Их Британийн дуучин Харри Стайлс Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд дараалан 12 удаа тоглолт хийж, Гиннесийн дээд амжилт тогтоолоо. "Харри Стайлсын бүх тасалбар нь зарагдаж дууссан 12 тоглолт хийж, дээд амжилтыг эвдэж чадсан нь түүний амьд тоглолтын цар хүрээ, хүсэл эрмэлзэл, соёлын нөлөөлөл, мөн шүтэн бишрэгчидтэйгээ гайхалтай холбоотой байдгийг гэрчилж байна" гэж Гиннесийн дэлхийн дээд амжилтын шүүгч Уилл Манфорд онцлон тэмдэглэжээ.
Дуучин Стайлсаас өмнө нь "Coldplay" хамтлаг 2025 онд Уэмбли цэнгэлдэхэд дараалан 10 удаа тоглолт хийж, дээд амжилтын эзэн болж байв.
Стайлсийн Лондон дахь тоглолтууд зургадугаар сарын 12-нд эхэлж, Бямба гаригт (2026.07.04) сүүлийн тоглолтоо хийснээр өндөрлөсөн. Уг тоглолтыг 80 мянган хүн үзсэн бөгөөд дуучин Стайлс өмнө нь харьяалагддаг байсан "One Direction" хамтлагийнхаа талаар дурссан байна.
Тэрбээр тоглолтын үеэр хэлэхдээ, "Хэрэв энэ аяллын чухал хэсэг болсон дөрвөн найз минь байгаагүй бол өдийд би энэ тайзан дээр зогсохгүй байх байсан. Би эдгээр үдэш болон энэ бүх хугацаанд сурсан бүх зүйлдээ талархал илэрхийлмээр байна. Ниалл, Луис, Зейн болон миний хайртай найз Лиамд талархал илэрхийлмээр байна. Энэ бүхэн аль нь ч боломжгүй байх байсан. Та наргүйгээр би энд байхгүй байх байсан. Маш их баярлалаа" гэжээ.
"One Direction" хамтлаг 2010 онд телевизийн шоу болох "The X Factor"-ын үеэр байгуулагдаж, 2016 онд тодорхойгүй хугацаагаар завсарлага авсан. Хамтлагийн гишүүн Лиам Пейн 2024 онд 31 насандаа нас барсан юм.

Стайлс 2017 оноос хойш бие даасан уран бүтээлчийн замналаа эхлүүлж, олон нэр хүндтэй хөгжмийн шагнал хүртсэн. Мөн дэлхийн хамгийн алдартай поп дуучдын нэг болсон юм. Шинэ дээд амжилтыг нь тэмдэглэн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнгээс Стайлст зориулсан тусгай дурсгалын баннер байршуулжээ. Түүний аялан тоглолт цаашид Бразил, Мексик, АНУ болон Австрали улсад үргэлжилж, арванхоёрдугаар сард өндөрлөх юм.
3,600.44






















































Зочин 2026-07-07 202.9.46.227
Жавхлан, Баясгалан 2 төв цэнгэлдэхд з өдөр дараалаад тоглолт хийхэд л 90 мянган хүн үзнэ. Дэлхийн хамгийн бага стадионд / Уэмбли 90 мянган хүний багтаамжтай/ хамгийн олон үзэгчидтэй гээд л гиннесийн дээд амжилт тогтоочих юм биш үү…. Соёлын сайдаа….