Палестины хөлбөмбөгийн холбооны (PFA) мэдээлснээр, Палестины хөлбөмбөгийн хаалгач Салим Аль-Ашкар энэ долоо хоногийн эхээр Газын зурваст Израилын армийн галд өртөн амиа алджээ. Холбооны мэдэгдэлд дурдсанаар, Аль-Ашкар Израилын эзлэн түрэмгийлэгч хүчний нээсэн галын улмаас амь үрэгдсэн байна. Мөн 2023 оны аравдугаар сард дайн эхэлснээс хойш Палестины спортын салбарын 1,000 гаруй тамирчин амиа алдсан гэж онцлон тэмдэглэжээ.
Аль-Ашкар таван сарын өмнө гэрлэсэн бөгөөд түүний эхнэр анхны хүүхдээ тээж байгаа аж. Түүнийг нас барсны дараа төрөл төрөгсөд, багийн хамт олон, Палестины спортын хүрээнийхэн болон олон улсын спортын нийгэмлэг эмгэнэл илэрхийлсээр байна.
Чилийн "Deportivo Palestino" хөлбөмбөгийн клуб Лхагва гаригт /2026.07.01/мэдэгдэл гаргаж, "Палестины 32 настай хаалгач Салим Аль-Ашкар Израилын армийн гарт амиа алдсанд гүнээ эмгэнэж байна. Ийм эмгэнэлт явдал үргэлжилсээр байгаад бид харамсаж байна. Шударга ёс, энх тайвныг тогтоохыг уриалж байна" гэжээ.
Хөгжөөн дэмжигчид Палестиныг дэмжиж байна
2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Алжираас эхлээд Босни хүртэлх хөгжөөн дэмжигчид Палестины асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна. Тухайлбал, Канзас хотод болсон Алжир, Аргентины шигшээ багуудын тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид Палестины далбааг намируулж, Газын иргэдийг дэмжсэн уриа хашхирчээ.
Мөн АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод болсон Аргентины тоглолтын өмнө Йорданы хөгжөөн дэмжигчид "Палестин ахан дүүс"-дээ хүндэтгэл үзүүлсэн байна. Түүнчлэн олон хөгжөөн дэмжигч Палестины үндэсний бэлгэдэлд тооцогддог хар, цагаан өнгийн хээтэй кеффийе алчуур зүүж, эв санааны нэгдлээ илэрхийлжээ.
3,602.33






















































Холбоотой мэдээ