"Хурд хэтрүүлсэн үед хамгаалах бүс ч амь аварч чадахгүй"

"Хурд хэтрүүлсэн үед хамгаалах бүс ч амь аварч чадахгүй"

"Хурд хэтрүүлсэн үед хамгаалах бүс ч амь аварч чадахгүй"

Үндэсний их баяр наадмын амралт эхлэхтэй холбогдуулан өнөөдөр /2026.07.08/ ГССҮТ, Тээврийн цагдаагийн алба, ЦЕГ-аас хамтран иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хийв.


ГССҮТ-ийн Түлэгдэлтийн төвийн эрхлэгч Ч.УУГАНБАЯР:

-Зуны улирал, амралт, аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбоотойгоор могойд хатгуулж гэмтэх тохиолдол нэмэгддэг. Жилд дунджаар 100 гаруй хүн могойд хатгуулж гэмтдэг бөгөөд тэдний дийлэнх нь хүүхдүүд байдаг. Хүүхдүүд ихэвчлэн гар, хөлөндөө хатгуулдаг. Өнгөрсөн онд могойн хорны эсрэг 260 ширхэг ийлдсийг шаардлагатай бүс нутгуудад хуваарилсан. Ялангуяа могойд хатгуулах тохиолдол харьцангуй их бүртгэгддэг Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймагт илүү их нөөц байршуулсан. Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Цэргийн төв эмнэлэгт ийлдэс бэлэн байгаа бөгөөд цаашид ч орон нутгийн хэрэгцээнд нийцүүлэн хангана.

Жил бүрийн долдугаар сард орон нутгийн замын хөдөлгөөн эрчимжихийн хэрээр осол, гэмтлийн тохиолдол нэмэгддэг. Өнгөрсөн оны мөн үед зам тээврийн ослын улмаас 50 гаруй хүн амиа алдсан.

Ойрын өдрүүдэд ч орон нутгийн замд хүний амь эрсэдсэн харамсалтай ослууд гарлаа. Осол гэмтэлд өртөгсдийн дунд хүүхдийн эзлэх хувь өндөр байдаг бөгөөд амралт, аяллын үеэр энэ эрсдэл улам нэмэгддэг. Тухайлбал, саяхан Төв аймгийн Лүн сумын нутагт гарсан ослын улмаас нэг хүн амиа алдаж, хүүхдүүд гэмтсэн. Иргэн бүр замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцож чадвал ийм эмгэнэлт тохиолдлыг бууруулах боломжтой.

Тээврийн цагдаагийн албаны хошууч Г.ОТГОНТАМИР:

-Хэн ч өөрийгөө зам тээврийн осолд өртөнө гэж боддоггүй. Гэвч орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй зорчих, хангалттай амарч жолоо барихгүй байх зэрэг нийтлэг зөрчил гаргаж байна. Амралт, аялалд гарахаасаа өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, жолооч хангалттай амарсан байх шаардлагатай. Хяналт шалгалтын үеэр тэнхлэгийн тохиргоо алдагдсан, дугуй нь элэгдэж хагарахад бэлэн болсон, урд хойд тэнхлэгт өвлийн дугуйтай, гэрэлтүүлэг нь бүрэн бус автомашинууд хөдөлгөөнд оролцож байгаа нь тогтоогдож байна.

Мөн жолооч өөрөө хамгаалах бүсээ зүүсэн атлаа хүүхдэдээ бүс бүслүүлэхгүй байх, хүүхдийг тээшний хэсэгт хэвтүүлэн зорчуулах зэрэг ноцтой зөрчил гаргаж байна. Иргэд аяллын бэлтгэлдээ анхаардаг хэрнээ автомашиныхаа аюулгүй байдалд хангалттай ач холбогдол өгөхгүй байна.

Зорьсон газартаа яарах хэрэггүй. Амраад аюулгүй аяла аяны хүрээнд бид хяналт шалгалтаа эрчимжүүлж байна. Зарим жолооч орон нутгийн замд 140-160 км/цагийн хурдтай зорчиж, зогсоон шалгахад "Ийм зам дээр мөлхөх юм уу" гэж хариулдаг. Гэвч хурд нэмэгдэх тусам хамгаалах бүсний хамгаалах чадвар буурч, ослын хор уршиг улам хүндэрдэг. Жолооч хүн өөрийн болон зорчигчдынхоо амь насыг хариуцаж байгаагаа үргэлж санаж явах ёстой.

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн эмч Б.НАРАНХҮҮ:

-Зам тээврийн ослын дараа тээврийн хэрэгсэл шатах, дэлбэрэх зэрэг шууд аюултай нөхцөл үүссэн тохиолдолд л иргэнийг автомашинаас яаралтай гаргах шаардлагатай. Харин төмөр хийц, хатуу биетэд хавчуулагдсан, сүлбэгдсэн хүнийг дур мэдэн хөдөлгөж болохгүй. Ингэснээр их хэмжээний цус алдалт үүсэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүндрэл учруулах эрсдэлтэй. Юуны өмнө тухайн нөхцөл байдлыг зөв үнэлэх хэрэгтэй. Манай улсын иргэдийн анхны тусламжийн суурь мэдлэг бусад оронтой харьцуулахад хангалтгүй байна.

Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулиас эхлэн анхны тусламжийн мэдлэг олгох ажлыг эрчимжүүлж байгаа ч олон нийтэд энэ талаарх ойлголтыг улам нэмэгдүүлэх шаардлагатай.

Туслах гэсэн сайн санаа нь буруу үйлдлээс болж хүний амь насанд эрсдэл учруулж болзошгүй. Тиймээс иргэн бүр нөхцөл байдлаа зөв үнэлж, автомашиндаа анхны тусламжийн иж бүрдэл, шаардлагатай хэрэгслийг тогтмол авч явах нь өөрийн болон бусдын амь насыг аврах чухал ач холбогдолтой гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-08 103.229.120.150

үмхий мэдрэл оркууд галзуу нохой шиг давхиад гэмгүй хүмүүст гай болдог доо!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж