг зүгээр нэг үлгэр уншиж өгөх ажил биш, аав ээж, хүүхдийн дунд амьд харилцаа, дулаан уур амьсгал үүсэж байгаа хэлбэр юм. Үлгэрийг цуг ярилцах, хүүхдээрээ тоглуулах нь хүүхдийн сэтгэхүйн суурийг маш сайн хөгжүүлдэг.

Багаасаа дэлгэцийн хамааралтай өссөн хүүхэд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, тогтвортой сууж уншиж чаддаггүй асуудал үүсдэг гэдэгтэй би санал нэгддэг.

Хэдхэн жилийн өмнө олон улсын сурагчдын PISA үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдсан. Энэхүү судалгаагаар манай хүүхдүүдийн унших болон уншсан зүйлээ ойлгож, эргэцүүлэх чадвар ихээхэн сул гарсан. Юм уншиж, ойлгож, сэтгэж, түүнийгээ амаар болон бичгээр илэрхийлэх эдгээр суурь ур чадварууд сайн бүрэлдэж байж, дараагийн шатны нийгмийн цахим сүлжээ болон хиймэл оюун ухаан гэх мэт технологиудыг илүү үр дүнтэй ашиглаж чадна шүү дээ. Миний хувьд хүүхдийг номд дуртай болгох ямар нэгэн сүрхий "нууц" арга байхгүй ээ. Манай IBBY-ийн Швед дэх салбарын, насаараа номын санчаар ажилласан нэг найз маань хэлдэг юм: "Хүүхдэд яг өөрийнх нь дуртай, сонирхлыг нь татах тэр номыг нь олж өгөөд дурлуулчихвал тэр хүүхэд цаашдаа номоос хэзээ ч салахгүй" гэж. Тэгэхээр хамгийн гол нь айл бүр гэртээ номын сантай байж, хүүхдийнхээ дуртай номыг олж авч өгөх, чиглүүлэх нь чухал.

-Манай зохиолчид, хэвлэлийн газрууд юун дээр анхаараасай гэж боддог вэ? Лангуун дээрх номуудын чанарт таны сэтгэл хэр нийцдэг вэ?

-Би яг энэ салбарын мэргэжлийн хүн биш болохоор шууд дүгнэлт хийх нь өрөөсгөл байх, миний хувьд тийм эрх ч байхгүй болов уу. Гэхдээ IBBY хүрээнд бид юу гэж ярьдаг вэ гэхээр, барууны орнуудад номыг заавал "хүмүүжүүлэх хэрэгсэл" гэж хардаггүй. Ном бол хүүхэд өдөр тутамдаа уншиж баяр баясгалан, таашаал авах зүйл гэж үздэг. Харин дорнын буюу Азийн орнуудын хүүхдийн номонд ёс суртахуун, хүмүүжлийн тал нь арай илүү шингэсэн байдаг соёлын ялгаа бий. Миний ажигласнаар, сүүлийн жилүүдэд манай номын лангуун дээрх бүтээлүүдийн чанар маш сайн сайжирч байгаа.

Дэлхийн шилдэг зарим нэг хүүхдийн номууд гарсан даруйдаа шахуу монгол хэл дээр маш өндөр түвшинд орчуулагдан, өнгө үзэмжтэй хэвлэгдэн гарч байна. Манай томоохон хэвлэлийн газрууд энэ дээр үнэхээр сайн ажиллаж байгаа.

Мөн хүүхдийн номын залуу уран бүтээлчид маань хүүхдийн өдөр тутмын амьдрал, жишээ нь цэцэрлэгт юу болдог тухай, эсвэл хүн бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэх зэрэг орчин үеийн сэдвүүдийг маш хөөрхөн зураг дүрслэлтэйгээр гаргаж байгаа нь олзуурхууштай. Манайх шиг ийм жижиг зах зээл дээр хэвлэлийн компаниуд хөдөлмөрлөж, энэ олон номыг гаргаж байна гэдэг өөрөө том амжилт. Татвар, зах зээлийн цар хүрээ гээд яривал барууны орнууд шиг гэр бүлийн төсвийнхөө тодорхой хувийг тогтмол номд зарцуулдаг соёл манайд хараахан бүрэн төлөвшөөгүй байна. Тийм учраас хэвлэлийн компаниудаа төр болон бусад байгууллагууд бодлогоор сайн дэмжээсэй, тэднийг хамтарч түншлээсэй гэж боддог.

-Залуу үеийнхэн ном уншихыг зөвхөн "хобби" гэж харах хандлага байдаг. Хүн болгон номтой нөхөрлөх ёстой юу, эсвэл энэ зөвхөн сонирхлын асуудал уу?

-Наадах чинь их сайхан асуулт байна. Би хувьдаа хүний үзэл бодол, сэтгэлгээний эрх чөлөөг маш их дэмждэг хүн. Тийм учраас "хүн болгон тэгэх ёстой, ингэх ёстой" гэж тулгаж хэлэх дургүй. Гэхдээ миний бодлоор, ном унших гэдэг зүгээр нэг чөлөөт цагаараа хийдэг хобби төдий зүйл биш юм. Хүн хувь хүний болон карьерын хувьд өсөж хөгжих, бүтээлч иргэн болох, дэлхийн хэмжээнд сэтгэхэд уншсан зүйлээ амьдралдаа хэвшил болгох нь маш чухал суурь болдог. Гоё номын баатрын туулсан амьдрал, түүний ёс зүй, үнэ цэнийг өөрийн дадал болгон шингээнэ гэдэг чухал чадвар шүү дээ.

Нөгөөтэйгүүр, сайхан ном унших хоббитой хүн ямар ч байсан ном уншихын аз жаргал, сайн сайхныг мэдэрдэг, оюун сэтгэлгээний өргөн цар хүрээтэй байх нь дамжиггүй.

Бид IBBY хүрээнд ч ярьдаг, ном уншдаг хүүхэд том болохоороо илүү гүнзгий бодож, юмыг өргөн хүрээгээр хардаг хүн болдог. Ном уншдаг, урлаг, зураг, хөгжим ойлгодог хүмүүс илүү энэрэнгүй, ёс суртахуунтай бөгөөд уран сэтгэмж, дүрслэн бодох чадвар сайтай байдаг юм шиг санагддаг. Математик, физик, инженерчлэл мэдээж маш чухал шинжлэх ухаанууд. Гэхдээ тэдгээр шинжлэх ухааныг улам баялаг, бүтээлч болгож, шинэ санаа гаргахад хүний уран сэтгэмж, төсөөлөх чадвар хэрэг болдог. Энгийнээр хэлбэл, "2 дээр нэмэх нь 2 тэнцүү 4" гэдэг нь тооны дүрэм бол, энэ 4-ийг хэрхэн амьдрал дээр өшөө илүү гоёор баяжуулах вэ гэдэг нь хүний сэтгэлгээний цар хүрээ, уран сэтгэмжээс хамаардаг. Тийм учраас хүүхдийг багаас нь ном уншуулах нь математик, физикийн хичээл шиг л адилхан, магадгүй түүнээс ч илүү чухал зүйл гэж би боддог доо.

Хүний хийдэг хобби амьдралаас нь тусдаа байна гэвэл утгагүй шүү дээ. Хобби хүнийг аз жаргалтай болгодог, харин аз жаргалтай хүн л амьдрал дээр илүү бүтээлч байж чаддаг болов уу.

-Таны хувьд эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн ном сонгох хэрэгтэй гэж боддог вэ?

-Хүүхдүүдийн ном авах эрх, сонголт нь аав, ээжид нь байдаг гэж ярьдаг. Хүүхдүүд өөрсдөө мөнгөтэй биш, бас тэр болгон ямар номд дуртай, аль нь сайн бэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүдэд шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, тэднийг идэвхтэй оролцуулах хэрэгтэй байна. Жишээ нь, жил бүр зохион байгуулагддаг номын баяраар талбай дээр очиход аав, ээжүүд бага насны хүүхдүүдээ дагуулаад явж байгаа дүр зураг байнга харагддаг. Хүүхдүүд ном авах сонирхолтой, эцэг эхчүүд ч боломжоороо ном авч өгөхийг бүрэн дүүрэн дэмждэг. Гэвч аль ном нь илүү гоё, ямар онцлогтой вэ гэдэг дээр чиглүүлэг дутагдаж байна. Би дотроо үүнийг жоохон зохион байгуулаад, зөв чиглүүлж өгвөл ямар вэ гэж боддог юм. Тэгэхдээ маш ухаалаг хийхгүй бол эргээд "аль нь сайн, аль нь муу" гэдэг туйлшрал руу орчих гээд байдаг талтай. Тиймээс эцэг эхчүүдэд илүү зөвлөсөн маягтай контент хүргэх нь зүйтэй. Маркетингийн утгаараа бол хэвлэн нийтлэгчид номынхоо агуулга, онцлогийг маш сайн, тодорхой гаргаж өгөх хэрэгтэй. Тэгвэл эцэг эхчүүд номын баярт очихоосоо өмнө судалж, уншиж байгаад очих боломж бүрдэнэ. Зах зээл дээр олон сонголт байгаа учраас зөв сонголт хийнэ гэдэг амаргүй. Мэдээлэл өгч байгаа тал буюу ном борлуулагч ашиг орлогыг бодох нь ойлгомжтой хэрэг боловч, худалдан авагчдын хувьд зөв сонголт хийж сурах нь бас ихээхэн чухал юм.

-Таны эхлүүлсэн, зүтгэсэн энэ сайхан үйл хэргийг залуу үеийнхэн маань залгамжлан авч яваасай, гадны байгууллагуудтай хамтран улам өргөжүүлээсэй гэж та хүсдэг байх. Хүүхдийн төлөө, номын төлөө сэтгэл гаргахыг хүсэж буй залуу сайн дурынханд амьдралынхаа туршлагаас юуг захиж хэлэх вэ?

-Бид Өмнөговь аймгийн Төвийн номын сантай хамтраад нийгмийн тодорхой бүлгүүдэд чиглэсэн нэгэн ажлыг санаачлан хийсэн. Үүний нэг бүлэг нь залуучууд буюу их, дээд сургуулийн оюутнууд юм. Багадаа ном унших дуртай байсан залуус, оюутан цагийнхаа чөлөөт цагаар орон нутгийнхаа номын санд очиж, дүү нартаа, хүүхдүүдэд дуртай номоо уншиж өгөөд, хоорондоо яриа өрнүүлдэг. Энэ нь хүүхдүүдтэй харилцах маш хөөрхөн, үр дүнтэй арга юм.

Мөн ном унших дуртай аав ээжүүд, өвөө эмээ нар ч номын сантай хуваарь тохироод (7 хоногт эсвэл сард нэг удаа) хүүхдүүдийг цуглуулан ном ярьж өгч болно.

Бидний хувьд (Монгол төдийгүй Ази хүмүүсийн онцлог байж магадгүй) дотоод сэтгэлдээ бүхнийг тунгааж, бага ярих хандлагатай байдаг бол зарим барууны соёлд байнга ярилцаж, санал бодлоо хуваалцдаг. Тиймээс хүүхдүүдийг нийгэмшүүлэх, бусадтай харилцаж сургахад номоор дамжуулан ярилцах, сэтгэлээ илэрхийлж гаргах нь туйлын чухал юм. Залуучуудыг ийм ажлуудыг илүү их хийгээсэй гэж хүсэж байна.

-Таны сайн дурын ажлын дараагийн зорилго, мөрөөдөл юу вэ?

-Бид жил бүр тодорхой нэг зорилтот бүлгийг дэмжих ажлыг санхүүжилт, орон тооны ажилтан гэхээсээ илүү сонирхолтой хүмүүсийг хооронд нь холбох замаар бага багаар дэмжиж ирсэн. Сүүлийн 2-3 жил номын санчид тал руу, мөн хүүхдийн залуу уран бүтээлчид рүү чиглэж ажиллалаа. Харин 2025 оны сүүлээс миний гаргасан нэг санаа бол ахмад болон залуу уран бүтээлчдийг холбох ажил юм.

Манай улс 3.5 сая орчим хүн амтай ч үе үеийнхний нөөц, туршлагыг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Ахмад үеийнхэн маш их туршлагатай, залуу үеийнхэн шинэлэг, бүтээлчээр сэтгэж байна.

Ялангуяа Азийн сангийн хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” хөтөлбөрийн хүүхдийн номын залуу уран бүтээлчдэд зориулсан сургалтанд хамрагдсан залуус барууны болон Америкийн мэргэжилтнүүдийн яриа, туршлагыг сонссон учраас маш нээлттэй, шинэлэг сэтгэлгээтэй байгаа. Энэ хоёр үеийг хамтран уулзуулах ажлыг Хүүхдийн төв номын сан, “Хамтдаа уншицгаая” төсөлтэй хамтран өнгөрсөн жилийн төгсгөлөөс эхлүүлж, саяхан 3 дахь уулзалтаа хийлээ. Цаашид энэ хамтын ажиллагааг улам үргэлжлүүлэхсэн гэж боддог. Түүнчлэн, жил бүрийн хавар Италийн Болонья хотод болдог Олон улсын хүүхдийн номын үзэсгэлэнд манай хэвлэн нийтлэгчид, уран бүтээлчдийг нэгтгэн идэвхтэй оролцуулах, туршлага судлуулах тал дээр санаа өгч хамтран ажиллахыг хүсэж байна. Оролцогч талууд маань өөрсдөө идэвхтэй байвал хамтдаа олон зүйлийг хийх боломжтой.

Б.Оюун-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-09 202.126.91.129

Ямар их нэр төрд дуртай авгай вэ?
Ганцаараа элсүүлнэ гэж юу бх вэ дээ
Багаараа ажиллаж амжилтад хүрдэг

Avatar

Хэх 2026-07-09 122.201.31.18

Өөрөө сайн юм ойлгодог болчхоод хүнийг муулаарай

Avatar

Зөв 2026-07-09 202.9.46.152

Үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж